sonin.mn
ВАШИНГТОН. /Axios/. АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп гэргий Меланья Трампын хамт өнгөрсөн нэгдүгээр сард Цагаан ордонд коронавирусний вакцин хийлгэжээ.
 
АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп ямар вакцин хийлгэсэн нь тодорхойгүй байна. Түүнийг ерөнхийлөгчийн албаа хашиж байх хугацаанд АНУ-д “Moderna”, “Pfizer” компаниудын вакциныг хэрэглэхийг зөвшөөрсөн аж. 
 
Өөрөөс нь болон гэргий Меланья Трампаас коронавирусний халдвар илэрсэн тухай Д.Трамп 2020 оны 10 дугаар сарын 2-нд мэдэгдэж байсан юм. Тэр өдөртөө Д.Трамп Мэрилэнд мужийн Уолтер Ридийн нэрэмжит цэргийн эмнэлгийн төвд хүргэгдсэн. Аравдугаар сарын 5-нд тэрбээр эмнэлгээс гарч Цагаан ордондоо эргэн иржээ. 
Халдвар мөн Д.Трампын гэр бүлийн гишүүд, Цагаан ордны хэд хэдэн ажилтнаас илэрч байсан юм.
Хүн амдаа хүрэлцэхүйц хэмжээний вакцин худалдан авсан тухайгаа АНУ-ын одоогийн засаг захиргаа мэдэгдсэн байна. АНУ-д хоёрдугаар сарын 20 гэхэд нэг өдөрт вакцинжуулалтад хамрагдсан хүний тоо 1.7 саяд хүрчээ. Одоогоор хүн амын 14 хувь нь буюу 46 сая хүн вакцин хийлгээд байгаа аж. 
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг