sonin.mn
ЛОНДОН. /CNN/. Их Британид коронавирусний илүү хурдан халдварладаг хувилбар тархсантай холбоотойгоор эрх баригчид зул сарын баярын үеэр хязгаарлалтын арга хэмжээнүүдийг сулруулах шийдвэрээ цуцалсны дараа олон орон тус улстай зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тогтоолоо.
“COVID-19”-ийн шинэ хувилбарыг Англид анх тархсан гэж үзэж байгаа бөгөөд Дани, Нидерланд, Австрали, Итали зэрэг оронд мөн илрээд байгаа юм. Хэдийгээр шинэ хувилбар илүү хурдан халдварлаж байгаа боловч халдвар авсан хүмүүсийг илүү хүндээр өвчлүүлнэ гэх нотолгоо байхгүй байна.  
 
Их Британитай нислэгээ зогсоогоод буй улс орон, нутаг дэвсгэрүүд
 
Аргентин: Эрүүл мэнд, Дотоод хэргийн яам даваа гаргийн өглөөнөөс Их Британиас нислэг хүлээн авахгүй гэж мэдэгдэв.
Бельги: Их Британид коронавирусний шинэ хувилбар тархсан тул даваа гаргаас тус улсаас зорчигчдыг хүлээн авахгүй гэж Бельгийн Ерөнхий сайд Александр Де Кроо мэдэгдэв.
Болгар: Ерөнхий сайд Бойко Бориссов ням гарагт Засгийн газрын гишүүдтэйгээ хуралдаж, даваа гаргаас нэгдүгээр сарын 31 хүртэл Болгар-Их Британийн агаарын тээврийн хөдөлгөөнийг түр зогсоохоор шийдвэрлэв.
Канад: Их Британиас ням гаргийн шөнө дундаас 72 цагийн турш зорчигч тээврийн ихэнх хөдөлгөөнийг хориглоно гэж Ерөнхий сайд Жастин Трюдо мэдэгдэв.
Чили: Засгийн газар мягмар гаргаас Их Британиас ирэх, очих бүх нислэгийг зогсооно гэж мэдэгдэв. Мөн Их Британиас сүүлийн 14 хоногт ирсэн зорчигчид өөрийгөө тусгаарлах шаардлагатай болжээ.
Колумби: Ерөнхийлагч Иван Дуке даваа гаргаас Колумби-Их Британийн бүх нислэгийг зогсооно гэж мэдэгдэв. Мөн Их Британид сүүлийн 14 хоногт байсан хүмүүс Колумбид ирэхээсээ өмнө өөрийгөө тусгаарлах хэрэгтэй гэж сэтгүүлчдэд мэдээлжээ.
Чех: Засгийн газар даваа гаргийн өглөөнөөс Их Британиас ирэх нислэгийг зогсоов.
Эль-Салвадор: Их Британи, Өмнөд Африкаас ирсэн хүмүүсийг хилээр нэвтрэхийг хориглов.
Эстони: Засгийн газар Эстони-Их Британийн агаарын тээврийн хөдөлгөөнийг оны эцэс хүртэл зогсоов.
Франц: Ерөнхий сайд Жан Кастекс ням гаргийн шөнөөс 48 цагийн турш Их Британитай хилээ хаав.
Герман: Засгийн газар коронавирусний шинэ хувилбар тархсантай холбогдуулан Их Британи, Өмнөд Африкаас ирэх, очих нислэгийг хязгаарлахаар төлөвлөж байгаагаа мэдэгдэв.
Хонконг: Их Британид сүүлийн 14 хоногийн хугацаанд хоёроос дээш цаг байсан хүмүүсийг мягмар гаргаас нэвтрүүлэхгүй байхаар шийдвэрлэв.
Иран: Их Британиас ирэх, очих нислэгийг ням гаргаас хоёр долоо хоногоор зогсоов.
Израил: Засгийн газар Их Британи, Дани, Өмнөд Африкаас ирэх нислэгийг зогсоож буйгаа мэдэгдэв.
Итали: Англид “COVID-19”-ийн шинэ хувилбар тархсантай холбогдуулан Итали-Их Британийн нислэгийг түр зогсоож буйгаа Гадаад хэргийн сайд Луижи Ди Майо мэдэгдэв.
Йордан: Засгийн газар Их Британиас ирэх шууд, транзит нислэгийг даваа гаргаас нэгдүгээр сарын 3 хүртэл зогсоох шийдвэр гаргав.
 
Кувейт: Их Британиас ирэх нислэгийг даваа гаргаас зогсоов.
Латви: Их Британиас ирэх, очих нислэгийг даваа гаргаас нэгдүгээр сарын 1 хүртэл зогсоож буйг Латвийн Тээврийн сайд мэдэгдэв.
Литви: Их Британиас ирэх нислэгүүдийг зогсооно гэж Литвийн Ерөнхий сайд мэдэгдэв.
Люксембург: Засгийн газар Их Британиас ирэх нислэгийг түр хугацаагаар зогсоож буйгаа ням гарагт мэдэгдэв.
ОХУ: Их Британиас ирэх, очих нислэгийг долоо хоногоор зогсоов.
Оман: Их Британи дахь нөхцөл байдлыг хянахын тулд мягмар гаргаас долоо хоногийн хугацаагаар хилээ хаав.
Нидерланд: Их Британиас ирэх бүх зорчигч тээврийн нислэгийг хориглоно.
Ирланд: Британиас ирэх нислэгийг даваа, мягмар гарагт зогсоов.
Перу: Ерөнхийлөгч Франсиско Сагасти Европоос ирэх нислэгийг хоёр долоо хоногоор зогсооно гэдгээ мэдэгдэв. Мөн Их Британид сүүлийн 14 хоногт байсан гадаадын иргэдийг хилээр нэвтрэхийг хоригложээ.
Швед: Их Британитай зорчигч тээврийн хөдөлгөөнөө зогсоож байгаагаа Гадаад хэргийн сайд мэдэгдэв.
Турк: Их Британи, Өмнөд Африк, Нидерланд, Даниас ирэх нислэгийг зогсоов.
 
Зорчих хөдөлгөөндөө хязгаарлалт тогтоосон орнууд
 
Грек: Их Британиас ирсэн бүх хүнийг даваа гаргаас долоо хоногоор тусгаарлахаар болов.
Португал: Их Британиас ирэх нислэгүүдэд хязгаарлалт тогтоож, зөвхөн португалчуудыг хүлээн авахыг зөвшөөрөв. Мөн тэдэнд шинжилгээний хариу нь сөрөг гарсан байх шаардлага тавихаар болжээ.
Испани: Их Британиас ирэх хүмүүсийн коронавирусний шинжилгээг баталгаажуулна гэдгээ мэдэгдэв.
“Манай хүрээлэнгийн мэргэжилтнүүд вакцин шинэ хувилбарын эсрэг үр дүн үзүүлнэ хэмээн үзэж байгаа” гэж АНУ-ын Уолтер Ридийн нэрэмжит судалгааны хүрээлэнгийн Халдварт өвчин судлалын төвийн дарга, доктор Нельсон Майкл мэдээлжээ. Тэд вакцин үйлчлэхэд асуудал байж болох эсэхийг ойрын өдрүүдэд тогтоох ажээ.  
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг