sonin.mn

 

Өглөө ирээд л мэдээ харав. Өдөр тутмын ажил маань өглөөний мэдээ, өдөр болох үйл явдлын тоймыг сонирхсоноор эхэлдэг юм л даа. Сайхан мэдээ сонсоод баясдаг. Саар байвал ярвайсхийгээд өнгөрдөг байдалдаа бүр дасал болчихож.
 
 
Гэхдээ ярвайсхийгээд л янзын эд юм аа, арай ч дээ гэж өөр хоорондоо ярилцаад л өнгөрч боломгүй хэрэг хэрээс хэтэрч байна. Сүүлийн үед гарч буй гэмт хэргийн золиос нь хүүхдүүд эмэгтэйчүүд байдагт цочирдохоо больтол нийгэм зэрлэгшиж орхиж...
 
 
Гарч буй хэргүүдийн дийлэнх нь эрүүл хүний ой тоонд багтахгүй болтлоо хэрцгий байдаг болчихож. Багад хөршийн маань аав нэлээн балгана. Балгасан өдрөө бөөн чихэр халаасалж ирээд л орцны үүдэнд зогсон хавийн хүүхдүүдийг дайлдаг байж билээ.
 
 
Багачууд ч Баяраа ахыг халамцуу найгасхийгээд алхаж айсуйг алсаас харж, тосон гүйлддэгсэн. Айлын аавыг халамцуу ирээсэй гэж "хүсдэг", хүлээдэг бага насаа бодохоор архи тийм ч аймаар эд шиг санагддаггүй байсан юм.
 
 
Харин энэ цагт эл идээ, идээний жатаг шидэнд хорлогдсон хүмүүнийг харахаас, халамцуу явна гэж сонсохоос ч халгадаг болчихсон байх юм. Хар бараан мэдээ болгоны ард халамцуудаа хийчихсэн юм байна шүү дээ гэх хачин жигтэй, шуудхан халэхэд хаацайлаад байгаа юм шиг тодотгол дагалддаг учраас тэр...
 
 
Хамгийн аймаар нь халамцуугаар үйлдэгдсэн харгис, хүмүүн бус хэргийн золиос нь ихэвчлэн хүүхэд байдаг учраас тэр. Монгол Улс хүүхэд залуусын орон. Дэлхий нийтэд хөгшрөлт газар авч хүүхдийн цангинасан инээд баяр жаргалаар цангаж эхэлчихээд буй энэ үед энэ бол том боломж басхүү бахархал.
 
 
Гэвч бардамналын ундрал болгоод буй багачууддаа бид хэрхэн хандаж байна вэ. Ингэхэд хүүхэд гэж хэн юм бэ. Гэрийн чимэг гэдэг шиг амьдралын аз жаргалыг гэрэлтүүлэгч гэдэгсэн биш бил үү? Ганцхан долоо хоногийн дотор Монголын үрсэд ахадсан аймшигт мэдээ ар араасаа хөвөрлөө.
 
 
Аавдаа заазуурдуулсан тавхан настай жаал, айлын амбаарт гурван жил нохой шиг / уучлаарай нохойгоо амбаарт хорьдог айл байдаггүй байх гэдэгт итгэдэг байлаа/ хоригдсон хүү, зарлалын самбарт даруулж золтой л хорвоогоос явчихаагүй 13 настай хүүхэд...
 
 
Зүрх шимширч элэг эмтэрдэг бол эмтрэхээр гашуун түүх. Өглөөхөн ирээд уншсан хамгийн анхны мэдээ "архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдэх тохиолдол ихэсчээ.
 
 
Тодруулбал, БЗД-ийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Туул зөрлөгт иргэн Н нь согтуурсан үедээ шалтгаангүйгээр  өөрийн эхнэр Ц-гийн хөлийн шилбэ рүү сүхээр цохиж зодон, дөрвөн сартай хүүхдийнхээ толгойн ар хэсэг рүү модоор цохиж танхайрсан хэрэг гарсан байна.
 
 
Гэмт этгээдийг саатуулан, хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ". Аав уу, аль эсвэл ээжийн буруу юу. Нэгэн цагт хамтын амьдралаа эхлүүлэхдээ хамтдаа цугтаа гэсэн амлалт амлаагүй аавуудаар дүүрчихсэн, арван сар тээж төрүүлэхдээ аминаасаа илүү хайрлаж чангахан гишгэхээс эмээдэг эхийн энэрлээс татгалзчихсан нийгэм үү.
 
 
Хүнийг хорьж болдог хүүхдийн тоглоом шиг мөчлөөд алчихдаг зүйл америкийн детектив кинон дээр л байдаг гэж бодож яваан маань тэгээд айхтар том тэнэглэл үү. Авга эгчийнхээ зодуур нүдүүр дор байсан 16 настай хүүгийн хэрэгт Хөвсгөл аймгийн захиргааны хэргийн шүүх буруутай.
 
 
Тодруулбал хууль бусаар асран халамжлагчийг нь тогтоож харгис хамаатных нь гарт өгсөн байна гэх албаны хүний үгийг сонсоод ажлаа хийдэггүй нийгмийн ажилтанд гомдоогүй. Бас дургүй хүрээгүй. Гагцхүү удаа дараа боорцгоо хулгайлуулсан / хөршийн эмэгтэй өөрөө яг ингэж хэлсэн/ хөрш эмэгтэй үгэнд эгдүүцсэн.
 
 
Гар хөлөө гавлуулж дөнгөлүүлсэн хүү боорцог хулгайллаа гэж цагдаа дуудахаасаа өмнө хачин санагдаад байна, энэ хүүхэд гээд холбогдох албаныханд хэл дуулгах сэтгэл байгаагүйд нь хачирхсан. Алгын чинээ хүү айлын боорцгийг шуудайгаар нь үүрээд яваагүй нь мэдээж.
 
 
Халтардаж муугаа үзсэн хүүг боорцог "хулгайлах" гээд явж байхад нь барьж авсан юм бол учрыг асууж нүүрийг угаалгаад боорцгоо боож өгөөд цай уулгаж хоол өгөөд гаргах сэтгэлгүй Монгол эмэгтэй, эх хүн байгаад харамссан.
 
 
Өөрийнхөө үрстэй зүйрлэх сэтгэлгүй болтлоо догширсон өнөөгийн нийгмийн бодит дүрийг хирдхийн харсандаа цочирдсон. Ингэхэд эрхээ зөрчүүлэн нулимстай нүдээр хорвоог харж буй хүүхдүүд хэд байгаа бол Монголын өнөөгийн нийгэмд.
 
 
Яагаад ч сэтгэлд багтахгүй нь тавхан настай хүүгээ заазуураар зүсэж, хазаж, цустай нь хольж суугаа аавыг хүн гэх үү. Хүү зодуурыг байх ёстой байдаг зүйл гэж ойлгодог болчихсон юм шиг санагдсан. Бичлэгийг нь үзээд... Хүүг энэ удаа харгис аавын гараас салгалаа.
 
 
Хатуу тамлал дор хүн болж чадах эсэхээ үзэн энэ бол байгалийн шалгарал гэх аятай аж төрснөөс асрамжийн газар аж төрж насанд хүрсэн нь хүүд зөв биз. Гэвч ийм чимээгүй дарлал, тамлал дор хэдэн хүүхэд байгаа бол. Хэнд ч хэлж чаддаггүй хэлэхээ ч мэдэхгүй...
 
 
Басхүү аав ирээгүй, ээж согтоогүй өдөр хольцгүй талхны булан мэрэн хэдэн балчир "торниж" байгаа бол. Хүүхэд гэдэг "амьтан" өсөж яваа амьтан. Зүйрлэвээс хаврын ногоо хөр цасыг зүсэн нялхамсаг төрхөө гайхуулан цухайдаг шиг өдөр хоногоор өсдөг бодгаль. Гэтэл чихэр, амттан нэхэж нялхардаг насандаа зодуур бол зовлон биш байх ёстой зүйл гэж бодон хэдэн жаал өдөр хоногийг өнгөрөөж байгаа бол...
 
 
Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотод 16 настай хагас өнчин хүүг өөрийн асрамжинд байлгаж байна хэмээн амбаарт хорьж, зодож, тамлаж, өлсгөж байсан аймшигт хэрэг ил боллоо гэх мэдээллийг сонсоод өргөж авсан гэж бодсон.
 
 
Нэг эхийн хэвлийгээс цувж гарсан төрсөн ахыгаа энэ хорвоогоос буцангуут нь үлдсэн үрийг араатанг хорих мэт харгисласан чинээ төсөөлөөгүй. Аймгийн төвийн III сургуульд багшилдаг байсан хүүгийн аавын төрсөн /төрсөн шүү/ дүү нь "төрсөн" ахынхаа хүүг ийн тамлаж, багш хүн тэр дундаа хүүхэдтэй ажилладаг хүнээс гарамгүй үйлдэл гаргасан нь энэ нийгмийн өнөөгийн монголчуудын гутамшиг.
 
 
Алтан дээр суугаад гуйлга гуйдаг гэж гоочлуулж болноо, дэлхийд. Алгын чинээ үрсээ алж хядаж, тарчлан зовоож кайф авдаг гэж яригдаж болохгүй. Бүр бодож ч болохгүй. Сургуулийн захирал нь хэлсэн байна лээ.
 
 
Дөрвөн жилийн өмнө манайд ажиллаж байгаад явсан хүн юм байна лээ. Тэрнээс хойш хоёр, гурван ч сургууль дамжсан гэж дуулдах. Захирал багш ярьж байнаа. "Миний мэдснээр Дэлгэрмаа, Дэлгэрмөрөн гэдэг хоёр хүн л болов уу гэж таамаглаж байна.
 
 
Тэр хэрэгт чинь хоёр, гурван ч хүнийг хамаатуулж шалгаж байгаа гэсэн. Тэгээд манай сургуульд багшилж байсан гурван багш байгаа юм байна лээ. Тэр гурвын нэг л гэж яриад байна лээ. Тэгэхээр манай сургуульд хамааралгүй" гэж ирээд л...
 
 
Хуруухан чинээ хүүгийн ирээдүй итгэл сэтгэл эрүүл мэндээр наадчихаад байгаад эмзэглэхээсээ илүүтэй нэр төрөө хамгаалах гэсэн увайгүйтэл ханх тавьсан хариулт.
Хамгийн аймаар нь хүүг хоригдож байх энэ хугацаанд хэн ч эрж сураглаагүй бөгөөд хөрш айлын эмэгтэй түүнийг боорцогны хулгайд сэрдсэнээр хууль хяналтын байгууллага мэдсэн.
 
 
Хүүг хорьж байсан аавынх нь төрсөн дүү нь сурган хүмүүжүүлэгч, багш хүн байсан гээд байгаа. Хүүгийн ээж хүүтэйгээ холбоо барихаар олонтаа оролдсон ч холбоо бариулаагүй юм байна лээ.
 
 
Гэхдээ салаа замын эрхээр замаа хөөсөн бүсгүй төрсөн эцгийнхээ дүү нар дээр очсон хүүгийнхээ ирээдүйг бараантлаа гэхэд малчин болгоод сургуульд явуулахгүй байх даа л гэж бодсон тухайгаа нулимс дуслуулан хэлсэн.
 
 
Хүмүүн бусаар хорьж ид цэцэглэдэг инээж гүйдэг насаа харанхуй хүйтэн амбаарт гинжлүүлж өнгөрсөн гэж хэрхэн санах. Нэг л биш ээ, энэ нийгэм. Хамгийн гол нь хүүхдэд хандаж буй томчуудын хандлага. Одоо үзэгдэхээ больсон байна лээ.
 
 
Гурав дөрвөн жилийн өмнө хотын төвд Их дэлгүүрийн хавьцаа гар хөлгүй нэг залуу гуйлга гуйгаад л суудаг байсан. Тэр Сэлэнгийн уугуул. Гэр нь хөдөө. Ижий нь малчин. Түүнийг сургууль номын мөр хөөж сайн хүн болог гэсэндээ ээж нь сумын төвд хамаатныдаа суулгаж сургуульд явуулсан гэдэг.
 
 
Дүүтэйгээ хамаатныдаа байдаг хүү амралтын өдөр болохоор л гэр рүүгээ ухасхийдэг. Хамаатны эгч хоёр өртөөний цаадтай байх гэртээ хүрэх замын зардал өгдөг. Харин ээж нь өвлийн идшийг нь бэлддэг байсан гэх.
 
 
Хүү ээлжит амралтынхаа өдрөөр гэртээ харихыг хүсч хамаатны эгч энэ долоо хоногтоо хэрэггүй хичээлээ давт. Шалгалт дөхөж байгаа гэж хэлж. Харин жаалхүү дүүгээ дагуулаад туулайчлаад гэртээ харихаар тэмүүлж. Хөхөө өвлийн хүйтэн шинэ жилийн амралт дөхсөн үе.
 
 
Вагоны үйлчлэгч хоёр хүүг туулайчилж явааг мэдээд эзгүй өртөөн дээр хээр талд буулгачихаж. 25 км-ийн цаана гэр нь байгааг мэдэх хүү зам дөтлөн уул давж яваад даарч хөрөхийн эрхэнд айлын эзэнгүй өвөлжөөнд хоноглож.
 
 
Дүү нь даарч байна гэж хувцсаа тайлахаар нь өөрийнхөө өгч нэмж нөмөргөсөөр үүрээр ухаан алджээ. Өглөөгүүр өвөлжөөний эзэн амбаараасаа юм авахаар ирээд хоёр жаахан хүү хамаг хувцсаа тайлчихсан хэвтэж байхыг үзээд хүн амьтанд хэл дуулгаж яаралтай эмнэлэгт хүргэснээр хүүхдүүд амьд үлдсэн.
 
 
Дүү нь өрөөсөн хөлөө харин ах нь хоёр гар, хоёр хөлөө тайруулсан. Ээждээ зовлон нэмэхгүй гэсэндээ оргоод хотод ирсэн, одоо траншейнд амьдарч байна даа гэж ярьсан тэр залуу проводник эгч бид хоёрыг хөөж буулгалгүй шал, нойлоо цэвэрлүүлсэн бол би сургуулиа төгсөөд, зоо техникч болох байсан гэж яриад нэг их санаа алдаж билээ.
 
 
Ийм л хүйтэн хандлага мэдрэмж хүнийрхүү авирын золионд хүүхдүүд өртдөг. Дэлхий дайдад гарч буй хэргийг хирдхийн сонсдог монголчууд бусдаас өөр гэдгээ бид мартчихаж. Өөриймсөг гэр бүлсэг жаахан гоочилчиход жалгамсаг үзэл нүүдэлчдийнх.
 
 
Тэр үзлийнхээ ачаар басхүү дэмээр бид цөөхүүлээ ч цугтаа хамтдаа олон он жилийг туулж ирсэн. Албан бус мэдээллээр манай улсаас жилд 120 гаруй хүүхэд гадаадад үрчлэгддэг гэсэн мэдээлэл бий. Яаж, хэрхэн үрчлүүлдэг нь нууц байдаг.
 
 
Үүний цаана юу болж байгааг хэн ч мэдэхгүй. Манай улсаас тархины саажилттай хүүхдүүд гадаадад өргүүлсэн тохиолдол цөөнгүй бий гэж төрийн бус байгууллагынхан хэлдэг. Хэзээ ч эмчлэгдэхгүй, эрүүл саруул хүн болохгүй тэдгээр хүүхдүүдийг ямар зорилгоор үрчилж байгааг хэн ч мэдэхгүй.
 
 
Магадгүй тэднийг эд эрхтний донор болгож, дамладаг байхыг ч үгүйсгэх аргагүй. Мал хүртэл төлөө гишгэдэггүй орчлонд монголчууд хүүхдүүдээ хүний өөрийнгүй гадуурхах аян өрнүүлчихсэн аятай аяглах нь юуны учир. Өчигдөр дэлхийн гэр бүлийн өдөр гэнээ.
 
 
Нийгэм гэр бүлийн төлөвшилтөөс эхэлдэг гэдэг. Гэтэл ийм гэр бүл, ийм хүйтэн мөс шиг ханддаг ад дөрлүүлчихсэн монголчуудад, бид ардчилсан улсын иргэн гэж бардамнах эрх бий юу? Би эргэлзэж байна. Эсвэл хүн биш ээ хүүхэд гэх үү. Уучлаарай улс нийгэм.
 
 
Ерөнхийлөгчийн сонгууль, Оюутолгойн ашиг шим, Тавантолгойн хувьцаа пад алга. Хамгийн түрүүнд хүүхдүүдээ хүн шиг хүн болгох нөхцөлөөр л хангая. Өнөөдөр өлслөө гээд үхчихгүй. Өр нимгэн зангаа умартан араатан мэт улангассан хүмүүн олшрох аваас л тэр чинь мөхөл. Мөхөл ойрхон ирчихэж ээ, монголчууд аа...
 
 
З.Урансүх
 
Эх сурвалж: "Улаанбаатар таймс"