sonin.mn

АНУ-ын “Moderna” компанийн гаргаж авсан вакцины эмнэлзүйн туршилтын дүн тус вакцин коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхэд 94.5 хувь, “COVID-19”-ийн хүндрэлээс 100 хувь хамгаалах үр дүнтэй болохыг харуулжээ. Тус компани 2020 онд багтаан 20 сая тун вакцин үйлдвэрлэж, АНУ-д нийлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд ирэх онд 0.5-1 тэрбум тун вакцин үйлдвэрлэж, дэлхийн дахинд нийлүүлэхээр зэхэж байна.

 

Тус компани коронавирусийн эсрэг вакцинаа ашиглахыг дэмжихийг хүссэн өргөдлөө АНУ-ын Хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэлийн чанарын эрүүл ахуйн хяналтын газарт (FDA) гаргаад байгаа аж.

 

“Moderna” компанийн хүсэлтийг дээрх байгууллага энэ сарын 10-нд хэлэлцэхээр төлөвлөж байгаа аж. Тус компани хүсэлт гаргахаасаа хэдэн цагийн өмнө туршилтын гурав дахь шатны дүнгээр вакцин өндөр үр дүн үзүүлсэн талаар зарласан юм. Тус компани вакцинаа бүртгүүлэх хүсэлт гаргасантай холбоотой хувьцааных нь үнэ 17.19 хувиар буюу 21.84 ам.доллараар өсөж, 148.86 ам.долларт хүрчээ.

 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин