sonin.mn
Дуучин Б.Батмэндтэй хамтран дуулсан "Санасан шүү чамайгаа" дуугаараа олны танил болсон ҮДБЭЧ-ын гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан С.Цогтсайханг Монголын ард түмэн сайн дуучин, сайхан ч бүсгүй гэлцдэг.
 
 
Тэрбээр дуу хуурт татагдан дуучин хэмээх мэргэжлийг эзэмшээд цөөнгүй жилийг үдэж буй. Энэ ч үүднээс ард түмэндээ өөрийн бие даасан тоглолтоо сонирхуулах болсон гэж үзэн энэ сарын 31-нд "Хатан салхины аялгуу" нэртэй тоглолтоо өргөн барихаар төлөвлөсөн байна билээ.
 
 
Уг нь тэр СУИС-ийг уртын дууч мэргэжлээр дүүргэсэн ч уртын, ардын басхүү зохиолын дуугаа ч ард түмэнд хүргэж хөрвөх чадвартай дуучин гэдгээ баталж яваа хүн. Уянгалаг сайхан хоолойгоороо бусдаас ялгагддаг дуучин бүсгүйтэй уулзаж яриа өрнүүллээ.
 
 
-Та тоглолтоо "Хатан салхины аялгуу" хэмээн нэрийджээ. Ямар утга агуулгыг бодолцон ийн нэрлэв гэдгээс яриагаа эхэлье?
 
-Энэ бол миний хоёр том бүтээлийн нэр. Тодруулбал эхнийх нь энэ удаагийн тоглолтын нэр "Хатан салхины аялгуу". Хоёрт, энэ тоглолттойгоо зэрэг яг ийм нэртэй цомог гаргасан. Тоглолт үзсэн бүх хүнд энэ цомог маань бэлэг болон очно.
 
 
Харин нэрний тухайд их олон нэрнээс шүүгдэж байж өгөгдсөн. Эмэгтэй хүн газар дэлхийтэйгээ ойрхон байдаг гэдэг үүнээс салхи гэдэг үгийг оруулсан юм. Хатан гэдэг бол тодорхой. Эмэгтэй хүн энэ яваа насандаа хатан хаан шиг амьдрах хэрэгтэй.
 
 
Түүнчлэн би дуучин хүн учраас аялгуу гэдэг үг миний хувьд маш утга төгөлдөр үг. Миний амьдралд ийм л чухал үүрэг бүхий гурван үг энэ тоглолтын нэрийг бүтээж байгаа юм. Энүүхэндээ гэхэд талын тааламжтай салхийг мэдэрч өссний хувьд салхи гэдэг үгийг их олзуурхаад байгаа шүү.
 
 
-Мэдээж энэ тоглолт аялгуу урласан сайхан тоглолт болох нь тодорхой...?
 
-Мэдээж тэгэлгүй яахав. Энэ тоглолтондоо уртын болон ардын мөн харилцаа дуунуудаасаа дуулна. Бас эхийн тухай сайхан дуунууд эгшиглүүлнэ. Тоглолтонд маань түрлэг өргөхөөр Ардын жүжигчин А.Долгор, гавьяат жүжигчин Д.Ширмэнтуяа, Соёлын тэргүүний ажилтан С.Наран, Б.Батмэнд, Д.Амаржаргал зэрэг олон дуучин ирнэ.
 
Түүнчлэн монгол бүсгүйн намба төрх, уян налархай байдлыг харуулсан уран нугаралт, бүжиг, хөөмий гээд л олон сонирхолтой хөтөлбөр багтсан байгаа.
 
 
-Дуучин Цогтсайхан олон сайхан нийтийн дууг үзэгч фенүүддээ хүргэсэн. Нийтийн болон олон түмэнд хүрсэн дуэт дуунуудаасаа дуулах болов уу гэж хүлээж суугаа хумүүс байгаа байх. Мөн түүнчлэн ямар нэгэн шинэ уран бүтээлээ үзэгчдэдээ толилуулах уу?
 
-Мэдээж дуучин Батмэндтэй хамтран дуулсан дуунуудаасаа дуулна. Түүнээс гадна "Ээжийн үнэр" гэж их сайхан дуу бий. Энэ дуугаа дуулна. Яг үнэнийг хэлэхэд цоо шинэ дууг концертон дээр хүмүүс хүлээж авахдаа жаахан муу байдаг л даа.
 
 
Гэхдээ би энэ удаад "Сургаалийн үг" гэсэн эхийн сургаалийн талаар өгүүлсэн их сайхан дуугаа үзэгчдэдээ хүргэхээр төлөвлөөд байгаа. Эхийн тухай өгүүлсэн дуунууд ихэвчлэн би ээждээ хайртай, ээжийгээ санаж байна гэх зэрэг үгтэй бол энэ дуу маань арай өөр.
 
 
Үр хүүхдээ ирээдүйд сайн сайхан явахын тулд ингэх, тэгэх хэрэгтэй гэсэн сургаалийн үг бүхий дуу. Нэг ёсондоо би тайзан дээр ээжийн дүрд хувирч үзэгч хүүхдүүддээ сургааль айлдана гэсэн үг.
 
 
-Өөрөө амьдрал дээр хэр их сургааль хайрладаг ээж вэ?
 
-Мэдээж сургаалийн үг хэлэлгүй яахав. Гэхдээ байнга үглээд байдаггүй. Тэгээд ч манай хүүхдүүд миний царайг хараад л юу гэх гэж байгааг минь ойлгочихдог. Ер нь би дуу цөөтэй хүн л дээ. 
 
 
-Дуучин Батмэндтэй хамтран дуулсан олон сайхан дуунд чинь монголчууд дуртай байдаг. Харин сүүлийн үед хамтарч дуулахгүй байх шиг?
 
-Тиймээ. Бид хоёр олон сайхан дуугаараа монголчууддаа хүндлэгдсэн. Бас хүмүүст төдийлөн сайн хүрээгүй дуэтүүд ч байгаа. Таны хэлсэнчлэн сүүлийн үед бид хоёр хамтарч юм хийсэнгүй.
 
 
Гэхдээ бидний уран бүтээлийг нийтийн дуугаар хязгаарлаж болохгүй. Бидний хамтарч дуулсан олон сайхан харилцаа ардын дуу бий. Бид хоёр хоёулаа уртын дуучин хүмүүс шүү дээ. Тиймээс уртын сайхан дуунуудаа дуулаад л явж байна.
 
 
-Ингэхэд дуучин Цогтсайхан ардын дуу, уртын дуу, нийтийн дуу гурвын алинд нь илүүтэй татагддаг вэ?
 
-Би уртын дуучин мэргэжлээр СУИС-ийг төгссөн болохоор уртын дуундаа  илүү татагддаг. Үзэгчид сонсогчид бол ихэвчлэн дуэтүүдийг минь сонсох дуртай юм шиг санагддаг. Хурим найранд бол ихэвчлэн дуэт дуугаар л уригдана шүү. Гэхдээ дуучин хүн хөрвөх чадвартай байх хэрэгтэй гэдэг үүднээс аль алийг нь дуулдаг.
 
 
 -Өөрөө урлагийн сайхан бүсгүйчүүдийн нэг. Угаасаа ч урлагийнхан олны нүдэнд байнга торж байдаг болохоор гоё сайхан байхаас аргагүй байдаг шиг байгаа юм. Та гоо сайхандаа хэр их анхаардаг вэ?
 
-Эмэгтэй хүн гоо сайхан болон эрүүл мэнддээ цаг гаргаж байх хэрэгтэй. Тэр тусмаа урлагийн бид хүмүүсийн нүдэн дээр ил байдаг болохоор гоо сайхандаа анхаарахаас аргагүй.
 
