sonin.mn

Архангайнхны бурхан шашны төлөөлөл болсон XIV Зая гэгээнтэн Лувсанданзанпүлжинжигмэд үе үе нутагтаа зочилж, хурал ном айлдаж байгаад буцдаг болсон. Түүнийг ойр ойрхон нутаг орноо эргэж, тойрч байгаад нутгийн ард түмэн нь ам сайтай байна.

Хаврын тэргүүн сарын шинийн 23-ны билигт сайн өдөр Зая гэгээнтэн нутагтаа заларч, Төгс баясгалант буян дэлгэрүүлэх хийдэд сүсэгтэн олондоо адис хүртээж, хагас өдөр хурал ном айлдан Балдан Лхам, Дамдин Янсан бурхныг аравнайлж, Галдан зуу хийднээ залах ёслолыг үйлдлээ.

Балдан Лхам сахиус нь Төгс баясгалант буян дэлгэрүүлэх хийдийн үндсэн сахиус аж. Энэ өдөр сэргээн засч, цаашид байнга тахин шүтэх боломжтой болоо. Харин Дамдин Янсан сахиусыг Лхам сахиустай хамтад нь залж байгаагийн учир нь сэр агжаатай учраас залж байгаа хэмээн Гэгээнтэн тайлбарлаа. Цаашид дээрх хоёр сахиусандаа үргэлж залбирч, цай сүүнийхээ дээжийг өргөж, аливаа бүхнээ даатгаж явбал ажил үйлс, эд хөрөнгө арвижиж, аливаа гамшиг зовлонгоос хэлтэрч, сайн сайхан явахын нигууртай учир даасан ламтай, тахисан шүтээнтэй хэмээн сүсэглэж, ерөөл өргөж байхыг сүсэгтэн олон, шавь нартаа захиж хэлэв. Үүнээс гадна Заяын хүрээнд хааяахан хуралддаг байсан хурал номын айлтгал жигдэрч байгаад өндөр сэтгэгдэлтэй байгаагаа гэгээнтэн ярилаа.

Г.Жавзандулам
Эх сурвалж: "Архангайн амьдрал"