sonin.mn
Зэвсэгт хүчний тогооч нарын мэргэжлийн ур чадварыг үнэлж, баталгаажуулах ажлын явц, үр дүнгийн талаар ЗХЖШ-ын Ар талын газрын Материал хангалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, хурандаа Б.Батнямаас тодрууллаа.
 
Дээрх ажлын өмнөтгөл, урьдач нөхцөл юу байсан талаар мэдээлэл хүргэхгүй юу?
 
-2019 онд Зэвсэгт хүчний Жанжин штабаас цэргийн алба хаагчийн хоолны нормд өөрчлөлт оруулах талаар тодорхой ажлуудыг төлөвлөсөн. Энэхүү ажлын хэсэг жил гаруйн хугацаанд Зэвсэгт хүчний анги, салбаруудын хоол үйлдвэрлэлийн үйлчилгээ, хоолонд орж байгаа бүтээгдэхүүн болон нормыг нь цэргийн алба хаагчийн гүйцэтгэх үүрэгт нь тохирсон, нийцсэн байх талаас нь өргөн хүрээнд судалгаа хийсэн. Энэхүү судалгааны үр дүнд гурван дүгнэлт гарсан. Үүнд, нэгд, цэргийн алба хаагчид олгогдож байгаа хоолны амт чанар, илчлэг ямар байх нь тогооч нарын ур чадвараас шалтгаалж байна.
Мөн цэргийн алба хаагчийн хоолны нормд байх ёстой нарийн ногоо, сүү гэх мэт илчлэг, шим тэжээл бүхий бодис яах аргагүй дутагдалтай байгаа.
Тэрчлэн цэргийн анги, салбаруудын хоолны газрын тоног төхөөрөмжүүдийн хүчин чадал, чанар, үүрэг, зориулалт нь тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Ийм гурван дүгнэлт гарсан байгаа.
 
Дүгнэлтийг үндэслэж гаргасан шийдвэрийн талаар дэлгэрэнгүй танилцуулбал ...
 
Энэхүү дүгнэлтээс үндэслэн ЗХЖШ-ын Ар талын газрын Материал хангалтын хэлтсээс 2020 оныхоо төлөвлөгөөнд Зэвсэгт хүчний анги, салбаруудын хоолны газрыг тоног төхөөрөмжөөр хангах асуудалд анхаарал хандуулан ажиллаж байна. Төсөвтөө тааруулаад анги, салбаруудын хоолны газруудыг тоног төхөөрөмжөөр хангаж эхэлсэн. Мөн цэргийн хоолны нормд өөрчлөлт оруулах асуудлыг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын зөвлөлөөр хэлэлцүүлж Батлан хамгаалахын сайдад санал хүргүүлсэн. Цаашид Засгийн газарт өргөн барьж шийдвэрлүүлэх юм.
Харин тогооч нарын ур чадвартай холбоотой асуудлыг төлөвлөгөөндөө тусгасан байгаа. Зэвсэгт хүчний анги, салбарт ажиллаж байгаа тогооч нарын ур чадварыг дээшлүүлэх талаар сургалт явуулж, төгсгөлд нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Мэргэжлийн боловсрол сургалтын үнэлгээний төвийн хэрэгжүүлж буй чадамжид суурилсан үнэлгээ баталгаажуулалтын ажилд хамруулахаар төлөвлөсөн. Ингэснээр Зэвсэгт хүчний тогооч нарын хувьд Монгол Улс болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн чадамжийн гэрчилгээтэй болох юм.
2020 он гараад "Монголын тогооч нарын холбоо"-той хамтарсан сургалт зохион байгуулахаар төлөвлөсөн ч цар тахлын нөхцөл байдлаас үүдэн хойшлогдоод байсан юм. Гэхдээ сургалтыг цахим хэлбэрээр явуулж анги, салбарын тогооч нартаа хүргэсэн. Одоогоор Мэргэжлийн боловсрол сургалтын үнэлгээний төв, Монголын хоол үйлдвэрлэлийн мэргэжлийн зөвлөл, Монголын тогооч нарын холбоотой хамтран чадамжид суурилсан үнэлгээ баталгаажуулалтын ажлыг зохион байгуулж байна. Тухайлбал, Зэвсэгт хүчний 256 дугаар ангид баруун бүсийн, 330 дугаар ангид хойд бүсийн, мөн саяхнаас 338 дугаар ангийн байрлалд зүүн бүсийн анги, салбаруудын тогооч нар сургалтад хамрагдаж авсан мэдлэгээ бататгаж, ур чадвараа үнэлүүлж баталгаажуулах юм.
 
Бусад ангийн тогооч нар хэзээ, хэрхэн хамрагдах вэ?
 
-Харин Улаанбаатар цэргийн хүрээний болон Өмнөговь, Дундговь аймаг дахь анги, салбаруудын тогооч нарын мэргэжлийн ур чадварыг үнэлэх, баталгаажуулах ажил дараагийн долоо хоногт хийгдэхээр төлөвлөгдсөн. Цахим хичээлийг бататгах давтлага сургалтууд ороод дараагийн өдөр нь тогооч нарын ур чадварыг үнэлэх, баталгаажуулах ажил явагдана. Ажил ид дундаа явж байна. Энэ дашрамд, мэргэжлийн ур чадварыг үнэлж, баталгаажуулах ажилд тогооч нараа идэвхтэй хамруулахыг Зэвсэгт хүчний ангиудын удирдлагуудад уриалмаар байна.
 
Цахим сургалтыг ямар хугацаа, давтамжтайгаар явуулсан бэ?
 
-Энэхүү сургалтын хувьд, 2020 оны 3 дугаар сараас 8 дугаар сар хүртэл видео хичээлүүд дэс дараатайгаар цахим орчинд тавигдсан. Мөн 9 дүгээр сард цахим сургалтыг "CD"-нд хуулж, тараах материал болгон хэвлүүлж Зэвсэгт хүчний ангиудад хүргүүлээд байна. Мэргэжлийн боловсролын үнэлгээ баталгаажуулалтын ажил нь төр, засаг, ХНХЯ-аас хэрэгжүүлж буй бодлогын үр дүн юм. Үүнд Зэвсэгт хүчин идэвхтэй оролцож, төр, засгийн бодлогыг Зэвсэгт хүчний анги, салбарт түргэн шуурхай хэрэгжүүлж байгааг тус яамны зүгээс ихэд сайшаасан гэдгийг хэлэх нь зүйтэй байх.
 
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин