sonin.mn

Хотын Ерөнхий менежер Б.Бадрал цагаан сарыг зөв зохистой тэмдэглэх талаар уриалга гаргажээ. Та хэрхэн хүлээн авч байна вэ гэдэг асуултыг жирийн иргэдэд тавьж санаа бодлыг нь сонслоо.


-Би ойлгохдоо хэрэгтэй хэрэггүй бэлэг сэлтэд хамаг мөнгөө зараад дэмий л гэж уриалж байна бодсон. Цаг үеэ олсон зөв уриалга гэж бодож байна. Алийн болгон Хятадын оймс, дотоожоор нэгнийгээ хуурах юм бэ. Хятадууд манай цагаан сард зориулаад бэлэг хийдэг болсон гэсэн шүү. Эрээн рүү хамаг л байдаг мөнгөө гаргаад байх нь буруу. Одоо ухаарах цаг болсон шүү, монголчуудаа (Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны иргэн С. Гэрэлхүү)



-Нөхөр бид хоёр гэрлээд 6 жил болж байна. Өмнө нь цагаан cap хийж үзээгүй. Аав, ээждээ очоод шинэлчихдэг байсан юм. Харин бие даасан айл байна даа, энэ жил гэртээ цагаан cap тэмдэглэе гэж бодож байгаа. Хэд хоногийн өмнөөс бэлтгэлээ базааж эхэлсэн. Санаснаас илүү зардал гарах төлөвтэй. Би төсвийн байгууллагад, манай нөхөр хувиараа ажилладаг. Хэмнээд хэмнээд 700 мянган төгрөгийн зардал гарах шинжтэй. Хотын менежерийн уриалгыг сайтаас уншсан. Сайхан сайхан санаа их байна лээ. Ялангуяа цагаан сарын баяр ахмадуудад дарамт болох ёсгүй гэдэг санаа нь их таалагдсан. (Баянгол дүүргийн иргэн Н. Бурмаа)



-Би хоёр охинтойгоо амьдардаг. Амьдралын шаардлагаар мэргэжлийн ажлаа хийж чадахгүй л байна. Цалингийн хэдээр яаж ч амьдрах билээ дээ. Хэд гурван төгрөгийн ахиуг нь бодож Бөмбөгөр зах дээр лангуу түрээслэдэг. Гэр ахуйн бараа зардаг юм. Баяр ёслол дөхөөд ч тэр үү аяга, таваг маш сайн зарагдаж байгаа. Дээшээ харсан сав гэдгээр нь бэлэгшээдэг байх л даа. Хотын захиргаанаас цагаан сарыг зөв зохистой тэмдэглэхийг уриалсан гэдгийг телевизээр харсан. Би хувьдаа дэмжиж байгаа. Архи дарс хэтрүүлж уудгаа одоо болих хэрэгтэй. Юм өөрчлөгдөх хэрэгтэй биз дээ. (Чингэлтэй дүүргийн иргэн А. Алтан)



-Эмгэн бид хоёр энэ жил хоёулаа 70 нас сүүдэр зооглож байна. Тэгэхлээр цагаан сараа нэлээд зангарагтай тэмдэглэнэ гэж бодож байгаа. Үр хүүхдээ нэг их зовоогоод
байхгүй. Тэтгэврийн хэд маань амьдралд хүрэлцэж байна. Бас засаг төрөөс 340 мянган төгрөг өгчихлөө. Хамгийн сайхан бэлэг ерөөлтэй бүхнийг бодож төрийнхөө сүлдэнд залбирч явна даа. Цагаан сарыг зохистой тэмдэглэнэ гэдэг маань арай соёлтой эмх замбараатай байхыг л хэлээд байгаа хэрэг шүү дээ. Энэ дашрамд хэлэхэд cap шинээр согтуугаар машин жолоодсон хүнийг шууд эрхийг нь хасах хэрэгтэй. Мань мэтийн настай хүмүүс, хүүхэд багачууд ухамсар дорой хүмүүсээс болж хохирох ёсгүй. Би замын цагдаагийнханд хандаж согтуу жолоочид зөөлөн хандаж болохгүй шүү гэж хэлмээр байна. (Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны иргэн Ж. Жумдаан )

Эх сурвалж: "Геологи уул уурхайн мэдээ"