sonin.mn

Уул талыг бүрхсэн хонин сүргийн дэргэд хүрэн мориндоо томдсон хүгэлгэр том бор хүн алсыг дурандан зогсоно. Энэ хүн бол Арын сайхан хангайн үзэсглэнт номин хөвч, уулсын оронд төрсөн хоёр мянга гаруй толгой малтай, нутаг усны нэртэй малчин Мажигийн Ёндонбал байлаа.

- За хө, морин дээрээ гарвал өдрийн турш бууж чадалгүй, малаа хариулсаар гэртээ хүрч сая нэг эх газартаа бууж, морь хүн хоёр амардаг болоод хэдэн жил боллоо. Мэс засал хийлгээд хөлгүй болчихоод Солонгос оронд эмчлүүлж хиймэл хөлтэй болсноос явдал асуудал маань их өөрчлөгдсөн шүү дээ гэж тэр ярив.

-Бид түүнийг сугадан авч буулгахад морь нь шилгээж өвс зулгаан амрахад эзэн нь бидний бэлтгэж өгсөн суудал дээр хоёр хөлөө жииж суунгаа:

- За хө залуудаа татаж сураагүй тамхийг өвчиндөө болоод татдаг болсондоо. Таныг манай сум нэгдлийг удирдаж байсан тэр үед би чинь идэрхэн байж. Монгол улсын хөдөлмөрийн баатар адуучин Бямбадорж ахын адууны хэсэгт адуучин байж жилийн дөрвөн улиралд морины нуруунд асаж салхи сөрөн давхиж явжээ. Бямбадорж ахын нөмөрт бид дөрвөн залуу бараг 10-20 жил адуу маллах ухааныг сурч билээ.

Өнөөдөр бид өөрсдийнхөө замаар хувийнхаа малыг малласаар явна. Биднээс хоёр нь бурхны Оронд явчихлаа гэж яриад санаа алдахад том алаг нүдэнд нь нулимс хуран харагдана. Сүүлийн жилд өвөл дулаарсан болохоор малчид үстэй дээл бараг өмсдөггүй болсон байхад Ёндонбал маань төө үстэй их нэхий дээл, шилүүсэн нударга, үнэгэн малгайтай байх нь 20-р зууны малчин мөнөөсөө мөн дөө гэсэн бодол төрж сэтгэл уужран, уулзсан дээрээ түүнтэй ярилцсанаа сийрүүлэн бичив.

МАЛЫН ДЭРГЭД ӨССӨН МИНЬ AЗ

Би чинь Туулантынхаа бага . сургуулийг төгсөөд л ганцаар үлдсэн. Муу ээжийгээ өрөвдөн сургуулиа орхисон юм шүү. Ээж минь нэгдэлд 20 үнээ хариуцсан малчин байлаа. Үнээ ивлэгэж, тугал татаж ээждээ тусалсаар үнээ, хонь, гүү саадаг болж билээ. Тэгсээр гэрийнхээ хэдэн адуу, үхэр, цөөн бог малыг маллаж мал малын дөртэй болсон. Адуунд дуртай эмнэг богшин үрээг сургаж, морь уургалсаар нэг мэдэхэд адуунд “нүдтэй” гэж магтагдан ” Чөлөөт амьдрал” нэгдлийн адуучин болж, баатар адуучин Бямбадорж ахтай 20 жил адуу маллаж мандаж явлаа.

Хар багаасаа л малын дэргэд, малтай амь нэг өсөөд одоо хүртэл халуун хошуут мал сүргийнхээ ачлал буянаар сэтгэл хангалуун амьдарч явна. Би чинь нэгдлийн малыг өсгөөд ээрэгцүүлээд өөрийнхаа амины малаа өсгөж социализмийн үедээ л баян малчин байлаа. Нэгдлийн амины малыг 1970 оноос дахин нийгэмчилж байгаагүй болохоор мнл өссөн шүү дээ.

Хүмүүс заримдаа өөрсдийнхөө муугаас, залхуу, тооцоогүй, ирээдүйгээ боддоггүйгээс болж өмнөх нэгдлийн үед ч, одоогийн үед ч малаа өсгөж амьдралын үндсээ болгож чадахгүй л байна. Нэг охин твлийг бойжуулж, мал болгоход бургилах булаг шиг арвижин олширч хэдхэн жил болоход 20-30 толгой болдог увидастай юм шүү.

Мал бол биднийг ер нь монголчуудыг үеэс үед хооллож, хувцаслаж, гэр орон нь болж, ирээдүйн амьдралын түлхүүр нь болж ирсэн болохоор би малд дуртай болж өсөж, малаа хорогдоход зүрхэндээ уйлж, тарга тэвээрэг гүйцсэн хот дүүрэн малаа харан баярлаж явдаг. Мал бол миний сэтгэл зүрхний дуулал, миний болон миний үр хүүхэд ач, зээгийн минь амьдралын баталгаа, цаашилбал монгол түмний минь өмч гэдэгт би огг эргэлздэггүй.

Ингэж л би малын дэргэд өсөж, малынхаа халуун амьсгал дор өнөөг хүртэл аж төрж яваагаа миний мал дагасны аз гэж бодож явдаг даа. Төрийн соёрхолт яруу найрагч Зундуй Доржийн “Мал, хэл, хил гурав байхад хэн баян бэ Монгол баян” гэдэг гэрэлт мөрийг би бишрэн шүтэж явдаг даа. Үнэхээр л М.Ёндонбал малын дэргэд өсөж, малаа л гэж явсаар өнөөдрийг хүрсэн нь түүний амьдралын утга учир ажээ.

Мал байнга өсөж, үржин, ашиг шимээрээ Монголчуудыг тэжээн яваа шавхагдашгүй ундаргатай гол мөрөн шиг буян заяагаар бидэнд заяагдсан “амь таван эрдэнэ” билээ.

НЭГДЭЛ МАЛЧДЫН НЭГЭН ҮЕИЙГ ХҮН ШИГ ХҮН БОЛГОЖ ХҮМҮҮЖҮҮЛСЭН

Нэгдэл манай суманд 1950 -иад оны эхээр байгуулагдаж, 1991 онд хувьчлагдсан юм. Би малын бэлчээрт юу эсийг бодох вэ дээ. Би бодохдоо хүмүүсийн нэг үе 60 жил болоход шинэчлэгдэн өөрчлөгдөх юм байна. “Чөлөөт амьдрал” нэгдпийг байгуулахад 20 настай байсан хүн нэгдлийг хувьчлахад 60 гарчихсан байлаа. Иймд нэгдэл бол малчдын нэгэн үеийг цоо шинэ аж төрөх ёсонд дагуулж билээ.

Боддоо 1950 хэдэн онд манай суманд зуух яндантай, цагаан бүрээстэй, цагаан хэрэглэлтэй ор дэртэй, радио сонсдог, сонин захиалан уншдаг айл байхгүй маш бүдүүлэг байв даа. Тэгээд 1950-иад оны сүүлчээр “Чөлөөт амьдрал” нэгдэл байгуулагдаж, 2-3 жилийн дотор айл бүр өөрчлөгдөн, хүн бүр ажилтай, цалин хөлстэй болж бид хөгжсөөр 1980 аад оны дундуур нэгдэл малаа гишүүддээ түгээсээр маллуулан бас л 2-3 жилд малчдын мал өссөн юм.

Энэ бүхэн нэгдлээс явуулсан зөв бодлого байсан. За тэгээд цаг нь болж нэгдэл маань хувьчлагдан бид олон жилийн хөдөлмөрөөрөө бүтээсэн хөрөнгөө хуваан авцгаасан. Одоо айл бүр азаргаар адуутай, 30-40 үхэртэй, 200-600 бог малтай болсон нь нэгдэл, ахмад нэгдэлчдийн буян хишиг юм даа. Нэгдэл чинь гишүүдээ аж амьдралыг нь дэмжээд зогсохгүй, хөдөлмөрөөрөө хүмүүжүүлж, хамт олны үзэлтэй, эх оронч малчдын нэгэн үеийг хөгжүүлсэн юм.

Өнөөдөр нэгдэлчдийн үеийн ахмад нь бид байна. Би хөлгүй мөртлөө гэрт сууж чаддаггүй, чадах бүхнээ хийж явна. Бид нэгдлээ хөгжүүлэхийн төлөө өдөр, шөнө гэлтгүй нийгмийн өмч хөрөнгө өсгөх, улмаар сайн сайхан амьдралыг бүтээж явлаа. Би нэгдлийг муулахад ёстой дургүй. Би нэгдлийг амьдралын их сургууль минь гэж одоо хүртэл дурсан явдаг.

Тиймээ Ёндонбал, хөдөлмөрийн баатар Л.Бямбадоржийн хамт 2700-3000 адууг маллаж, жилд 1000-1500 унага бойжуулж, жил бүрийн 7-р сарын 20-нд Дөрөө цагаан нуурын дэнжид 1000 унаганы баяр хийж, нэгдэл, нэгдэлчдийн бахархал болж явсан ахмад нэгдэлчин билээ. Монголын малчид хоршиж, нэгдэж байж байгаль цаг уурын эрсдэлийг давж, мал өсгөх, ашиг шимийн үйлдвэрийг нэмэгдүүлэн, өндөр ашиг орлоготой хангалуун амьдралд хүрч байсныг ХАА-н нэгдлийн оршин тогтносон 30-40 шахам жил харуулдаг билээ.

АХМАД ҮЕИЙНХЭН, НУТАГ УСАА Л ЭРХЭМЛЭЖ ЯВЛАА

Миний ээж бичиг үсгээр муухан, эгэл жирийн малчин эмэгтэй байсан юм. Би ээжийнхээ өвөр дээр асч, уураг сүүг нь хөхөж өсөж мэдээ орсноос ээжийнхээ үг сургаалиар явсан бас л эгэл малчин даа. Малчин хүн байгаль, нар, cap, нутаг усаа шүтсээр өсдөг. Эцэг эх, ахмад хүмүүсийн ажил бүтээл биднийг хөдөлмөрт дагуулан дуудсан шиг байгаа юм.

Бас тэдний ямагт хүмүүжүүлэх чанартай үг сургааль бидний хүмүүжил болж өр нимгэн тус хүмүүс болгосон юм. Ингээд бодохоор монголчуудын мал маллах ухаан нь байгалиа шүтэх ахмад үеэ хүндэтгэх үзлээр буй болдог юм шиг.

Миний сайхан амьдарч яваа минь нутаг усны минь хангайн уулс, хайрханууд, хүн малыг ундлах амьдралын үндэс мяралзан урсах гол горхидын ивээл, эцэг эхийн минь буян хишиг, ах дүүс нутаг нугынхны минь сэтгэлийн их дээдийн хүч шүү дээ гэж сүсэглэн төр минь түвшин, түмэн олон минь амгалан байг гэж залбирч явдаг юм даа.

Байгаль дэлхий хур усаа татаж, ой мод хатаж, өвс ургамал шингэрч, газрын хөрс хуурайшиж элсжиж буй нь жилээс жилд элт мэдрэгдэх боллоо. Айл бүр өөрийн гэсэн эзэмшлийн нутаг бууцтай болсон ч малын бэлчээрийг сэлгэх, отроор явж малаа таргалуулах гол ажил орхигдсон байна. Иймээс бэлчээр жилийн дөрвөн улиралд ээлж сэлгээгүй ашиглагдах болсноос талхлагдан, ургац багасч, малд хамгийн шимтэй өвс ургамал гарахгүй боллоо.

Бэлчээрт шивээт хялганаас эхлээд мал иддэггүй бүдүүн өвс ургамал, шарилж их ургадаг болсон. Нөгөө талаар ноолуурын үнийг дагаж ямаа ихээр өсгөж бэлчээрээ сүйтгүүлсээр л байна. Ер нь 10 хонинд 1 ямаа ногдох хэмжээгээр ямааг зохицуулан өсгөж байхад болно. Энэ бол өвс ургамал, бэлчээр хамгаалах нэг арга шүү дээ.

1990-ээд оноос хойш автомашинтай, хурдан унаатай хүмүүс ихэсч ер нь 10-16 жилийн дотор уулын хөвчийг буга, согоо, гахай, гөрөөс, хэрэм, талын тарваганы мах нь барагдаж дууслаа.

Ойн түймэр, модны навч шилмүүс, өт хорхойтой зэрэгцээд айл бүр малын хашаа, зун, өвлийн байшин, пүнз барьж, малчдын сумын төвд газар өмчлөн уулын модыг шилж, зөөж зүсүүлэн орон сууц барих ажил уралдаантай юм шиг явагдаж ой мод маань сэглэгдэн хожуул болох хандлагатай боллоо. Ер нь бид байгальдаа мөн ч их халтай ханддаг болж дээ. Энэ их олон салаа зам, дээр нь хятад мотоциклиор хөлөглөсөн малчид бэлчээр хөрсийг ёстой нэг “резиндэж” байна даа. Модон тэрэг ердийн хөсөг түүх болон үлдэж, нүүдлээс эхлээд бүхий л тээврээ портер, бонгогоор залгуулж, газар, ус, агаараа бохирдуулсаар байх юм.

Хууль тоггоолын дагуу ой мод, ан амьтан, бэлчээр усаа малчдад эзэмшүүлсэн шиг эзэмшүүлж, бас хариуцлага тооцсон шиг тооцон амьд бүтээлч ажил хийлгэмээр байна. Малчид минь малын аргал, хомоол хөрзөнг түлшинд байнга хэрэглэн ой модоо хайрлая.

Байгаль хамгаалах, ашиглах, эзэмших олон хууль байгаа ч хэрэгжилт нь даан ч чамлалттай байна. Ядаж баг бүр малчдын хүчээр булаг шанд, гол горхи, худаг бүрийг хамгаалалтын орчинтой болгож, мод, бут тарьж, ойг сийрэгжүүлж , түймэр, шавьжтай тэмцэх, сэргийлэх, цаг болоод ИТХ-ын сонгууль 5 удаа болон 20 жилийг үдээд байна даа.

Ёндонбал хүүхдүүдтэйгээ өдөржин морь унаж, малаа хариулж явдгийг нутгийнхан нь бахархан ярьж байна.

ЦАМААН ЗАНГ ТЭВЧДЭГГҮЙ

Өнөөгийн бид мөн ч цамаан болжээ. Цалин хөлс өгөхөд малчнаар ажиллах хүн бараг олдохгүй байна. Аргагүй ч юм даа 5 ам бүлтэй айлд хөдөөд cap бүр 150.000 төгрөг төр засаг зүгээр өгч “та нар битгий ажил хий” гэх мэт байна шүү дээ.

Манайх 2000 гаруй малтай. Гурван хүү минь тус бүр бас л мянгаад толгой малтай хүн бүл цөөн, яахав хавар бол бойжуулах зун, намар сүү саалины үед бид чинь өглөөний гэгээ тусахаас үдшийн од түгтэл мал сүрэгтэйгээ ажиллана шүү дээ. Би үр хүүхэд, нутгийнхандаа юмхнаар юм хийх аргыг хэлж залхуурах, цамаан зангийн хор хохирлыг л их ярьж хэлдэг хүн дээ.

Олон малын төлөөс цөөн боловч хорогддог. Хорогдсон мал, төлийн арьсыг удаалгүй овчон авч давстай тараг түрхэж сүүдэрт хатаавал дараа нь элдэхэд амархан, бөх сайхан эдлэл болдог. Адуу, үхрийн ширийг улаан шүүсийг нь гартал давслаад багсармал тэжээл, хивэг, аарцны хайлмагийг сүүтэй хамт зуурч нойтон ган хийгээд л уринд хатааж, нэг хоёрхон өдөрт элдэнэ шүү дээ.

Ингэж л зогсолтгүй, хөдөлж, ажиллаж байвал бие эрүүл, сэтгэл хангалуун, амьдрал тайван амгалан байдаг. Нөгөө л “Юу санасан есөн цагаан хүсэл” биелэгдэх нь тэр дээ.

Зарим айл даанч унхиагүй байх юм. Өглөө их унтах, малаа орой бэлчээж, эрт хотлуулах, морь малдаа хайргүй хандах, өглөө үдэшгүй тоглох, найр хийх шалтаг олох, хэрүүл тэмцэл, атаархал, архинд толгойгоо мэдүүлэх, амархан мөнгө олох гээд тэвчишгүй зүйл алийг тэр гэхэв. Ядахдаа хүнсэнд хэрэглэсэн голынхоо усыг асгаад хэрээ, нохой цуглуулаад л, бог малын шийрийг хуйхлаад идэхгүй арьстай нь үлдээж орчныг бохирдуулах гээд цамаан занг ярилтгүй.

Цөөн ч гэсэн хонь, ямаа, гүүг зун, намар саавал багагүй цагаан идээ бэлтгэж болно. Хурга, ишгэний ноос, үсийг зун авалгүй орхиж ширх хачгийг хотондоо үржүүлээд л байх юм. Хэдэн малаа зарж түүгээр хичнээн жил амьдрах билээ дээ. Манайхны цамаан зан, залхуу, юу ч бодож сэтгэдэггүй дүлий байдал хэн бүхний амьдралыг уруу татаж байх шиг.

Одоо ухуулах, ойлгуулах, үзүүлэх, дагалдуулан сургах, хянах, шалгах, хариуцлага тооцох тогтолцоо байхгүйгээс л монголчууд өлсөж байна. Ёндонбал уулыг битүү бүрхэн бэлчин давах хонин сүрэг рүүгээ яаран бид нараар сугадуулан мордоод шогшин одлоо. Малчдын нэг үе солигдон, залуу малчид түрэн орж ирсэн хөдөө нутагг хүнийг хүмүүжүүлэх , урин дуудах, удирдан ажиллах тийм л ажиллагаа дутагдаад байна.

Сонгуулиар “сэрдэг” олон нам, тэдний дохиур болж ил гарч, далд орж уриа хадаасан залуучууд, эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагад найдаад ч байдаг юм уу, сум багт Засаг даргын албанд орон тооны давхардлыг арилгаад ч болов нийгмийн ажилтан ажиллуулахсан гэж бодов.

Эцэст нь
Идэр залуудаа морин дээр дарцаглан явж “Чөлөөт амьдрал” нэгдлийн адуун сүргийг өсгөхийн төлөө жилийн турш хээрээр гэр хийж, хэцийг дэр болгож явсан энэ эр өнөөдөр өвгөрч өтөлсөн “Өвгөн шувуу” болж нутаг усны хүндтэй эрхэм болжээ. Тэр нэг л үйлд гундуухан явдаг нь илт байлаа. Тэр нь 20 жилийн турш төр засгаас юу ч хүсэлгүй 1000-2000 малыг өсгөн үржүүлж малчин олноо түүчээлж яваа энэ ахмад малчин одоо хүртэл “Улсын сайн малчин” цол тэмдэг ч аваагүй байгаа аж.

Архангай аймгийн Цэцэрлэг сумын “Туулант” багийн малчин Мажигийн Ендонбалд. Хөдөөгийн олноо хошуучилж яваа, хөгжлийн бэрхшээлтэй болсон ч үл тоон мал сүргээ өсгөн Монгол түмнээ тэтгэж яваа энэ өвгөний юу санасан есөн цагаан хүсэл нь биелэх болтугай.

Ахмад настан Ё.Давааням
Эх сурвалж: “Архангайн амьдрал”