sonin.mn

 

Улсын филармоний гоцлол дуучин, “Voice” хамтлагийн ахлагч, СТА дуучин С.Баттулгатай ярилцлаа.
 
-Сүүлийн өдрүүдэд "Voice" хамтлаг уран бүтээлийн "ургац" арвин байна. Энэ тухай ярилцлагаа эхэлье?
 
-Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулж "Voice" хамтлаг "Voice" сонгодог концертоо симфони найрал хөгжмийнхэнтэйгээ хамтран амжилттай тоглолоо. Ойрын үед филармони дээрээ ажилтай сууна.
 
 
Миний хувьд өнгөрөгч намар "Миний" нэртэй дөрөв дэх бие даасан тоглолтоо зохион байгуулсан. Тоглолтын үеэр "Миний" анхны бие даасан цомгоо гаргасан. Би чинь нэлээн хожуу цомог гаргаж байгаа хүн. Энэ цомгийн цувралыг "Эх орон" нэртэйгээр гаргана. Ирэх зундаа багтаад олны хүртээл болгохоор төлөвлөсөн.
 
 
-"Миний эх орон" нэртэй цуврал цомог болох нь ээ?
 
-Намайг зарим хүн нийтийн дуучин гэдэг юм. Нөгөө хэсэг нь сонгодог чиглэлийн дуучин ч гэдэг. Дээр нь, би "Voice" хамтлагийн ахлагч, манай хамтлаг Монгол поп опера чиглэлээр дуулдаг. Ер нь, дуучныхаа хувьд эх орон, ард түмнээ магтсан дуу дуулах дуртай.
 
 
Тэр утгаараа "Эх орон" цуврал цомог гаргаж байгаа. Энэ цомогт нийтийн дуунуудаас гадна мэргэжлийн онцлогтой томоохон хэмжээний бүтээлүүд бие даасан болон хамтлагаараа дуулсан дуунууд орно. Мөн МУГЖ Г.Бүрнээбаяр, Б.Ганчимэг болон залуу дуучидтай хамтарсан бүтээл ч багтана.
 
 
Манай Улсын филармони чинь нэг хэсэг дуучингүй шахуу байсан юм шүү дээ. Сүүлийн жилүүдэд эргээд дуучинтай болж байна. Хоёрхон жилд олон дуучинтай болсон. Одоо 13 дуучинтай, дуун анги нээгээд байгаа. Дуун ангид бүх насны, төрөл бүрийн жанараар дуулдаг дуучид бий.
 
 
Ингээд дуучид маань симфони оркестер, Морин хуурын чуулга, "Баян Монгол" чуулгатайгаа хамтраад нэгдсэн тоглолтыг ирэх тавдугаар сарын 15-нд тоглоно. Тоглолт дэлхийн гэр бүлийн өдөр тохиох юм.
 
 
Монголынхоо гэр бүлүүдэд баяр нэмж, нэг өдрийг гэр бүлээрээ хамт баярлах боломж олгох зорилготойгоор "Хязгааргүй хүслэн, бид нэг гэр бүл" нэртэй тоглолт хийхээр ажиллаж байна.
 
 
-Цомгоо яагаад хожуу гаргав?
 
-Надад дуу хангалттай олон. Харин, цаг хугацаа нь ингэж таарлаа. Мөнгө санхүү зэрэгтэй ч холбоотой. Гэхдээ тохироо бүрдэнэ гэж зүйл бий. Тэр л болсон хэрэг.
 
 
-Уран бүтээлээ тайлагнахад цомог гаргах шаардлага байдаг. Гэтэл ямарч бүтээлийг олшируулаад, дуртай дуугаа татаад авчихаар борлуулалтаас эхлээд хэцүү юм биш үү. Оюуны өмчийн хулгайн тухай яриад байна л даа?
 
-Манай нийгэм төлөвших тийшээ явж байна. Байх хэмжээндээ ороогүй нөхцөл бүх салбарт байдаг. Би уран бүтээлд хөл тавиад 12 жилийн дараа анхны цомгоо гаргах гэж сууна. Арай гэж гаргахаар хэн нэгэн нь хувилаад интернэтэд тавиад,эсвэл зах дээр худалдах жишээтэй.
 
 
Оюуны өмч, зохиогчийн эрхийг хамгаалах тухай асуудал чухал сэдэв. Энэ талаар Оюуны өмчийн хороотой хамтран ажилладаг. Би Монгол дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төвийн Удирдах зөвлөлийн гишүүн.
 
 
Рок попын уран бүтээлчид хамтарч ажиллаад эхэллээ. Яваандаа оюуны өмчид халддаг байдал таслан зогсоогдох нөхцөл бүрдэх болов уу. Бид уран бүтээлчдийнхээ эрхийг хамгаалах зорилготой ажилладаг.
 
 
-Таны уран бүтээлийг сонсоход үндсэрхэг үзэлтэй юм уу гэж бодогдох үе бий. Ингэхэд ямар хэлбэрийн Төрийн бус байгууллага удирддаг юм бэ?
 
- "Шинэ урлаг төв" ТББ бий. "Мэргэжлийн урлагаар дамжуулж нийгмийн сэтгэл зүйд эерэгээр нөлөөлнө" гэсэн уриатай. Олныг хамарсан айхавтар том үйл ажиллагаа явуулдаггүй ч тодорхой зорилтот бүлэгт хандаж ажилладаг.
 
 
-Монгол хүнд эх оронч үзэл байх шаардлагатай гэвэл санал нийлэх үү ?
 
-Улс үндэстэн хувь хүнийг эх оронч үзэлгүйгээр төсөөлөх аргагүй. Түүхэнд тод мөр үлдээсэн мянга мянга эх орончид Монголд байсан, одоо ч бий. Эх оронч гэхээрээ заавал олны танил байх албагүй. Мэдээж, тэд маань эх орончид.
 
 
Эх оронч үзлийн тухайд урдах ажлаа хийчихдэг, хамт байгаа хүмүүсээ хайрлаж чаддаг хүнийг эх оронч үзэлтэн гэж хэлнэ. Хэн ч байж болно. Малчин, тариаланч, сурагч, оюутан байх нь хамаагүй. Гол нь салбар бүртээ өөрт ногдсон ажлаа бүтээж, биелүүлдэг байгаасай.
 
 
Худлаа яриад, заль гаргаад явдаг, бусдыг ашиглаж, доог тохуу хийгээд явдаг хүмүүс бий. Тэд бол эх орончид биш. Мэдээллийн сайтуудаар болсон, болоогүй сэтгэгдэл их бичдэг болжээ. Хэлэхийн аргагүй үгээр доромжилно. Хийх ажилгүйн шинж шүү дээ.
 
 
Тэр залуус хог цэвэрлэхгүй гэхэд татсан тамхиа гудамжинд хаядаггүй байгаасай. Үнэндээ бусдыг шүүмжлэгчид өөрсдөө хийсэн бүтээсэн зүйлгүй хүмүүс байгаа. ТҮК-ийн ажилтнууд үүрээр ажилдаа гарч, үдэш шөнө хамгийн сүүлд буудаг. Энэ л эх оронч үзэл. Ямар боловсрол ажилтайгаас илүү ажилдаа эзэн болж байна уу гэдэг чухал. 
 
 
-Та аялан тоглолт хийж хилийн дээс алхдаг. Эх орноо харьцуулж бодно биз?
 
-Эх орноо санахаас, яарахаас өмнө бидний Монгол Улс хэзээ ингэж хөгжинө гэж бодогдоно. Хаврын тарчиг, зуны гантай үед гадаадад явж байхад бороо орж байвал хармын сэтгэл төрнө. Энэ бороо миний Монголд ороосой билээ гэж бодно. Эх орноо өмгөөлж санаа алдах тохиолдол олон доо.
 
 
-Нийгмийн сэтгэлзүйн хандлага хаашаа яваад байна?
 
-Эмзэг, эмх замбараагүй, мэдээллийн хянуургүй байдалд орчихлоо. Зөв сонирхсон, сонирхох ёстой мэдээллээ авч чадахаа болиод төөрөгдөлд явна. Хэвлэл мэдээллийн эрх чөлөө байх хэрэгтэй.
 
 
Гэвч хэрээс хэтрээд болсон болоогүй, үнэн худал мэдээлэлд "бөмбөгдүүлээд" нийгэм маань дархлаагүй юм шиг болчихлоо. Энэ нь үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолтой ч холбоотой. Гадны мөнгөтэй нөлөөтэй хүмүүс ирээд тоглолт хийхэд дагаж хуйлрахаар л сэтгэл зүйтэй болжээ, манай нийгэм. .
 
 
-Ялангуяа, олны танил хүмүүст хэцүү үе тулгарна биз?
 
-Би "од" гэсэн нэр томъёонд дургүй. Хүн төрөлхтөний дунд гарын арван хуруунд багтахаар "од" бий. Харин Монголд "од" олон болчихож. Мэдээж олны танил уран бүтээлчид байдаг. Гудамжинд тааралдаад тэр байна гэсэн атлаа ард түмэн нь хүндэлдэггүй уран бүтээлчид байх.
 
 
Ард түмэн хайрлаж хүндэлдэг "од"-ын хэмжээнд очсон ахмадууд байна. Уран бүтээлч байхын зовлон багагүй ээ. Зарим хүн дуучид, уран бүтээлчдийг амар хялбар аргаар амьдардаг, ганцхан тоглолт хийгээд баяждаг гэж хүлээж авдаг.
 
 
Тийм биш. Уран бүтээлчдийг жинхэнэ утгаар нь ойлгож хүлээж авдаг хэсэг ч байна. Заримдаа уран бүтээл маань хугацаагүй цэргийн албанд татагдсан юм шиг санагдана.
 
 
УГЗ Г.Ухнаа уран бүтээлчдэд ухрах, няцах зам байхгүй гэж хэлсэн. Ард түмэнтэйгээ адилхан зүтгээд, мөр зэрэгцээд амьдарч явна. Надад бусдаас илүү гараад байх амьдрал, эсвэл дүр эсгэсэн тохиолдол байхгүй.
 
 
-Бидний ярилцлага нийгмээ шүүмжилчих шиг боллоо. Энэ нийгмийн төлөө та юу хийж байгаа вэ?
 
-Би Шинэ урлаг төвийн тэргүүн, "Voice" хамтлагийн ахлагч, Улсын филармонид гоцлол дуучин, Дуу бичлэг бүтээгчдийн үндэснйй төвийн тэргүүн, Олон улсын залуучуудын байгууллагын гишүүн гээд тоочвол хэд хэдэн байгууллагын идэвхтэй гишүүн юм байна.
 
 
Зөвхөн уран бүтээл гээд ажил гэрийн хооронд яваад байж бас түвдэхгүй юм. Нийгмийн сайн сайхны тулд сэтгэл зүрх гаргаж ажиллахын төлөө явна. Төрийн төлөө оготно гэдэг шиг...
 
 
-Гэр бүлийнхнээ танилцуулахгүй юу?
 
-Нэг эхнэртэй, гурван хүүхэдтэй. /Инээв/ Ах нь тоглосон юм. Эхнэр, гурван хүүхдийнхээ хамт амьдарч байна. Хоёр том хүүхэд дунд сургуульд, бага нь Хөгжим бүжгийн коллежид орсон. Гэргий маань багш орчуулагч мэргэжилтэй ч СУИС-д магистраар суралцаж байна. Арайхан төгсөөгүй. Манай хамтлагийн ерөнхий менежерээр ажилладаг.
 
 
-Танай хамтлагийн дөрөв дэх гишүүн гэсэн үг үү?
 
-Манай хамтлаг гурван гишүүнтэй гэдэг ч менежертэйгээ нийлээд дөрвүүлээ болдог. Манай гэр бүлийн хүн энэ хамтлагаа амжилттай уран бүтээл туурвих үйлсэд анхнаас нь эхлэн оролцсон юм.
 
 
-Аливаа зүйлд хүрэхэд бэрхшээл тулгарахгүй байна гэж байхгүй. Таны цаашдын уран бүтээлд амжилт хүсье?
 
-Хэнд ч ажил дээр, уран бүтээл туурвихад их бага хэмжээгээр саад бэрхшээл заавал тулгардаг. Даваа, саадыг даваад л явдаг байх ёстой. Найдалмаа багш буриадын 60 насны жаргал дуунд гардаг шиг 60 даваа давдаг юм шүү гэж хэлж байсан нь санагдаж байна. Хөгжил хувьслын зам ёсны асуудал.
 
 
-Төмөр замаар зорчдог байх. Сэтгэгдлээсээ хуваалцана уу?
 
-Хувийн болоод албаны ажлаар явахдаа төмөр замаар зорчино. Би хотод төрөөд хөдөөссөн юм. Ингээд СУИС-д орохоор Архангайгаас хотод орж ирсэн. Галт тэргэнд оюутан болсон хойноо сууж үзэв.
 
 
Орой байгаа биз. 1999-2000 оны үед юмуу даа. Бор-Өндөрт орос дуу дуулаачдын уралдаан болоход оролцохоор анх галт тэргээр аялж байлаа. Олуулаа явсан. Сайхан л дурсамж үлдсэн байдаг юм.
 
 
-Тэр уралдаанд ямар амжилт үзүүлэв?
 
-Арай түрүүлж чадаагүй. Дэд байрт шалгараад урамтай буцсан. Гэхдээ ирж буцахдаа төмөр замаар явсан болохоор галт тэргэнд хөөртэй хөгжөөнтэй явсан үе минь бодогддог юм.
 
 
М.Хангал
 
Эх сурвалж: “Ганзам”