sonin.mn

 

Цагдаагийн "Сүлд" чуулгын дуучин Б.Жавхлантөгсийг хүмүүс "Universe best songs" наадмын шилдэг оролцогч, гранпри шагналт гэдгээр андахгүй. Чадварлаг дуучин гэгдэх болсон тэрбээр энэ сарын 9-нд "Эх, дороги..." гэсэн анхны бие даасан тоглолтоо үзэгч түмэндээ толилуулах гэж байна. Түүнтэй хөөрөлдсөнөө уншигч танд хүргье.
 
 
-Жавхлантөгсийн анхны бие даасан тоглолтын сонин сайхнаас яриагаа эхэлсэн нь зүйтэй болов уу?
 
- Энэ сарын есөнд буюу Ялалтын баярын өдрөөр "Эх, дороги..." гэсэн анхны бие даасан тоглолтоо хийхэд бэлэн болоод байна. Тоглолтонд Улсын филармонийн симфони найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байгаа.
 
 
Харин ерөнхий удирдаачаар Оросын алдарт удирдаач А.П.Чебурной, мөн ДБЭТ-ын удирдаач Нямдаш нар ажиллана. Түүнчлэн Соёлын тэргүүний ажилтан С.Наран, Баярцэцэг нар ая дууны мэндчилгээ өргөнө.
 
 
-Анхны бие даасан тоглолтоо яагаад Ялалтын баярын өдөр товлов. Цагдаагийн уран бүтээлч гэдэгтэй чинь ямар нэг хэмжээгээр холбоотой юу?
 
-Тийм ээ. Цагдаагийн "Сүлд" чуулгад ажиллаж байгаагийн хувьд надад энэ өдөр их чухал. Түүнчлэн дэлхийн хүн төрөлхтнийг айдаст автуулаад байсан тэрхүү хар бараан сүүдэртэй өдрүүдийг гэгээн цагаан болгож энх тайвныг авчирсан энэ сайхан өдрийг хүн төрөлхтөн мартах учиргүй.
 
 
Энэ сайхан гэгээлэг өдөр анхныхаа бие даасан тоглолтыг хийж байгаа нь ирээдүйн замаа гэрэл гэгээтэй байхыг бэлгэдсэн хэрэг. Тоглолт хийнэ гэдэг амаргүй ажил байдаг юм байна. Гэхдээ энэ амаргүй ажлын ард гарахын тулд өөрийгөө ялан дийлэх гэж хичээж байна.
 
 
Ингэснээрээ цаашдаа хийх уран бүтээлдээ ялалт байгуулж байгаа юм. Тийм ч учраас тоглолтынхоо нэрийг "Эх дороги..." гэж нэрлэсэн. Ирээдүйн замаа сайн сайхнаар нээж байна гэсэн утгатай.
 
 
 
-Хэдийгээр Жавхлантөгс өдгөө цагдаагийн "Сүлд" чуулгын уран бүтээлч гэгдэж буй ч "Universe best songs" наадмын оролцогч ялагч гэсэн тодотгол байнга дагалдаж явдаг?
 
-Мэдээж тэгэлгүй яахав. Би "Universe best songs"-oop олон хүнд танигдсан, энэ наадмын буянаар гарч ирсэн юм чинь. Энэ наадам миний тав зургаан жилийн хөдөлмөрийг дөтөлж өгсөн гэж боддог. Ерөөсөө энэ наадамд оролцож уран бүтээлч болох замаа товчилсондоо би баяртай байдаг. Тэгээд ч одоо хэр нь "Universe best songs''-ийн ялагч гэж овоглогдож явна.
 
 
-Анхны уран бүтээлийн тоглолт гэдэг ямар уран бүтээлч болсоноо олон түмэнд харуулах маш том шалгалт. Шалгалтанд ямар дүн авахаас цаашдын нэр хүнд шалтгаална байх шүү?
 
-Тоглолт хийх нь хүнээс маш их тэвчээр зориг шаарддаг юм байна. Хүн бүр ийм том тоглолт хийчихдэггүй юм байна. Тэр үүднээсээ маш их хариуцлага оноогддог юм байна. Тэгэхээр энэ их хариуцлагыг үүрсэн шиг үүрч сайн тоглолт хийн ард түмэндээ илүү сайн үнэлэгдэхийг хүсч байна.
 
 
-Өөрийг чинь Завхан аймгийн театрт ажиллаж байсан гэж сонссон. Яагаад цагдаагийн "Сүлд" чуулга руу "урвав"?
 
-Тийм ээ. Би Завхан аймгийн хөгжимт жүжгийн театрт ажиллаж байгаад "Universe best songs" наадамд орох гэж ирсэн, 2010 онд. Энэ наадамд оролцож байх хугацаандаа цагдаагийн "Сүлд" чуулгад орох хүсэлтээ илэрхийлсэн юм. Миний энэ саналыг "Сүлд" чуулгын удирдлага хүлээн авснаар өдгөө би энэ хамт олны нэг эд эс болоод байна.
 
 
-Дуучин Жавхлантөгс СУИС-ийг дуурийн дуулаач мэргэжлээр дүүргэсэн. Дуурийн хоолойтой дуучинд цэрэг эх орны сэдэвтэй дуу хэр тохирох юм. Ер нь өөрийг чинь сүүлийн үед цэрэг эх орны сэдэвтэй дуунд нэлээд дурлаж байгаа юм байна гэж ойлголоо?
 
-Тийм ээ. Би СУИС-ийг дуурийн дуулаач мэргэжлээр дүүргэсэн. Үнэнийг хэлэхэд цэрэг эх орны сэдэвтэй дуу миний хоолойд яг сайхан таараад байдаггүй юм. Гэхдээ Оросын эх орон, дайн сэдэвтэй дуунууд арай өөр.
 
 
Яагаад гэхээр Орос дуурийн дуулаач болон дуурийн школоороо дэлхийд алдартай. Манай цэрэг эх орны сэдэвтэй дуунууд ритм шаарддаг бол Оросынх мэргэжлийн тал руугаа хийгдсэн байдаг.
 
 
-Цэргийн уран бүтээлч болох тэгээд ямар байна?
 
-Эр хүн болж төрснийх мөрдэс зүүгээд явж байх сайхан шүү дээ. Эх орон, өмссөн хувцсаараа бахархаад л. Бас уран бүтээл нь жавхаалаг. Ийм л гоё сайхныг мэдрэх гэж би энэ байгууллагад хүсэлт тавьсан юм шүү дээ.
 
 
-Тэгэхээр энэ удаагийн тоглолтдоо цэрэг эх орны сэдэвтэй дуунууд дуулах нь ээ?
 
-Би өөрөө 15 дуу дуулж байгаа. Ихэвчлэн хүмүүсийн сайн мэддэг цэрэг эх орон, дайны сэдэвтэй орос дуунууд.
 
 
-Ихэвчлэн орос дуунууд дуулна гэлээ. Ер нь гадаад дуу өөрт чинь илүү ойр байдаг юм болов уу гэж бодлоо. Цаашид ардын дуу шиг болсон монгол дуу дуулах уу?
 
-Миний хувьд дуурийн дуулаач мэргэжлээр төгссөн болоод ч тэрүү ихэвчлэн гадаад дуу, тэр дундаа мэргэжлийн дуунууд дуулах сонирхолтой. Ер нь тэгээд Монголд өчнөөн олон сайн уран бүтээлчид байна. Тэдэн шиг монгол уран бүтээл хийгээд байгаад байвал Монголдоо л байгаад байна.
 
 
Харин гадаадад танигдья гэвэл гадаадын уран бүтээл хийх хэрэгтэй. Тэгж гэмээнэ боломж нь нээгдэнэ. Энүүхэндээ гэхэд гадаадад монгол дуугаа дуулбал арай өөр шүү дээ. Монголоор дуулаад гадаадад гарна гэвэл хэцүү. Таньж мэдэхгүй хэлээр танихгүй нэг хүн дуулаад байвал хэн ч хүлээж авахгүй болов уу гэж би бодож явдаг юм.
 
 
Тэр үүднээсээ гадаадын том том уран бүтээлийг өөрөөр хэлбэл сонгодог бүтээлийг өөрийнхөө хэмжээнд чадан ядан амьдруулахыг хичээдэг. Гэхдээ энэ тоглолтоо дуусгаад нэг CD-ний ажилд орно. Энэ цомогтоо дан монгол бүтээлүүд багтаана. Ихэнх нь хөгжмийн зохиолч Б.Чинбат ахын бүтээлүүд байх болно.
 
 
-Гадаадад танигдах бас нэг хүсэл чинь "One music" продакшны уран бүтээлч болсоноор илэрч байна гэж үзэж болох уу?
 
-Тиймээ. "Сүлд" чуулгын дуучин гэхээсээ гадна цаашид давхар "One music" продакшны дуучин гэгдээд явах байх. Монголын төлөө гэсэн цохилох зүрхтэй залуучуудыг эгнээндээ нэгтгэсэн продакшн болохоор маш эрч хүчтэй байх болов уу.
 
 
Хөгжмийн зохиолч Б.Чинбатын байгуулсан продакшн болохоор энэ продакшны уран бүтээлчдийн бүтээл дэлхийн тавцанд гарах боломжтой гэж бодож байгаа. Яагаад гэхээр Чинбат ах Америкчуудад танигдах гүүрийг нээж өгсөн өөрөө ч тодорхой хэмжээгээр танигдсан хүн шүү дээ.
 
 
Тийм учраас түүнд их найдаж байгаа. Ер нь би Чинбат ахыг их үнэлдэг. Энэ олон залуучуудыг авч явна гэдэг их зориг. Тэгээд ч монголоосоо дээшээ гарах гэж байгаа залуучууд гэсэн утгыг бэлгэдэж "One music" гэж продакшнаа нэрлэсэн болов уу гэж бодож байгаа.
 
 
-Энэ том зорилго өвөртөлсөн уран бүтээлчийн ирээдүйн зам ямар харагдаж байна?
 
-Мэдээж маш гоё гэрэлтэй гэгээтэйгээр харж байна. Гэрэлгүй байсан ч би гэрэлтэй болгож харахыг хүсч мөрөөддөг. Маш том зорилготой байх нь тухайн хүний давуу тал гэж боддог.
 
 
Тийм ч учраас би зорилгоо маш томоор тодорхойлсон. Том юмыг зорьж байж үгүй ядаж дунд дээр бууна шүү дээ. Тэгэхээс жижиг юмны төлөө зориод түүнээсээ доош хаашаа буух вэ дээ.
 
 
Х.Алтанцэцэг
 
Эх сурвалж:  "Улаанбаатар таймс"