sonin.mn
Наадам дамжиж найрласаар яваад бид наймдугаар cap гарангуут л гэнэт сургууль соёл, үр хүүхдийнхээ тухай бодож эхэлдэг нь нууц биш. 
 
Гэхдээ энэ зөвхөн өрх гэрт тохиодог зүйл биш. Айл гэрийн тогоон дотор болдог энэ асуудал засаг төрийн хэмжээнд ч дасал болсон. Ямартаа л жил бүр хичээлийн шинэ жил эхлэх үед байнга сурах бичгийн талаарх хэрүүл босч ирдэг. 
 
Цагтаа хэвлэгдээгүйгээс хүүхдүүд сурах бичиггүй сургуульдаа орлоо гээд л. Явж өгнө дөө. Ёстой нөгөө хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг есдүгээр сарын 1-нийг хуанлийн хуудаснаас тасдаад хаячихсан мэт юм болно. Жилээс жилд энэ явдал давтагддаг болохоор дээр доргүй дасал болчихсон гэхэд хилсдэхгүй биз. 
 
Хөдөө орон нутагт байдал бүүр ч дор. Унших номгүй, үзэх хичээлгүй суусаар бараг сарыг барна. Ерөнхийдөө ийм дүр зураг хэдэн жилийг дамнасныг бүү мэд. Харин өнөө жил үгүй гэнэ шүү. 
 
ЕБС-ийн 12 ангид хэрэглэгдэх бүх сурах бичгийг долоо хоногийн өмнө бүгдийг нь хэвлээд дуусчихаж. Бүр нийслэл болоод хөдөө орон нутаг руу нийлүүлж эхлээд байгаа гэнэ.
 
Шинээр хэвлэснийг нь энэ долоо хоногоос нийлүүлж эхэлсэн бол хуучныг нь аль зургадугаар сарын 1-нээс тарааж эхэлжээ. Тэгэхээр энэ хичээлийн шинэ жилд сурах бичгийн талаар ямар нэг хэл ам гарахгүй, бүгд жин тан байх нь. Баярламаар сайхан мэдээ.
 
Өнөө жилийн хувьд нийт 89 нэр төрлийн 1315348 ширхэг сурах бичиг шинээр хэвлэн нийлүүлж байгаа юм байна. Тэднийг нь манай улсын үндэсний үйлдвэрлэгч “Адмон”, “Би Си Ай”, “Бит пресс”, “Мөнхийн үсэг’’, “Ном хур”, “Соёмбо”, “Сод пресс”, “Экимто” ХХК-иуд тендерт шалгаран эрх авч хэвлэжээ.
 
Сурагчдын гар дээр очих сурах бичгийн дундаж үнэ дунд ангийнх 2200 төгрөг бол, ахлах ангийнх нь 3420 төгрөг байх гэнэ. Харин бага ангийн сурах бичгийг төрөөс үнэгүй олгох бол дунд ахлах ангийн сурах бичгийг амьдралын баталгаажих түвшин доогуур, хагас болон бүтэн өнчин хүүхдүүдэд 40 хувийн хөнгөлттэй хэрэглэх боломжтой.
 
Өмнө сурах бичгийг багш сурагчид зэрэг хэрэглэдэг байсан бол энэ жилээс багш тусдаа өөр “ном” хэрэглэх болжээ. Тэр нь багш хичээлдээ сурах бичгээ хэрхэн ашиглах тухай зөвлөмж ном юм. Энэхүү номыг 6, 11 дүгээр ангийн багш нар хэрэглэх юм.
 
Хичээлийн шинэ жил дөхмөгц үр хүүхдийнхээ сургуулийн бэлтгэлийг базаадаг бичигдээгүй хууль манайд үйлчилдэг. Бараг л наймдугаар сарын 25-наас эхлэн гэнэт хүүхдэдээ анхаарал тавиад хичээлийн хэрэгслийг нь хайж эхэлдэг. Түүнд нь ч тохируулсан уу, юутай ч гадуур зарах сурах бичгүүдийг наймдугаар сарын эхээр худалдаанд гаргах юм байна.
 
Урьд өмнө нь байгаагүйгээр сурах бичгийг эрт хэвлэсэн жил нь энэ жил гэдгийг яамны мэргэжилтэн онцолсон байх юм. Тендерээ эрт зарлаж дүгнэснээс ажил эрт дууссан нь энэ. Цаашид, ч энэ байдлаа хадгалах гэнэ. Сайшаалтай хэрэг.
 
Ямартаа ч 2012-2013 оны хичээлийн шинэ жилийн нээлтэд хүүхэд багачууд маань номтой цүнхээ үүрээд сургуульдаа очих нь. Боловсролын салбарт шинэчлэл явагдаж байгаагийн бодит үр дүн гарч эхэлжээ.
 
 
Н.Саранчимэг
 
Эх сурвалж: