sonin.mn

Дээр дурьдагдсан хөшөөнүүдэд Хэнтий нутгийн нэгэн зууны төдийгүй нэгэн мянганы түүхийг өгүүлсэн нь ч бий. Цаг үеийн байдлаас хэрхэн бүтсэнийг нь өөлж гоочилбол мэдээж чамгүй юм гарах нь тодорхой боловч бид өнөөдөр хаа сайгүй босгоод байдаг өртөг өндөртэй чулуудаа биш эдгээр дурсгалт хөшөөдөө арчилж сэргээн засварласан нь хавьгүй илүү бүтээл болох юм.

 

Хөшөө хэмээх утга алдагдаж, жинхэнэ хөшөөд нь адлагдаж буй нь өдрөөс өдөрт илт харагдах болсон өнөө цагт хэн мөнгөтэй нь тухайн цаг үеийн алдар хүндтэй хүмүүсийн хөшөөг босгодог болсон байна. Эсвэл аль нэг нутгийн зөвлөлийн лоббигоор нутгийнхаа алдар нэртэй хүний хөшөөг босгочихно.

 

Суутан гавьяатны дурсгалд зориулсан самбар, багана, суварга, цээж баримал, хөшөө босгох, гэр музей, цэцэрлэгт хүрээлэн байгуулах зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга, ИТХ олгодог. Тийм учраас дархан эрхтэй орон нутгийн удирдлагаас дэмжлэг авсан ямар ч төсөл тухайн оны төсвөөс санхүүжилт авдаг аж.

 

Харин хөшөө, дурсгал босгох давуу эрхийг гартаа атгасан орон нутгийн удирдлагууд эрх мэдлээ ашиглан чулуун баримлаар хахаж цацсан дур зураг монголд олон. Хөшөө дурсгалын талаар тусгай зориулалттай газар нутгийн  тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль зэрэгт ганц нэг заалт байдаг бололтой авч бодит хэрэгцээ шаардлагад нийцсэн нь огт алга.

 

Хөшөө дурсгал босгох түүх, урлаг, хот байгуулатгын салбарынхны оролцоотой эрх бүхий мэргэжлийн зөвлөл байх хэрэгтэй болсныг олж анзаарах цаг болжээ Хөшөө босгох нь сүүлдээ бизнес болон цэцэглэснийг манай улсын нийслэлээс тод харж болно.

 

"Хаанах хамгийн олон хөшөө босгох вэ" гэсэн уралдаан болж байгаа мэт сүүлийн хориод жилд хэн нэгэн хүний болон адгуус амьтад, адууны хөшөө Монголын бараг бүх сумдад боссон тухай ганц нэг төвийн хэвлэл бичиж байсан нь саяхан.

 

Улс, аймгийн наадамд хэд түрүүлсэн, сайн давхидаг, адуу бүр хөшөөтэй, өөрийн гэсэн дуутай, номтой болох шахаж, ядсан хүний алга тэнийлгэх жоржоогүй баячууд адгуусандаа баруун солгойгүй мөнгө цацаж, хүйт даасан хүнд хөсөр чулууд цаас үсэглэж байгаа юм. Хүнээсээ илүү адуундаа хайртай байгаа нь тэр юм байх.

 

Түүнчлэн сумын улаан буланд хүндэт самбарт нэр нь байх ёстой зарим нэгэн нөхрийн чулуун дүр хээр хөдөө гандаж хэвтэх. Түүнээс гадна манайхны хөшөөд цагийн шалгуур даахгүй хэт олон, ур хийцийн хувьд ч хоорондоо ялгагдах юмгүй. Давтагдмал шинж нь их, нэг бол зогсч, үгүй бол сууж байгаа, нэг тийш гараа хандуулсан эсвэл гартаа ном барьсан хэдхэн янзын дурслэлтэй.

 

Ядаж урлагийн бүтээл талаас нь харахад таатай биш. Гэтэл ийм бүтээл үйлдээд буй өндөр үнэтэй чулуу гэдэг зүйл нь хэдий бат бөх ч гэлээ хэрэггүй үедээ хөл дор хэвтэж л байдаг эд Шүү дээ. Архитектур, өнгө үзэмжийн хувьд тийм ч сайнгүй эрээвэр хураавар ийм дурсгал цуглуулж байхаар утга учиргүй чулуун хөшөө нэмэх үү, жинхэнэ дурсгалт хөшөөдөө арчлах уу гэдэг асуудал эндээс ургаж байгаа юм.

