sonin.mn


Заг хүйтэн нь гонококкоор үүсгэгддэг бэлгийн замын халдварт өвчин юм. Анх 1879 онд Neisser идээнээс илрүүлж нээсэн байна. Халдварлах зам нь өвчтэй хүн, халдвар тээгч юм. Энэ өвчин бэлгийн замаар халдахаас гадна бэлгийн бус замаар ахуйн хавьтлаар, төрөх үед эхээс нярайд халддаг.

-Энэ өвчинд эрэгтэй, эмэгтэй хүнийх гэж ялгаатай байдаг гэх юм?

-Энэ өвчинг эрэгтэй, эмэгтэй хүнийх гэж ангилдаг. Заг хүйтнийг хүндэрсэн, хүндрээгүй гэж ангилахаас гадна нас хүйсээр нь эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн гэж ангилдаг.

-Эрэгтэй заг хүйтэн ямар онцлогтой байдаг вэ?

-Эрэгтэй хүнд заг хүйтэн нь шээс болон бэлгийн замын өвөрмөц үрэвсэл маягаар явагдана. Үүсгэгч шээсний сүвээр орно. Нууц хугацаа 2-5 хоног. Халдвар эхлээд шээс гадагшлуулах сувгийн урд хэсгийн салстад тархан үрэвсүүлнэ. Өгсөх замаар халдвар тарж үрийн цэврүү, түрүү булчирхай, төмсөгний дайвар гэмтээх аюултай.

-Эмэгтэй заг хүйтний онцлог нь юу вэ?

-Шинж тэмдэг бүдэг, өвчтөнд өөрт нь ямар нэг зовиургүй, ялгадас маш бага байдаг учир эмэгтэй эмчид хандахгүй халдвар тээгч болон явдаг. Эмэгтэй заг хүйтний үрэвсэл нь олон голомттой байдаг. Шээсний сүв, үтрээ, бартолины булчирхай, шулуун гэдэсний амсар гэх мэт газруудад голомтолно. Ихэнх тохиолдолд хавсарсан халдвар маягаар явагддаг. Шээсний сүв, умайн хүзүү, шулуун гэдэс үрэвссэн тохиолдолд өвчтөний биеийн ерөнхий байдал өөрчлөгдөхгүй. Харин үрэвслийн процесс умай болон түүний дайварт тархсан тохиолдолд хэвлийгээр өвдөх, халуурах, цусны шинжилгээнд өөрчлөлт орох зэрэг шинж илэрнэ.

Эх сурвалж: "Хөдөлмөр" сонин