sonin.mn

Неандертальчуудыг хүний өөр нэг төрөл болохыг эрдэмтэд баталжээ. Тэд хүнээс зөвхөн гадаад төрхөөрөө ч бус өөр олон зүйлээр эрс ялгаатай болохыг эрдэмтэд илрүүлсээр байгаа. Тухайлбал, тэд оршин тогтнолынхоо аль ч эрин үед бүтээл туурвил эрхэлдэггүй байсан гэнэ.

 

Тэд хүний эртний өвгөдийн адил агуйн хананд зураг зурах, шавар чулуугаар элдвийг урлах, гоёл чимэглэлийн зүйлс хийж ашиглах зэргийг бараг л мэддэггүй байж. Гэхдээ өөрсдийн ахуйн соёл иргэншилтэй төдийлөн холбоотой бус, ямар нэг утга учир, бэлгэ тэмдэг агуулаагүй зүйлс хийдэг байсан аж.

 

Тухайлбал, бидний төрөл гэгддэг эдгээр амьтад 50 мянга орчим жилийн тэртээд зааны ясаар элдэв дүрс хийж агуйн ханаа чимэглэн өлгөдөг байсан гэнэ. Гэтэл хүн төрөлхтний өвөг дээдсийн бүтээж үлдээсэн хад чулууны зураг, уран баримал зэрэг нь "Чулуун зэвсгийн үеийн цолмон" гэдгээрээ алдартай төдийгүй оюун ухааны хөгжил, сэтгэн бодох чадварын гайхамшгийн дээд илрэл гэгддэг.

Тэгэхээр хүн төрөлхтөн болон неандертальчууд бүтээл туурвилын тал дээр яагаад тийм ялгаатай байсан юм бол гэсэн асуулт гарч ирэх нь зайлшгүй. Канадын Виктория их сургуулийн археологич, эрдэмтэн Эйприл Ноуэял уг асуултад хариулахыг хичээжээ. Тэрбээр энэхүү ялгааны эхлэлийг хүн болон неандертальчуудын хүүхэд нас өөр өөр өнгөрдөг байсантай холбон үзэж, эндээс судалгаагаа эхэлсэн байна.

 

Түүний олж тогтоосноор неандертальчууд хүн төрөлхтнөөс хавьгүй эрт нас биед хүрдэг байжээ. Энэ ялгааг эрдэмтэн хүн болон неандертальчуудын хүүхэд ахуйн шүдний судалгааг үндэслэн тогтоосон аж. Неандертальчуудын хүүхдүүдэд бага нас гэж бараг байсангүй.

 

Багаасаа бие дааж том хүн шиг амьдарч эхэлдэг байсан тул хүүхэд насны амьдралыг төдийлөн мэдэхгүй, тоглож наадахыг ч мэдрэлгүй шууд том хүн болдог байсан гэсэн үг. Гэтэл хүүхдийн тоглоом, тоглох арга ухаан нь сэтгэж бодох чадварыг хөгжүүлж, оюун ухааныг тэлдэг гол хүчин зүйл шүү дээ.

Хүүхэд хэдийчинээ тоглож, тоглох арга барилаа нарийсгана, төдийчинээ оюун ухаан нь тэлдэг болохыг эрдэмтэд хэдийнэ тогтоосон. Тэр ч байтугай тоглоомын арга барил нарийсах тусам эргэцүүлэн тунгаах болон хийсвэрлэн сэтгэх талын уураг тархи түлхүү хөгжиж бүтээн туурвих хүсэл, боломж ихэсдэг байна.

 

Тиймээс неандертальчууд хүүхэд ахуйдаа тоглодоггүй байсан тул бүтээлч сэтгэлгээ нь хөгждөггүй байж. Эйприл Ноуэллийн эл дүгнэлтийг Макс Планкийн хүн судлалын хувьслын хүрээлэнгийн эрдэмтэд ч батлан сайшаажээ. Тэд неандертальчуудын уураг тархи хүнийхээс хурдан хөгждөгийг харуулсан судалгаагаа өмнө нь танилцуулж байсан гэнэ.

 

Уг судалгаанд онцолсноор, неандертальчууд аутизм / уураг тархины өвчин/-тай хүмүүстэй төстэй байсан гэнэ. Өөрөөр хэлбэл тэд ертөнцийг тэс өөрөөр ойлгодог байж. Эцсийн дүндээ хүн төрөлхтний ертөнцийг үзэх үзэл ялан дийлснээр неандертальчууд 30 мянган жилийн тэртээ мөхсөн болов уу.


Эх сурвалж: