sonin.mn

Япон Улс эрчим хүчнийхээ 30 хувийг цөмийн энергиэс авдаг. Саяхан болсон Фүкүшимагийн осол чамбай япончуудад нэг л сургамж өгсөн. Цөмийн эрчим хүчийг биш байгалийн цэвэр энергээр эрчим хүчээ хангах нь дээр юм байна гэдгийг ойлгож эхэлсэн.

Эхнээсээ манайтай хамтарч эхлээд буй. Манай салхийг авах талаар яриа хэлэлцээгээ эхэлсэн нь цаанаа учиртай. Манайхны атомын цахилгаан станц барихсан гэсэн мөрөөдөл тэдний хувьд асуудал болчихоод байгаа. Тэд олон станцтай. Одоо дахиж станц барихгүй гэж ярьж байна. Европын улсууд ч ялгаагүй. Цөмийн энергиэс эрчим хүч гаргаж авах зорилгодоо хазаар тавьж байгаа. Саяхан Еренхий сайд Япон Улсад айлчлал хийсэн. Төрийн бус байгууллагууд гүйцэтгэх засаглалын тэргүүнийг айлчлалынхаа үеэр ашигтай гэгддэг цөмийн хаягдал булшлах нууц гэрээг, үзэглэсэн гэж хардаад буй. Ерөнхийлөгч энэ асуудлыг хориглож, хэлэлцээрт холбогдсон ямар ч хүнийг хариуцлага тойрохгүй гэж мэдэгдсэн ч хөшигний ард ямар яриа хэлэлцээ явагдаж байгааг таашгүй. Төрийн бус байгууллагынхны хардаад байгаа шиг нөхцөл аль хэдийн үүсчихсэнийг үгуйсгэх аргагүй. Цөмийн хаягдал булшлах нь ашиг ихтэй ажил. Нэг кг цемийн хаягдлыг 500 ам доллараар булшилдаг гэх нь бий. Зүгээр сууж байгаад мөнгө олох хялбар арга мөн үү гэвэл мөн. Гэхдээ экологи талаасаа ямар хор хохиролтойг нь хангалттай мэдээлсэн. Ерөнхий сайдыг Японд айлчлах үеэр тус улсын "Майничи" сонинд "Цөмийн хаягдал булшлах байгууламж барьсны хариуд АНУ, Япон улс цөмийн эрчим хүчний технологио Mонголчуудад өгөхөөр тохиролцжээ. Атомын цахилгаан станц барихаар сонгосон гурван газар нь цөмийн хаягдал булшлах газар байна" гэж онцолсныг байгаль орчны байгууллагууд мэдээлсэн.



Цөмийн хаягдал булшлах, атомын цахилгаан станц барих аль аль нь Монголд ашиггүй. Манай улс ураны их нөөцтэй. Ураны хувьд 1970-аад оноос тухайн үеийн зөвлөлтийн мэргэжилтнүүд хайгуул хийн Дорнодын Дашбалбарт хэд хэдэн орд илрүүлж, ураны хүдэр олборлох Мардайн ордыг нээжээ. Монгол орны нийт нутаг дэвсгэрт ураны зургаан орд, 100 гаруй илрэл, 1000 гаруй эрдэсжилт цэг, цацраг идэвхит гажгийг тогтоосон байдаг. Манай улсын зүүн, зүүн өмнөд болон төвийн бүс харьцангуй сайн судлагдаж, нийт 1.4 сая тонн ураны тойм нөөцийг тэмдэглэгдсэн нь бий.

Ураны нөөцее зүгээр л олборлоод гаргачихсан нь алсдаа өлзийтэй. Эрчим хүчний хувьд уран ганцхан гарц биш. Ямар ч асуудалд нямбай ханддаг, барагтайд хий гаргадаггүй Япончууд атомын цахилгаан станцдаа осол гарахад багагүй тэвдсэн. Манай улсын хувьд осол гарахгүй гэх баталгаа үгүй. Осол гарсаны дараа яг таг байж чадах уу гэдэг бүр эргэлзээтэй. Ийм эрсдэлтэй эрчим хүчийг ашигласнаас өөр эх үүсвэр хайсан нь дээр. Тэдгээр нөөцийн нэг нь нүүрс. Нүүрсний хувьд манайх дэлхий тэргүүлэхээр нөөцтэй.



Монгол нүүрсний их нөөцтэй, геологийн тооцогдсон нийт нөөц нь 150млрд тн. Геологийн шинжилгээний ажлын үр дүнд манай орны нутаг дэвсгэрт чулуун, перм, юра, цэрдийн настай нүүрс тархасныг тогтоов. Тархалтын хувьд ерөнхийдөө нутгийн ихэнх хэсгээр жигд тархсан байдаг. Ихэнх нь Өмнөговь аймагт оршдог. Өнөөдрийн байлдлаар 27 нүүрсний орд газрыг ашиглаж байна.Нүүрсээрээ эрчим хүчээ хангах бүрэн боломжтой нь эндээс харагдаж байна. Мөн нүүрснээс гадна сэргээгдэх эрчим хүчний асар их нөөц бий. Нарны эрчим хүчийг малчид ашиглаад эхэлчихсэн. Салхины эрчим хүчийг ашиглах анхны том станц энэ оны сүүлээр  Сэргэлэн сумын Салхит уулан дээр баригдах энэ цахилгаан станцын дараа хэд хэдэн том цахилгаан станц баригдах боломжтой юм билээ. Бүр гадагшаа экспортлох ч боломжтой нөөц бий гэж мэргэжлийн хүмүүс хэлдэг.

Ер нь уранаас бусад баялгаараа эдийн засгаа босгох боломжтой. Нүүрснээс гадна зэс гэж том металл байна. Оюутолгой төсөл хэрэгжээд эхэлчихсэн. Цагаан суварга дээр үйлдвэр барих асуудал яригдаж байна.

Тэгэхээр ийм боломж байхад ураны салбарыг үйлдвэр, цахилгаан станц байгуулах хэмжээнд хүртэл нь хөгжүүлэх шаардлагагүй гэж бодожбайна. Тэгээд ч атомын цахилгаан станц эдинй засгийн хувьд тийм ч ашиггай эд биш гэх юм билээ. Австрийн эрчим хүчний агентлагийн захирал Петер Траутманн "Цемийн энерги бол байгаль орчинд халтай төдийгүй эдийн засгийн хувьд алдагдалтай. Хэрвээ цөмийн салбар үнэхээр асар хямд эрчим хүч үйлдвэрлэдэг бол чөлөөт зах зээлийн үед шинэ реакторуудыг хувийн салбараас санхүүжүүлэх бүрэн боломжтой байх ёстой. Гэтэл тийм тохиолдол хаана ч алга. Дэлхийд хувийн секторын санхүүжилттай ганц ч АЦС байхгүй. 60 гаруй жилийн туршид хямд цахилгаан үйлдвэрлэдэг гэж яригдсаар байгаа технологи өнөөдрийг хүртэл улсаас татаас дэмжлэг авсаар байдаг нь гайхалтай " гэж зүгээр ч нэг мэдэгдээгүй нь тодорхой.

Өнөөдрийн байлаар ураны хайгуулын болон ашиглах 128 лиценз олгоод байгаа аж.2013 онд ураны олборлолт эхэлнэ. Уран тойрсон асуудал олборлож гаргах хүрээнд өрнөөсэй гэж олон хүн хүсч байгаа.Ирээдүйгээ харсан улс орнуудын татгалзаад байгаа ураны хөгжил бидэнд бас л хэрэггүй. Ер нь уранаа зүгээр л олборлоод гадагш нь гаргачихвал яасан юм бэ?

Эх сурвалж: "Геологи уул уурхайн мэдээ"