sonin.mn
Цэцгэн дунд тоглох уу, цементэн дээр тоглох уу гэх асуудал нийслэлийн хүүхдүүдийн дунд үүсээд байна. 
 
Бас юугаар тоглож чөлөөт цагаа өнгөрөөх вэ гэсэн асуудал ч байна. Төрийн томчуудын тоглох нас аль хэдийнэ өнгөрсөн болохоор тоглоомын талбайг мартаад удсан нь тодорхой. Шаргал навч унахаас эхлэн, шар ус урсах хүртэл гэрийн хорионд орсон хэн боловч зуны дэлгэр цагаар гадаалахыг хүсэх нь мэдээж. 
 
Гэтэл хүүхдүүд чөлөөт цагаа өнгөрүүлэх нөхцөл боломж тун дутмаг. Олон жил хэл ам дагуулж шинэчлэл хийсэн Хүүхэд залуусын соёл амралтын хүрээлэн буюу бидний хэлж сурснаар “Хүүхдийн парк”-ыг хүүхдүүдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх газар гэж хэлэхээс илүүтэйгээр ашиг орлого, бизнесийн газар гэж хэлвэл зохилтой мэт. 
 
Монголын төр хүүхэддээ ингэж л хандаж байна. Энэ жил нийслэлийн хүүхдүүдэд тоглох газар олдохгүй зуныг өнгөрөөх бололтой. Өнгөрсөн амралтын өдрүүдэд хүүхдээ тоглуулах тоглоомын талбайн эрэлд гарлаа.
 
Бидний хэлж сурснаар Хархорин худалдааны төвийн захын эсрэг талд хоёр хэсэг газар эцэг, эхчүүд хүүхдээ тоглуулж байна. Тэнд морь, галт тэрэг, машин, усан завь, буудлага зэрэг зургаан тоглоом байх юм. 
 
Нэг удаа хүүхэд тоглуулахад гурван минут нь 1500 төгрөг гэнэ. Гэхдээ тэдгээр тоглоомууд зөвхөн цэцэрлэгийн насны хүүхдүүдэд л зориулагдсан юм байна. Амралтын өдөр болохоор хүүхдүүд ч их тоглож байлаа. Талбай түрээслэгч нь талбайн болон цахилгааны хэрэглээний мөнгө дүүрэгт төлдөг гэнэ.
 
Мэдээж үлсэн хэсэг нь цэвэр ашиг. Хэтэвч тэмтэрсэн энэ нийгэмд хүн бүр хүүхэддээ 250 орчим мянган төгрөгийн үнэтэй өөрөө явдаг машин авч өгч чаддаггүй. Иймд олон нийтийн талбай дээр автомат болон удирдлагатай машины түрээсийн бизнес бий болж. 
 
Гурваас тав хүртэлх насны хүүхдүүд энэ зах зээлийн үйлчлүүлэгчид. Гурван минут хүүхдээ зугаацуулахын тулд мянга таван зуу орчим төгрөг төлнө. Энэ машин нь эхний арав хоногтоо л өөрийнхөө зардлыг олдог гэх бөгөөд цаашлаад саалийн үнээнээс ч дутахгүй орлогыг эзэндээ авчирдаг аж.
 
Үр хүүхдээсээ мөнгө харамлах хэн байх билээ. Нэгэн цагт хүүхдийн гэх тодотголтой тоглоомын парк нь өдгөө хувьчлагдаж, тэнцэж ядаж буй тэдэнд тэнгэрт тулсан үнэ тулгажээ. Орчин үеийн тоглоомд суулгаж чадахгүй юм чинь ядаж, чадал хүрэхдээ тоглуулъя гэсэн иргэд орой үдэшгүй хэдэн төгрөг атган дугаарлах болж.
 
Энэ нь ч хэдэн төгрөг олохоор зэхсэн гудамжны шулаачдад олз болоод удаж буй. Хөндлөнгөөс харахад сайн санаат нэг нь хүүхдийн эрх ашгийг дээдэлж, хувийн хөрөнгөөр тоглох талбайгүй тэдэнд зориулж ажил хийсэн мэт боловч халуун нүүрэндээ урд хөршийн хогийн хаягдлаар ханатлаа ашиг олъё гэсэн бодол өвөртлөсөн нь ашиглаж буй тоног төхөөрөмж, тоглоомыг харахад нүднээ илт. 
 
Учир юу гэвэл гудамжны бизнесийг цэцэглүүлэгч эдгээр тоглоомууд хэдэн онд үйлдвэрлэсэн, ашиглалтын хугацаа хэзээ дуусах, аюулгүй байдлыг хангах эсэх, хамгаалалтын бүс, зориултын суудал, бариулгүй хүүхдэд болон орчинд хортой эсэх, тоног төхөөрөмж бүрэн эсэх нь үл мэдэгдэх бөгөөд зарим тоглоомынхоо дутагдлыг ард хормойгоор урд хормойгоо нөхнө гэгчээр “монголчилж” орхисон байх юм. 
 
Хэзээ мөдгүй тасарч мэдэхээр зэвэрч цуурсан гинжнүүд хяхралдан хавирах нь халагламаар. Амьжиргаагаа залгуулах гэж тоглоом ажиллуулж байна гэж бодъё гэхээр ард талд нь алаг үрс гэмтэж бэртэхвий гэх айдас хургав. Бизнес эрхлэгчдийн хэлж буйгаар уг бизнесийг эрхлэхийн тулд танил тал, хамгаалалт хэрэгтэй гэнэ.
 
Гудамжны бизнесийнхэн дунд хэр барагтай нь хийгээд байдаггүй гэдэг нь анхны хөрөнгө оруулалт их байдагтай нь ч холбоотой гэв. Энэ бизнесийн ард нөлөө бүхий нууц ноёнтон, дүүргийн ажилчид гээд олон хүн хүүхдийн тоглох хүслэнгээр наадаж суудгийг ярих нэгэн ч байв. Осол гэмтэл дагуулж мэдэхээр энэ тоглоомнуудад эртхэн арга хэмжээ авмаар санагдах юм, хүүхдийн сайн сайхны төлөө гэж цээжээ дэлддэг дарга нар аа. 
 
Хязгаарлагдсан хүсэл 
 
Ихэвчлэн ойр орчны байранд амьдардаг хүүхдүүд л ирж тоглодог гэх энэ тоглоомоор гэр хорооллынхон ханатлаа тоглоно гэдэг “үлгэр”. Тоглоомын талбайгүй нийслэлчүүд бидний дунд амьдралд арай ойр үнэ өртөгтэй байгаа цорын ганц тоглоомын талбай нь магадгүй энэ ч байж болох юм. 
 
Учир мэдэхгүй тэдний хувьд өнөөх “Дисней”-н тоглоомтой гэх ҮСАХ тэртээ харагдах зэрэглээ л гэсэн үг. Арга ядахдаа бяцхан үрсийнхээ тоглох хүслийн төлөө гудамжны бизнесийг дэмжихээс өөр арга алга. Амралтын өдөр болохоор цэцэрлэгийн насны охид, хөвгүүд ээлжээ хүлээн дугаарлан зогсох нь өрөвдөлтэй ч юм шиг.
 
Тэд ээлжээ ирэнгүүт л галт тэргэндээ суун аав, ээжийгээ гараараа даллан инээгээд л давхина. Харамсалтай нь гурван минут гэдэг маш богино хугацаа болохоор дорхноо л зогсоол дээрээ ирчихнэ. Зарим нь дахиж тоглоно хэмээн уйлж, газар унана.
 
 Нөгөө хэсэг нь ундаа, чихрэнд хууртаад ээждээ хөтлүүлэн явж одно. Бид бага насныхаа хүүхдэд нэг иймэрхүү л анхаарал тавьж буй нь харамсалтай. Үнэн чанартаа нийслэлд төрж, өсч буй хүүхдүүд зүлгэн дундуур эрвээхийтэй хөөцөлдөн гүйж зун цагийн өнгөрөөхгүй шүү дээ. Тиймээс тэдэнд зориулсан эрүүл ахуйн болон аюулгүйн шаардлага хангасан тоглох хугацаа нь арай урт тоглоомын талбай хэрэгтэй байна.
 
Ямартаа ч өнөө цагийн хүүхдүүд тоглоомын талбайд тоглох эрхгүй өсч байгаа нь халагламаар. 2011 онд 40 гаруй хүүхдийн тоглоомын талбай баригдана хэмээн албаны хүн хэлж байсныг гэнэт саналаа. Өдгөө сүр дуулиан болгож, зурагтаар шоу хийж 40 тоглоомын талбай нүд ирмэхийн зуурт барина гээд байсан нөхдүүд газрын гаваар орчив уу, гадаад гараад нисэв үү.
 
Тухайн үед хүүхдийн тоглоомын аюулгүй байдлыг хангах зорилгоор Олон Улсын Стандартчиллын Байгууллагын ISO 8124 “Тоглоомын аюулгүй байдал” багц стандартуудыг Монгол Улсын стандартаар баталсан. 
 
Тэр багц стандартууд нь дөрвөн хэсгээс бүрдэж байсан санагдах юм. Мэдээж хүүхдийн тоглоомонд аюулгүй байдал хангасан стандарт байлгүй яахав. Гэтэл бага насны хүүхэд нь тоглох нэг ч тоглоомгүй орон ийм стандартаар яах гэж байгаа юм бол бүү мэд. Тэгэж их стандарт мөрдөх дуртай юм бол гинж нь тасарч дөрвөн хүний амийг авах шахсан ҮСАХ-ийн сансрын хөлөг тоглоомд стандартаа мөрд л дөө. 
 
Хатуухан хэлэх юм бол паркийн үнийн бодлого хүүхдүүдийг багаас нь нийгмийн давхаргаар нь ялгаварлаж, дээдсийн хүүхдүүд паркт тоглодог, арай дундчууд, доодсын хүүхдүүд хашааныхаа мухарт хог түүж тоглодгийг “хүүхдийн төлөө” гэх нэрийн дор мөнгө хүүлэгчид анхааралдаа авах цаг нь болжээ.
 
Манай хүү нэлээд түрүүнд л усанд явсан. Худаг нь нүүчихээгүй бол ирэх цаг нь аль хэдийнэ болчихсон баймаар” хэмээн ярьж хашааныхаа үүдэнд хүүгээ харж зогсох аавтай таараад инээд хүрэх шиг боллоо. 
 
Зуны дэлгэр цаг ирж байхад шууд усаа аваад гэртээ ирдэг хүүхэд ховорджээ. Гэр хорооллын хүүхдүүдийн тоглодог газар нь худаг эсвэл сагсан бөмбөгийн талбай шүү дээ. Хот, дүүрэг жилийн жилд л гэр хороолол дунд тоглоомын талбай барина гэж том амлалт өгч, их мөнгө төсөвлөдөг.
 
Үнэн чанартаа хоёр сагсны шийд зоогоод л орхичихсон байдаг. Тэрхүү сагсны шийтэнд нь ахлах ангийнхан тоглох эсвэл болзооны газар, тамхи татах цэг болгоод л өнгөрдөг. 
 
Тиймээс гэр хорооллын 15- аас доош насны хүүхдүүд тоглох газаргүй болохоор дэмий сэлгүүцэж амралтаа өнгөрөөдөг нь нэг их сонин зүйл биш болоод удаж байна. Амтай бүхэн хүүхдийн төлөө “За” гэж хэлэх болсоор нэлээд хэдэн жилийг үзлээ.
 
Гэвч хүүхдийн төлөө гэх нэрийн дор хий хоосон худал амалж, шоуддаг жишээг дээрх бодит байдал харуулж байна. Тоглох тоглоом ч үгүй, тоглоомын талбай ч үгүй нийслэлийн хүүхдүүд писи тоглож донтохоос ч биш өөр яах билээ. 
 
Хотыг хөгжүүлж байна хэмээн ам уралдан ярьдаг хотын удирдлагууд нэгийг бодох цаг нь болсон юм биш үү. Хэдий болтол ирээдүйн эзэд маань урд хөршийн гологдлоор тоглох хүслээ гүйцээж, хашаагаар эрх чөлөөгөө боомиллууж, хөгжилдөн тоглох насаа шороо ухаж, усаар байлдаж өсөх вэ. Хэлэх амлалт нь ихэдсэн, хийх ажил нь багадсан эрхмүүдээ энэ асуудлыг анхааралдаа авах цаг нь болсныг дуулгая.
 
Ж.Эрдэнэчимэг 
 
Эх сурвалж: