sonin.mn
Аливаа цаг үед сэтгүүлчид нийгмийг гэрэл гэгээтэй зүйлд уриалан дуудагч, сайн сайхны төлөө түүчээлэгч байдаг бичигдээгүй хуультай улс. 
 
Бурууд нүд хурц байдаг шигээ зөвд ч манлайлагч байхыг өөрсдийнхөө хүлээсэн үүрэг гэж үздэг төрөлхийн араншинтай. Зарим хүнд хэнхэг мэт санагдаж болох ийм үзлийг өөртөө шингээсэн хүмүүс л чухамдаа сэтгүүлч нэрийг хадгалж чаддаг юм шиг санагддаг.
 
Сэтгүүлч хэмээх эрхэм нандин нэрийг хадгалж явах үүрэг хүлээсэн төлөөллөөс өнөөдөр нийгэмд хандсан, эх байгалиа хамгаалахыг уриалсан нэгэн аяныг эхлүүлснээ нийтэд зарласан нь “Амьд байгалиа хайрлая” нэртэй сарын аян юм. 
 
Энэхүү сайн санааны аяныг Монголын Сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Галаарид санаачилсан бөгөөд “Амьд байгалиа хайрлая” сарын аяны хүрээнд хадганд боомилуулсан моддыг цэвэрлэх ажлыг зохион байгуулахын зэрэгцээ хадагны буруу хэрэглээний талаар иргэдэд таниулах ажлыг давхар хийх гэнэ. 
 
Өөрөөр хэлбэл, эрхэм сэтгүүлчийн санаачилсан аяны хүрээнд хадганд боомилуулан амь нь тасарч буй моддыг аврах юм. Энэ сайн үйлс биш гэж үү. Бидний эдийн дээд хэмээн эрхэмлэн нандигнадаг хадаг буруу хэрэглээнээс болоод амьд байгальд аюул таригч болж хувирдаг байна.
 
Мухар сүсэг, ухвар мөчид үйлдлийн улмаас иргэд модонд хадаг уях болж, тэрхүү үйлдэл нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх болжээ. Хадаг яндараа салхинд хийсгэсэн сүрлэг том модноос эхлээд утга учрыг нь алдтал зангилаа үүсгэж ороосон өнгө өнгийн хадгандаа дийлдэн газар дэрлэх дөхсөн залуу мододтой хаана л бол хаана тааралдаж магад.
 
Анхлан харахад их л сонин агаад хүндэтгэлтэй харагддаг байсан бол сүүлийн жилүүдэд тоогоо алдаад ирэхээрээ утгагүй нь дэндсэн зүйл болж хувирсныг захын хүн хэлнэ. Өнгөц харахад ийм боловч байгальд хэрхэн нөлөөлдгийг нь тэр бүр мэддэггүйгээс огт тоодоггүй байсан нь дэндүү үнэн.
 
Гэтэл модыг ингэж хадгаар ороож боосноор насыг нь богиносгодог байна. Ёстой л амьд модыг сайн дураараа боомилж хөнөөж байна гэсэн үг. Ер нь хадаг эдэлгээ урттай эд. Ямартаа манай өвөг дээдсийн хэрэглэж байсан хадаг өнөөг хүртэл байж л байхав дээ.
 
Дээр нь орчин цагийн хадаг даавуун чанараа гээж, олсорхог болсон болохоор ийм хадгаар ороож боолгосон мод амь тавина уу гэхээс бус боосон хадаг нь тасрана гэж үгүй. Тийм болохоороо ногоон ертөнцийн моддын амьсгалах хийгээд ургах нөхцлийг нь хааж, бидэнд хүчилтөрөгч бэлэглэх он жилүүдээс нь хороодог хөнөөлтэй юм байна. 
 
Тухайлбал, шилмүүс 120-140 жилийн настай байдаг ч хадгаар боолгосноор үхждэг байна. Тиймээс ойр хавийн ой модонд байгаа хадганы хараат болсон моддыг юуны өмнө “чөлөөлөх” хэрэгтэйг аяныг санаачлагч болоод дэмжигчид хэлж байсан. 
 
Ингэснээр бид байгаль дэлхийдээ буян үйлдэж байгаа хэрэг төдийгүй амьд байгалиа хамгаалж байгаа сайн үйлс юм. 
 
МУСГЗ Б.Галаарид “Мод ургахгүй байх нэгэн шалтгаан нь модонд элдэв зүйл уях. Мод хадаг уясан хэсгээрээ тасарч, илжирдэг, үгүйдээ л ургалт нь зогсдог. Лам бөө нар шашны зан үйл хийж байна гээд байгалиа бохирдуулна гэдэг байж болшгүй зүйл.
 
 
Хэдийгээр шашин шүтэх эсэх нь тухайн хүний эрх боловч шашны зан үйл нь иймэрхүү байдалтай байгаль орчныг нь сүйтгэн, бохирдуулж болохгүй. Тиймээс хүн бүрт амьд байгалиа хайрлахыг уриалж байна” гэсэн бөгөөд “Хүн мухар сүсгийн боол болох ёсгүй. Үүний тулд зохих хэмжээний мэдлэгтэй асуудалд зөв өнцгөөс хандаж, үнэн худлыг ялгах чадвартай байх ёстой” гэдгийг ч удаа дараа сануулаад авсан. 
 
Тэрбээр одоогоос хоёр жилийн өмнө гэр бүл, найз нөхдийн хамт Яармагийн гүүрээс Баянзүрх дүүргийн гүүр хүртэлх Туул голын эрэг дагуу моддыг хадаг яндараас нь салгаж байсан бол өнгөрсөн зургадугаар сард Дархан-Баруунхараа чиглэлийн 50 км автозам дагуух моддыг хадагнаас нь салгаж “буян үйлдсэн” байна.
 
Түүний санаачлагыг анхлан “Гэрэлт цалиг” ТББ-ынхан дэмжиж ажиллахаар болсон бол ердөө хоёрхон хоногийн дотор энэ эгнээ хүрээгээ тэлж, урлагийнхнаас эхлээд хувь хувьсгалын олон байгууллага санал нэгтэй дэмжиж ажиллахаа илэрхийлээд байна.
 
Үүний дотор Үндэсний компаниудаас хамгийн түрүүнд “Эко констракшн” ХХК-ийн хамт олон “Амьд байгалиа хайрлая” аянд нэгдэж байгаагаа мэдэгдэж, моддыг аврах ажилд гар бие оролцохоо дуулгажээ. 
 
Барилга угсралтын чиглэлээр 10 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний бүтээн байгуулагч компаниудын нэг ийнхүү нийгэмд тустай зүйлд идэвхийлэн оролцох болсон нь талархууштай. Эдний гаргасан жимээр олон олон компаниуд байгальд ээлтэй үйл ажиллагаанд нэгдээсэй гэж хүсэх байна. 
 
Юутай ч эрүүл байгалийн төлөөх аян ийнхүү эхэллээ. Сайн санааны аянд нэгдэж, хадганд боомилуулан амьсгал тасарч буй моддоо аварцгаая. Үнэхээр ч өөрийн сайн сайхны төлөө гэж хийсвэрээр итгэж, байгаль орчноо буртаглан ирээдүй хойчоо сүйтгэх хэрэг юу байна. 
 
Тааралдсан модондоо хадаг яндар уяснаар Та бидний амьдрал сайжирдаг бол Монголд өлөн зэлмүүн болоод өвчин зовлонтой хүн эгнэгт үгүй болохоор их хадгийг зүүсэн бус уу. Харин одоо гэмээ ухаарч, гэмшиж цайруулах цаг иржээ.
 
Н.Саранчимэг 
 
Эх сурвалж: