“Сүүлийн үед телевизээр “Ээдрээ” жүжиг нь л хоёр удаа гарах шив дээ. Үзэхэд их хэцүү, зовлонтой учраас үзэхгүй байсан нь дээр юм шиг санагддаг. Уйлмаар санагдаад ер болж өгдөггүй, зурагтаар л түүнийг харж байх ёстой юм байлгүй дээ.
Байхад нь өөрийнх нь тоглосон жүжиг, кино гарахаар хамтдаа инээж хөхрөөд үздэг байсан үе маань санаанд ороод эвгүй юм даа. Яваандаа кинонуудыг нь хальсанд буулгаж авах бодолтой байгаа. Нас барахынхаа өмнөхөн АНУ, Монголын хамтарсан Чингис хааны тухай баримтат кинонд тоглосон.
Тухайн үедээ л бие нь тааруу байсан болов ч юмыг дундаас нь орхих дургүй хүн байсан болоод ч тэр үү бидэнд нуугаад хэлээгүй байсан. Тэгээд кино зураг авалтаа дуустал гүрийж явсаар маргаашнаас нь л “Бие өвдөөд нэг л болж өгөхгүй байна” гэсэн.
Эмнэлэгт үзүүлтэл тэр дор нь хэвтүүлээд гурав, дөрөв хоноод л хорвоог орхисон доо, хөөрхий. “Би урлагийн төлөө төрсөн, тайзан дээрээ л гарахгүй бол үхэх болно” гэдэг хүн байсан, ёстой л тэгж явсаар өнгөрсөн дөө.
” Энэхүү яриа сэтгэл өвтгөмөөр ч цаана нь хайр харуусал нуугдана. Энэ бол Ардын жүжигчин Г.Гомбосүрэн агсны гэргийн Ц.Сэржханд гуайн ханиа дурсч хоолой зангируулан ярьж байсан дурсамж ярилцлага. Мартаж болохгүй, мартагддаггүй хүн гэж байдаг.
Тэр л хүмүүсийн нэг нь яах аргаггүй ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуай билээ. Урлагийн алтан тайзнаас адис авч амьдралынхаа замналыг эхэлснээс хойш бүтэн жарны турш үзэгч түмнийхээ гэгээн оюун, тунгалаг мэлмийг мялаасан билээ.
Тэрбээр “Говийн нүдэн”, “Гурван найз”, “Их хааны удам”, “Мандах нарны туяа”, “Мандхай цэцэн хатан” , “Мичидийн зургаан гялаан”, “Нүгэл буян”, “Тойрох хуудас” “Улаан дарцаг”, “Үер” , “Өглөө” , “Хүний амь”,
“Цогт тайж”, “Цэц магнай”, “Энэ хүүхнүүд үү” зэрэг дэлгэцийн олон бүтээлд өөрийн гэгээн дүрээ мөнхлөхийн зэрэгцээ “Хатанбаатар Магсаржав” жүжгийн цагаан цэргийн офицер болж жүжиглэснээр уран бүтээлийнхээ гарааг эхэлж Б.Бааст, Ц.Цэдэнжав “Мандхай цэцэн хатан”,
Б.Дамдинсүрэн “Шарай голын гурван хаан”, Э.Оюун “Амарсанаа”, Д.Нацагдорж “Учиртай гурван толгой”, Л.Ванган “Арвай хээрийн талд” зэрэг үндэсний жүжгийн 200 гаруй дүр, У.Шекспир “Отелло” жүжгийн Отелло, “Лирван” жүжгийн Лирван, “Ричардван” жүжгийн Ричард- ван,
“Гамлет” жүжгийн Клавдий, “Овод” жүжгийн жүжгийн Лоренцо зэрэг арав гаруй сонгодог жүжгийн гол дүрийг бүтээсэн гайхамшигт уран бүтээлчээс гадна үе үеийн жүжигчид их багш хэмээн хүндэтгэдэг билээ.
Г. Гомбосүрэн гуай МУГЖ (1956), Төрийн шагналт (1964), МУАЖ (1968), Монгол Улсын Хөдөлмөрийн баатар (2001) хэмээх эрхэм цолуудыг өөрийн хүс, хөдөлмөр авьяас билгээрээ хүртсэн уран бүтээлч билээ.
Энэхүү эрдэм чадал, авьяас билэг хослосон жүжигчин маань арван гуравхан насандаа төмрийн лантуучин хийж ажлынхаа гарааг төрж өссөн Төв аймгийн Бүрэн сумаасаа эхэлж худгын моторчин, жолооч гэх мэт хэд хэдэн ажил сольсон гэдэг.
Гэхдээ хичээл зүтгэлийн үр дүнд амьдрал нь үргэлжийн мөнх өсч байжээ. Жолоочоос жүжигчин болсон Г.Гомбосүрэн гуай нэг л өдөр өвлийн өвгөн болох хүндтэй хийгээд хариуцлагатай үүргийг тухайн үеийнхээ удирдлагаас авсан гэдэг.
Тэр цагаас хойш 60 гаруй жил харшийн сүлд модны гол төлөөлөгч байсан юм. Он солигдохын мөч дөхөх бүр яагаад ч юм бэ буурал сахалтай, цагаан таягтай өвлийн өвөөг их үгүйлдэгсэн.
Тэгвэл жаран жил хүүхэд бүрийн хүслийг биелүүлж, гэр бүл бүхэнд халуун дулаан уур амьсгал, аз жаргал бэлэглэж байсан хүн бол Ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуай. Тэр ч утгаараа их ажлынхаа хажуугаар олон хүнд өвлийн өвгөн болох хичээл заадаг байсан гэх яриа ч бий.
Тэр хүмүүсийн нэг нь С.Сүхбаатар ажээ. Бараг хориод жилийн турш өвлийн өвгөний дүр бүтээж, багшийнхаа зал гамж халааг үргэлжлүүлж яваа юм байна. Энэ хүн багшийнхаа тухай дурсахдаа “Хэнийг ч ялгалгүй хайрладаг, өөрөө их эвлэг, хүмүүстэй найрсаг харилцдаг хүн байлаа.
Нас хүйс, цол хэргэмээр нь ялгадаггүй, Их хурлын гишүүнийг ч миний хүү л гэдэг байсан. Би л гэхэд төрийн түшээ 10-20 хүн, Засгийн газрын 10-аад гишүүнд бэлэг өгсөн байдаг юм. Г.Гомбосүрэн багш бол Ерөнхийлөгчөөс эхлээд бүгдэд нь өгсөн байлгүй. Хүнийг ялгадаггүй тэр чанар нь надад өвлөгдсөн” хэмээн ярьж байлаа.
Хүн өөрийгөө бус өрөөлийг тодорхойлох нь амьдралын бичигдээгүй хууль байдаг. Тухайлбал, Г.Гомбосүрэн гуайн Жамц даргын дүрд тоглосон “Энэ хүүхнүүд үү” хэмээх уран сайхны киног эргэн санъя.
Учир нь тухайн кинонд бүтээсэн дүр нь дарга гэхээсээ илүүтэйгээр сайн найз, сайн хань байж чадах олон жижиг үзэгдлүүдийг өөртөө төгс шингээсэн байдаг. Тухайлбал “Уул шугамандаа манай нэгдэл эмэгтэй хүн авч ажиллуулахад их хүндрэлтэй байгаа.
Нэг бол эр дагаад талийчихна. Эсвэл хүүхэд гаргаад гэртээ суучихна” гэх үгийг хэлэх зууруу ширвээ сахлаа имрэх дүр зураг нь жүжигчин хүнд жижиг үзэгдэл, үр бүтээлгүй дүр гэж байхгүй гэдгийг бүрэн төгс мэдрүүлэх мэт санагддаг.
Нөгөө талаараа ардын жүжигчин маань ямар ч уран бүтээлд өөрийнхөө дуугаар, хоолойны өнгө аясаар бүрэн ялгарч чаддаг байсан. Магадгүй тэр нь ч хагас зуунаас илүү олон жил өвлийн өвгөн хийхэд нь нөлөөлсөн буй за.
Тэрбээр зүгээр нэг өвлийн өвгөн аавын үүрэг гүйцэтгэж хүний өгсөн бэлгийг хүүхдүүдэд тараагаад дуусчихдаг хүн байгаагүй юм. 1997 онд би “Хонгор зул” сонинд Г.Гомбосүрэн гуайтай ярилцлага хийж байсан. Гэвч дараа жилийн шинэ жилээр гэртээ урьж билээ.
Зул сарын баяраар гэрт нь очиход 300 гаруй бэлэг боогоод дээр нь нэрийг нь бичээд тавьчихсан урьсан бүхэндээ бэлэг гардуулж, инээд хөөр аз жаргал цалгиан сууж байсансан.
Ийм л өгөхийн төлөө төрсөн мэт хамаг л бүхнээ зон олонтойгоо хуваахын хүслэн болсон гайхамшигтай уран бүтээлч бид бүгдийн дунд ажиллаж, амьдарч, алтан тайзнаа олон сайхан гэгээн дүрүүдээ мөнхлөн үлдээсэн ачтан билээ.
Тиймээ гунигийн аязыг хэн ч сонсохыг хүсдэггүй шиг буруу зүйл хийсэн хэн нэгэн олонд бүү хэл ойр дотныхондоо ч цөөхөн дурсагддаг. Тэгвэл гэгээн тунгалаг эгшиг мэт хүн бүхний сэтгэлд үргэлжийн зөөлөн аялгуу тээж нандин, дотнохноор дурсагдаж явдаг Монголын урлагийн их хаан, хатдын нэг Г.Гомбосүрэн хэмээх алдартны алдрын оргил мөнх цаст уулс мэт бидний өмнө сүндэрлэсээр л.
Тэрбээр алтан тайзнаасаа ганц ч хором холдож зүрхэлдэггүй уран бүтээлч байсан хэмээн нэгэн үе хамтран ажиллаж байсан олон хүн хэлдэг. Тэгвэл хөх тэнгэрийн дор өнөөдөр Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуайг тайз, театр, уран бүтээлчид, улс түмэн тань санан, дурсч байна.
В.Нэргүй
Эх сурвалж:
Мягмар - 06 сарын 09,
2026

Сэтгэгдэл0
Бие хаа, дуу хоолой, жүжиглэл, ааш зан бүх талаараа тэгш сайхан хүн байсан билээ. Одоогийн авьяас нь тааруухан хирнээ улс төр, хов жив, албан тушаалд хутгалдах өвчтэй хүнэнцэрүүдийн хажууд агуу хүн байсан юм.
Сайн байцгаана уу? Амьдралд мөнхөрсөн сайхан хүмүүнүүд гэж байых юмдаа хөөрхий..., ойр дөт таньж мэдэхгүйы атал нэг л их таньж мэддэг мэт сайхан. Гомбосүрэн гуай гэхэд л надад болохоор "Энэ хүүхнүүд үү"-ийн Жамц дарга, Өвлийн өвгөн аав. Гомбосүрэн гуай гээд л яриа хөөрөө хөврөхөөрэнэ 2 дүр зураг сэтгэлээс ургаад л гараад ирнэ, дотно гэж яана..., Гомбосүрэн гуайн тухайд сайхан хайр, хайрлахын илч ундраад сайхан байдаг.
"байых"-байх, "мэдэхгүйы"-мэдэхгүй, "хөврөхөөрэнэ"-хөврөхөөр энэ.