sonin.mn
Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 90 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбогдуулан 20 жил морь цоллосон нэгэн хумүүнтэй хийсэн ярилцлагаа уншигч та бүхэндээ толилуулж байна. Энэ хүн бол аймгийн цолчин засуул, МУ-ын тэргүүний ардын авьяастан, Д.Ганчөдөр юм.
 
 
-Төрийн соёрхолт, яруу найрагч Р.Чойномын төрсөн нутагт ажиллаж амьдарч байгааг чинь мэднэ. Өөрийн чинь төрсөн нутаг Баянхутаг гэл үү?
 
-Тэгэлгүй яахав. Би чинь Хэнтий аймгийн Баянхутаг сумын уугуул. Манай аав Баянхутаг сумын нэгдлийн дарга олон жил хийсэн хүн. Ээж эрүүл мэндийн салбарт насаараа ажилласан. Ээжийг маань Хишигням, аавыг маань Доржсамбуу гэдэг. Баян хайрхан, Баян-Эрхтий хайрхандаа залбирч өдий хүрч байна. Манай нутгаас олон сайхан алдартан төрсөн. 
 
Хөдөлмөрийн баатар Лувсаншаравын хүй цөглөсөн алтан нутаг 
 
Хөгжмийн зохиолч Дэндэвийн Бадарчийн хургаа хариулсан цагаан тал 
 
Ууган баатар Гонгорын унаган багын нутаг 
 
Уртын дуучин Хонгорзулын урьхан хонгор салхитай нутаг 
 
Даанч сайхан миний нутаг 
 
Даяар алдартнуудын төрсөн нутаг 
 
Унага бүхэн нь босоо төрнө 
 
Улсдаа цуутай Баянхутагаа
 
гэж нутаг орноороо бахархах дуртай. Нутгийнхаа тухай "Баян-хутагийн дуулал" гэх мэтчилэн шүлэг яруу найраг, ерөөл магтаал хэлдэг. Өөрийнхөө төрж өссөн нутгаар ихэд бахархаж явдаг хүн дээ.
 
 
-Эцэг эхээс хэдүүлээ вэ?
 
-Би айлын 11 дэх отгон хүүхэд. Ээж, аав хоёрыг нэлээд нас өндөр болсон хойно гарсан юм билээ. Одоо 35 настай л даа.
 
 
-Сая нутаг усаараа бахархлаа. Мэдээж ээж ааваараа бас бахархдаг л биз дээ?
 
-Мэдээж тэгэлгүй яахав. Манай ээж хөдөлмөрч хүн. Одоо ч гэсэн хэсэг хүмүүстэй бүлэг байгуулаад ардын уламжлалт ёс заншлаар хонь, тэмээний ноосоор төрөл бүрийн бүтээгдэхүүн хийдэг. Аав Ховдод таван жил цэргийн алба хааж ирээд, тухайн үедээ багийн даргаас хөдөлмөрийн гараагаа эхэлсэн байдаг.
 
Дээр үед тэр нутагт ажилла гээд томилолтоор явуулдаг байсан юм билээ. Цэнхэрмандал, Жаргалтхаан. Төв аймгийн Батсүмбэрт томилолтоор явж байгаад хамгийн сүүлд нутагтаа ирж нэгдэлд мал маллаж байсан. Аав маань ажиллаж байсан газрууддаа ихэнхдээ удирдах ажилтан хийдэг байсан.
 
 
-Хүмүүс өөрийнхөө хоббиг мэргэжил болгочихсон байдаг. Өөрийн чинь хувьд морь, бөх цоллох хоббитой гэж сонссон ?
 
-Би ерөөсөө морь, бөх, морин хуур гэсэн гурван хоббитой. Морин хуурыг 1996 онд одоо БСГ-ын дарга Бат-Эрдэнэ багшаар заалгаж байсан. Тэрнээсээ илүү болсон эсэхийг өөрөө үнэлж мэдэхгүй байна. Гэхдээ мэддэг хэдэн магтаалаа морин хуураар тоглоод уншчихдаг.
 
Хурдан морь бол яалт ч үгүй миний өвөө аавтай холбоотой. Өвөө ардын хувьсгалын 31 жилийн ойгоор улсад азаргаа айрагдуулсан Т.Балжинням гэж өвгөн байсан. Тэр үед өвөө маань нутгийнхаа уяач Д.Цэгмид гуай Шаазангийн Шарав, Гомбо гээд том том уяачидтай хамтарч морь уядаг байж.
 
Тухайн үеийг хамгийн өнгөтөөр ярьж өгдөг хүн гэвэл манай ээж байгаа юм. Ээж морио өөрөө унаж уралддаг байсан. Өвөө, ээж хоёр хавар таван сарын дундуур гараад найман сарын дунд үе хүртэл наадаж яваад ирдэг байсан гэж ярьдаг. Морь бол ерөөсөө бидний удам сударт шингэсэн маш том соёл.
 
Манай дөрвөн ах дөрвүүлээ морь уядаг. Нэг ах аймгийн алдарт уяач, нөгөө ах аймгийн гоц мэргэн гээд дандаа л уламжлал тал руугаа ажиллаж амьдардаг. Морь цоллох, бөхөд засуул хийх энэ мэтийг анх надад заасан хүн бол миний нэг багш байсан. Одоо бурхны оронд очсон.
 
Багш маань ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулгын жүжигчин, МУ-ын СТА Хоролын Даваасамбуу гэж хүн байв. 1992 онд манай том ах гурилын үйлдвэрт ажилладаг байхдаа Даваасамбуу багштай холбоо тогтоож манайд дуулдаг дүү байдаг юм дүүдээ цол заалгах гэсэн юм гээд анх Баян ходоод дааганы цол гэж ах маань бичлэг хийгээд аваад ирсэн.
 
Тэгээд л дагаад уншдаг байлаа. Тэрнээс хойш нэг жил болоод аймгийн наадамд морь цоллож эхэлсэн. Морины цолоор хүүхдийн урлагийн Яргуй наадамд хоёр удаа түрүүлсэн.
 
 
-Тэгэхээр хүүхэд байхаасаа морь цоллож эхэлсэн байх нь?
 
-Одоогоос 20 жилийн өмнө багш анх даага цоллуулаад би сайхан жороохонгор морьтой даага хөтлөөд талбай тойроод явж байсан хамгийн том дурсамж миний сэтгэлээс гардаггүй юм. Уяачдын холбооны дарга Санжаадорж гэдэг хүнийг их хүндэлж явдаг.
 
Санжаадорж ах адууны соёл, шинж чанарыг хэнээс ч дутахгүй судалчихсан. Зүгээр дарга хүн, моринд сонирхолтой хүн гэхээсээ илүүтэй маш том судлаач хүн гэж ойлгодог.
 
Урлаг уран сайхан талдаа ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулгын уран сайхны удирдаач Оюунбаатар гэдэг хүнийг шүтэж явдаг. Ер нь надад их сайхан зөвлөж, тусладаг ийм л улсууд.
 
 
-Өөрийн чинь ярьж байгааг ажиглахад уран яруу үгсийг урсгаж байгаа харагддаг. Анх хэзээнээс шүлэг найраг оролдож эхэлсэн бэ?
 
-Энийг бас нэг сайн багш болох ард түмний танил Жонон хонгорын Агваанжамбал гэж Галшарын магтаалыг зохиосон, тэр магтаал нь Монголд танигдсан хүн. Монголын том ерөөлч магтаалчидтай уулзахаар Агваанжамбал гуайн Галшарын магтаалыг унш.
 
Тэгвэл магтаалч, ерөөлч болно гэдэг байлаа. Миний хувьд яаж багшдаа тоогдсон бэ гэхээр 2000 онд багшийн нэрэмжит ерөөлч, магтаалчдын улсын уралдаан Хэнтий аймагт болсон. Тэрэнд би багштайгаа цуг оролцож медаль хүртсэн. Тэр үед багшдаа жаахан тоогдсон юм шиг байгаа юм.
 
Тэгээд байж байтал багш намайг дуудсан. Намайг очихоор багш маань гоё гоё юм ярьж өгнө. Дээр үеийн түүх, өөрийнхөө бичсэн зүйлийг цээжлүүлнэ. Баянхутагийн ой болж миний нэг эгч маань Баянхутагийн сургуулийн захирал хийдэг байсан. Эгч нутгийн 70 жилийн ойд юм бичиж өгвөл яасан юм бэ гэсэн.
 
Тэгээд миний ярилцлагын эхэнд уншсан магтаал төрсөн юм. Би багшаасаа нутгаа магтсан магтаалын ая аваад Баянхутагийнхаа ойд уншсан. Миний хамгийн анхных магтаал тэр. Мөн Миний сайхан Хан Хэнтий гээд аймгийнхаа уул усыг магтсан магтаал бичсэн.
 
Би багшийнхаа бичсэн зүйлийг л сонирхож уншиж байснаас биш өөрөө шүлэг зохиолд дурлаж уншиж байгаагүй. Хүн уншаад ирэхээрээ дуртай болдог. Нэг сэдэв аваад бичих юмсан гэж бодогддог юм билээ.
 
 
-Өөрөөс чинь уран яруу үгс их урсах юм билээ?
 
-Надаас уран яруу үг яагаад гардаг вэ гэхээр ерөөсөө Монголын ерөөл, магтаалтай холбоотой. Монголын ерөөлч, магтаалчдын улсын уралдаанд 3-4 удаа оролцсон. Тэнд нэг сэдэв сугалаад ганцхан минут болоод уншдаг. Миний хамгийн анхны сэдэв "нүд" гэсэн үг ирж байсан.
 
Багш маань аливаа юм гурван талтай, гурван талаас нь харж байгаарай гэж хэлдэг байсан. Жишээ нь, нүд гэхэд харах мэлмий, ямарваа нэг юмны нүд шургуулга, Дархны нүддэг цохиур гэх мэтчилэн энэ болгоныг бодож цэгцэлж байгаарай гэж хэлж байсан юм.
 
Дараа жил нь багш сэдэв ирсэн. Хамгийн сүүлд ахынхаа хүүхэдтэй явж дүү маань хүүхдийн насны ангилалд тусгай байр эзэлсэн. Тэгээд л хүүхдэд хичээл заах хүсэлд хөтлөгдөж II арван жилд багшаар орж хүүхдүүдийг сургаж эхэлсэн . 
 
 
-Яруу найраг ертөнцийг аварна гэж үг байдаг. Ямарваа нэгэн магтаалч, ерөөлч, яруу найрагч хүмүүс бусдад ухаарал өгдөг. Аймгийн маань 90 жилийн ой тохиолоо. Эх нутгаа магтсан ерөөл, магтаал бичиж байсан гэсэн тэрийгээ уншиж сонирхуулаач?
 
-Монгол хуурын эгшигэнд  Ерөөл хэлсэн
 
Монгол Молор эрдэнийн нуруун дээр 
 
Дөрөө жийсэн Монгол Ган тулганы цогон дээр 
 
Аргал нэмсэн Монгол Газар дэлхийн хөрсөн дээр
 
Чулуугаар тоглосон Монгол 
 
Тиймээ би Монгол
 
Тэргэл сарны доор
 
Улаан залаатны удам
 
Тиймээ бид Монгол 
 
Тив дэлхийд Чингис хааны Монгол
 
гээд цаашаа өрнөнө. Аймаг нутаг усаа магтаж бичиж байсан яг тэр магтаалаа харахгүй бол бас сайн бүгдийг санахгүй байна. Ноднин жил дээрх магтаалаар ардын урлагийн наадамд оролцож байсан. Ер нь ардын урлагийн наадам, ерөөл магтаалчдын тэмцээнд оролцож байснаас биш шүлгээрээ ямар нэгэн тэмцээнд оролцож байсангүй.
 
 
-Хорин жил морь цоллож, тэр сайхан хурдны магнай дээр айраг дусаалгаад цол дуудна гэдэг бас л сайхан зүйл. Яг тэр үед юу бодогддог вэ?
 
-Хурдан адууны дэл сүүлний салхин дунд хиймороо бадрааж байна гэж ойлгодог. Сүүлийн жилүүдэд цоллооч ховор болсон байна. Зарим сумын наадамд ч юм уу цолчин байхгүй үед зургаан насны 30 морийг цоллодог. Тэгэхээр бахархалгүй яахав.
 
Тэр бол тэнгэрийн алтан туурт биднийг ивээж байна. Миний өдий зэрэгтэй ардын язгуур урлагаар ээжтэйгээ хамт ажиллаж байгаа маань энэний буян л гэж боддог. Улсын чанартай тэмцээнд нэг удаа мөнгөн медаль, хоёр удаа тусгай байр, Тэргүүний ардын авьяастан авсан. 
 
 
-Тэгэхээр цоллоочийг шагнадаг шагнал урамшуулал гэж байдаг байх нь?
 
-Ер нь бол байдаг. 2008 онд аймгийн дэд засуул гэсэн цол өгсөн. Тэгээд цолчин засуул болсон. Миний хувьд бөх рүү сонирхолтой болсон шалтгаан нь морь цоллоод болж байгаа юм чинь яагаад бөх цоллож болохгүй гэж бодогдоод багшдаа хэлсэн.
 
Манай багш Хоролын Даваасамбуу гэдэг хүн захиргаанд манаач хийдэг байсан. Тэгээд багшдаа уншиж өгсөн чинь ерөөсөө наад уншилт чинь биш байна. Хурдан морины цолыг хурдан уншдаг. Харин бөхийг яг л тэр дэвээнд нь тааруулж уянгалуулж унших ёстой.
 
Багш маань надад зааж зөвлөөгүй байсан бол би бөх цоллох байсан ч юмуу бүү мэд. 2002 онд Алтаргана наадамд очиж бөх цолло гээд бас сайн засуулч Галарав гэж өвгөн байсан. Тэр ахтайгаа Оросд очиж Монголын соёлыг сурталчилж тэнд 64 бөх барилдаж үзүүр түрүүг нь Галарав ах бид хоёр цоллосон.
 
Бөхийг яг 2001 оноос засаж эхлэсэн. Одоо бол аймгийн наадамд байнга бөх цоллодог. Бөхөө цоллоод л үзүүр түрүү барилдах гэж байхад морьд орж ирдэг. Тэгэхээр морио цоллодог. Халтмаа гэж МУ-ын засуул өвгөн надад хэлж байсан. Чи яг л Самбуу шиг боллоо.
 
Тэр яг ингэдэг байсан юм. Самбуугийн мөрөн дээрээс арслан төрөөгүй, чиний хувьд бас болоогүй л юм байна даа гэж байсан. Ямар утгатай вэ гэхээр багш маань бас л яг ингэдэг байсан гэсэн. Бөхөө цоллоод морь ирэхээр морио цоллодог.
 
Морио цоллоод ирэх гэсээр байтал үзүүр түрүү нь барилдчихдаг. Гэхдээ манай багш зүүний манлай засуулч. Монголын нууц товчооны 750 жилийн ойд хүртэл бөх цоллож байсан.
 
 
-Гэр бүлээ танилцуулах уу?
 
-Миний гэргийг Нэмэхбаяр гэдэг. Би хоёр охинтой. Том охиныг Элбэрэлзаяа, бага охиныг Энэрэлзаяа гэдэг. Бага охин нэг ойтой.
 
 
-Одоо Дархан сумандаа л ажиллаж амьдарч байна уу?
 
-Тиймээ. Дархан сумын  МУ-ын төрийн соёрхолт, яруу найрагч Р.Чойномын нэрэмжит ЕБС-д сургуулийн нийгмийн ажилтнаар ажиллаж байна. Нийгмийн ажилтан хийгээд 7-8 жил болж. Дунд нь хоёр жил Жаргалтхаан суманд ажилласан. Надад олон найзууд байдаг.
 
Жишээлбэл, нэг албан газрын ой боллоо гэхэд тэнд очиж үйл ажиллагааг нь зохион байгуулна. Тэд нартайгаа найз нөхөд болно. Тэр олны дундаас миний зүйрлэж хэлэх дуртай нэг зүйл байдаг. Боорцгийг том жижгээр хэрччихээд шүүрэн шанагаар шүүхэд хэдхэн том боорцог л үлдэнэ дээ.
 
Жижигхэн нь шүүрэн шанаганы нүхээр ойчно. Би тэгж төсөөлдөг. Надад ганцхан чухал найз бий. Ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулгын дуучин Ш.Сүхбаттай хар багаасаа найзласан юм. Найздаа байнга баярлаж явдаг.
 
 
-Аймгийнхаа түүхт 90 жилийн ой болж өнгөрлөө. Нутгийхандаа ямар ерөөл дэвшүүлэв  
 
-Буурал түүхээс заяатай Бурхан халдун шүтээнтэй 
 
Богд хааны гэргий Дондогдуламын өргөөтэй 
 
Эзэн Богд Чингисийн Эрхэлж наадсан овоо 
 
Эр хоёр загалын Эвшээн шилгээсэн шороо 
 
Халхын Сэцэн ханы Мөрөө гаргасан нутаг 
 
Хардэл жанжин бэйсийн Удмаа хадгалсан өлгий 
 
Хүж дэлхийн гайхамшиг Хөх Монголын бахархал 
 
Хэнтий аймгийн нийт ард иргэддээ, хурдан морио уяж байгаа уяачид, бяр хүчээ агсаасан хүчит бөхчүүддээ, 90 жилийн ойдоо онч мэргэнээ сорисон шагайчид болон харваачиддаа ерөөл хэлсэн. Мөн Дархан сумын Бадамцэцэг захиралтай ЕБС-ийн хамт олондоо мэнд дэвшүүлсэн.
 
Ш.Одонтуяа
 
Эх сурвалж: