sonin.mn
Хүлцэн тэвчинэ гэдэг зовж шаналахын нэр биш, харин холч ухаантай байж, хийж буй үйлийнхээ эцсийг үзнэ гэсэн үг
 
Туркийн зохиолч Элиф Шафак нь Исламын ертөнцөөс олон улсад хамгийн сайн танигдсан зохиолчдын нэг юм. Турк, англи хэлээр бүтээлээ туурвидаг түүний зохиолууд өдгөө дэлхийн тавь гаруй хэлнээ хөрвүүлэгдэж, олон соёлын уншигчдын зүрх сэтгэлийг татжээ. Тэрээр алдартай зохиолч төдийгүй эрдэмтэн, олонд танигдсан илтгэгч, эсээч, эмэгтэйчүүдийн эрх, үндэсний цөөнхийн болон бэлгийн цөөнхийн эрхийг хамгаалахын төлөө идэвхийлэн зүтгэгч, нийгмийн томоохон зүтгэлтэн билээ.
Элиф Шафак одоогоор арав гаруй роман туурвиснаас хамгийн алдартай нь эдүгээ таны гар дээр буй “Хайрын дөчин дүрэм” юм. Монголчуудын байлдан дагууллын үеийн Исламын ертөнцийн гарамгай найрагч Румигийн амьдрал, тэмцэл, агуу нөхөрлөлийн түүхийг орчин үеийн жирийн бүсгүйн хайрын түүхтэй сүлэн бичсэн эл бүтээл “хайр” хэмээх хашигдах хил, хоригдох хэлгүй ид хүчнийг мэдэн захирах дөчин дүрмийг дэглэн толилуулжээ. “Хайрын дөчин дүрэм” романыг BBC-ээс “Хамгийн нөлөө бүхий 100 роман”-ы нэгээр нэрлэжээ.
Сүүлийн дүрэм: Хайр үгүй амьдралд утга учир үгүй. Ямар хайр эрж олох вэ гэж өөрөөөсөө бүү асуу. Хайрыг оюунлаг болоод материаллаг, бурхных болоод хүмүүнийх, өрнийнх болоод дорнынх гэх зэргээр ангилан ялгахын хэрэг ер үгүй. Юмсыг хувааж ангилах тусам улам л хуваагддаг жамтай. Хайранд шошго нааж, тайлбар зүүх ямар ч шаардлагагүй. Хайр бол эгэл агаад ариухан, энэ л байгаагаараа төгс. Хайр бол ус. Хайрласан хүн бол гал. Гал, ус хоёр нэгдсэн цагаас эхлээд ертөнц тэр чигтээ өөрчлөгддөг юм. 414-р тал
 
Онцлох эшлэл:
 
✔Мэдлэг хайр 2 хоорондоо алд дэлэм зөрүүтэй. Мэдлэг ямар ч эрсдэл шаарддаггүй хэрнээ хүмүүсийг улам төөрөгдүүлж орхидог. Харин хайр ээдрээг тайлах атлаа бүхнийг эрсдэлд оруулдаг. Мэдлэг үргэлж сэрэмжтэй байхыг сануулж “Битгий их хөөрч догдол! гэдэг бол хайр харин эсрэгээрээ “Битгий биеэ барь. Хүссэнээрээ хөгжилд” гэдэг. Мэдлэг бат бөх бол хайр хялбархан эмтэрдэг. Гэхдээ эвдэрхий балгас дунд эрдэнэ нуугдаж байдагчлан эмтэрсэн зүрхэнд эгэлгүй гоо сайхан оршдог юм.
✔ Уй гуниг хийгээд ганцаардал нь угтаа хоёр өөр зүйл билээ. Ганцаардсан үедээ хүн зүг чигээ алдах нь амархан байдаг. Харин уй гуниг бол ондоо, өөрөөр хэлбэл ганцаардахгүйгээр ганцаараа байхын нэр. Гэхдээ толины тусгал мэт таныг харж, мэдэрдэг хүнтэй учирвал дээдийн зол тэр билээ. Өөрийгөө өрөөлийн зүрх сэтгэлээс харж гэмээнэ өөрийн дотор нуугдсан бурхныг олж чадмуй.
✔ Амьдралд тань юу ч тохиолдлоо гэсэн, алив юмс тэвчихийн аргагүй хэцүү санагдсан ч сэтгэлээр бүү уна. Бүх хаалга хаагдсан ч бурхан чамд цоо шинэ гарцыг нээж өгөх болно. Талархалтай бай.
✔ Хүлцэн тэвчинэ гэдэг зовж шаналахын нэр биш, харин холч ухаантай байж, хийж буй үйлийнхээ эцсийг үзнэ гэсэн үг. Хүлцэн тэвчинэ гэдэг сарнайг өргөстэй нь шөнийг үүрийн гэгээтэй нь харахыг хэлнэ.
✔ Шавар шатаж байж бат бөх болдогчлон хайр шаналал зовлон дундуур туучиж байж төгөлдөрждөг.
✔ Хувьсал өөрчлөлтөөс халирч бүү зугтаа. Харин ч таатайгаар хүлээн ав. Амьдрал орвонгоороо эргэлээ гээд адгаж бүү зов. Туулж гарснаас чинь илүү сайхан амьдрал тосоод угтах ч юм билүү хэн мэдлээ.
✔ Өдөр бүрийг нэг л янзаар өнгөрүүлнэ гэдэг үнэхээр харамсалтай. Бид урсан одох хором бүхний хэрээр уушгаа цэнэглэх амьсгал бүрийнхээ тоогоор шинэчлэгдэж байх учиртай.
 
 
 
Энэ ном хайр сэтгэлийн тухай ном биш амьдралын тухай ном юм. Хайр гэдэг амьдрал юм. Амьдрал гэгч нь хайр юм.
 
 
 
✔ Эмэгтэй хүн болгон дурласан залуутайгаа суудаг гэсэн бодлоо толгойноосоо авч хая. Цагаа тулахаар тэд чинь сайн аав, үнэнч нөхөр байж чадах хүнийг л сонгодог юм.
✔Хайр гэдэг чинь ердөө л хоромхон зуур сэтгэл гэгэлзүүлээд замхардаг амтат мэдрэмж төдий зүйл биш юм.
✔Үнэнийг хэлэх тусам өөртөө дайсан хураадаг.
✔ Хүмүүс өөрсдийнхөө ухаж ойлгож чадахгүй зүйлийг хүлцэн тэвчиж чаддаггүйг хамгийн түрүүнд ухаарч билээ.
 
 
Бичсэн Батжаргалын Дөлгөөн