sonin.mn
Монголын кино урлагийн хөгжил, өнөөгийн байдлын талаар сэтгүүлч, кино найруулагч СГЗ Г.Золжаргалтай ярилцлаа. Тэрбээр МҮОНТ-д ажиллахын зэрэгцээ “Намуун Зэт” продакшинд баримтат киноны төрлөөр уран бүтээлээ туурвиж байгаа юм.
 
 
Түүний уран бүтээл болох “Амарбатын нэг өдөр”, “Ууланд зуссан эмээ”, “Гарын таван хуруу”, “Эр хүний нулимс”, “Адаг дулааны зайн”, “Хувь тавилан”, “Үнэний мөрөөр”, “Өвгөн зураачийн өчил” зэрэг олон баримтат кино үзэгчдийн хүртээл болсон байдаг.
 
Мөн өдөр тутмын сонин хэвлэлд 30 гаруй нийтлэл, өгүүлэл бичиж, 1700 гаруй нэвтрүүлэг бэлтгэжээ. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.
 
 
-Телевизийн олон арван нэвтрүүлэг, сурвалжлагаар тань ард түмэн Таныг андахгүй. Харин кино урлагийн салбарт хэзээнээс эхэлж оров. Энэ салбарт хүч үзэх шалтгаан юу байв? 
 
-Би МҮОНТ-д сэтгүүлч мэргэжлээр 1983 оноос хойш ажиллаж байна. Яг уран бүтээлийн нэвтрүүлэг бэлтгэсэн хугацаа гэвэл 1986 он юм. Тэр үед телевизийн баримтат нэвтрүүлгийг Дожоодорж гуай хийдэг байлаа. Би түүнийг нэг хэсэг чөлөө авсан хойгуур баримтат нэвтрүүлэг хийж үзсэн.
 
 
Би өөрөө МҮОНТ-ийн программын алба буюу нэвтрүүлэг төлөвлөлт, киноны редактораар ажилд орж байсан. Миний ажил бол өдөр бүр гарах уран сайхны, хүүхэлдэйн, баримтат кинонуудыг төлөвлөх мөн орчуулгыг нь хянах, кино үйлдвэрээс кинонуудаа татаж авч ирэх, хянаж шалгах үүрэгтэй байсан.
 
 
Өдөржингөө л кино үзнэ гэсэн үг л дээ. Тэгээд Орос, Унгар, Болгар, Чех, Герман хэл дээр байгаа уран сайхны олон ангит кинонуудыг тухайн хэл мэддэг орчуулагч нарт өгч, орчуулсан гар бичмэлийг засч, нэвтрүүлэгчээр уншуулах ажлыг зургаан жил хийсэн учраас кино урлагт татагдаж эхэлсэн.
 
 
Ер нь миний бага нас кино үйлдвэрийн хашаанд өнгөрсөн. Тэгээд хожим киноны мэргэжлээр суралцах болоход кино найруулагчийн ангид орох гэтэл 17-той байсан учраас насанд хүрээгүй байна гээд хожим суралцаж байгаад эргэж ирээрэй гэсэн.
 
 
Тэгээд би сэтгүүлчийн ангид сурч төгсөөд МҮОНТ-д ирж ажилласан. Кино орчуулагчын редактораар 1988 он хүртэл ажиллаад дараа нь уран бүтээлийн ажилд орсон. 1990-ээд оны үеийн телевизийн сурвалжлага, нэвтрүүлэг, асуудал дэвшүүлсэн ярилцлага гээд ер нь хийгээгүй телевизийн нэвтрүүлгийн төрөл гэж байхгүй.
 
 
Тухайн үед “Үдшийн хэмнэл” студийг хэсэг залуучуудтай хамтарч байгуулаад хэдэн зуун сурвалжлага бэлтгэсэн дээ. 
 
 
-Та голдуу баримтат киногоор дагнаж уран бүтээл туурвиж байх шиг. Тэр дундаа нэлээд аж амьдралын сэдвээр олон кино хийдэг. Баримтат кино хэдийг бүтээв?
 
-Уран бүтээлийн баримтат кино гэвэл асуудал дэвшүүлсэн, шинэ монголын түүхэнд нэлээд хувь нэмэр оруулсан нэр бүхий хүмүүсийн бодит үнэн аж амьдрал, ёс уламжлал, аж байдлын сэдвээр нийтдээ 40 гаруй уран бүтээл хийсэн.
 
 
Жишээлбэл, “Үнэний мөрөөр” гээд баримтат киног нэлээд удаан хугацаанд хийсэн. СГЗ сэтгүүлч Г.Жамъян гуайн ярианаас үндэслээд одоо үед мартагдсан, тухайн үедээ маш том гавьяа байгуулсан 19 настай хүүгийн тухай “Энэ хүнийг мартаж болохгүй юм шүү” гэсэн санааг илэрхийлсэн кино бүтээсэн.
 
 
Телевизийн нэвтрүүлэг хийж байхдаа “Хөдөөгийн залуус” гээд цуврал нэвтрүүлгийг 1993-1994 он хүртэл хийсэн. Тайга, тал нутгийн залуус, говийн бүсгүйчүүд, Баян- Өлгий, Ховд зэрэг баруун хязгаараар явж залуусын амьдралын талаар баримтат сурвалжлага нэвтрүүлэг хийдэг байсан.
 
 
Тэр үед л эдгээр сурвалжлагууд баримтат кино болмоор санагддаг байлаа. Ингээд 2003 оноос баримтат кинонд орсон. Учир нь манай аав Ч.Гомбо кино үйлдвэрт насаараа ажилласан. Маш олон баримтат кино хийсэн дээ. Баримтат киноны туршлагатай найруулагч, зохиолч, уран бүтээлч хүн байлаа.
 
 
Кино үйлдвэр 1990-ээд онд задарч, уналтад орж уран бүтээлчид нь гэртээ суусан. Энэ хооронд манай хүү Г.Батбилэг Кино, урлагийн дээд сургуулийн кино зураглаач, сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Тэр үед би энэ залуучуудыг түшиглээд кино хийж үзье гэж шийдсэн.
 
 
Үүнийг аав маань ч дэмжсэн л дээ. Бид 2005 оноос бие дааж студи байгуулж баримтат кино хийж эхэлсэн. Энэ хооронд телевизийн ажлаа ч хийж, зай завсраар нь баримтат киногоо хийсээр ирсэн. 
 
 
-Уналтад орсон кино урлаг хэсэг нам жим байсны эцэст борооны дараах мөөг шиг л дэлгэрсэн. Үүнд юу нөлөөлсөн бэ? 
 
-1990 оноос хойш кино хэсэг зогсонги байдалд байсан. Гэхдээ мэр сэр хальсны кино хийж байсан. Видео камераар ч кино хийж байсан. Ер нь кино үнэ өртөг өндөртэй бүтдэг урлаг л даа. Нэг метр кино хальс хэдэн төгрөг билээ.
 
 
Нийт 8-9 бүлэг кино 1800-2000 метр хальс орно, дээр нь ажилчдын цалин хөлс нэмэгдээд олон сая төгрөг зарцуулна. Үүнд зурцуулагдах улсын санхүүжилт зогссон учраас кино зогсонги байдалд орсон. Харин видео техникээр зураг авах боломж нэвтэрснээр кино хийх нөхцөл хялбар болж эхэлсэн.
 
 
1990-ээд оны дундуур Home видео, телевизийн сурвалжлагын камераар бас кино хийж эхэлсэн. Мөн 1990 оны дундуур манай боловсролын салбарт гарсан нэг өөрчлөлт бол хувийн их, дээд сургууль болон төрөлжсөн сургуулиуд байгуулагдаж эхэлсэн.
 
 
Энд кино театр, дэлгэцийн урлагийн чиглэлээр олон сургууль үүд хаалгаа нээсэн. Жишээлбэл, “Бэрс”, “Харцага”, “Кино урлагийн дээд сургууль”, “Зохиомж”, “Радио телевизийн дээд сургууль” гэх мэт. Эдгээр нь цэвэр телевиз, киноны мэргэжлээр уран бүтээлч бэлтгэх том уурхай болсон.
 
 
Төгссөн залуучууд дипломын ажлаасаа эхлээд зохиомж, богино хэмжээний бүтээл туурвиж эхэлсэн. Нэг мэдсэн чинь эргээд харахад кино уран бүтээл хийх бараг армитай болсон. 
 
 
-Техникийн шинэчлэл, боловсон хүчин зэрэг бэлтгэгдсэн нь кино урлаг сэргэх нөхцөл бүрдсэн гэж ойлгож болох уу? 
 
-2000 он гараад видео технологиор монтаж хийж эхэлсэн нь кино хийхэд улам бүр дөхөм болсон. Хоёр гурвуулаа камер худалдаж аваад кино хийх боломж бүрдсэн гэж хэлж болно. Дээр нь манай хошин урлагийнхан зуны цагаар кино хийж эхэлсэн. Бараг продакшн бүхэн өөр өөрийн кинотой болсон.
 
 
Тэд комеди буюу инээдмийн төрлийн кинонуудыг тун дажгүй төвшинд хийж эхэлсэн. Түүнчлэн 2005 оноос “Тэнгис”, “Өргөө” кино театрууд хувийн хэвшилд өөр зориулалтаар ашиглагдаж байснаа эргээд кино театр гэсэн үндсэн утгаараа ажиллаж эхэлсэн.
 
 
Эдгээр кино театрууд ашиглалтад орсноор кино уран бүтээл сэргэхэд том нөлөө болсон гэж би боддог. Үүнээс өмнө III хороололд байдаг “Соёмбо”, “Од” кино театруудад кино муухан гардаг байсан.
 
 
Солонгос хүмүүс “Тэнгис” кино театрт хөрөнгө оруулалт хийснээр орчин үеийн кино театртай болсон. Дараа нь “Өргөө”-г засварласан нь үнэхээр тэсрэлт болсон л доо. Үүнтэй уялдаад монголын кино продакшнууд бие дааж уран бүтээл туурвиж эхэлсэн. 
 
 
-Уналтад ороод сэргэсэн кино дэлгэцийн уран бүтээлчид яагаад кино үйлдвэртээ очиж бүтээлээ туурвихгүйгээр хувьдаа студи байгуулахыг чухалчилсан юм бол?
 
-Монгол кино нэгтгэл Ж.Солонгын гарт орсон учраас тэд жилдээ тодорхой хэмжээний улсын төсөв авч цөөн тооны баримтат кино хийх төдий л болсон. Яахав, монгол кино нэгтгэл 1990 оноос хойш улсын төсвөөр гурван уран сайхны кино хийсэн.
 
 
Гэхдээ тэнд залуу уран бүтээлчдийг киноны бааз суурин дээр аваачиж ажиллуулах боломж өгөөгүй учраас кино үйлдвэр маань хаалттай хот шиг үлдчихсэн юм. Тэгэхээр продакшнууд өөрсдийнхөө бор зүрх, зүтгэлээр кино хийж эхэлсэн.
 
 
Кино театрт үзэгчид кино үзэх боломжтой болонгуут ашиг орлоготой ажиллах боломж нь нээгдсэн хэрэг. Иймээс маш олон кино продакшнууд энэ салбарт хүч үзэхээр орсон. Жилдээ 40 кино шинээр гарч байсан өндөр үзүүлэлт ч байлаа шүү дээ.
 
 
Эдгээрийн дунд сайн кинонууд бий. Ийнхүү кино урлаг уруу хошуурах явц үнэхээр кино урлагт элэгтэй, кино хийх сонирхолтой бүтээлч залуучуудад сайнаар нөлөөлсөн. Тухайлбал, “Би чамд хайртай-2”-ыг найруулагч Л.Баатарын баг маш сайн хийсэн.
 
 
Зураг авалт, хөгжилтэй хошин зохиомж, сужет, найруулга тун дажгүй болсон. “Орхидос” кино ч сэтгэл зүйн эмгэнэлт төрөлдөө нэг хэсэг шуугиулсан. Найруулагч З.Батболдын “Боолын гэрээ”, “Бодлын хулгайч” гээд бүтээлч кино олон төрсөн. 
 
 
-Гэнэт эх адаггүй олон уран бүтээл кино театруудад гарах болсон нь үзэгч олонд янз янзын сэтгэгдэл төрүүлж эхэлсэн. Харин уран бүтээлийн шүүмжлэгчид тэр бүр үзэл бодлоо илэрхийлдэггүй юм шиг санагддаг. Ер нь кино шүүмжлэгчид байна уу? 
 
-Кино шүүмжлэгчид зайлшгүй байх ёстой. Социализмын үед кино шүүмж харьцангуй сайн байсан. Одоо бол шүүмж байхгүй болсон гэж хэлж болно. Ер нь зөвхөн кино урлаг гэлтгүй монголын нийгэм ямар нэгэн шүүмж хүлээж авах чадваргүйгээр хөгжиж байгаа нь гажуудал гэж би боддог.
 
 
Энэ нь юуг хэлээд байна гэхээр монгол хүн бол шүүмж хүлээж авах чадваргүй юм байна. Тиймээс шүүмжлэгчид үүнээс нь няцаж айгаад бичихгүй байна. Шүүмж бичсэн хүнийг дарамталдаг, дайралт хийдэг болчихсон байна. Ингэхээр нөгөө мод маань муруй ургаж эхэлнэ.
 
 
Шүүмжлэл бол шинжлэх ухааны үндэслэлтэй, зөв бодитой байх ёстой. Шинэ гарсан бүтээл бүрт шүүмж гарч байх шаардлагатай. Шүүмж хүлээж авч чадахгүй болсон шалтгаан нь 1990 оноос нэг нэгийгээ магтаж, хөөрөгдсөн, шагнал урамшуулал хэтэрсэн нь монголчууд магтаалд дуртай, шүүмжлэлийг хүлээж авах чадваргүй болгосон гэж боддог.
 
 
Тэгэхээр энэ нь кино урлаг төдийгүй монголын нийгэм өөрийгөө шүүмжээр засах чадваргүйгээр мурай явж байгаагийн илрэл юм. 
 
 
-Мэргэжлийн хүний нүдээр харахад эдгээр олон киночдоос тодор- хой тооны чадварлаг уран бүтээлчид бүтээлээрээ ялгарч байна уу? 
 
-Хэр зэргийн уран бүтээлч вэ гэдэг нь уран бүтээлийн чансаанаас харагддаг. Кино урлагийн дунд үеийнхэн болох найруулагч Батболд, Ганболд, Золбаяр, Жамъянсүрэн, Л.Баатар нарын бүтээ- лийн чансаа тодорч харагддаг шүү.
 
 
Өөрөөр хэлбэл, бүтээл нь олонд хүрч байна шүү дээ. Хажуугаар нь кино хийх сонирхолтой олон залуучууд байгаа. Тэднийг хорьж болохгүй. Кино урлагийн академи байгуулагдсанаас хойш жилд бүтээсэн кинонуудаа дүгнэж буй нь залуучуудынхаа урмыг сэргээх, өрсөлдүүлэх, бүтээлийн чансааг тогтоох нэг хэмжүүр юм.
 
 
Гэхдээ үүнийг нэг төрийн бус байгууллага л хийж байгаа ажил. Яг төрийн өмнөөс бодлого боловсруулах хэмжээнд залуу үеийн киночдын дахин сургалт, хууль эрх зүйн орчин, кино борлуулах, түгээх, зохиогчын эрхийг хамгаалах тал дээр юу хийх вэ гэдэг нь төр, засгийн хэмжээнд дөнгөж одоо л хөндөгдөж байна.
 
 
Кино урлагийн салбарт одоо эрх зүйн орчин нэн түрүүний тулгамдсан асуудал. Кино театруудад тодорхой хэмжээний мөнгө эргэлдэж байна. Зохиогчийн эрх зөрчигдөж бүтээл хулгайд алдагдвал яах билээ. Өөр хэсэг бүлэг хүмүүс бүтээлийг олшруулж дамлах зэргээр ашиг олоход ч хууль эрх зүйн орчин үгүйлэгдэж байна. 
 
 
-Хошин урлагийнхны киног үзэгчид зохиол нь муу юм гэлцдэг. Тэр ч байтугай энгийн нэг найруулагч, зураглаач зохиол бичээд кино хийж байна. Энэ чанартай бүтээл болж чадах уу? 
 
-Хошин урлагийн продакшны жүжигчид мэргэжлийн тайзны жүжигчид учраас кино уран бүтээлд жүжиглэх талдаа дутаад байх юм байдаггүй. Кино бүтээлч талаас зохиол энэ тэр гээд яривал тайзны бүтээл гэдэг утгаараа кино урлаг хөлд оруулсан нь ажиглагддаг л даа.
 
 
Жинхэнэ утгаараа киноны олон төрөл зүйл рүү түүхэн, аймшгийн, мелодрам чиглэлээр хошин урлагийнхан кино хийдэггүй. Зөвхөн инээдмийн, хошин талдаа л кино хийгээд байна. Тэгэхээр кино урлагийн хөгжлийг эдгээр продакшнуудын комеди чиглэлийн киногоор авч үзэж болохгүй. 
 
 
-Улс үндэстний өв соёлыг харуулахыг зорьсон хэд хэдэн түүхэн кино нээлтээ хийсэн. Хэр чансаатай болсон гэж бодож байна вэ? 
 
-“Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Ану хатан”, “Аравт” гээд кинонууд гарлаа. Ер нь түүхэн кино том зохион байгуулалт, хөрөнгө хүч шаардлагатай байдаг нь мэдрэгддэг. Заримдаа улсын зүгээс хамтрах, бодлогоор бүтээх кино гэж бас байх ёстой.
 
 
Мөн том компаниуд хамтарч дэмжээд үндэсний хэмжээний том төсөл хэрэгжүүлж, сайн кино хийж болохоор санагддаг. “Ану хатан”-г хувь хүний хөрөнгөөр санхүүжүүлж хийсэн.
 
 
Тэгэхээр тав, арван мянган цэрэг оролцуулаад хоёр, гурван сарын хугацаанд зураг авахад тэр хүмүүсийн хувцас хэрэглэл, хоол унд гэж тооцоход хэдэн зуун саяар яригдана. Ийм хүч хөрөнгийг хуримтлуулж чадвал далайцтай том кино хийж болно.
 
 
Гадаадад бол төр нь бодлогоор кино урлагаа дэмждэг учраас сайн кинонууд гардаг. Манайд бол хувь хүний хөрөнгө оруулалтаар кино хийж байгаа учраас тийм төгс сайн болж чадахгүй байна. Намайг бага байхад кино үйлдвэрийн хашаанаас кино групп гарахад 5-6 ачааны автомашинаар бүх хэрэгслээ аваад нүүдэг байсан.
 
 
Дараа нь натурын талбай дээр очиход 10 гаруй гэр, 100 гаруй хүн байнга холхиж байдаг том үйлдвэр байдаг байлаа. Цэргийн анги, орон нутгийн малчид, мал сүрэг гээд зургийн тэр талбай багширч байдагсан. Тийм ч учраас сайн бүтээл гардаг байсан байх.
 
 
Тухайн үеийн “Баян булгийнхан”, “Тань уруу нүүж явна” зэрэг алтан үеийн бүтээлүүдийг одоо хэр нь үзэгчид гарах бүрт нь шимтэн үзэж, огшиж байдаг. Тэр үед кино үйлдвэр улсын хөрөнгө оруулалттай байсан учраас киног технологийн дагуу, дүрэм журамтай хийж байсан. Тийм ч учраас сайн кинонууд бүтээгдэж байсан байх. Гэхдээ энэ байдал эргээд сэргэх байх гэж найдаж байна. 
 
 
-Та баримтат киногоор дагнаж уран бүтээл хийж байгаа. Цаашид ямар сэдвээр бүтээл туурвих зорилготой байна вэ? 
 
-Ер нь кино урлаг анх баримтат киногоор л эхэлсэн. Баримтат кино бол кино наадамд оролцоод байх нь нэг их зохимжтой биш. Сүүлийн үед олон баримтат кино хийгдэж байгаа ч өөрийн зорилгын хүрээнд нийгмийн хариуцлагын кино цөөхөн бүтээгдсэн. Захиалгын баримтат кино маш олон гарч байна.
 
 
Аймаг, сум, албан байгууллага, ТББ-уудын ажлын төсөл гэх мэт. Миний хэлээд байгаа зүйл бол нийгмийн хариуцлагатай баримтат киног би голлож яриад байгаа юм.
 
 
Энэ нь юу гэхээр манай улсын хувьд шилжилт, даяарчлалын давалгаанд мөхөж үрэгдэхгүйн тулд үндэсний түүх, ёс заншлаа залуу үедээ танин мэдүүлэх, түүнийг хайрлаж хамгаалах, иргэний ухамсрыг сэргээсэн бодлогын кино хийх хэрэгтэй байна.
 
 
Хүрээлэн буй байгаль орчин, ан амьтан, ургамал сүйдэж байгаа нөхцөлд баримтат киногоор дуу хоолойгоо хэрхэн хүргэх вэ гэдэг чухал. Өөрөөр хэлбэл нийгмийн захиалгын дагуу баримтат кино хийх хэрэгтэй.
 
 
Өөрөөр хэлбэл нэг малчны мал маллах арга туршлага, ховор өвс ургамлын төрөл мөхөж байна гээд кино хийвэл үүнийг кино наадамд зориулж хийж болохгүй. Үүнийг олон нийтийг гэгээрүүлэх, таниулах, ухуулан сэнхрүүлэх, өөрөөр хэлбэл иргэний хариуцлага, ухамсрыг дээшлүүлэхэд зориулж хийх ёстой.
 
 
Энэ чиглэлээр бүтээгдсэн баримтат кинонууд кино театруудад гараад ашиг орлого олж чадахгүй учраас олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болох телевизээр цацаж олонд хүргэх хэрэгтэй. 
 
 
-Сүүлийн үеийн театруудад гарч буй кинонуудыг бизнес болчихсон гэх шүүмжлэл газар авах боллоо. Энэ хэр бодит зүйл вэ? 
 
-Арилжааны чиглэлээр кино хийж байгаа бол орлоготой байхыг хичээнэ. Нэгэнт цаана нь хүний амьдрал байгаа хойно аргагүй. Тийм ч учраас киночид аль болох сонирхолтой кино хийх гэж оролдоно.
 
 
Харин нийгмийн хариуцлагатай уран сайхны кино гэвэл өнөөдөр иргэдийн сэтгэл зовоож байгаа улс үндэстний хэмжээний чухал асуудлыг хөндөх хэрэгтэй. Гэхдээ ингэж хийх гэхээр залуу уран бүтээлчдэд хүндрэлтэй.
 
 
Кино театрт 10 жилийн сурагчид, оюутан залуус, дөнгөж танилцаж байгаа залуус л очиж байна шүү дээ. Эдгээр үзэгчид асуудал дэвшүүлсэн кинонуудыг тоож үзэхгүй байгаа юм. Түүхэн киног бүр үзэхгүй.
 
 
Ийм кинонуудыг аажимдаа телевизүүдээр гарч байгаа гадаадын киноны тоо хэмжээг бууруулах, кино театруудад гарч буй импортын кинонуудад хязгаарлалт тогтоож, үндэсний киног дэмжсэн улсын бодлого явуулах хэрэгтэй.
 
 
Б.Цэцэгдэлгэр
 
Эх сурвалж: