sonin.mn

 

Чиндо Чиүши дээд сургуулийн Олон улсын харилцааны дээд сургуулийн орлогч захирал Дэлгэрсанг Монгол Улсад ирээд байхад нь уулзаж ярилцлаа. Багаасаа эрдэм номын үр шимийг мэдэрснийхээ хүчинд тэрбээр өдгөө эх хоёр хэлнээсээ гадна япон, герман хэлийг төрөлх хэл шигээ эзэмшсэн хүн.
 
 
Аав нь сурвалжит хүмүүн байсан учраас хүүгээ номд хичээнгүй гэгч нь сургасан нь өдгөө амьдралд нь хэрэг болж яваа гэхэд нэг их буруудахгүй. Гэхдээ түүний амьдрал байнга шулуун дардан байсангүй. Эсэргүүгийн хүүхэд гэгдэн хавчигдаж явсан үе ч түүнд бий.
 
 
-Хоёулаа яриагаа таны хавчигдаж байсан үеэс эхэлье? Жаахан бэлгэгүй ч энэ бол тухайн үеийн нийгмийн амьдрал. Манай Монголд ч гэсэн энэ бараан сүүдэрт өртөж гадуурхагдан шоовдорлогдож байсан хүн цөөнгүй байдаг юм билээ.
 
-1966 онд Хятадад Улаан хамгаалах хувьсгал гэдэг нэгэн хувьсгал гарч ирсэн. Өөрөөр хэлбэл оюуны хувьсгал шүү дээ. Засгийн ордны юмуу намын дарга нарыг шүүмжилдэг хувьсгал. Ер нь хэлмэгдүүлэлт гэх үү дээ. Бүтэн 10 жил өрнөсөн хувьсгал л даа.
 
 
Энэ үед миний аав том дарга байлаа. Дарга нарыг шүүмжилдэг хувьсгал юм болохоор миний аав ч гэсэн шүүмжлэгдэж намаасаа улмаар ажлаасаа хөөгдсөн. Үүнээс болж би эсэргүү даргын хүү болж хувирсан.
 
 
Уг нь би тэгэхэд дээд сургууль төгсчихсөн монгол хятад, япон, герман гэсэн дөрвөн хэл мэддэг байсан юм. Хэдий ийм өндөр боловсролтой ч аав маань эсэргүү юм чинь юу гэж намайг томоохон ажилд ажиллуулах вэ. Ингээд хөдөө очиж хоёр жил багшилсан.
 
 
Хөдөө ажиллах сайхан ч цалин мөнгө багатай. Би гэдэг хүн мэдээж цалин мөнгөний хойноос хөөцөлдөнө биз дээ. Ингээд Хөлөнбуурь аймгийн Манжуурт очиж Далай нуурын нүүрсний уурхайн товчоонд жирийн албан хаагчаар ажиллалаа.
 
 
Энэ байгуулагад 10-аад жил ажиллаж байтал 1978 онд Дин Шоу Хин гэж хятад хүн Соёлын хувьсгалыг буруушааж эсэргүүцэн бас хувьсгал өрнүүлж Соёлын хувьсгалаар буруушаагдсан бүх хүн чөлөөлөгдлөө.  Миний аав ч гэсэн.
 
 
Ингээд даргыг нь, ажил мэргэжлийг нь сэргээсэн. Аавын маань нэр төр сэргээгдчихэж байгаа болохоор намайг ч гэсэн шал өөр харцаар харж эхэлнэ биз дээ. Ингээд би гэдэг хүн Нүүрсний уурхайн товчооныхоо нарийн бичгийн дарга болдог юм байна.
 
 
Нарийн бичгийн дарга гэдэг чинь нэг ёсондоо намын зүрхэнд орж ажиллана гэсэн үг л дээ. Тэгэхээр нь би "Даргаа би намын гишүүн хүн биш шүү" гэхэд залуу чи юу ярьж байна. Намд орохгүй юмуу гэсэн. Ингэж би намын хүсэлтээр намд орсон.
 
 
-Та герман, япон хэлтэй гэлээ. Хэл сурах нь таны өөрийн сонирхол байв уу?
 
-Би багаасаа гадаад хэл сурах сонирхолтой байсан л даа. Тиймдээ ч Нүүрсний уурхайн товчоонд ажиллаж байхдаа буюу 1979 онд Бээжин рүү улсын зардлаар герман хэл сурахаар явсан. Мэдээж хэлээ сурахынхаа хажуугаар улс орондоо тусаа хүргэх ёстой шүү дээ.
 
 
Тэгээд ч тэр үед Хятад улсад 10 даацын нефтьний үйлдвэр байгуулж маш хурдцатайгаар улсаа хөгжүүлнэ гэсэн уриа лоозон гарсан байсан юм. Тиймээс би 20 залуу дагуулж баруун Герман руу очиж хэлийг нь сурахаас гадна Германы бүх тоног төхөөрөмжийг Хөлөнбуурийнхаа нүүрсний уурхайд оруулж ирнэ гээд явж байлаа.
 
 
Герман хэлийг тэгж л сурсан юм. Харин Япон хэлийг Хөх хотод ирсэн хойноо сурсан. Өөрөөр хэлбэл аав маань тэр үед Өвөрмонголын Эдийн засаг аж ахуйн сургуулийн орлогч даргаар ажиллаж байсан.
 
 
Уг нь эрэгтэйчүүд 60 хүрээд тэтгэвэртээ гардаг ч манай аав 66 хүртлээ энэ сургуульд ажилласан. Аавын сургуульд японд сурч байсан хүмүүс япон хэл заадаг байлаа. Тиймээс би япон хэл сурахаар  Бээжингээс Хөх хотод ирж байгаа нь тэр.
 
 
-Таныг монголчуудаа маш их дэмждэг гэх юм билээ. Чухам яаж дамжив сонирхуулаач?
 
-1984 онд Нүүрсний уурхайн товчооноос Өвөрмонголын удирдлагын хөгжлийн институтэд сургалтын албаны даргаар ирсэн юм. Энэ хэлтэс бол онцгой хэлтэс. Ерөөсөө Өвөрмонголын 24 тэнхимийн дээд сургуулийг хариуцдаг маш том хэлтэс байгаа юм.
 
 
Энэ 24 тэнхимд харьяалагддаг 11 сургуулийг би ганцаараа хариуцна. Тэндээсээ Өвөрмонголын монгол хэл бичгийн комисс гэж байдаг юм. Түүний удирдлагатай уулзаж сургуульдаа монгол хэл бичгийн ангийг нээсэн. Энэ ангийг төгссөн хүн баклавар зэрэгтэй төгсөнө шүү дээ.
 
 
Өөрөөр хэлбэл монгол бичиг мэддэг залуу албан хаагчдаа дипломтой болгож эхэлсэн. Дипломтой болно гэдэг чинь зэрэг түвшин нь нэмэгдэж цалин нь өснө гэсэн үг. Энэ бол өөрийнхөө чадлын хэрээр монгол үндэстэндээ үзүүлж байгаа миний гавьяа. Тийм үү?
 
 
-Тэгэлгүй яахав. Ингэхэд та энэ удаад Монгол Улсад ямар ажлаар ирэв?
 
-Би анх 1989 онд хэлмэрчээр Монгол Улсад ирж байсан. Монгол Улс Орос улстай харилцаа сайжирч түүний үр дүнд Хятад, Оросын харилцаа ч сайжирсан юм. Тэр үед Орос, Монгол хоёр улсад барилга барих ажил эхэлж тэрхүү ажлыг Хятадын тал гүйцэтгэхээр болов.
 
 
Тэгээд хэлмэрч хэрэгтэй болж би хэлмэрчээр ирсэн хэрэг. Дараа нь 1992 онд бас нэг ирсэн. Харин энэ удаад МУБИС-ын Олон улсын дүрслэх урлагийн сургуулийн эрдэм шинжилгээний хуралд ирсэн.
 
 
Энэ хуралд Хятадаас хоёр, Польшоос гурав, Японоос нэг хүн ирсэн гэсэн. Мэдээж нэгэнт энд ирснийх суралцагчид элсүүлэх ажлаа давхар хийж байна. Хөвсгөл, Төв аймгуудаар яваад ирлээ хүүхдүүд их л сонирхож байна.
 
 
-Хөдөө орон нутгаар явж элсэлт авах ажил давхар хийлээ гэлээ. Монгол хүүхдүүд ямар ямар мэргэжлээр танай сургуульд суралцах боломжтой вэ?
 
-Манай сургууль бол Чиндо Чиүши ажил мэргэжлийн технологийн дээд сургууль. Дотроо 24 салбар сургуультай их том сургууль л даа. 10 гаруй мянган оюутантай. Гадаадын оюутан ч олон бий.
 
 
Би нэгд, энэ сургуульд ажиллаж байгаагийн хувьд, хоёрт монголоо гэсэн цохилох зүрхтэйн хувьд Монголын төрийн дөрвөн сургуулийг өөрийнхөө сургуультай холбож өгсөн. Өөрөөр хэлбэл хамтран ажиллах гэрээгээр холбоотой болгосон.
 
 
Тухайлбал: МУБИС-ийн Дүрслэх урлагийн сургуультай гурван мэргэжлээр хамтран ажиллаж байна. Хүүхэлдэйн урлагийн дизайн, хувцас урлагийн дизайн, засал чимэглэлийн дизайн гэсэн. Энэ чиглэлээр сурч байгаа хүүхдүүд эхлээд манай сургуульд хоёр жил дараа нь МУБИС-д хоёр жил суралцаад дипломоо авна.
 
 
Тухайн суралцагч цаашид магистр докторт суралцах сонирхолтой бол энэ хоёр сургууль хоёулаа дэмжиж ажиллана гэсэн гэрээтэй. Бас Батлан хамгаалах сургуультай хоёр мэргэжлээр хамтран ажиллаж байна. Эхнийх нь төрийн засаг захиргааны мэргэжилтэн бэлтгэх дараагийнх нь хөдөө аж ахуйн механик механикийн чиглэлээр.
 
 
Мөн Эрдэнэт болон Дорноговь аймгийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдтэй хамтран ажилладаг. Бүгдээрээ л төрийн сургуулиуд байгаа биз. Энэхүү гэрээнүүдийн зорилго нь хоёр улсын сурган хүмүүжүүлэх салбарыг холбож өгөхөөс гадна ирээдүйн боловсон хүчнээ чанартай бэлтгэхэд оршиж байгаа.
 
 
Мөн энэ хамтын ажиллагааны дагуу Өвөрмонголын найман хошууны хүүхдүүд болон хятад хүүхдүүд энэ гэрээ хэлэлцээрийн дагуу Чиндод хоёр жил Монголд хоёр жил суралцаж боломжтой.
 
 
-Ингэхэд Хятад улс боловсролын салбараа хэр дэмжиж ажилладаг вэ? Энэ салбартаа ямар бодлого баримтлан ажиллаж байна вэ?
 
-Ирээдүйд малчин болно гэж байгаа хүүхэд заавал их дээд сургуульд орох хэрэггүй л дээ. Харин ирээдүйд ямар нэгэн мэргэжилтэй болж ажил хийж амьдарна гэж бодож байгаа бол заавал их дээд сургуульд орох шаардлагатай.
 
 
Тэгээд ч Хятадад "Соёл шинжлэх ухаан бол хөдөлмөрийн хүч" гэсэн уриа үйлчилдэг. Нэг ёсондоо пролетари анги гэгдэж байгаа сэхээтэн хүмүүс улсын тулгуур хүч болно гэсэн үг. Энэ бол маш зөв бодлого.
 
 
Мөн "Соёл шинжлэх ухаан нэг үндэстнийг авардаг нэг гүрнийг авардаг" гэсэн бас нэг уриа лоозон одоо ч манай улсад үйлчилж байна. Ямар ч шинжлэх ухааны мэдлэггүй гүрэн хөгжихгүй биз дээ. Түүнийг хэлээд байгаа юм.
 
 
Манай улс ийм л бодлого баримтлан ажилладаг. Тиймдээ ч боловсролын салбар маш хүчтэй хөгжиж байгаа. Ер нь тэгээд шинжлэх ухаанд социалист ёсны хөрөнгөтний ёсны гэсэн ялгаа байхгүй.
 
 
Яг үүнтэй адил эрдэмд бас ямар ч ангийн чанар байхгүй. Пролетари ангийн эрдэм, хөрөнгөтөн ангийн эрдэм гэж ялгагддаггүй биз дээ. Эрдэм бол хүмүүн төрөлхтний нийтийн зүйл.
 
 
-Ерөөсөө энэ хоёр уриа хүмүүсийг эрдэм номд шамдах ёстой гэсэн тэмүүлэлд хүргэсэн гэх гээд байна уу, та?
 
-Тийм тийм. Энэ бол Хятадын ерөнхий сайд байсан хүний гаргасан уриа лоозон. Энэ бол нэг талын залуучуудыг зоригжуулах арга. Тэгээд ч эрдэм мэдлэгтэй байж гэмээнэ хүн хүмүүжилтэй болно.
 
 
-Монгол хүүхдүүдийн оюуны потенциал ямар байна. Монголын дөрвөн сургуультай хамтарч ажиллаж байгаагийн хувьд ямар нэгэн дүгнэлт хийсэн байх гэж бодож байна?
 
-Өөрийнхөө сургуульд очиж сурч байгаа хүүхдүүдээс гадна би Их засаг дээд сургуульд 2008-2010 он хүртэл хоёр жил багшилсан болохоор монгол хүүхдүүдинн оюуны потенциалыг ерөнхийд нь мэднэ л дээ. 2005-2006 онд Оросын буриадын сургуулийн Улаанбаатар дахь сургуульд бас нэг жил хятад хэл заасан.
 
 
Миний бодлоор Монголын сурган хүмүүжлийн чиглэл тэр чигтээ Оросыг дууриасан санагддаг. Ном сурах бичиг, хичээлийн төлөвлөгөө зэрэг нь яг орос маягаар хийгдсэн. Би өрөө сурвалжид гаралтай болохоор үүнийг зөв гэж боддог юм.
 
 
Харин манай улсынхтай их зөрөөтэй. Одоо үндсэн асуултандаа хариулахад манай монгол хүүхдүүд суралцах сонирхол ихтэй. Ялангуяа гадаад хэл сурах үнэхээр авьяастай. Энэ бол монгол хүний онцлог. Орос, япон, англи хэл сурахдаа үнэхээр чадвартай.
 
 
Хятад, монгол хоёр хүүхдийг зэрэгцүүлж суулгаад япон, орос хэл заахад монгол хүүхэд хэзээний сурчихсан хятад хүүхэд сураагүй байдаг. Харин хятад хэлийг сурахдаа жаахан муухайн байна. Энүүхэндээ гэхэд хорвоо ертөнцийн зургаан хүн тутмын нэг нь хятад хүн байна шүү дээ.
 
 
Тэгэхээр Хятад их том гүрэн байгаа биз дээ. Ийм том гүрний хэлийг хэцүү гэлтгүй хичээн сурах л хэрэгтэй. Энэ дашрамд бас нэг сайхан мэдээ дуулгахад хятад хэлний мэдлэг нь дунд зэргийн зургаан дэсээс дээш бол Хятадын засгийн ордны зардлаар баклавр, магистр, докторантад сурч болно.
 
 
Сургалт болоод дотуур байрны зардлыг Хятадын засгийн газрын ордноос даана. Бас сард 1000 гаруй юанийг хоолны мөнгө болгон өгнө. Энэ бол үнэхээр тэнгэрээс бууж ирсэн маш ховор олдох завшаан шүү.
 
 
Энэ сайхан завшааныг монгол хүүхдүүд ашиглах хэрэгтэй. Тэгээд ч хоёр том гүрний дунд оршдог Монгол Улсын хүүхдүүд орос, хятад хэлийг заавал сурах хэрэгтэй гэж би захидаг. Бас таван тивээр гялалзаж явъя гэвэл англи хэл сурах хэрэгтэй гэдэг.
 
 
Эх сурвалж: "Улаанбаатар таймс"