sonin.mn
П.Чайковскийн “Хунт нуур”, “Щелкунчик”, А.Аданы “Жизель” зэрэг балетын дүрүүдийг бүтээсэн УДБЭТ-ын балетын гоцлооч Ө.МӨНХЖИНТЭЙ ярилцлаа. ОХУ-ын Пермь хотын Сонгодог бүжгийн сургуулийг балетын жүжигчин мэргэжлээр төгссөн тэрбээр 2018 оноос УДБЭТ-т ажиллаж эхэлжээ. Тэр цагаас хойш нэг их удалгүй Дуурийн театрын гоцлооч болсон түүнийг “Хунт нуур” балетад тоглоход “Шинэ хун төрлөө” хэмээн үзэгчид алга ташилтаар мялааж байсан билээ.
 
 
-20 нас бол дурлаж, шатаж, алдаж, мөрөөдлийнхөө төлөө галзуу юм шиг зүтгэдэг үе. Харин 20 гаруйхан нас балетын жүжигчдийн хувьд карьерын оргил үеийн эхлэл байдаг юм болов уу?
 
-Тийм ээ, балетчин болох хүүхдүүдийг 10-тайгаас нь бэлтгээд 18 насанд нь төгсгөдөг. Энэ нь манай мэргэжлийн онцлогийн нэг хэсэг юм. Бид 20-оод насандаа мэргэжлийн бүжигчин болчихдог. Ид карьерын маань эхлэл тавигдаад, мэргэжилдээ өдрөөс өдөрт сайжирч илүү ихийг хийхийг хүсэж, цаг минут бүрийг зааландаа үр бүтээлтэй өнгөрөөдөг гэж ойлгож болно. Товчхондоо, энэ нь бидний хувьд хобби болчихдог.
 
-Орой сургуулиа төгсөж ирээд удаагүй байхад Монгол Улсын Дуурийн театр танд өөрийгөө нээн харуулах хариуцлагатай даалгавар өгсөн нь “Хунт нуур” балет байсан. Богино хугацаанд дүрийнхээ зан төлөвийг бүрэн илэрхийлэхийн тулд дотоод хүнтэйгээ хэрхэн тэмцсэн бэ?
 
-Ханхүү Зигфридийн дүрийг бүтээх нь сургуулиа дөнгөж төгссөн надад маш том сорилт байсан. Гэхдээ бидний хувьд тайзан дээр өөрийн характерыг харуулах биш, 100 гаруй жилийн өмнө бичигдсэн дүрүүдийг гаргаж үзэгчдэд хүргэхэд мэргэжлийн чадвар оршдог.
 
-Амьдралын дийлэнх цагийг сурч, бэлтгэлийн зааланд өнгөрүүлдэг балетчдын амжилтад хүрэхдээ дэнчин болгодог зүйл нь цаг хугацаа гэж би боддог юм. Багаасаа олон жил хичээллэсний үр дүнгээ тайзан дээр гараад бүрэн утгаар нь үзэж, мэдэрч чадахгүй бол өнгөрсөн цаг хугацаа хайран санагдана. Харин та цаг хугацааны талаар ямар бодолтой явдаг бол?
 
-Мэдээж тийм. Гэхдээ би хувьдаа зөвхөн тайзан дээрээс биш бэлтгэл, цаашлаад театртаа өнгөрүүлсэн цаг минут бүрээсээ таашаал авч, хайрлаж амьдрахыг илүүд үздэг. Ялангуяа цар тахлын үед театрт өнгөрүүлсэн цаг минут бүр ямар үнэтэй байсныг илүү ойлгож байна.
 
-Ээжийн тань сонголт мэргэн байж та ОХУ-д балетын жүжигчнээр суралцахаар явсан. Гэхдээ та хувьдаа ямар бодолтой байсан бэ?
 
-Тэр үед би хүүхэд байсан. Ямар мэргэжлээр сурах гэж байгаагаа ч мэдэхгүй “Оросод сурна, гадаад руу явна” гэж л баярласан.
 
-“Хэрвээ багадаа хичээллэж байсан аль нэг спортын төрлөөрөө дагнан бэлтгэл сургуулилалт хийсэн бол өдийд…” гэсэн бодол танд төрж байв уу?
 
-Би ихэнх спортод дуртай. Зарим спортын төрлийн фэн нь шүү. Өөрөө ч чөлөөт цагаараа янз бүрийн спортоор хичээллэдэг. Гэхдээ би эзэмшсэн мэргэжилдээ хайртай болохоор өөр зүйлийн талаар огт боддоггүй.
 
-Дуурийн театр шижигнэсэн залуусаар боловсон хүчнээ зузаатгаж, хэний ямар ч бүтээлийг амилуулсан “хөл алдахааргүй” болсон. Үе тэнгийнхэнтэйгэ өрсөлдөж, өөрийгөө хурцлах үе тулгардаг л байх?
 
-Манай залуу үе хоорондоо өрсөлдөөнтэй ч түүнийг давсан нөхөрсөг харилцаатай. Бидний хэн нэгэн дебютээ хийх гээд бэлтгэж байхад нь сэтгэл санаагаар дэмждэг. Мөн алдааг нь хэлээд, засахад нь тусалж зөвлөөд явдаг. Тоглолт нь дууссаны дараа мөнгөө нийлүүлж байгаад цэцэг ч юмуу авч өгч баяр хүргэдэг уламжлалтай.
 
 
-Та сургуульд байхаасаа олон улсын уралдаан тэмцээнд оролцсон. Хэрвээ цар тахал гараагүй бол оролцохоор төлөвлөсөн уралдаан байв уу?
 
-Байсан шүү. Би нэгдүгээр курсэд суралцаж байхдаа олон улсын “Арабеск” тэмцээнд оролцохыг хүссэн боловч нас бага учраас өнжсөн. Хоёр жилийн дараа тэр тэмцээндээ оролцох гэтэл бэртлийн улмаас өнжих шаардлагатай болсон юм. “Арабеск” хоёр жилд нэг болдог өндөр зэрэглэлийн тэмцээн. Дахиад хоёр жилийн дараа орох гэсэн боловч цар тахлын улмаас оролцож чадсангүй. Одоо дахиад хоёр жил хүлээх шаардлагатай болоод байна.
 
-Шинэ туршилт хийж байна уу. Өөрөөр хэлбэл, өмнө нь хэзээ ч оролцож байгаагүй, бүжиглэж үзээгүй бүтээлийг сонирхож судалж байна уу. Ойрын төлөвлөгөөндөө ямар бүтээлийн дүрд тоглохыг хүсэж байна вэ?
 
-Хөл хорионы өмнө арванхоёрдугаар сард “Дон Кихот” балетын Базилийн дүрд гарах байсан. Энэ дүр нь Принцийн дүрээс маш ялгаатай. Миний хувьд өмнө ийм дүрийг гаргаж үзээгүй. Тийм болохоор том сорилт байлаа. Тоглолтууд тавигдаж эхлэхээр энэ дүрээрээ хамгийн түрүүнд тайзан дээр гарахыг хүсэж байна.
 
-Мэдээж цар тахал намжиж “унтаж” байсан дэлхий сэрнэ. Тэр үед хамгийн түрүүнд юу хиймээр байна вэ?
 
-Зааландаа очиж бүтэн бэлтгэлээ л хиймээр байна.
 
 
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин