- Та сайхан хаваржиж байна уу? Сүүлийн үеийн уран бүтээлээс тань яриагаа эхлэх үү?
 
-Уран бүтээл гэхээр, янз бүрийн захиалга орж ирээд элдэв дээдийн юм хийж байнаа. Би дурсамжийн ном бичиж байгаа юм. Хэдэн жилийн өмнө өөрийн шилмэл бүтээлийн түүвэр хоёр боть гаргасан. Хоёрдугаарт нь бараг хорь гучин хуудас дурсамж дурьдатгал орсон л доо.
 
 
 
Одоо тусгай ном болгож гаргах санаатай. Чадвал дөрөв, тавдугаар сард хэвлэлд өгчих байх. Нэг талаараа, сайн хүний, сайн бичсэн дурсамжийн ном нийтийн соёлд хэрэгтэй юм. Нөгөө талаараа хувь хүний намтар түүх улс орны түүхийн тодотгол болдог. Олон хүний дурсамж нийлээд тэр улс орны түүхийг бүтээдэг жамтай л даа.
 
 
 
Тэгэхээрээ би чинь Монгол Улсын XX зууны эхэн үеэс гэх юмуу 1940 оноос, XXI зууны эхний арван хэдэн жилийн түүхийг ямар нэгэн хэмжээгээр мэдэж байна шүү дээ. Тэрийг олон түмэнд хүргэх нь хүмүүсийн хүмүүжил ч гэдэг юмуу, соёлд ч гэх үү хэрэг болох түүх уран сайхны ном болох болов уу гэж бодож байгаа юм.
 
 
 
Яагаад уран сайхны гэж хэлж байна гэхээр би уран зохиолын, урлагийн талын хүн учраас масс уншигчдад Монголын уран сайхны түүхийг мэдэхэд нь өчүүхэн тус нэмэр болно гэдэг үүднээс дурсамж бичиж байгаа юм.
 
 
 
-Ер нь, уран зохиолын чиг хандлага энэ тал руу яваад байна л даа. Уншигчдын эрэлт ч тийм байх шиг...?
 
-1970-1980-аад онд ч уран зохиолын хандлага баримтат уран сайхны зохиол байх юм байна гэдэг төсөөлөл гарч байсан л даа. Уншигчдын хандлага ч тийм байсан. Дурсамж дурьдатгалын ном үнэ цэнэтэй болно гэдэг бол хүмүүс амьдралыг мэдэх хэрэгтэй байна.
 
 
 
Уншигчид яагаад тийм номонд дуртай байгаа юм гэхээр үнэнийг эрж байна. Түүнд нь, тус болох. Нөгөө талаар, амьдралыг туулж байж ийм жаргал, ийм зовлон байдаг юм байна гэж үзэж туулахаасаа наана уншиж туулах ёстой юм. Тийм учраас дурсамж дурьдатгалын номыг бид ч бичих ёстой, хүмүүс ч унших ёстой юм.
 
 
 
-Хүн амьдралдаа үзэж туулсан бүгдээ нэг номонд багтаана гэж байхгүй байх. Дурсамжаа шүүгээд буулгаж байхад таны сэтгэлийн шүүлтүүрт юу нь илүү тунаж үлдэж байна вэ?
 
-Гол идеа нь амьдралд их зорилготой байх ёстой юм байна. Эргээд харахад тийм юм харагдаж байх юм. Зорилгоо биелүүлэхийн тулд ямар ч ажил, мэргэжлийн хүн идэвхтэй ажиллах, амьдрах ёстой юм байна. Хүн ерөөсөө амьдралд хөлөө олохын хамгийн гол үзэл нь хүн өөрөө өөрийгөө олох.
 
 
 
XX дугаар зууны сүүлийн хагасаас өрнийн эрдэмтэд, дорнын гүн ухаантнууд "Би" гэдэг ухагдахуун гаргаж ирлээ. "Би"-гээ олох. Би хэн юм бэ? Би юу хийх ёстой юм бэ? гэдэгт л гол утга нь байна шүү дээ. Өөрийгөө олсон хүн бага алддаг.
 
 
 
Өөрийгөө олж чадаагүй хүн өөдтэй сайхан амьдарч чадахгүй. Энгийн үгээр хэлбэл, өөрийнхээ мэдэх, чадах юмыг олж ав гэсэн үг л дээ. Дунд сургууль төгсөөд мэргэжпээ сонгож байгаа хүүхдүүдтэй ярилцахад "Эмч болмоор байна, эсвэл багш болно" гэдэг.
 
 
 
Яагаад гэхээр "Гоё", "Сайхан" гэж хариулна. Хүүхдүүдэд амьдрал дээр багш, эмч гоё харагддаг байж болно л доо. Гэтэл өөрөө огт эмч болох чадваргүй бол яахав. Магадгүй, сайн гуталчин юмуу, малчны авьяастай байж болно шүү дээ.
 
 
 
Өөрийгөө олно гэдэг бол ил бөгөөд далд ухамсартайгаа харьцаад би ийм л юм чадах хүн гэдгээ мэдэх, мэдрэх ёстой юм. Ер нь, харж ээ байхад, хүн нэг л сайн чаддаг юмтай байдаг. Тэрийгээ олж мэдэх нь "БИ"-гээ олох юм шүү дээ. Тэрийгээ олохгүйгээр гоё сайхныг мөрөөдөөд цагийн л гарз.
 
 
 
 
-Таны хэлээд байгаа санаа тань "Биеэ мэдэж, бяраа тань" гэдэг ардын үгтэй нийцэж байна л даа. Үүн шиг үнэн үг алга.Чадахгүй хэр нь чадаж байгаа мэт аяглах нь өнөө цагийн "амьдралын өнгө" ч юм уу гэж заримдаа хүлээн зөвшөөрмөөр санагдах юм.
 
-Чингис хаан баруун зүгийн байлдаанаас буцах замдаа Хятадын бумбын ёсны том эрдэмтэн Чан чунь бумбатай уулзсан байдаг. Бумбын ёсны том философич тэр хүнийг Чингис хаан хэдэн удаа урьсан юм гэнэ лээ. Нас өндөр болсон очиж чадахгүй байна гээд урилгыг хэд хэд буцааж л дээ.
 
 
 
Гурав дахь удаа урихад нь Чингис хааны сайдууд тэрийг одоо байн байн уриад л байх юм. Хэрэгтэй юм бол бариад ирье гэх ухааны юм хэлсэн байгаа юм. Чан чунь бумба урилгыг хүлээж аваад, ирж Чингис хаантай уулзсан байдаг. Чингис хаан тэр хүнээс "Би дэлхийн талыг эзэлсэн том эзэнт гүрнийг байгууллаа.
 
 
 
Та их эрдэмтэй хүн гэсэн. Би одоо яах ёстой вэ?" гэж асуужээ. Тэгэхэд Чан чунь бумба "Та нэгдүгээрт ахиж битгий дайнд яв. Хоёрдугаарт, их гүрнийг захирна гэдэг өчүүхэн жараахайг шарахтай адил юм. Хэт шарах юм бол ер идэх уух юмгүй түлэгдчихнэ.
 
 
 
Муу шарвал түүхийрчихдэг. Ийм учраас галыг нь тохируулах хэрэгтэй гэсэн санаа юм. Тэрэн лугаа их гүрнийг захирна гэдэг жараахай шарахтай адил. Гуравдугаарт, хэнээр юу хийлгэхээ хамгийн түрүүнд бодох ёстой юмаа.
 
 
 
Та адуу малыг сайхан адуулдаг хүнээ жанжин болгочихов, агуу их цэргийн жанжин байх хүнээ харуул хэвтүүл болгочихов оо гэж. Өөрөөр хэлбэл, цаад философи нь хүнээ таньж, байх байх ёстой газар нь тавих ёстой юмаа. Төрийг захирах гэдэг энэ гэж хэлсэн байдаг.
 
 
 
Одоо үед ах, дүү, хамаатан саднаа тэнд тийм юмны дарга, энд ийм юмны дарга болгоод байдаг. Ингэж болохгүй. Тэгэхээр хүнээ таних ёстой юм. Энэ бол том гүн ухаан. Чингис хаан оюун ухааныг дээд зэргээр үнэлж хүндэлж байсан нь нэг зүйлээс харагддаг.
 
 
 
Тэр нь, Хархорумд буддистууд байсан, христүүд ч байсан. Эцгийнх нь найз байсан Ван хаанд хар булган дахтай очдог шүү дээ. Тэд христийн шашинтай байсан. Чингисийн гурван голын Монголчууд бөөгийн шашинтай.
 
 
 
Чингис хаан бүх шашныг зөвшөөрч номлолоо номлох, ард олон нь дуртайгаа шүтэхийг зөвшөөрч байсан. Энэ бол хэдий шашин ч гэлээ цаана нь том философи байна шүү дээ. Тэгэхээр хүний үзэл бодол, эрх чөлөө, оюун сэтгэлийг мундаг эрхэмлэж байжээ гэдэг нь эндээс харагддаг л даа.
 
 
-Шашныг ихэнх хүмүүс л мухар сүсгээр сэтгэл засах төдий өнгөц харах, шүтэх хандлага байна л даа?
 
-Шашныг ямар зорилгоор шүтэж байна вэ? гэдэгт мөн чанар нь байгаа юм. Буддизм, христ, мусальман гээд аль ч шашныг Монгол хүн шүтэж болно. Шашин ч бай, ямар нэгэн үзэл бодол, үзэл баримтлалд орлоо гэхэд цаад мөн чанарыг нь мэдэх ёстой юм.
 
 
 
Хэрвээ бурханы шашныг шүтэх гэж байгаа бол Буддизмын гүн ухааныг үзэхгүйгээр мөн чанарыг нь мэдэхгүй. Христийн номлолуудыг библийг үзэх ёстой. Ямар учир утгаар ийм шашин гарав. Цаад учир утга нь юу юм. Би тэднээс юуг нь авах ёстой юм гэдгийг мэдэх учиртай.
 
 
 
Өөрөөр хэлбэл, оюунлаг бөгөөд мэдлэгтэй, мэдрэмжтэйгээр ханд. Ер нь, ямар нэгэн "изм"-ийг өөрийн болгож шүтэж байгаа бол танд тэр талын боловсрол, мэдээлэл, мэдлэг, мэдрэмжийг өөртөө бий болгож байж шүтэх ёстой.
 
 
 
Цаад гүн ухааны гол номлолыг нь уг язгуураас нь сурахгүйгээр "Өө, энэ ламд би хэдэн төгрөг хадагтай барьчихлаа. Одоо миний бүх юм сайн, сайхан болно" гээд явж байж болохгүй. Манайд янз бүрийн үзэл бодол дэлгэрүүлэгчид их байна.
 
 
 
Ухаан нь одоо, Чингис хааны академи, Манакол академи байна. Бясалгагчдын Шри шри амьдрах ухаан, Тэнгэризмийн онол гээд л...
Бүгд л хүмүүсийн амьдралд тус болох гэж номлол гаргаад байгаа юм. Түүнийг шүүмжлэхдээ, үзэн ядахдаа биш, мухар сохроор даган баясахдаа ч биш.
 
 
 
Янз бүрийн онол, урсгалаар хүмүүс өөр өөрийнхөөрөө лекц уншаад байна л даа. Сайн байна. Ямар нэгэн соён гэгээрэл энд бий. Хоорондоо тэд зөрчилтэй. Тэгэхээр тэд соён гэгээрүүлэгчид юм бол нэг зорилготой гэж би ойлгож байгаа.
 
 
 
Ямар зорилготой байх вэ гэхээр ард түмнээ соён гэгээрүүлэх, сайн сайхан амьдруулах, хүн бүхэн оюунлаг бөгөөд, ухаалаг энэрэнгүй, амьдралаа авч явах, оюуны болоод бие бялдрын хувьд сайн сайхан хүмүүсийг бий болгож Монгол Улсаа хөгжүүлээсэй гэсэн нэгэн зорилго бий.
 
 
 
Ийм зорилгоор ард түмнээ соён гэгээрүүлж байгаа бол энэ том академиуд, эрдэмтэд, номлогчид нэгэн зүгийг барих ёстой. Тэр бүгдийнхээ дээжийг авч нэгэн том үзэл баримтлалд оруулаад ард түмэндээ хүргэх ёстой. Тэгэхгүй тэнд нэг нь тэнгэрт бурхан бий гээд, нэг нь энд тэнгэрт бурхан байхгүй гээд онигоо шиг юм яриад байж болохгүй л дээ.
 
Сансарын нисгэгчээс комунист удирдагч Хрушев
 
-Тэнгэрт бурхан байна уу? гэж асуухад
 
-Байнаа гэхэд
 
-Хүнд битгий хэлээрэй гэж. 
 
 
Ромын пап бас л сансарын нисгэгчээс
 
-Тэнгэрт бурхан байнауу? гэж асуухад 
 
-Байхгүй байна гэж хариулахад. 
 
Ромын пап хүнд битгий хэлээрэй гэсэн гэдэг. Хэдий энэ онигоо ч маш том философи цаана нь байж байгаа байхгүй юу.
 
 
 
-Та аливаа юмны үндэс язгуурыг олох ёстой гэлээ. Тэгвэл хүний амьдралын мөн чанар, утга учир юундаа байна гэж боддог вэ? Хүн бүхэн аз жаргалтай сайхан амьдрахыг мөрөөддөг, тэмүүлдэг. Гэхдээ амьдрал санаснаар болдоггүй. Магадгүй таны хэлснээр "Би"-гээ олсон хүн хүсснээрээ амьдарч болох юм болов уу? 
 
-Хүмүүс нийгмээ бий болгодог. Эргээд нийгмийнхээ боол нь болдог байхгүй юу. Ер нь, хүний амьдрал нэг тийм гайхамшигтай мөнхийн юм бмш шүү дээ. Хүний насыг Платон гурав хуваасан байдаг. Хорин нас хүртэл, 20-60, 60-80 нас хүртэл гэж.
 
 
 
Хүн 20 нас хүртлээ ямарч ухаангүй байдаг гэж байгаа шүү дээ. Маш их дуураймтгай, сармагчин адил л байхгүй юу. Жинхэнэ амьдралыг таньж мэдэж, идэвхтэй амьдардаг үе нь 20-60 нас гэдэг 60 орчмоос цаашаагаа мартахуйн ертөнц эхэлдэг. Тэгэхээр хүний амьдрал маш богинохон байгаа биз.
 
 
 
Бурхан багш хүний амьдралын талаар бясалгаад юу гэсэн гэхээр хүн ерөөсөө мөнхрөх ямар ч учир байхгүй юм байна. Хүн хүсэлтэй байсан цагт заавал зовлонтой учирна. Яагаад гэхээр хүслээ биелүүлэхийн тулд явах хэрэгтэй. Явах замд нь ямар нэгэн саад тотгор заавал байна.
 
 
 
Тэгэхээр Будда бясалгаад үхэл, өвдөнө, зовно гэдэг хүний мах цусанд шингэсэн мөнхийн юм байна. Тэгэхээр би одоо яах ёстой вэ гэхээр хүнийг өөдрөг бадрангуй ямар нэгэн алсын юманд итгэлтэй амьдруулахын тулд "Та энэ насандаа буян үйлд, та энэ насандаа сайн сайхан үйл бүтээ.
 
 
 
Тэгвэл хойд насандаа ахиад хүмүн болно" гэдэг хоосон чанарыг далдалсан том онол гаргасан байна. Тэгэхээр хүнд одоо сайн үйл хийх юм бол хойд насандаа дахиж төрдөггүй юм гэхэд үр хүүхэд минь сайн сайхан амьдарна гэдэг бадрангуй сэтгэл бий болох нь байна шүү дээ.
 
 
 
Тийм бадрангуй сэтгэлгүйгээр, зорилгогүйгээр амьдрах хэцүү. Эцсийн эцэст хүн өөрийнхөө хийж чадах зүйлийг хийгээд гэдэс цатгалан, мөр бүтэн явах. Хоёрдугаарт, өөрийн үр удмыг зөв сайхан өсгөж хүмүүжүүлэх л сэтгэлдээ шүншиглэж эрхэмлэж явах гол зүйл нь юм даа.
 
 
 
-Ингэхэд та өөрийнхөө чадах зүйлийг яаж мэдэв?
 
-1959 онд Холбооны техникумыг төгсөн алддагийн даваан дээр яахав нэг цагаан хуудастай дуусгасан. Тэр мэргэжил миний ажил биш байсан. Аягүй дургүй. Миний сэтгэлд ямар албин чөтгөр байсан гэхээр уран зохиол, шүлэг бичих. Тэгээд шүлэг бичдэг ажил гэж хаана ч байхгүй ш дээ.
 
 
 
Зохиолчдын хороон дээр ганц нэг шүлгээ үзүүлсэн чинь биш л гэсэн. Аав минь нэг өдөр дагуулаад төмөр замын зүтгүүрийн депод нутгийн хүн дээрээ очлоо. Засварын цехэд орсон баруун талын мухарт нэг цэнхэр халаадтай цехийн мастер бололтой хүн байсан.
 
 
 
Тэр хүн залуу хүн байна манайд ажиллая гэвэл ажиллаж болно. Бодож байгаад гурав хоноод ирээрэй гээд цехээ үзүүллээ. Хэдэн тостой улс энд тэндээс гарч ирээд... Миний хийх ажил огт биш. Би техникт их муу байхгүй юу. Огт сонирхолгүй гэдэг юмуу, ерөөсөө чадавхигүй л байхгүй юу.
 
 
Ерөөсөө тэрний тод жишээ нь 53 жил жолооч авгайтай сууж байна шүү дээ. Би нэг ч удаа машины руль дээр сууж үзээгүй. Энэ хугацаанд хувийн машинтай ч байж үзсэн. Жолооч авгай чинь шток, варшав, ачааны тэрэг, 469 гээд янз бүрийн машин барьж байсан.
 
 
 
-Нэг удаа ч машин барьж үзэхсэн гэж бодоогүй гэж үү?
 
-Ерөөсөө үгүй. Хорин хэдтэй, гучин хэдтэй, дөчин хэдтэй байхдаа ч тэгж бодоогүй. Ерөөсөө дургүй. Надад тийм авьяас билэг огт байхгүй юм байж л дээ. Тэгээд би буцаж депод очоогүй юм.
 
 
 
-Таны энэ санаа бодоод байхад их чухал юм байна. Тэгэхээр таны ном олон хүнд "Би"-гээ олоход туслах байхаа.
 
-Ер нь, хэн ч бай амьдралын, биологийн үе шатыг заавал дамжина. Тэрийг дамжихгүй нэг хүн гэнэт гараад ирэхгүй ш дээ. Тийм учраас хүний намтар цадиг гэдэг бол хүнд зөв явах, амьдралыг ойлгож ухаарахад хамгийн тустай уран зохиолын хэлбэр бол дурсамж дурьдатгал.
 
 
 
-Бодитой амьдрал юм болохоор хүнд илүү үнэмшил, итгэл төрүүлж буй хэрэг байх л даа.
 
-Яг тийм. Бодитой, амьдрал юм болохоор уншиж мэдэх хэрэгтэй байна. Хүн өөрийгөө сайн сайхан амьдрахын тулд би яах ёстой вэ гэдгийг суралцах. Нөгөөтэйгүүр үнэнийг олох гэж байна шүү дээ. Хүмүүс өнөөдөр хаана үнэн юм байна вэ? гэдгийг эрж байна.
 
 
 
Бас ахуйн чиглэлийн сурганы маягтай номуудыг их авч, уншдаг болж. Тэр чинь аятай сайхан амьдрах юмсан, яав л би зовлонгоос тойрох вэ гэсэн тийм санаанд маш их хэрэг болж байна. Хүний амьдрал ямар нэгэн хэмжээгээр дуурайхуй юм.
 
 
 
Би алийг дуурайх ёстой юм. Алинаар нь явбал баларчихдаг юм. Тэгэхээр би ингэх ёстой юм байна. Энэ хүн яаж яваад ийм сайхан алдар хүндтэй зөв сайхан явсан юм бол гэдгийг ухаарахын тулд дурсамж дурьдатгалын ном уншаад байгаа юм.
 
 
 
 
-Ингэхэд ямар ч чадваргүй нөхөд гэж байна уу. Жишээ нь энэ гудамжинд гарчихаад байгаа хүмүүс...?
 
- Жаахан фанатик маягаар хэлэх юм бол бурхан танд амьдрах ямар нэгэн чадварыг өгсөн л байгаа. Тэрийгээ л олж, нээж гаргаж ирэх ёстой юм. Тэрнээс тийм хүн гэж байхгүй. Сократын хэлсэн сайхан үг байдаг юм. Хүн болгонд өөрийн гэсэн дотоод сэтгэлийн нар байдаг.
 
 
 
Гагцхүү түүнийгээ гэрэлтүүлэх боломжийг нь олго. Тэр боломж нь та гэж. Өөрийнхөө доторх нарыг гэрэлтүүл гэдэг чинь сайхан амьдрах хүч чадал, оюун ухаан, хүсэл эрмэлзэл, бүх юм чамд байгаа юм. Тэрийгээ ол, тэгсэн цагт чи задарна, нар чинь мандах болно гэсэн хэрэг.
 
 
 
Гадуур хог түүж байгаа улс байна. Хөдөлмөрийн баатар хүний хүү траншейнд байж байна ш дээ. Аав, ээж нь нас бараад өөрөө архинд ороод траншейнд гарсан байна. Өөрөө л гарчихсан хэрэг ш дээ. Тэгэхээр нөгөө амьдралын зорилго, би яаж амьдрах вэ, яах ёстой вэ? гэдэг ухамсар бат сууж өгөөгүй.
 
 
 
Хоёрт, өөрийнхөө нарыг гэрэлтүүлж чадаагүй учраас ийм байдалд хүрч байна л даа. Архи уугаад доторхи нараа гэрэлтүүлээд байна гээд жаргалтай явж байтал нэг л өдөр хамаг юмаа зарчихсан үрчихсэн, авгай хүүхэд нь салчихсан яадаг ч юм амьдрал нь зуун задгай, жаран хагархай болчихоор дахиад босгож чадахаа байчихгүй юу.
 
 
 
Энэ бол гадны ямар ч нөлөөгүй, бурхан тэрэнд тийм хувь заяа өгөөгүй ш дээ. Өөрийг чинь сайн сайхан байлгах бурхан гагцхүү өөрийн тань дотоод сэтгэлд, зоригт, дотоод итгэл үнэмшилд л байгаа юм.
 
 
-Архинаас хүмүүс гараад байна шүү. Гарсан нэг нь бусдыгаа гаргах гээд бас төрийн бүс байгууллага, янз бүрийн клуб байгуулаад л явж байх юм.
 
-Архинд орно гэдэг чинь арчаагүй зүйл байхгүй юу. Архинаас гарна гэдэг чинь бас хөгийн зүйл байхгүй юу. Яагаад архинд орж байгаа юм. Тэгээд архинаас гарна гэж...
Би бол архи уудаг хүн. Яахав, миний хувьд бол 27, 28 хүрч байж архи амссан хүн. 30 хүрч байж тамхи татсан.
 
 
 
Нас бие гүйцсэн хойноо... Их уусаан. Зохиолчид уудаг биз дээ. Тэгэхдээ би архинд ороогүй, архинаас бас гараагүй. Тэрийг чинь тохируулаад хүртэж болно. Одоо бол нас өндөр болоод архи уухаа байчихлаа. Цагаан cap, хурим . найран дээр ганц нэг..., за ер нь дургүй дээ.
 
 
 
Ер нь, чадахаа байчихаж байгаа байхгүй юу. Хоёрт, архи уухаар яадаг билээ гэдгийг би мэдэж байна. Архи уухаар юу болдгийг над шиг мэдэж байгаа хүн байхгүй ш дээ. Ямар үе дамжлагаар явдаг вэ? Уугаад... улам нэмээд, маргааш нь шартаад... Ямар хэрүүл маргаан болдог вэ, тэгээд яагаад... яагаад ...
гадуур юу хийснээ мэдэхгүй.
 
 
 
Архи уухын гайхамшиг, гай хоёрыг би төгс мэднэ ш дээ. Би бол архинд орно гэдгийг гайхдаг юм. Эрдэмтэй хүн хүртэл орчихож байгаа юм даа. Сайхан авьяастай олон зохиолч архи уугаад гудамжинд гарсан шүү.
 
 
 
Горькийн дээд сургууль төгссөн, маш сайхан авьяастай яруу найрагч гудамжинд гараад л гэр орон ч байхгүй айлын хатавчинд нүд анилаа. Бид адилхан л ууж байсан. Уугаад л, ажлаа таслаад л, эзгүй бузгай хоноод,баларч л явсан ш дээ.
 
 
 
Гайхуулах ч юм биш. Гэхдээ миний өмнө нэг л зорилго байсан. Сайхан шүлэг зохиол бичих, сайхан зохиолч яруу найрагчийн нэр төрийг хадгалж явах. Хүн ер нь өөрийгөө авч явах бат ноттой тогтсон үзэл бодол суурь мэдлэг, боловсрол, амьдралын нарийн мэдрэмжтэй байх ёстой.
 
 
 
Амьдралын тийм торгон мэдрэмжтэй байхын тулд асар их мэдээлэл, мэдлэгийг хуримтлуулах ёстой юм. Манайд бол хүүхдээ хүн болохоос нь өмнө эрдэмтэн болгох гэж давхиад л, хүн болгохоосоо өмнө инженер, эмч болгох гэж давхиад л байх юм даа.
 
 
 
Хүн болоогүй юм чинь яаж эрдэмтэн болох юм бэ? Яаж эмч, инженер болох юм бэ дээ.Тэгэхээр хүнийг хүмүүн болгох тийм их сайхан гэгээрэл, ухамсрыг нийгэм даяараа бий болгох хэрэгтэй байна шүү дээ.
 
 
 
Арга ядаад л Ерөнхийлөгч нь архинаас гаргая гээд сүү бариад сууж байхав дээ. (инээв) Хөөрхий минь, би Ц.Элбэгдоржийг хааяа өрөвддөг юм ш дээ. Сүү тулгаад цагаан cap хийж байгаа улс гэж хаана ч байхгүй.
 
 
 
Исламын шашинтай улс орнуудад яадаг бол би мэдэхгүй юм. Одоо тэгээд архи гэдэг идээний дээж бүр хор, хог, бүр дайсан болоод Монголын эмгэнэл болчихсон. Архи бол маш олон хүнийг зовлонд унагасан. Архигүй бол ажил бүтдэггүй гээд л...
 
 
 
1990-ээд оноос 2000 оны үед би зохиолчдын хороонд ч байсныг хэлэх үү, баахан компаниуд өрөө түрээслээд суучихсан. Өглөө ажилдаа очиход л хэзээний утаа тавьчихсан архидаад сууж байна. Архигүйгээр ажил нь бүтэхгүй, архигүйгээр өөрснөө ч байж чадахгүй байхгүй юу.
 
 
 
Тэрнээс архинд орсон нь зөндөө, дампуурсан нь ч зөндөө. Монгол Улсын Ерөнхийлөгч уг нь орны эцэг нь юм шиг энэнээс салбал маш их сайн үйл бүтэх юм байна гэдгийг олж харж л дээ. Энэ бол том сэтгэл шүү.
 
 
 
-Ингэхэд та өнөөгийн нийгмийн талаар юу бодож байна вэ? Энэ энэрэнгүй, хүмүүнлэг ардчилсан нийгэм мөн үү?
 
-Хүн байгалийн бүтээгдэхүүн юм. Хуучин нийгмээс шинэ нийгэм рүү орчихгүй юу. Урьдны нийгэм нь хүнээ тэжээдэг байсан. Ажил өгдөг, хийлгэдэг, цалин өгдөг. Энэ нийгэм бол хүн байгалийн шалгарлын хуулиар амьдрах тийм зарчмыг тавиад өгчихгүй юу.
 
 
 
Чамд юу ч өгөхгүй, өөрөө л хоолоо олж ид. Гүрвэл элсэн дунд явж байдаг даа. Тэр яагаад яваад байгаа юм, хэвтэж л байхгүй. Тэр хоол олж идэх гэж явж байна шүү дээ. Тэрэн шиг байгалийн бүтээгдэхүүн амьд бодьгалууд бүгд өөрөө тэмцэж хоолоо олох ёстой.
 
 
 
Тийм учраас тэмцэж, ажиллаж, ухаантай байж, тэгж байж амьдралыг туулна уу гэхээс бэртэгчин маягаар амьдарч болохгүй л дээ. Хүнд энэ их мэдээллийн зуунд мэдээллийг боловсруулах чадвар байх ёстой.
 
 
 
Мэдээлэл боловсруулах чадвартай байна гэдэг, мэдлэгтэй байна гэсэн үг, ингэж чадаж байгаа хүн энэ зах зээлийн нийгэмд сайн явж чадна. Тийм чадвар, мэдлэг, мэдрэмжгүйгээр энэ нийгэмд хар ажлын ч байна уу, сэхээтэн хүн ч байна уу явахгүй шүү.
 
 
 
Тийм учраас мэдээллийн боол болохгүй, мэдээллийг боолчлох ёстой. Тэгэхийн тулд мэдлэг гэдэг том юмыг эзэмшсэн хаан нь та байх ёстой. Нөгөө, Тэрбишдагва хэрэглэгчид хаан гээд байсан чинь Ц.Элбэгдорж цаад хаадын чинь 40 хувь нь угаартаж үхэх гэж байна шүү дээ, Тэрбишдагваа! гэсэн чинь наадах нь инээгээд байсан.
 
 
 
Миний ойлгож байгаагаар төр бол нэг л үүрэгтэй. Ард түмэн нь эрүүл амгалан байх л ёстой. Түүнээс төр ажил олж өгдөг ч газар биш. Төр мөнгө санхүү босгоод байдаг ч юм биш. Тэрийг хэн хийх ёстой юм. Бид хийх ёстой. Аюулгүй, эрүүл хүн юу ч хийнэ ш дээ.
 
 
 
-Бидний ярилцлага өндөрлөх дөхөж байна. Та түрүүн төмөр замтай миний амьдрал бас холбогддог гэж байсан. Тэр тухайгаа яриач? .
 
 -Намайг бага сургуульд байхад төмөр зам тавьсан. Тэр үед манай сумаар дайраад банз, дүнз ачсан урт цуваа их явна. Би дунд сургуулийн гурав, дөрөвдүгээр ангид байсан л даа. Цувааны түрүүнд 67 гэж машин явна.
 
 
 
Тэнд буутай 2-3 дарга нар, цувааны төгсгөлд бас 67-той дарга нар явна. Тэгээд л урагшаа л цувна. Хаана хүрч байгаа юм гэхээр Замын-Үүд, Сайншанд хүртэл зөөж байгаа юм л гэнэ. Мааньтын урдхан Нялга сум гэж байсан. Одоогийн Баянжаргалан сум шүү дээ.
 
 
 
Би төмөр замын оросууд дээр их очно л доо. Тэдний гол очдог газар нь худаг. Хүүхэд юм болохоор айж мэдэхгүй. Би ч саваагүй болохоороо нөгөө оросуудтай чинь яриад хөөрөөд ойр зуурын орос үгтэй болохгүй юу. Манай сумын суурин дээр дандаа л нэг хүүхэд эмээтэйгээ, нэг хүүхэд өвөөтэйгөө ч юмуу тийм л улс суух.
 
 
 
Аав ижий малаа маллаад хөдөө байна. Намайг чинь суманд орос хэлтэй гээд л... Тэд надаас ус хаана байна, архи есь гэнэ. Есь есь л гэнэ. Завод есь гээд л нөгөө оросуудын машинд суугаад л суман дээр хүргэж өгнө. Заримдаа тэд чинь хоёр, гурваараа явнаа.
 
 
 
Тэгээд төмөр замынхан зам тавиад эхэлсэн. Тэгж төмөр замтай анх танилцаж байлаа. Манай нутгийн Буян гэж аавын минь үеийн сайхан өвгөн байв. Тэр хүн 1957 оны үед юм болов уу даа вагонд (галт тэргэнд) суужээ. Тэгээд "Диваажин байна" гэж хэлсэн юм гэнэ лээ.
 
 
 
Цэрэгт байгаа хүүгээ эргэх гэж Мааньтаас вагонд суусан юм байж л дээ. Зам хөгжил дагуулдаг, хөгжил замыг дагадаг гэж үг байдаг. Үнэхээр яг тэр төмөр замтай газруудад хөгжил ирж байсан. Манай нутагт Мааньт, Хонхор гээд өртөөд байна. Тэрийг дагаад байшин барилга сүндэрлэнэ.
 
 
 
Худалдаа үйлчилгээ ирнэ. Тэр үед "автолавка" гээд мухлаг худалдааныхан нөгөө зам барьж байгаа улс дээр давхиж ирнэ. Зуны амралтаараа хонь хариулаад явж байхад л замаар улаан тоос татаад л шар автолавка давхиад очно ш дээ.
 
 
 
Аав, ижий хоёр автолавка ирэхээр тэндээс талх авч ирнэ. Тэгэхээр манайх талх их эрт идсэн байна ш дээ. 1950-иад онд талх, ёотон, молоко... Молоко нэг нь хоёр төгрөг. Хоёрыг аваад л нэгийг нь тэр дор нь хөсрийн хадаас олоод хоёр талд нь цоолоод л сороод л ...
 
 
 
Сүүлд төмөр замгүй Эрдэнэ суманд ирээд төмөр замын тухай ярихад их гайхдаг байлаа ш дээ. Тэдний дэргэд би чинь талх, масло, молоко идэж үзсэн, хэд гурван орос үгтэй. Тэр автолавканд барааны саван энэ тэр гээд хэрэглээний зүйл байна.
 
 
 
Нутгийн ойр зуурын айлуудаас очоод юм авъя гэхэд үгүй гэхгүй л дээ. Монгол худалдагчтай ч байна, орос худалдагчтай ч байна. Тэгэхээр энэ юу гэхээр төмөр зам ямар нэгэн хэмжээгээр соёл хөгжил дагуулж байсны илрэл дээ.
 
 
Төмөр замын тухай хамгийн сайхан дууг манай Ч.Лхамсүрэн гуай бичлээ. "Ган зам" дуунд
 
...Уудам орны минь дундуур 
 
Уул ус говийг гатлаад... 
 
...Төрсөн эх оронд минь Төгс сайхан хүчийг өглөө...  гээд сайхан дуу олон жил дуулагдаж байна даа. За одоо, ингээд өндөрлөсөн дээр байх. Зөндөө юм ярьчихлаа.
 
 
 
Б.Гүнжинлхам
 
Эх сурвалж: “Ганзам”