sonin.mn

Ислам шашны номлолын эх сурвалж нь Коран хэмээх хамгийн дээд ариун гэрээслэл. Кораныг Аллах бурхны элч, тэнгэрт оршигч Жебриал Мухаммедад хэлж өгсөн гэдэг. Коранд Арабын ард түмнүүдийн ёс заншил, зан үйл, хууль эрхийн хэм хэмжээнүүд эмх цэгц, системгүйгээр тусгагджээ. Иймээс Кораны номлолыг тодруулан тайлбарласан Сунн хэмээх эмхэтгэл нэмэлт болон гарчээ.

Коран болон Сунныг хамтад нь дээдлэгчдийг суннитууд гэх болжээ. Мөн ислам шашны номлолыг тайлбарлан таниулахад өөрсдийгөө зориулагч нэг ёсны санваартнуудыг суфизмын талынхан гэнэ.

Коран болон Суннд тулгуурлан мусульман хүний мөрдөх ёстой хууль ёсыг бүхэлд нь шариат гэдэг. Шариат нь мусульманы орнуудын хууль шүүхийн байгууллагын үйл ажиллагаанд чухал байр суурь эзлэх болсон байна. Ислам шашны номлол ёсоор ертөнцөд Аллах бурхнаас өөр бурхан байхгүй. Христос шашин дахь эцэг, хүү, санаа гэсэн гурвалын зарчмыг няцааж зөвхөн ганц Аллах бурхныг л хүлээн зөвшөөрдөг.

Аллах бурхан бол мөнх бүтээгдэшгүй, биегүй, газар сайгүй оршин байдаг, танин мэдэгдэшгүй, бүхний анхдагч эхлэл ч мөн, эцэс төгсгөл ч мөн гэж үздэг. Иймээс Аплахад үг дуугүй итгэж бишрэн, номхон хүлцэнгүй байхаас аргагүй болдог байна. Хүн бүр ашиг орлогынхоо тодорхой хувийг шашны тэргүүнд өргөх үүрэгтэй бөгөөд ислам шашин дахь бурхны шийтгэл, хойд насны буян нүгэл, ад чөтгөрийн тухай ойлголтууд нь христос шашнаас нөлөөлсөн байдаг.

Мусульманчууд буруу номлолтонтой тэмцэж ислам шашныг дэлгэрүүлэх ариун дайн-жихадыг хүлээн зөвшөөрдөг бөгөөд бусад шашинтнууд мусульманы улсад алба татвараа өгсөн тохиолдолд эвийг барьж болно гэж үздэг. Арабын олон овгуудыг нэгтгэсэн нэгдмэл улсын тэргүүн халиф нь иргэний (эмират) засгийг ч, шашны (имамат) эрхийг ч гартаа авсан байна.

Эхний хоёр халиф Абу Бекра, Омарын үед бүх мусульманчууд тэгш эрхтэй байсан аж. Тэд хувийн амьдралаараа арабын олон түмнээс ялгарахгүйг хичээж байв. Дайнд оролцогсод өөр өөрсдийн орлогын хувийг хүртэх ёстой гэсэн Коран судрын заалтыг тэд мөрдөж байв. Гэвч III халиф Османы үеэс (644-656) иргэний бүх дээд эрх халиф болон түүний үр сад, төрөл төрөгсдийн гарт шилжсэн юм.

Энэ байдлыг эсэргүүцсэн ард олны дургүйцлийг ашиглан Мухаммедийн зээ Алийн талынхан буюу ислам шашны нэгэн гол урсгал болох шийтүүд (шиа-бүлэг) имам ба эмиратын хууль ёсны тэргүүн нь зөвхөн мухаммедийн, улмаар Алийн үр сад байх ёстой гэж сурталчилсан байна.

Улмаар дөрөв дэх халиф нь олон түмний дэмжлэгтэйгээр Али болсон боловч бүх мусульманчууд тэгш эрхтэй байж, халифыг бүх мусульманчууд сонгох эрхтэй хэмээгч салан тусгаарлагчдын бүлэг буюу харижитууд хэмээх ислам шашны бас нэгурсгал үүсчээ. Дундад Азид ч ислам шашин ноёрхох болсон боловч хот суурин газраас алс хязгаар малчин ардын дунд ислам шашны номлолоос илүү эртний овгийн шүтээнээ хэвээр хадгалж байв.

Жишээ нь, казак үндэстний дотор удаан хугацааны турш ислам шашныг тэнгэр шүтээнтэй зэрэгцүүлэн шүтэж иржээ. Тэд тэнгэрийг Аллах хэмээн ойлгож байлаа. Гэвч XVI зуунд Бухарын шейх казахуудыг ислам шашнаас хазайсан буруу номтон хэмээн онгон шүтээнийг нь устгажээ.

Мусульман хүнд эрхэмлэдэг таван гол зүйл байна. Үүнд:

чин сүсэглэх буюу Аллах ба Мухаммедэд зориулж шахад (мөргөл) хэлэх, өдөр тутмын таван зүйл мөргөл  -намаз үйлдэх, жил бүр 30 хоногийн турш мацаг барих буюу рамадан ёслол гүйцэтгэх, жил бүр орлогынхоо боломжоор татвар төлөх -закят өргөх, амьдралдаа ядаж ганц удаа Мекка дахь шүтээний төв газар -хажжад мөргөх. Мусульманчууд үхэр, гахайн мах идэх, архи дарс уухыг цээрлэдэг. Мусульман зан үйл гүйцэтгэх байрыг мечеть гэнэ. Мекка дахь Кааб, Медина дахь Зөнчийн газар, Иерусалим дахь аль-Акса гурав бол хамгийн гол төв мечеть болдог. Орчин үед ислам шашинт улсууд олон улсын эдийн засаг-соёлын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэж байгаа билээ. Мусульманы нийгэмлэгүүд бараг бүх тивд байдаг бөгөөд Исламын Бага хурлын байгууллага, Исламын ертөнцийн Лиг, Афро-Азийн Исламын байгууллага, Европын Исламын Зөвлөл зэрэг ислам шашинтнуудын олон улсын хэмжээний улс төр, эдийн засаг, соёлын байгууллагууд олноор үүсч, үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байна.

Эх сурвалж: "Ган зам"