 
Гоо сайхан байхын тулд баримталдаг миний зарчим бол унтаж амрах. Угаасаа мэргэжил минь ч ингэж шаарддаг юм. Түүнчлэн аль болох ядрахгүй байхыг хичээдэг. Бас чанартай хүнс хэрэглэхийг бодно. Ер нь бүх тал дээр л анхаардаг даа.
 
 
-Тэгвэл өөрөө хэр сайн ээж вэ?
 
-Хэр сайн ээж болохыг минь миний хань болон хүүхдүүд л хэлэх байх даа. Гэхдээ бид цаг наргүй ажилладаг улс. Үдэш орой ирнэ. Гадаад дотоодод томлолтоор явна. Ер нь явж суух ажил их шүү дээ, урлагийнханд.
 
 
Хүмүүс сайхан амарч байхад бид тэдний амралтанд нь зориулан ажлаа хийж байдаг. Яг энэ үүднээс сайн ээж байхад бага зэрэг хүндрэл тулгардаг. Тэр бүгдийг, ард тал маань зохицуулж байдаг. Мэдээж үр хүүхдүүдтэйгээ хамт байхдаа аль болох сайн ээж байх гэж хичээдэг.
 
 
-Ихэнх ээжүүдэд хүүхдийнхээ хичээлийг хийлгэх ажилд оноогддог. Харин таны хувьд?
 
-Сургуулийн хүүхэд маань одоохондоо бага байна л даа. Үнэнийг хэлэхэд хүүхэддээ хичээлийг нь хийлгэх зав гаргаж чадахгүй л байна. Багш нарт нь даатгачихдаг. Зарим ээжүүд хааяа ганц хичээлийг нь хийлгэхээр хашгичиж зандраад л бөөн юм болдог. Харин би тийм биш. Мэдээж тэр хүүхэд ойлгоогүй болоод л хийж чадахгүй байгаа шүү дээ. Тийм учраас аль болох тайлбарлаж ойлгуулахыг боддог.
 
 
-Таныг Дундговь аймгийн хүн гэдгийг мэднэ. Хэр хөдөө амьтай вэ? Нутгаа хэр эргэж байна. Нутгийн уул ус харж байдаг гэдэгт итгэдэг үү?
 
-Тиймээ. Би Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын хүн. Ээж маань нутагтаа байгаа болохоор хэд хоног амрахаар болбол гараад л давхичихдаг. Их гэр маань тэнд болохоор ер нь л гүйдэл ихтэй шүү.
 
 
-Дундговийг дуу хуурын өлгий нутаг гэж ярьдаг. Энэ нутгаас төрөн гарсан алдартай дуучид олон. Энэ нутагт төрж өссөний хувьд үүнийг юутай холбоотой гэж боддог вэ?
 
-Их олон юмтай холбоотой гэж боддог шүү дээ. Газар нутаг, ахуй амьдрал, ёс жаяг, найр наадам гээд л. Манай нутагт гүү барих ёслол, унага тамгалах ёс буюу тамган найр гээд л их олон найр наадам болдог. Энэ наадмууд ямар ч насныханд хязгааргүй. Наадамд ирсэн хүмүүс их бага гэлтгүй бүгд дуулж хуурдана.
 
 
Энэ бүхэн л хүүхдийг багаас нь дуулж хуурдахад сургадаг юм болов уу гэж боддог. Түүнээс гадна тэр сайхан уудам тал нутагт төрсөн хүн уртын дуу аялахгүй, дуулахгүй байхын аргагүй. Ер нь дуулж хуурдах нь ямар нэгэн хэмжээгээр нутаг устай уялдаатай гэдэгт би итгэдэг. 
 
 
-Тэгэхээр удмаараа сайхан дуулж хуурддаг хүмүүс байх нь. Харин тань шиг урлагийн хүн байв уу, танай удамд?
 
-Аав ээжийн талын аль алинд нь найр хуриманд залагддаг дууч хүмүүс бол байсан. Гэхдээ урлагаар явсан хүн байхгүй.
 
 
Э.Анударь
 
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”