sonin.mn

Нэгэн цагт “Элькондор" хамтлагийг байгуулалцаж рок попын ертөнцөд шинэ давалгаа үүсгэж явсан Б.Цогоотой цөөн хором хөөрөлдлөө.


-Хүмүүс угаасан ус, унаган нутаг гэж ярьдаг. Таниас аав, ээжийн тань тухай асуумаар байна?

-Миний бага нас 12 дугаар хороололд өнгөрсөн. Ээж минь хүүгээ "Орос-14"-т оруулна гээд дагуулж очсон. Эргэн тойронд шар царай, үстэй хүүхдүүд. Нэг өдөр яваад больсон. Тэгээд ерөнхий боловсролын 33 дугаар дунд сургуулийг 1988 онд төгссөн. Миний ээж Д.Сувд Эмзоглоги, мекробиологийн төвд биохимичээр ажиллаж байсан.

 

1988 онд Армянд газар хөдлөхөд Монголоос тусламжийн бараа ачсан галт тэрэгний цуваа явж байсныг төмөр замчид санаж байгаа болов уу. Тэр үйлсэд ээж минь хувь нэмрээ оруулсан юм шүү. Мөн "Панкопсин" гэдэг эмийг хонины нойр булчирхайнаас гаргаж авсны учир Төрийн шагнал хүртсэн.

 

Миний аав Б.Болд хуучнаар Нийгмийг аюулаас хамгаалах яамны музейн орлогч даргаар ажиллаж байсан. Аав минь 60 гарсан үедээ нийтлэлч Баабарын "Непко" үйлдвэр дээр компьютер график. Одоо хоёр хөгшин маань гэртээ сууцгааж байна.



-Сонирхолтой түүхтэй гэр бүл юм. Урлагт анх хол тавьсан үеэ эргээд дурсвал. Цаг үеийн хувьд амаргүй байсан шиг боддогддог юм?

- 1986 онд Драмын театрт тайз засагчаар орлоо.Эндээс л урлаг ямар аугаа зүйл болохыг ухаарсан. Ингэж байтал Хойд Солонгосын Пхеньянд болох Залуучуудын чуулга уулзалтад оролцуулах хамтлаг шалгаруулах уралдаан зарлагдаж, гитарчин Өөжгий нартай нийлж хамтлаг байгуулж оролцсон ч "Битлз", "Bee Gees" хамтлагийн дуунаас дуулсан учир тайзнаас "хөөгдөж" буусан түүхтэй.

 

Гэтэл тухайн үеийн Төмөр зам дахь МХЗЭХ-ны дэргэд "Сарны өртөө" чуулга байгуулагдав. Манай хамтлагийг дэргэдээ аван хэсэг хугацаанд ажилласан ч "Сарны өртөө' " чуулга маань татан буугдаж, "Баянмонгол" чуулгад бүжигчнээр очсон. 1990-ээд оны эхээр "Шигтгээ", "Хурд", "Титэм" хамтлаг байгуулагдсан үе.

 

Төмөр замчдын Соёлын ордонд "Хурд"-ын анхны тоглолтыг үзэж байхад хамтлагийн ахлагч Б.Ганбаяр ах бөмбөр тоглодог байлаа. Анх Суудлын вагон депогийн дэргэд "Хурд" хамтлаг байгуулагдсан гэдэг байх шүү.



-Таны нэрийн хуудас яах аргагүй "Элькондор " хамтлаг. Хэрхэн байгуулагдсан талаар асуулгүй яриагаа алгуурлачихлаа ?

-Би Эрдэнэтэд хоёр жил гаруй амьдарлаа. Нэг удаа хотод ирээд СУИС-иар ортол Хэрлэн, Жагаа хоёр байна. Тэнд л хамтлаг байгуулахаар ярилцлаа. 1995 он. Гурвуулаа дөрөв дэх гишүүнийхээ эрэлд гарсан. Одоогийн МУГЖ У.Далантайд хүртэл санал тавиад бүтэлгүйтсэн. Гэвч эцэстээ Амарзаяагаа олж "Элькондор" хамтлаг байгуулагдсан. Анхны уран бүтээл "Тавилан" дуу.



-Санаанаас гардаггүй тоглолт гэвэл?

1997 онд "Дурлалын гудамж"-аа СТӨ-нд тоглосон.Тоглолтын өмнө хамтлагийнхандаа хэллээ. "Хэдүүлээ Төрийн ёслолын албаар дамжуулж Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, гишүүдэд нь тоглолтынхоо урилгыг явуулъя" гэж. Урилга явуулж байхад "Ирэхгүй биз" гэсэн шүү юм бодогдлоо.

 

Гэтэл санаснаас өөрөөр өрнөж Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, мөн УИХ-ын гишүүдийн 60 хувь гаруй нь хүрэлцэн ирсэн. Ингээд Монголын рок поп хөгжмийн ертөнцөд хамгийн анх удаа төрийн өндөрлөг, УИХ-ын гишүүд тоглолт үзсэн хамтлаг болсон. Тоглолтын дараа тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Багабанди гуай хүлээж авч уулзсан нь санаанаас гардаггүй.



-"Элькондор " хамтлаг цомоггүйн шалтгаан юу вэ?

- Биднийг ид гарч ирэх үед дуу бичлэгийн студи элбэг байсангүй. Тоотой хэдэн газар хоолойн бичлэгт орно. Нэг микрофоны ард дөрвүүлээ зогсоод дуулна. "Элькондор" хамтлаг өдгөө ганц ч цомоггүй нь үнэхээр харамсалтай. "Бидний цомгийг ивээн тэтгээч" гэж явдаггүй байж.



-Хамтлаг тарлаа. Гурван гишүүн нь хувиараа уран бүтээл туурвиад байна уу?

-Хувийн амьдралаа зохицуулаад явж байна. Жагаа продюссерь, бас Төрийн бус байгууллага толгойлно. Хэрлэн, Амарзаяа хоёр хувиараа уран бүтээлээ туурвиж яваа. "Элькондор"-ын дөрвөн гишүүн уран бүтээлээсээ хөндийрсөн зүйл байхгүй.



-Таныг "Монгол газар" компанид ажиллахаар боллоо. Бизнест хөл тавилаа гэлцсэн?

-Хувиараа бизнес эрхлэх гэж оролдсон. "Их Монгол Майнинг" гэдэг уул уурхайн компанид хэсэг зуур ажиллахдаа бизнес гэж ямар зүйл байдгийг ойлгосон. Уран бүтээлч хүнд бол хүндхэн тоглоом юм билээ. Миний үндсэн мэргэжил кино найруулагч шүү дээ. Хэд хэдэн кино зохиол бичсэн. Зохиолуудаа илүү сайжруулж, шүүсийг нь шахаж байж хүнд үзүүлсэн нь дээр болов уу.



-Өнөөдөр залуу дуучин, хамтлагууд борооны дараах мөөг шиг олширлоо. Сайшаал, шүүмжлэл дагуулж л байх шиг. Хувьдаа хэрхэн дүгнэлт өгдөг вэ?

-Рок поп, хип хоп, залуу уран бүтээлчид сэтгэлгүй хандах юм. Хүнээс дуу авлаа чанартай дуулж чадахгүй. Эсвэл эзэнтэй дууг зөвшөөрөлгүй дуулна. Клип хийлгээд телевизээр цацуулаад л "од" болчих жишээтэй. Ядаж байхад ямар ч олон телевиз вэ. Дэлхий нийтээр ийм болчихлоо.

 

Миний бодоход 1980, 1990, 2000-аад онд дуу бүтээхийн тулд бараг бүх амьдралаа зориулахаас наагуур болдог байв. "Хурд", "Харанга", "Айзам"-ынхан зүрх сэтгэлээ шингээсэн учраас уран бүтээл нь ард түмний дунд домог болж үлдээд байгаа юм.



-Домогших уран бүтээл ховордоод буйн шалтгааныг хэлээч гэвэл?

-Хуучин цагт цензур гэж зүйл байсан нь үнэхээр зөв зүйл байжээ гэдгийг уран бүтээлчид дуу нэгтэй хүлээн зөвшөөрч байна. Бидний үеийнхэн яг үнэнийг хэлэхэд жаахан хэлмэгдчихсэн байхгүй юу. Цаг хугацаанд цавчуулчихсан. Монголын рок поп хөгжмийн ертөнцөд маш том хувь нэмэр оруулсан хүн бол Д.Ухнаа гуай.

 

Тэрээр Улсын филаморний даргаар ажилладаг байлаа. Энэ байгууллагын харьяанд "Соёл-Эрдэнэ", "Баянмонгол" чуулга байсан. Улсаас филармонид хөгжим тавьж өгнө. Тэр хөгжмүүдээр нь Монголын рок попын жинхэнэ хит болсон дуунуудыг бичдэг байсан юм шүү.

 

Харамсалтай нь яг тэр хөгжмүүдийн зарим нь одоо байхгүй болчихсон. Хөгжимд зүрх сэтгэл, амьдралаа зориулсан зарим хүн хаа нэг аваад хадгалсан харагддаг юм. "Том" Жагаа ахын барьдаг гитараар 1970-аад оноос "Титэм", "Хонх" зэрэг хамтлагийн анхны дууг тоглож байсан түүхтэй.

 

Т.Уул

Эх сурвалж: "Ганзам"