sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Оюу толгой” компани өнгөрсөн онд ойролцоогоор 290 сая ам.долларын татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр бусад төлбөр хураамж төлжээ. Мөн дэлхий нийтээр тархаад буй “COVID-19”-ийн цар тахлын эсрэг Монгол Улсын Засгийн газрын авч хэрэгжүүлж буй арга хэмжээг дэмжих үүднээс ашигт малтмалын нөөц ашигласны зарим төлбөрийг хуулийн хугацаанаас өмнө шилжүүлсэн талаар тус компаниас мэдээллээ.
 
 
 
 
“Оюу толгой” ХХК 2020 оны 12 дугаар сарын 22-нд Татварын ерөнхий газраас 649 тэрбум төгрөг (ойролцоогоор 228 сая ам.доллар)-ийн Нөхөн ногдуулалтын акт хүлээн авчээ. Энэхүү Нөхөн ногдуулалтын акт нь “Оюу толгой” ХХК-ийн 2016-2018 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хийсэн татварын хяналт шалгалттай холбоотой аж. Татварын ерөнхий газар нь Нөхөн ногдуулалтын актаар тус компанийн ирээдүйд шилжүүлэн тооцох алдагдлын дүнг 3.4 их наяд төгрөг (ойролцоогоор 1.5 тэрбум доллар)-өөр бууруулан шийдвэрлэжээ.
 
 
 
 
“Оюу толгой” ХХК Монгол Улсын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулагч бөгөөд 2010 оноос хойш нийт 11.3 тэрбум гаруй ам.долларыг дотоодод зарцуулсан байна. Монгол Улсын томоохон ажил олгогч тус компанийн төсөлд одоогоор 12.300 гаруй хүн ажиллаж байгаагаас 94 хувь нь Монголчууд байна.
 
Б.Болд
Эх сурвалж: Монцамэ агентлаг