sonin.mn
БНХАУ-ьш Шинжаан-Уйгарын өөртөө засах орон арван сая Уйгар, нэг сая гаруй Хасаг, нэг зуун наян мянган Монгол (Ойрад-торгууд, өөлд, цахар, захчин), хань үндэстэн арваад сая. Дундад улсын нутаг дэвсгэрийн зургааны нэгийг эзэлсэн газар тариалан, мал аж ахуй, үйлдвэрийн (газрын тос, хий, уул уурхай) орон. Шинжаан (манжаар Син Зиан) гэж Шинэ хязгаар гэсэн үг. Дөрвөн ойрадын Зүүн гарын улс хүчирхэгжин мандаж байх үед 1,5-2,0 сая ойрад-монголчууд Шинэ хязгаарт амьдарч байжээ. 2005 оны байдлаар Шинжан-Уйгарт 21 сая хүн амьдарч байж. Хятад улсад нийт 56 үндэстэн, ястан байдгаас 34 нь Шинжаан-Уйгарт байна.
 
Хүн амын эзлэх тоогоороо Хань, Уйгар, Казахууд эхний гуравт орно. Мөн энд Дунган, Киргиз, Сибо, Тажик, Узбек, Манж, Даур, Татар, Орос, Дунсян, Тузя, Жуан, Салар зэрэг үндэстэн бий. Энэ нутаг эртний мөхмөл соёл, бас саяхны мөхмөл үндэсний нутаг. Энд 50 гаруй мянган цэвэр манж үндэстэн байдаг ч өөрсдийгөө манж гэдгээ мартжээ. Байгаль газарзүйн хувьд говь, тал, уул ус, нуур мөрөнтэй, мал-тариаланд тохирсон зөөлөн дулаан уур амьсгалтай, тансаг сайхан нутаг. Ховог сайр аймгаас эхлээд Тэнгэр уулын орой хүртэл монгол хүн суурьшсан өргөн уудам, байгалийн гайхамшигтай бөгөөд "аймшигтай" нутгаар гурван мянган бээр аялсан тэмдэглэлээр бид нар мөдхөн уулзах учир Шинжааны Монголчуудын талаар сэтгэгдлээ хуваалцья.
 
Түүх хуучирдаггүй, сургамжтай. “Түүхийг судалж мэдэх нь маргаашийг бүтээхийн учир" (Ж.Неру), “Түүхээс үнэн, түүнээс итгэлтэй юм гэж үгүй" (Дэн Сяпин) гэж их хүмүүс онож сургасан байдаг. Америкийн нэрт түүхч Стиверс "Бид түүхийг мартдаг, харин түүх биднийг мартдаггүй" гэж сануулжээ. Бид Зүүн гарын монголчуудыг мартсан байж магадгүй. Харин дэлхийн, дорнын, монголын түүх биднийг мартаагүй.
 
Одоогийн Шинжаан Уйгарын нутаг дээр монголын Ховдын хязгаар, ОХУ-ын Тагна Тува улс, Казахстан, Узбекстаны зарим хязгаарыг эзэлсэн Монголын Дөрвөн ойрадын хүчирхаг Зүүн гарын Хаант улс, нэг зуун тавь гаруй жип оршин тогтнохдоо (1600-аад оноос 1760 он) одоогийн БНХАУ-ын нутаг дэвсгэртэй бараг тэнцэх хэмжээний газартай байжээ.
 
Манжийн түрэмгийллийн 1755-760 оны дайнд бараг хагас сая гаруй Монголчуудыг хүйс тэмтэрч Зүүн гарын их нутаг эзгүйрэн хоосорсон байна. Цоросын Эрдэнэ-Баатар Хунтайжийн засаглалын үед торгууд аймгийн Их тайш Хо Өрлөг, Дөрвөд аймгийн Далай тайш нар харъяат иргэдээ дагуулан Оросын Ижил мөрөн, Зай голын нутагт аажим, алгуурхан (1608-1628 он) нүүж очоод 143 жил болоод 1771 ойд хоёр зуун мянгаараа гарч найман сар нүүх замдаа араасаа оросын нэхүүл цэрэг, урдаас нь Хасаг, Киргизын цэрэг тосон байлдаж олон мянган хүний цус урссан мөн өвлийн хүйтэнд осгож, зуны халуунд ангаж цангаж өлсөж, өвчин тахалд нэрвэгдэж "Чулуунаас бусдыг идэж, чононоос бусдыг унаж "явж хагасаас илүү хүнээ алдаж, малаа бараг дуусгасан зуу хүрэхгүй мянган ойрад-торгууд нарыг Манжийн хаан тосон авч эзэнгүй болсон Зүүн гарын нутагт тараан байрлуулсан ажээ.
 
Түүхч доктор На.Сүхбаатар "Дэлхийн түүхийн голлох бүтээлүүдэд монгол овогтны Хүннү, Их Монгол, Зүүн гар гэсэн гурван улсын тэмдэглэсэн байдаг" гэснээр үзвэл Дөрвөн Ойрадын Зүүн гар улс Чингис хааны Их Монгол улсыг санагдуулах ажээ. Зүүн гар улсын түүхийг Эрдэнэ-Баатар Хунтайжийн Дөрвөн ойрадын чуулганаар тооцвол 1600-аад оноос эхалсэн гэж үзэж болох бөгөөд түүний хүү Галданбошготын хүчирхэг хаанчлалаар авч үзвэл 1636 рн гэж судлаачид, зохиолчид түүх сонирхогчид хоёр талцаж иржээ. Биднийг эртний зүүн гарын нутгаар олон мянган бээр аялуулахад Ховог сайрын Шаливайн Гэгээн (морин жилтэй Пэрэнлэйжамцоо), миний төрөл ач хүүхэн Шагжайн Дариймаа нар гүн туслалцаа үзүүлсэн юм.
 
 
Миний овог буюу ХарСэмүүнийхэн
 
Овог отгийн жаяг дэгээр Бага Барууны живэргүй (далавчгүй) шувуун тамгатай, шорголжин (шоргоолжин) имтэй омог аж. Бага Барууныхан дотроо далавчтай шувуун тамга болон бас бус дөрвөн омог болж авга, нагац болж төрөл садан болдог жаягаар Далавчгүй шувуун тамгатнууд ХарСэмүүнийхний хол, ойрын төрлүүд. Дариймаагийн өвөг эцэг Мухар Мээрэн тухайн цагтаа (гуч, дөчөөд он) Ховог сайр аймгийн Чин Вангийн дэргэд ноён, тайжийн алба хашиж явсан "Цагаан ястан", эцэг Шагж нь үе уламжлах ёс дэгээр хошуу ноёны зиндааны эрх эдэлж байжээ.
 
Миний холын төрөл ач хүүхэн Дариймаа одоо дөчин тавтай Ховог сайр аймгийн төрийн албанд алба хашдаг, хятад хэлээр бүрэн дунд, дээд боловсрол олж, намын ажлын дамжаа дүүргэсэн албанхаагч. Дариймаагийн хань миний ач-хүргэн болох Намхай (Намка) гэдэг гуч гаруй жил машин барьсан газар усаа сайн мэддэг, олон танилтай дөчин долоон настай "долоо буудуулсан чоно" гурван мянгат замыг хурдан, хөнгөн тэргээрээ саадгүй туулсан даа.
 
Манайхан юм үзэж нүд тайлсан, саад бэрхшээлийг тойрч гарч чаддаг хүнийг "долоо буудуулсан чоно" гэдэг ханштай үг. Бидний явсан замын хоёр талаар болон хот, балгас (нутгийн хэлээр багаахан хот, тосгон), говь, тал, нүцгэн уул толгодоор төрөл бүрийн мод тарьж, цэцэг навч алагласан нь гайхалтай. Манай жолооч хөгжилтэй яриа дэлгэж, машиныхаа дуу хураагчаар нутгийн сайхан монгол дуу тавьж, "Жангар" тууль хайлуулж хөгжөөнө. 
 
-Намка, танай нутгийн тал, говь нүцгэн уулсаа яаж ийм ой модтой болгож чадсан юм бэ? Монголчууд мод тарьж сурчээ гэхэд,
 
-Авга танд айлтгахад эрт, урьд цагт манай нутагт "монгол олон уу, мод олон уу" гэж асуухад "монгол олон" гэж хариулдаг байсан. Одоо энэ асуултанд "монгол цөөн мод олон" гэдэг болсон.
 
Зүүн гарын улс гэж байхад саяар тоологдох дайнч, хүчирхэг ойрад монголчууд эрх мэдлийн төлөө задран бутарч, өөртөө тусгүй, бусдад олзтой дайн хийж байж "монгол цөөн, мод олон" болсон юм болов уу даа авга минь. Цаг нь ирвэл буур ч үхнэ, ботго ч үхнэ гэж манайхан хэлдэг дээ. Түүхийг шүтдэггүй, харин түүнээс сурдаг болохоор яая гэхэв дээ. Галданбошгот хааны үед, тариа ногоо тариулж цэргийн хоол хүнс бэлтгэх зорилгоор Тэнгэр уулын өвөр-өмнөт Шинжанаас олон мянган уйгаруудыг цэргийн хүчээр боол болгон тууж оруулж ирсэн. Тэд суурин иргэншилтэй тариачид учраас мод тарьж тариан талбай хамгаалах, ус чийг тогтоох ухаантай хүмүүс.
 
Харин мал маллах ухаан биднээс хол дутна. Ажлын сайн мал нь цөөхөн илжиг, луус. Харин тахиа, галуу, нугас, индиус шувуу үржүүлж өвдөг, махыг нь хэрэглэнэ. Хонийг хасаг, монголоос худалдаж аваад уйгар зоогтоо хэрэглэнэ. Бид нар тэднээс гамбир хайрах, цэлбэг нэртэй боов чанах, тутрагаар сагсай (плоу) хийх, мушгиа боовоор цагаан сарын тавган дээр тавих гээд олон арга сурч өвлөж авсан. Манай аялалын баг гурвуул.
 
Миний дунд хүү М.Амарсанаа, миний нагац эгч Цэрэвжавын Орломжавын охин Бурмаатай гэрэлсэн хүргэн Нямсүрэнгийн Энхбат. Манай баг хоёр зорилготой. Нэгдэх нь төрөл төрөгсдөө (Авга, зээ нараа) олох, хоёрдох нь Шинжааны их нутгаар аялж монголчуудын амьдрал, соёл, байгаль цаг ууртай танилцах. Амарсанаа бид хоёрын хувьд эмэг эх Сэрхийн Хөхийн Хаалгын 90 гаруй насандаа нэр усаар нь бичүүлсэн дөрвөн дүүгийн "ургийн төрөл нагац, усын эх булаг" гэдгийг эрж олох.
 
Миний эмэг эх 1899 онд (Цагаагчин туулай жил) Ховог сайрын "Бөөрс" нэртэй хошуунд төрж, 1944 онд Монгол улсад нүүж ирээд 1990 онд (цагаан морь) 99 насандаа өөд болсон. Намайг гурван наснаас гуч гартал, Амарсанааг нэг наснаас нь дээд сургууль төгстөл асарч хүмүүжүүлсэн их ачтан (бас ойрад торгууд хэл зааж сургасан) учраас эмэг эхийн сүнсийг баярлуулж (тэнгэрээс бид хоёрыг харж байгаа) гэрээслэлийг нь биелүүлэх зорилгоор эх нутаг Ховд аймгийн Булган сумаар дамжин Шинжаан Уйгарын монгол аймаг руу аян хийсэн Ховог сайрын торгууд удмынхан. Н.Энхбат Вангийн торгууд. Мишигдорж Вангийн удам төрөл.
 
Жар гаруй жил төөрсөн төрлөө олох санаатай. Хадам ах намайгаа бараадаж гарсан эр. "Монгол олон уу, мод олон уу" гэдэг үгэндээ дахин орьё. Ер нь улс орны хөгжлийн үндэс нь нийгмийн хөгжил, хүн амын тоо. Суурин соёл иргэншил (хувийн өмч, худалдаа үйлчилгээ, газар тариалан, соёл, шинжлэх ухаан) хүний хөгжилд шийдвэрлэх ач холбогдолтой.
 
Хүннү, Их монгол улс, Зүүн гарын хаант улс гэж дэлхийн талыг эзэлсэн монгол улсын уналт, бутрал задарлыг нүүдлийн мал аж ахуй (эдийн засаг)-тай холбон авч үзэж болно. Одоо арван сая гаруй монголчууд, хагас сая ойрадууд Их Монгол улсын эзэлсэн хагас дэлхийгээр нэг тараад эх монгол нутагтаа гурван сая хүрэхгүй хөөрхийс үлджээ. Эрдэмтэн Я.Төмөртогоогийн тооцоолсноор БНХАУлсад монгол, ойрад, дагур, Дунсян, монгор, баонь, зүүн уйгар мэтийн монгол угсаатан 5,8 сая. Мөн ОХУ, Афганистан мэт улс оронд 5,7 сая орчим монголчууд байна.
 
Хятад улсын хөгжил хүчирхийллийг хүн амын тоон өсөлттэй холбон авч үзмээр. Одоо дэлхийн таван хүний нэг нь хятад үндэстэн. 800 жилийн өмнө (Чингис хааны үе) дэлхий хагас тэрбум орчим ам бүлтэй байж. Манж Чин улсыг нураахад онцгой үүрэг гүйцэтгэж Хятад улсын ерөнхийлөгч болж явсан Сун Ят Сён 1906 онд "Одоо дэлхийд хүний тоо тэрбум давж байхад ханьчууд бид 400 сая дэлхийн бөмбөрцгийн хүн амын дөрөвний нэг боллоо гэж хэлсэн байдаг.
 
Барагцаалан тоолвол 100 жилд (1906-2006) хятадын хүн ам 3 дахин өсч 1,2 тэрбумд хүрчээ. Олноос олон гэдэг энэ. Энэ хугацаанд дэлхийн хүн ам 1,5-2,0 дахин өсөөд 6 тэрбум болж. Одоо дэлхийн хүн долоон тэрбум давж өсөлтийг Ази, Африкийн буурай хөгжилтэй орон хангаж байхад Европыг хөгжингүй улс оронд депопуляцийн буюу хүний тоо цөөрөх хандлага гарсан байна. Тэжээдэг нь цөөрөөд тэжээлгэдэг нь өссөн "жижигхэн" дэлхийн мөхөл ойртож байх шиг.
 
Ийм нөхцөлд Английн хар лам Мальтусын "Хүн геометрийн прогрессээр өсөж, хоол хүнс арифметикийн прогрессэр дутаж байна" гэсэн сургаалийг дахин харж үзэхээс өөр аргагүй болжээ. Хүний гараар эх дэлхийд их юм бүтээсэн нь үнэн. Гэтэл бас их юм нураасныг худал гэх аргагүй. Бид Шинжааны ойрад монголчуудын нутгаар аялж, Уйгар хасгийн дэргэд дэндүү цөөхөн (дөнгөж 180 мянга) гэж харамсан гасалж, Зүүн гарын улс гэж байхад энэ газар нутгийн эзэн болж хоёр сая шахам ам бүлтэй байсан гэдэгт үнэмшиж ядна.
 