 

Гадны жуулчин ирээд асуухад гавьтай тайлбар олдохгүй тийм л нэр нь үл мэдэгдэх, цаг хугацааны явцад балран алга болох энэ цаг үеийнхэн нь арай гэж мэддэг, хойч үеийнхэн хог дээр хаях хөшөөнд тийм их мөнгө гаргах ямар хэрэгтэй байдаг юм бол.

 

Наад зах нь гайхалтай сайхан түүх өгүүлэхээр үнэт бүтээл байгаад байна шүү дээ гэхэд л өөрсдөө нэрийг нь ч мэдэхгүй, мэддэг нэг эрдэм боловсролтой гэсэн нь ном товхимол, гарын авлага мэтдээ хүн шиг тайлбар бичээд тавьчихаж чадахгүй байхад юун илүү дутуу чулуу шинээр зорох.

 

Дэлхийн улс орнууд маш цөөн тооны тухайн улс орны бахархал имидж, нэрийн хуудас, хүн төрөлхтний оюуны их гайхамшигт суутнуудынхаа хөшөөг сүндэрлүүлж, тийш очих ард түмнийх нь зам байтугай тийшээ тэмүүлэх хүн төрөлхтний зам балардаггүй чанд нарийн жишигтэй. Тийм хүндтэй хөшөөнд хэн нэгний ёсчилсноор бус хүмүүс өөрсдөө хүсэл сэтгэлээрээ цэцэг барин очиж мэхийн ёсолдог.

 

Хэн нэгний хөшөө гэхээсээ илүү урлагийн гайхамшигт бүтээлүүдээрээ тэд гайхуулдаг ажээ. Эртний Ром, Парис зэрэг хөгшин Европын олон хот дундад зууны үеийн театр, музейн уран барилгыг түшиглэн сонин хачин үзмэр, тоглоом, зугаа цэнгээний газрууд байгуулж, хотоо бусдаас ялгагдахуйц өнгө үзэмжтэй, алдар цуутай болгож жуулчдын анхаарлыг татдаг байна.

 

Гэтэл монголчууд бид хаа сайгүй тарж бутарсан хэний юуных нь үл ойлгогдом, нэр хаяггүй шахам чулуудаар өөрсдөдөө тээг босгож мунхагласаар сууна. Тэдний нэгэн хэсэг болсон Хэнтийчүүд бид ч энэ асуудлыг анхааралдаа авах болсон. Урдаа барьдаг хаан Чингисийнхээ суу алдрын дор цогцолбор босгох санаа хэдийнэ ажил хэрэг болох шатандаа шуударсан байна.

 

Тэгвэл яагаад бид гадныхан шиг тийм сайхан гайхам зүйл бүтээж болохгүй гэж... Хаанаас ч хэн ч ирсэн эмх цэгцтэй гайхалтай бүтээлүүдээрээ бусдын нүд хужирлаж, нүүр бардам, ам дүүрэн бахархан ярьж, тайлбарлаж суувал ямар вэ. Энд тэндгүй тарсан хөшөө дурсгалын элж баларсан чулуудаа амилуулж, түүх дурсгалын гудамж ч юм уу эс бөгөөс түүх дурсгалын асар том цогцолбор босгоё л доо.

 

Хан Хэнтий нутгаас төрсөн алдарт найман их аваргын хөшөө хүртэл босох гэж байна шүү дээ. Энэ бол жинхэнэ суутны үүх түүх мөн. Үеийн үедээ гайхуулж явах энэ мэтийн суутнаа л чулуунд мөнхлөхөөс гадна үзсэн харсан нэгний сэтгэл дотор чулуунаас нь амилтал, хөсөр даасан хөөрхий төрхийг нь сарнитал бүтээн байгуулмаар байна.

 

Аймгаас хотын статуст шилжих тухай салхи хэдийнээ сэвэлзээд эхэлчихсэн энэ цаг үед л эдгээрийг цэгцэлж, эмх замбараатай гойд сайхан, үүх түүхийн баялаг хоттой болохгүй юм бол хэзээ үүнийг ярихыг хүлээж, хэн нэг нь мөрөөдөж суухын хэрэг алга.

 

Эх сурвалж: "Хэнтийн мэдээ"