sonin.mn
Хуучир хөгжимчин Э.ЦЭНДСҮРЭНТЭЙ цөөн хором ярилцлаа. БНХАУ-ын олон улсын залуу хөгжимчдийн наймдугаар уралдааны үндэсний хөгжмийн төрөлд тэргүүн байр эзэлж, алтан медаль хүртэж байсан тэрбээр “Portraits” нэртэй анхны цомгоо гаргажээ.
 
-Их бэлгэшээлтэй юм, монголчуудын үндэсний баяр Цагаан сар хуучраагүй байхад та шинэ цомгоо сонсогчдодоо хүргэж байна. Монгол Улсын консерваторийг төгссөнөөс хойш төлөвлөсөн цомгоо энэ удаа гаргаж байгаа болов уу?
 
-Тийм ээ. Удаан хугацаанд хүлээлгэсэн анхны цомог маань сар шинийн баяртай хамт үзэгч сонсогчдод хүрч байгаад туйлын их баяртай байна. Энэ цомгийг гаргах санаанаас эхлүүлээд сонсогчдын хүртээл болгох бүх ажлын ард ажилласан арт директор З.Энхмөнх /Kush/ ахдаа талархаж байгаагаа энэ ташрамд илэрхийлье. Мөн сэтгэлийн хандив өргөсөн 60 орчим хүнгүйгээр энэ цомгийг төсөөлөхөд тун бэрх юм. Тэдгээр хүмүүст чин сэтгэлээсээ талархаж байгаагаа танай сониноор дамжуулан уламжилъя.
 
-“Portraits” гэхээр тодорхой уран бүтээлчийг төлөөлөх хөгжмийн бүтээл цомогт багтсан хэмээн таамаглаж байна. Яг хэний ямар бүтээлийг цомогтоо онцлон багтаасан бол?
 
-“Portraits” бол 2019 онд Улсын филармонид үзэгчдэд толилуулсан “Дотоод хөрөг” бие даасан тоглолтын лайв цомог юм. Төгөлдөр хуурчаар “До Ре Ми” сургуулийн гүйцэтгэх захирал Б.Золзаяа ажилласан. Тус тоглолтын хүрээнд тоглосон найман бүтээлээр би дотоод хөргүүдээ /дэггүй, аминчхан, үнэнч гэх мэт/ илэрхийлэхийг зорьсон. Цомогт багтсан бүтээлүүдийг хуучир хөгжмөөр хөгжимдөж болох монгол, хятад, америк гэх мэт олон орны, олон жанрын бүтээл багтсанаараа онцлогтой.
 
-Та дотоодын төдийгүй гадаадын уралдаан тэмцээнд оролцохдоо толилуулсан хөгжмийн бүтээлээсээ цомогтоо онцлон оруулав уу. Ялангуяа ази хөгжмийн зохиолчдын бүтээлээс?
 
-Цомогт багтсан бүтээлүүдийн гурав нь өнөө цагийн Хятадын хуучир хөгжимчдийн урын санд байнга тоглогддог . Тухайлбал, Ли Бо Чан- ы “Чу Сон” хэмээх бүтээл тоглолтын маань хамгийн сүүлийн номер байсан бөгөөд үзэгчдэд маш их таалагдсан, онцлох бүтээлийн нэг яах аргагүй мөн.
 
-Та Шанхайд магистраа хамгаалж ирснээс хойш төрөлх сургуульдаа багшилж байгаа юу?
 
-Магистраа хамгаалж ирээд юун түрүүнд уран бүтээлдээ түлхүү анхаарал хандуулах сонирхолтой байсан учраас Үндэсний урлагийн их театрын хөгжимчин болсон. Багшилна гэдэг миний мөрөөдлийн бас нэгэн хэсэг ч маш хариуцлагатай ажил тул эхлээд өөрийгөө сайн боловсруулж байгаад цаг нь болохоор мөрөөдлөө биелүүлнэ.
 
-Энэ ташрамд, тодруулахад цомгоо гаднын оронд борлуулах бодол бий юү?
 
-“Portraits” цомог энэ сарын 15-наас дэлхийн томоохон хөгжмийн дэлгүүрүүдээр буюу Apple Music, Spotify /болон бусад сувгуудаар/ дээр албан ёсоор худалдаалагдаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, гаднын сонсогчдод ч миний уран бүтээл хүрч байгаа гэсэн үг.
 
-Эцэст нь, хувь уран бүтээлчийн төлөвлөгөөг тань сонирхмоор байна?
 
-Монголын төдийгүй Ази даяар өргөн тархсан “Азийн хийл” гэж хэлж болохоор хөгжим бол хуучир юм. Тиймээс дараагийн уран бүтээлдээ Монголын гэх тодотголыг шингээсэн бүтээлүүдийг илүүтэй тоглох төлөвлөгөөтэй байна.
 
 
Б.Сийлэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин