sonin.mn

Монгол үндэсний өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх их үйлсийн төлөө зүтгэж яваа эгэл хүмүүсийн гавъяаг хэр олон хүн олж хардагийг би мэдэхгүй. Үл анзаардаг нь бараг их биз ээ. Гэхдээ тэр хүмүүсийн бүтээсэн үйл, байгуулсан гавьяа чамгүй их. Өдөр ирэх тутам нам гүмхэн ховордож буй уран мужаан, уран дархчууд, уран оёдолчид, сийлбэрчид гээд үндэснийхээ өв уламжлал түүхийн үнэт дурсгал, цэнэт уран бүтээлийг туурвиж суудаг алтан гартай бурхан ухаантай хүмүүс сүүлийн үед нэлээд ховордож...

 

Манай аймгийн хувьд үндэсний хувцасны оёдол эсгүүрийн чиглэлээр ажилладаг хуруу дарам хэдэн газрын арваад үйлчин сургалт дадлага явуулдаг байна. Энэ удаад зориуд тэр уран хүмүүсийн дундаас нэгэн үйлчний тухай уншигчдадаа танилцуулахаар шийдлээ. Ийнхүү "Улаан сарнай" бүлийн ахлах үйлчин Д.Лхагва гуайг онцлон авч бяцхан яриа хөөрөө өрнүүлсний учир түүний тухай товчхон өгүүлье.



Оёдолчин Д.Лхагва нь1951 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Зүүн булаг хэмээх газар малчин ард Гомбын хоёрдахь охин болон мэндэлжээ. Тэрбээр бага наснаасаа өвөө эмээгийнхээ дэргэд эмээ Дуламаараа овоглон өссөн байна. Үйлд уран, аль 3-р ангийн бяцхан охин байхаасаа л юм оёж сурсан гэдэг. Эмээ нь их уран хүн байсан нь түүнийг оёдолчин болоход ихээхэн нөлөө үзүүлжээ.

 

Тэрбээр 1959-1967 онд Өмнөдэлгэр сумын 8 жилийн дунд сургууль төгсч, 1968 оноос МХЗЭ-ийн гишүүнээр элсэн Өмнөдэлгэр сумын Ахуйн үйлчилгээнд оёдол эсгүүрийн курст гурван cap суралцаад тус байгууллагадаа оёдолчноор орж ажлын гараагаа эхлэжээ.Түүнээс хойш 1990 он хүртэл тухайн байгууллагадаа тасралтгүй 22 жил ажилласан байна. 1990 оноос хойш хувиараа хөдөлмөр эрхлэж байгаад 2004 оноос "Хэрлэн бизнес" ТББ-ыг үүсгэн байгуулалцаж, Баян дуурлиг бүлд гурван оёдолчинтойгоор нэгдэж, ажиллажээ.

 

Хавар бүрийд аймгийн МСҮТ-ийн оёдол эсгүүрийн ангийн сурагчид энэ бүл дээр ирж, түүний ур ухаан, туршлагаас судлан дадлагаждаг аж. Тэрбээр сүүлийн хэдэн жилд 40 гаруй үндэсний хувцас урладаг уран үйлчин бэлтгэсэн байна. Шавь нараас нь зарим нь загвар, технологийн "Монголжингоо" дээд сургуулийг төгсгөж, захаасаа ажил үйлсийн гараагаа эхэлсэн төдийгүй хоёр ч шавь нь өдгөө багштайгаа хамт бүл болон хөдөлмөрлөж байгаа гэнэ.

 

Ажил хөдөлмөр буцалсан энэхүү 45 жилийн хугацаанд үйлчин Д.Лхагва гуайн хийж бүтээснийг эл хугацаанд хүртсэн гавъяа шагналаас нь харж болно. Тэрбээр 1966 онд ХАА-н үйлдвэрлэлд малчин саальчнаар ажиллаж байх хугацаандаа Хөдөө Аж Ахуйн "Тэргүүний залуу" алтан медаль, Монголын Хувьсгалт Залуучуудын Төв Хорооны "Гавшгайч" хүрэл медаль, 1971-1975 онд 5-р таван жилийн гавшгайч, Өмнөдэлгэр сумын ахуйн үйлчилгээнд 1976 оноос хойш оёдолчин эсгүүрчинээр ажиллаж байх хугацаандаа 1976-1980 онд 6-р таван жилийн гавшгайч,

 

1981-1985 онд 7-р таван жилийн гавшгайч, 1991 онд Ардын хувьсгалын 70 жилийн ойн медаль, 1980,1985 онуудад Алдарт эхийн I, II одон, Өмнөдэлгэр сумын Ардын Их Хурлын депутатаар хоёр удаа сонгогдож байсан төдийгүй Өндөрхаан хотод ирсэн цагаасаа хойш 2011 онд Худалдаа үйлчилгээний тэргүүний ажилтан, Ахуйн үйлчилгээний салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойн хүндэт тэмдэг, Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль, 2012 онд "Хэрлэн-Бизнес" ТББ-ын хүндэт тэмдэг, Үйлдвэр хоршоодын холбооны алтан медаль,

 

Үндэсний хувцас урлалын Зүүн бүсийн алтан медаль, 2007 онд Оны шилдэг хүнээр, 2009 онд Хэрлэн бизнес өргөмжлөл, 2010 онд Хас банкны шиддэг харилцагч, 2006 онд Нөхөрлөлийн хөгжил наадам Улаанбаатар хотод болоход төлөөлөгчөөр, "Сүхбаатар хөгжил" 2006 арга хэмжээнд амжилттай оролцсоны дурсамж зэргээр энгэрээ мялаасан төдийгүй хамгийн сүүлд усан могой жилийн cap шинийн баярын өмнөхөн Монголын ахмадын холбооны "Гэрийн сайн багш" цол тэмдгээр шагнуулжээ.

 

Үйл мэтгэж улсад 45 жил ажиллахдаа тэрбээр тухайн үеийн Өмнөдэлгэр сумын Шар талын тариа бригадад жолоочоор ажиллаж байсан Л.Шаарийбуутай 1972 онд гэр бүл болж, эдүгээг хүртэл 11 хүүхэд төрүүлж өсгөсөн өнөр өтгөн ам бүл болжээ. Нөхөр Л.Шаарийбуу нь Тариа бригаддаа тракторын жолооч, нярав зэрэг алба хашиж байгаад тэтгэвэртээ гарсан байна.

 

Тэдний хамгийн том хүү Ш.Наранбаатар нь одоо 45 настай, хамгийн бага охин Ш.Цолмонгэрэл нь ХААИС-ийн тавдугаар курсын оюутан. Зургаан хүүхэд нь тусдаа гарч ам бүл тусгаарласан учир ам бүл долуулаа болжээ. Гурван хүүхэд нь хотод ажилладаг бөгөөд хүү Ш.Чулуунбаатар нь ээжийнхээ мэргэжлийг өвлөж, хувиараа хөдөлмөр эрхлэн Өндөрхаан хотод амьдарч байгаа аж.

 

Түүний 11 хүүхдүүд бүгдээрээ ээжээсээ чамгүй авъяасыг нь өвлөж авсан бөгөөд ихэнх нь хувиараа хөдөлмөр эрхлэн аз жаргалтай сайхан аж төрж буй нь уран ижий, сайн эцгийн хүч хөдөлмөр. Тэрбээр хамт олон, мэргэжил нэгтнүүдээ ийнхүү дурслаа. Өмнөдэлгэр сумын ахуйн үйлчилгээнд анх орж байхад оёдолчин Г.Цэрэнчимэд, Н.Даваажав, Ч.Баясгалан.

 

Б.Цэвэлмаа, одоо зурагчин хийж байгаа Н.Эрдэнэ, Нансалмаа, гуталчин Ц.Нэргүй, хамгийн ахмад дарга Дашдондог, Пагмаханд, Мастер Цэвэгсүрэн, оёдолчин Г.Баяраа, С.Жамъянсүрэн нарын олон сайхан уран үйлчид намайг угтан авч байсан. Тэднийхээ арга туршлага, хамтын ажиллагаа, сайхан сэтгэлээр би өдий зэрэгтэй яваа юм. Олон уран гартай нөхөд бий. Нэр усыг нь дурссангүй гэж гомдох вий дээ.

 

Бид олон жил хамт ажилласан. Одоо ч хүртэл байнга холбоотой явдаг. Жил бүр 10-р сарын эхний 7 хоногт Өмнөдэлгэр сумын ахуйн үйлчилгээний хамт олон маань баяраа тэмдэглэж 1-3 ахмадынхаа алдрыг тэмдэглэдэг. Өмнөдэлгэр суманд амьдарч байгаа Зурагчин Н.Эрдэнэ, Нансалмаа, гуталчин Ц.Нэргүй нар маань энэхүү үйл ажиллагааг жил бүр хөтлөн явуулдаг. Мөн "Хэрлэн-Бизнес" ТББ-ын тэргүүн Д.Уранчимэг болон хамт олноо энд дурсах хэрэгтэй.

 

Аливаа хүн мэргэжил нэгт хамт олныхоо сэтгэлийн сайхнаар урам зориг орж, нэг нэгнийхээ хөдөлмөрийг зүлгэн гялалзуулж, хурцалж явдаг юм шүү дээ. Сүүлийн үед үндэсний өв уламжлалыг хадгалсан урчууд нэлээд ховорджээ. Оёдолчин хүний хувьд би үндэсний хувцас, монгол гэрийн эдлэл хэрэгсэл гээд өв уламжлал шингэсэн зүйлсийг урладаг үйлчин бэлтгэхийг зорьж явдаг хүн. Бас ч гэж чамгүй хэдэн шавь бий.

 

Энэ завшааныг ашиглаад үе үеийн үйлчин, мөр зэрэгцэж явсан хамт олондоо баярлаж талархаж явдагаа илэрхийлье. гэсэн юм. Үүгээр бид хоёрын бяцхан яриа өндөрлөв. Саяхан биднийг хүүхэд байхад айлын эзэгтэй нар, ээж, эмээ, эгч гээд бүгд л cap шинэ, баяр наадам дөхөөд ирэхээр үйл мэтгэж, дээл, хүрэм, хантааз урлан дээр нь бүр хээ шаглаж суудагсан. Эмэгтэй хүн бүхэн үйлд уран, эр хүн болгон дархач байсан юм уу даа.

 

Харин одоо цагт тийм хүмүүс үзээд өгье гээд ч цөөхөн болжээ. Айлын эзэгтэй нар нь хөх зүү хөндлөн барьж үзээгүй болохоор нөхөр, хүүхдүүдийнхээ ноорхой цоорхойг ч нөхөж чадахгүй амьтад ийш тийш тав арван халтар төгрөг барьчихсан гүйж явах, харин эрчүүд нь гажсан хаалга, яайжгий сандлаа засчих чадваргүй, алх сүх барьж мэдэхгүй шахуу нялцгай амьтад болсон нь харамсалтай санагдана.

 

Бүтээж туурвидаг хүмүүс нь цөөрөөд ирэхийн цагт аргагүй үгүйлэгддэг юм уу. Эдүгээ үндэсний гэсэн тодотголтой юм бүхэн цаг үеэ дагаад үнэ цэнэ нь өсөх хандлагатай. Түүнийг нь мэдэрч эхэлсэн төр засаг ч нэлээд зүйл хийх төлөвтэй. Харин үндэсний өв уламжлалыг үе хойчдоо өвлүүлэх хүмүүс нэлээд цөөрчээ. Ямартай ч үндэсний өв уламжлалаа хадгалсан ур бүтээж яваа үйлчин эмэгтэйн үйл уран, үйлс тунгалаг байг.


Эх сурвалж: “Хэнтийн мэдээ”