sonin.mn
Занг нь мэдэхгүй сүрэг
 
Хэдхэн жилийн өмнө Говь-Алтай аймагт ажлаар очиж төвийн гуанзанд орвол, хоол түгээх цонхны тавцан дээр чаначихсан зөндөө олон тахиа харагдана. Авч байгаа хүн төдий л үгүй. Сайн ажвал өд сөд нь ч бас сөрвийж байна.
 
Хониныхоо өвчүү толгой, шийрийг хүртэл мөлчийтөл хуйхалж заншсан монгол хүн тахианы маханд мөн ч төсөө юм даа. Лодойхүү баатрын хэдэн тахиаг энэ хэдэн хүүхнүүд борлуулж байгаа нь энэ байх нь. Инкубатор хүртэл захиалж,  ангаахай шаагиулж байсан хүн үүнийг харвал дургүй нь хүрэх байх даа гэсэн бодол төрж байсан.
 
Ингэж суутал дээл хөөргөс хийж бүсэлсэн хөдөөний байрын эр тахианы махны дэргэд очиж, нилээд сонирхож хэд хэдийг эргүүлж өөхтэйг нь шилж байгаа бололтой. Тэгснээ нэгийг .тавган дээр тавин суулаа.
 
Цагаан сарын ууц таллах гэж байгаа мэт тухлан хоёр ханцуйгаа хойшлуулж, үйсэн иштэй хутгаа бүснээсээ сугалан эхлээд далавчийг нь салгах гэлээ. Арай боломгүй санагдах шиг, хэд эргүүлж тойруулснаа хонины мах шиг эвдэх аргагүйг нь мэдэж, хажуу талаас нь шударч эхэллээ.
 
Тахианд ийм эв дүйгүй улс алийг тэр гэхэв. Хариулж ашиг шимийг нь авах байтугай юу иддэгийг нь анзаарахгүй, тархин дээрээ улаантай нь эр тахиа гэхээс өөр юм мэдэхгүй хүн ч олон. Гэтэл хүний биед ашигтай шим тэжээлтэй энэ амьтанг зургаа дахь хошуу малаа болгосон гэж бодож явдаг хүмүүс бас бий.
 
 
 Тахиа судалсан хүн 
 
Москва хотноо Лениний ууланд үүлс шүргэн сүндэрлэн байдаг Ломоносовын нэрэмжит Их сургуулийн амьтны биологийн ангийг Долгоржавын Уртнасан гэдэг монгол оюутан 1967 онд төгсчээ. Энэ арваад жил юу хийв гэж түүнээс асуувал, говийн хармаг судлахад оролцсон.
 
Архангай аймагт ажиллаж селени дутагдсанаас малын зүрх өрөвсөн шохойжиж Хорогдол гарч байсныг тодорхойлсон. Үхрийн нойр булчирхайнаас эмийн цэвэр бэлдмэл-химопсин гарган авч хэрэглэх технологийг боловсруулж эмийн үйлдвэрт шилжүүлсэн.
 
Тимирязевийн нэрэмжит зөвлөлтийн хөдөө аж ахуйн дээд сургуулийн асперантурт суралцаж "Өндөглөгч тахианы физиологи, биохимийн үзүүлэлтүүд, түүний тэжээл дэх манганы төвшнөө хэрхэн өөрчлөгдөх вэ" гэсэн сэдвээр биологийн ухааны дэд эрдэмтний цол хамгаалсан гэж намуухан дуугаар хариулав.
 
Тимирязевийн нэрэмжит хөдөө аж ахуйн дээд сургуулийн тэжээмэл амьтдын тасалгаанд дөрөв үелүүлэн хашсан тахиануудыг усалж тэжээхээр гурав дөрвөн оюутан ажиллана. Гуч гучаар нь бүлэглэсэн дөрвөн бүлэг зуун хорин тахиаг өөр өөрөөр найруулсан хоолоор тэжээнэ. Энэ бол Уртнасан.
 
Өндөгний хальсны уян харимхайг хэмжих аппаратанд өндгийг оруулан хэмжүүрийн зүүг тун анхааралтай харан тэмдэглэж авна. Тэжээлийн жорыг өөрчлөх үү? Яах вэ? гэсэн асуултыг өөртөө тавина. Тэжээлийнхээ жорыг тогтоож найруулна.
 
Багш нарынх нь гаргаж өгсөн зөвлөлтийн хэдэн оюутнууд тусалж байгаа ч гэсэн бүх юмыг өөрөө гардан хийхийг хичээнэ. Тэгэхгүй бол санаа нь үл амрана. Эцэс төгсгөлгүй мэт химийн их томъёоны цаана өндөглөгч тахианы тэжээлийг өөрчилснөөр өндөгний хальсыг бат бэх болгон улс ардын аж ахуйд өндөг тээвэрлэлтэд гарах хохирлыг багасгах, хүний биед шимтэй тахианы махыг нэмэгдүүлэхээр залуу эрдэмтний туурвиж байгаа их ажил харагдана.
 
Дэд эрдэмтний зэрэг хамгаалах хурал ойртох дутам хэдэн жилийн турш хөдлөшгүй хийсэн тооцоо, дүгнэлтээ эргэн хармаар, дахин дахин туршмаар бодогдоно.
 
Диплом бичиж байгаа туслагч оюутнууд нь:
 
-Уртаа, хэдийд хамгаалах вэ гэж дахин дахин асууна. Тэд эрдэмтэн болоход нь ширээ засна гэж орос нутгийн шанцай, гэрийн дарс, борцолсон загас төрөлх тосгоноосоо сэмхэн ирүүлжээ. Хамгаалах өдөр ч боллоо.
 
Нэг лабораторт ажиллаж байсан анд нөхдийнх нь сэтгэл хөдөлсөн бололтой эрдмийн зөвлөлийн хурал руу орох үед нь "олигтойхон байгаарай" гэжээ. Хурлын танхимд тэртээ холоос зорьж ирсэн хайрт ээж Долгоржав, амраг хань Даваа нар нь сууж байна. Уртнасан үг хэллээ.
 
Зөвлөлтийн эрдэмтэн багш нар нь ч ярив. Бүх хүмүүс сэтгэл хангалуун, хийсэн ажлын тал хувиар л дэд эрдэмтний цол хамгаалахад хангалттай гэцгээв. Санал хураахад биологийн ухааны дэд эрдэмтний зэрэг олгохоор зуун хувь саналаа өгцгөөжээ.
 
Нөхрийн тухай үг.
Хамгийн дотно нөхөр чинь хэн бэ? гэж Уртнасангаас асуухад төдий л бодсонгүй.
-Батбаяр гэдэг хүн бий. Хөдөлмер Цалин Хөлсний Улсын Хороонд ажилладаг гэлээ. Найзтай нь уулзлаа.Түүний өгүүлэх нь: 
-Манай Уртнасан Дундговь аймгийн Дэлгэрхангай сумаас, би Өвөрхангай аймгаас хот орж ирж, хоёул 23 дугаар сургуульд орж суралцсан. Тэр намхан нуруутай болохоор урдуур сууна. Би нилээд араар. Уртнасан багаасаа бие даасан, өөрийн гэсэн шугамтай, юмыг их эргэцүүлэн боддог хүүхэд байсан.
 
Тэр үед " Ургамал судлал " гэсэн гоё зурштай ном тун ховор байлаа. Надад тийм ном байсан юм. Тэр номыг минь Уртнасан авч билээ. Түүнээс хойш Уртнасан надтай их ойр дотно байдаг болсон юм. Хүүхэд ахуй цагийн үерхэл хачин юмнаас эхэлнэ шүү.
 
Миний найз хичээлдээ жигд сайн, бас шинэ сонин юмнаас хоцордоггүй, шатар тогловол тоглочихно. Хөлбөмбөг, одон бөмбөг, бүжиг, хөгжим. Ер оролцохгүй юм байхгүй. Харахад жижигхэн туранхай хэрнээ их тамиртай. Сургуульдаа их нэр хүндтэй. Таван онцын эзэн.
 
Сурагчдын зөвлөлийн дарга. Цаг их ашиглана. Ном унших дуртай. Гэхдээ тааралдсанаа уншихгүй. Голдуу хими биологийн ном уншина. Дунд сургуульд байхаасаа л зан төрх нь бүрдэж, нэг чигийн бодолтой болчихсон. Ер нь манай Уртнасан оюун ухааны шөрмөстэй хүн.
 
Аспирантурын орос хэлний шалгалтанд хоёрхон хүн онц сайн авахад түүний нэг нь миний найз, нөгөө нь орчуулагч хүн байсан. Орос хэл их сайн мэддэг. Англиар бас яггүй. Эрдэм шинжилгээнийхээ ажилд тун үнэнч, ямар нэг юмыг ойролцоогоор дүгнэж хялбарчлахын эсрэг зогсдог.
 
Зайлшгүй тийм байх ёстой гэж урьдчилан нотолж болох зүйлийг ч заавал туршиж үр дүнг нь шалгана. Их хөдөлмөрч. Би түүнийг аспирантурт суралцаж байхад нь олон удаа очсон. Утасдахад хүрээд ирнэ. Хоёул хамт юм үзнэ. Бид хоёр одоо ч гэсэн нэг гэрийн л хүмүүс шиг дотно байдаг. Ээж нь намайг хүү шигээ хайрладаг. 
 
 
Хүүг минь хайрлаж яваарай
 
Уртнасангийн ээж Долгоржав гуай говийн хүн. Ханиа өөд болсноос хойш ганц эгчийгээ бараадан Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд иржээ. Тэгээд ихэр юм шиг хоёр хүүгээ сумын сургуульд хөтлөн оруулжээ.
 
Гэрийн эзэн эр хүнгүй, алдсан малаа ч авах чадалгүй, хоёр нялх хүүхэдтэйгээ үлдсэн эмэгтэй хүнд, хэзээ энэ хоёр маань эрийн цээнд хүрч таван ханатынхаа тооныг босгоно доо гэж цухалдах үе их байлаа. Ямар боловч хоёр хүүгээ эрдэмтэй болгоё.
 
Төр түшнэ биз гэсэн нэгэн итгэл төрж, өдөржин арав таван малаа эргүүлж, бас гэрийн ажилд босч сууж алжаасан биеэ үл хайхран шөнө дөл болтол хоёр хүүгийнхээ хөх даалимбан дээлийг шидэж, хагархай цоорхойг нь хатгаж суудаг байжээ. Дараа нь хотод шилжиж, нийслэлийн дунд сургуульд хүүхдүүд нь орлоо. Амжилттай төгсөв.
 
-"За даа. Хайрлаж байгаа нь энэ гээд хажуудаа байлгахыг бодоод яахав. Явах дуртай сургуульдаа яваг! Юм үзэж нүд тайлаг" хэмээн Долгоржав гуай бодлоо. Тэгээд зөвлөлтөд хоёр хүүгээ дараалан явуулж галт тэрэгний буудал дээр үдэж гаргах бүрийдээ л,
 
-Хэзээнээс дассан сурсан ах нар минь! Хүүг минь хайрлаж байгаарай гэж дотроо бодоод, үнэхээр зөвлөлтийн багш нарт хүүгээ даатгаад өгчихсөн юм шиг энэ бодолдоо тайвшраад үлддэг байлаа. Нээрээ ч яг бодсноор нь Уртнасанг нь биологич эрдэмтэн, Однасанг нь автын инженер болгоод өгчээ. Хүний хүү ээждээ дандаа нялх байдаг газар даа. Хүүгийнхээ урилгаар Москвад очиж, эрдмийн цол хамгаалах хуралд нь Долгоржав гуай сууж, Уртнасанг оросоор үг хэлэхий нь хараад,
 
-Хэдийдээ ч ингэж орос хэл сурчихдаг юм бэ дээ. Орос хүн шиг л яриад байх юм гэж бахархах гайхах сэтгэл төрж байжээ. Хүүг минь хайрлаж байгаарай гэж сэтгэлдээ өгүүлж байсан зөвлөлтийн багш нартай нь ч нүүр учирч " Та нар үнэхээр ач буянтай улс байна шүү" гэж хэллээ.
 
Залуу халуун нас минь
 
Хүн залуу насандаа туйлын хайртай байдаг. Би залуудаа тэгж ингэж явлаа гэж бахархан ярих дуртай. Нас өтөлсөн цагтаа залуу халуун насныхаа ид хавыг эргэж санахад залуу сайхан цаг нь эргээд ирчихсэн мэт болж, сэтгэл хөнгөрөн цангинасан хоолой нь сааралтаж, ургамал цагаан шүд нь уначихсан ч гэсэн чадал мэдэн чанга дуулчихмаар болдог.
 
Анхны хайраа илчилсэн ганц ч үг хэлэлгүй "Учиртай гурав"-ын шүлэг дэвтэр дүүрэн хуулж өгөөд ч хайртай гэдгээ ойлгуулж чадахгүй байсан багын найзтайгаа уулзахад гэнэн балчир ахуй нь эргээд ирэх мэт бүрэг дуугүй болж нүүр час улаан болчихдог удаа бий.
 
-Ээ дээ залуу нас сайхан шүү. Өвгөн бид хоёр морины ташаа хальсан ус гаталж, айлын найранд оччихоод хүүдээ яарч буцаж ирэхэд,
 
-Та хоёр яасан их давхидаг юм бэ? Машин гарч ирлээ гэсэн чинь та нар байх юм гэж айлынхан хэлсэн. Нээрэн ч цагаан морь хөлсөндөө нэвтэрч бараан болчихсон байж билээ гэж миний танил Дашням авгай жар гарсан ч ширхэг ч дутуу тэгшхэн цагаан шүдээ яралзуулан мишээж, залуу халуун насны жил сарууд жингийн цуваа мэт өнгөрсөнд харууссан бололтой нэг хэсэг дуугүй байснаа Ачив! Дуулцгаая гэж билээ.
 
Хүний ухаан далай шиг өргөн байх юм. Наймхан настай байхдаа Уртнасан наадмын морь унаж омголон моринд нэг удаа чирэгдэн амь дүйж явахдаа аз болж дөрөөн сур пидхийн тасрахад "Нөгөө улаан гол гээч юм нь тасарч, би үхэж байгаа хэрэг үү" гэж бодож байсан бол өнөөдөр амьтны биохимийн хувирал, бодисын солилцлыг судлах эрдэмтэн болчихоод залуу халуун насныхаа бүтээлийн амтанд орж, химийн хүрээлэнгийн ажилтан энэ хүн ухаан саруул, хараа хурц залуу насандаа цагаан өмсгөлөө тайлалгүй үзүүр нь нэгэнт олдсон эрдмийн их ээдрээг тайлахаар шамдан сууна.
 
-Монголд шувууны аж ахуй хөгжүүлэхэд хэрэгтэй мэргэжилтэн бэлтгэлээ гэж бид үзэж байна. Удахгүй эргэж ирж эрдмийн зэргийнхээ дараагийн шатанд хөл тавиарай гэж эрдэмтэн доктор В.Георгиевский багш нь хэлж инээмсэглэл шингэсэн дулаан харцаараа Уртнасанг энхрийлэн, түүний зүг хоёр гараа сунган уул шиг өргөн цээжиндээ чанга тэврэн үдэж байсан нь санагдаж, хийх бүтээх хүслэн оргилно.
 
Оюун ухаанаараа ч, бие бялдраараа ч хэд дахин хүчтэй байдгийн хувьд ч “залуу халуун нас минь” гэж хүмүүс хайрлаж явдаг билээ
 
Д.Амбасэлмаа
 
Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин