sonin.mn

 

Энэ өдөр, хүн төрөлхтөний энх тайван амьдралын төлөө амь бие, эд хөрөнгө, үнэ цэнэтэй бүхнээ зориулсан Оросын ард түмнийг хүндэтгэхгүй байхын аргагүй. Дэлхийг эзлэх гэсэн харгис шуналдаа хөтлөгдсөн Адольф Гитлер газар дээр товойж харагдсан бүхнийг устгаж байв.
 
 
Хүчирхэг гүрэн Зөвлөлт Холбоот Улсыг гартаа оруулчихвал хүн төрөлхтнийг төвөггүй өвдөглөх болно гэж тооцоолсон тэрбээр замдтааралдсан улс үндэстэн хот сууринг сүйрүүлж, герман цусны биш бол хүмүүн биеийг олсон хүүхэд, хөгшид, эмэгтэйчүүд хэн ч байсан нөгөө ертөнц рүү илгээж байлаа.
 
 
Дэлхийг эзлэх гэсэн Гитлер амгалан амьдарч байсан хүн төрөлхтний дайсан болж, хүн төрөлхтнийг өөрийнхөө дайсан болгосон юм. Жаран нэгэн улс орон, дэлхийн хүн амын 80 шахам хувийг татан оролцуулсан дэлхийн хоёрдугаар дайн 70 орчим сая хүний амь авч одсоны ихэнх нь ямарч гэм зэмгүй энгийн иргэд байлаа.
 
 
Энэ дайны хамгийн их хохирлыг амссан Оросын ард түмэн 20 гаруй сая хүнийхээ амь, эв нэгдлээрээ хүн төрөлхтнийг дарангуйллаас аварсан юм. Оросууд дайныг хүсээгүй шигээ, хүн төрөлхтнийг Германы цаазын тавцанд аваачихыг хүсээгүй юм.
 
 
Тэд агуу их эх орны дайнд улс гүрнүүдийг хамгаалан тулалдаж ялалт байгуулснаас хойш өнөөдөр 68 дахь хавартайгаа золгож байна. Ялалтын эл өдөр Монголын ард түмэнд ч хамаатай. Дайны жилүүдийн өмсч зүүх, идэж уухаас эхлээд хамаг бүхэн хязгаарлагдсан тарчиг хатуу cap өдрүүдийг Монголын ард түмэн мартаагүй.
 
 
Тэр хэцүү цаг үед хоёр орны ард түмний эв нэгдэл, мөнхийн сайн хөршийн харилцаа улам бэхижсэн билээ. Монголын ард түмэн Зөвлөлтийн ард түмэнд туслах хөдөлгөөн өрнүүлж, агт морьд, арьс шир, хувцас хунар, бэлэн мөнгө гээд тус дэм болох бүхнийг илгээж байлаа.
 
 
Баруун, баруун хойд фронт, Украйны нэгдүгээр фронт, Калинин, Волоховын фронтод монголчуудын тусламж зургаан удаа очсон түүх бий. Тэр жилүүдэд монголчууд улаан армид 485 мянган агт морь худалдаж, 32 мянган агт бэлэглэсэн бол Монголд амьдарч байгаад фронтод явсан орос хүний ар гэрт cap бүр 20-100 төгрөгийн тэтгэмж олгож байжээ.
 
 
Монголын ард түмний тусламжийн бэлэг вагон вагоноор Москвад хүрч, монголчуудын хандиваар бүрдсэн "Хувьсгалт Монгол" танкийн бригад газарт, "Монгол Ард" нисэх эскадриль агаарт тулалдаж Берлинд ялалтын туг хатгах хүртэл дайсныг даралцсан юм.
 
 
Тэгэхээр энэ өдөр бидний ч Ялалтын баярын өдөр. Орос ах нар өнөөдөр Улаан талбайд Ялалтын баярын жагсаалаа Москвагийн хөгжмийн сургуулийн бөмбөрчдийн тоглолтоор эхэлнэ.
 
 
ОХУ-ын төрийн далбаа, Ялалтын тугийг залж, хуурай зам, агаар, тэнгисийн цэргийн хүндэт харуул, Суворов, Нахимовын нэрэмжит цэрэг, тэнгисийн сургуулийн сонсогчдын эгнээгээр жагсаал үргэлжилнэ.
 
 
ОХУ-ын зэр зэвсгийн шинэчлэл хүчин чадлыг илтгэсэн техник, зэр зэвсгийн цуваа талбайг чимж, нисэх хүчнийхэн агаарт эрдэм чадлаа гайхуулна. Мэдээж энгэр дүүрэн одонтой баатрууд, ахмад дайчид Улаан талбайн энэ өдрийн хамгийн хүндтэй зочид байх болно.
 
С днём Победы.
 
 
Д.Сайнбаяр
 
Эх сурвалж: "Улаанбаатар таймс"