Дэлхийд хагас сая гаруй ойрадууд Орос (Халимаг улс), Дундад улс Баруун монгол, Европын болон АНУ-д олон цөөн тоогоор амьдарч, ажиллаж байна. Монгол улсад Манжийн дарлалын хар мөр (дөнгөж 620 мянган хүн амтай) арилаагүй олон жил болсон. Одоо арав гаруй сая хүнтэй байх ёстой Монгол улс дайн дажингийн хөл, нүүдэл суудалдаа чирэгдэн дэлхийгээр нэг тарсан нь юутай харам билээ.
 
1921 оны Ардын Хувьсгалаас өмнө Цагаан хаант Орос улсын даалгавраар Богд Хаант Монгол улсад ирж багагүй хугацаагаар ажилласан хожмоо ЗХУ-ын нэртэй эрдэмтэн, 91 насалсан И.М.Майский (1884-1975) нүүдэлчин монголчуудын "Монгол хүний гол шинж сэтгэцийн үндэс нь назгай байдал мөн" гэж үнэлсэн байдаг. Майский Орос-Монгол хоёр улсын дунд худалдаа наймаа хийх боломжийг судалж ирсэн нийгэм судлаач эрдэмтэн байжээ. Энэ хүн бас "Монгол эмэгтэй өөр хаа ч байхгүй энгэр султай.
 
Учир сайн ойлгох хүмүүсээс хүчингийн хэргийг яаж шийтгэдэг тухай асуухад... түгдрээд хариулж чаддаггүй" гэж бичээд монголчууд "мэрээс" өвчинд олноор нэрвэгдэснийг энгэр султайн гай гэж үзсэн ажээ. Тэр цагт өсөлтгүй болсон монголчуудын таван хүний хоёр нь бэлэг хавиталын энэ өвчинд нэрвэгдэн үр төлгүй болсон байлаа. Бид аяны замдаа уйгарчуудыг "аймаар" харцаар шинжиж явлаа. Хөдөөгийн тариачин уйгарууд ажилсаг номхон, дуулгавартай, хар алчуур нөмөрсөн охид бүсгүйчүүл нь царайлаг (энэтхэг, татар бүсгүйчүүлийг санагдуулсан) даруухан.
 
Бид зуур замдаа бууж уйгарын хоолны газар орж, ил зах дээрээс амтат гуа, тарвас зүсүүлэн сууж яриа хөөрөө дэлгэж явлаа. Ийм ажилсаг, хөдөлмөрч, даруухан хүмүүс үймээн самуунд өртөдгийн учрыг олж ядан явлаа. Зургаан сая хүнтэй Өрөмч хотод найман зуун мянган уйгар хүн суурьшсан уйгар хотхон байдаг юм байна. Бараг алхам дутамд урдаа бамбай барьж, буу мөрөлсөн хятад цэрэг гурав дөрвөөрөө зогсож байгаа нь айдастай.
 
Өмнөт Шинжаан Киргиз, Пакистан улстай хиллэнэ. Афганистан үймээний гол голомт ойрхон. Хааяа гардаг Уйгарын нэртэй үймээн Афган, Пакистаны Лалын террорист урсгалтай холбоотой байж ч болох юм. Мөнгө хүнийг эвддэг шүү дээ. "Хялгасан" ухаанаар бүтээсэн хятад засаглал Хятад улс бол зургаан мянган жилийн төрийн тогтолцоотой, МТӨ 551 онд төрж төр, гэр бүлийн ухааны үндэс, гүн ухааныг боловсруулсан суут сэтгэгч Күнз мэргэний номын ухаантай ард түмэн.
 
Күнзийн эцэг цэргийн түшмэл Шу Лянхэ удам залгах нуган үртэй болохыг хүсч далан нас хэвийсэн хойно гутгаар эхнэрээс нь хожмын их сэтгэгч Күнз мэргэн мэндэлжээ. Хятад хүн хялгасан ухаантай гэж монголчууд үнэлж ирсэн. Хятад хүн тосон хормойтой гэж Шинжаан Уйгарын хэд хэдэн аймгийн нийслэл болсон Тарватай (Тарвагатай) хотын дэд даргын алба хашиж суугаа монгол-торгууд Түгжээжав бидэнд оройн зоог барихдаа хэлж байсан. Хятад улс засаглалын дөрвөн тогтолцоотой. Нэгд, Намын, хоёрт, Төр засгийн, гуравт, Ардын төлөөлөгчдийн байнгын хороо (хурал), дөрөвт, Улс төрийн зөвлөл (зөвшилцөл).
 
Засаг захиргааны бүх шатанд энэ 4 хувилбарыг баримтална. Хятад, Уйгар, Хасаг, Монгол голлосон гуч гаруй үндэстэн ястантай Шинжаан Уйгар оронд засаглалын хуваарьлалтыг ямар үндэстэн зонхилж байгаа дэс дарааг харгалзан сонголт хийдэг хатуухан жаягтай юм байна. Жишээлбэл, Ховог сайр аймаг (шань) жаран мянган хүн амтай. Хорин мянган монгол (торгууд), арван зургаан мянган хасаг, хоёр мянга гаруй уйгар. Харин хятад арван мянга найман зуу.
 
Арваад мянга нь бусад бага ястан. Монголчууд олонхи байгаа болохоор засаг даргаар торхууд хүн. Намын дарга нь хаана ч гэсэн хань үндэстэн байдаг хуульчлаагүй хуультай. Ардын хурал, улс төрийн зөвлөлд үндэстэн ястны оролцоог хүний тоогоор тогтоодог бололтой юм билээ. "Нялх" гэсэн хөөрхөн нэртэй аймагт хасаг 70-80 мянга, уйгар хориод мянга, хуйхуй (хотон) үндэстэн 30 мянга, монголчууд 10 мянга болохоор монгол хүн засаг төрийн дээд албанд гарах боломжгүй.
 
Хятадын шинэчлэлийн гарамгай удирдагч Ден Сянины боловсруулсан "Хятадын онцлогтой социализм" Шинжаан Уйгарт үр дүнгээ өгч малчин, тариачны амьдрал сайжирчээ. Монгол, хасаг малчид нэг мянга хүртэл толгой малтай. Дундач малчин гурван зуугаад бог, гуч дөчөөд бодтой. Энэ малчин хүний амьдралд хангалуун хүрэх тоо. Сайн морь манай ханшаар арван сая, идэшний үхэр хоёр сая гаруй, хонь гурван зуу гаруй мянган төгрөг.
 
Малчдад нутаг зааж, хэмжиж өгөөд (өвөлжөө, хаваржаа, намаржаа) малын билчээр сайжруулах хадлан бэлтгэх зардал улсаас гаргана. Малчдад оноосон нутагт бод, шийр дөрвөн зуугаад малд тааруулж өгсөн болохоор тоог өсгөх боломж хаагдана. Өөрөөр хэлбэл малын тоог хязгаарлах аргыг билчээр, тэжээлээр нь зохицуулж байна. Монголчууд зонхилсон нэг тосгоны гудамжинд морин дээрээ хоёр тийш гуйвсан согтуу малчин залуутай таарсан юм. Бидэнтэй хэдэн үг сольж, манайхаар орж хамт архидья гэж "урьсан" залууг үдэж байтал, нутгийн бас нэг малчин залуу ирж,
 
-Манайд архидалт багассан. Зуун эрчүүлээс хоёр гурав нь балгах дуртай гэж билээ. Манайхан зах зээлийн хар шуурганд архичдын олонхи нь ширвэгдээд тэр үү цөөрч байгаа байх. Гэвч хатуу засаглалтай Дундат улстай харьцуулбал зуугаас гурав бус тав зургаа болох болов. Жилд мянга гаруй амь хүний гарт үрэгдэж байгаагийн ихэнх нь цагаан архийн хар мөр байх аа. Шинжааны монголчуудын малчдад билчээрийн, суурингийханд ажил амьдралын газар өгдөг юм байна. Айл гэрийн ашиглах газрыг манайх шиг мөнгөөр худалдаж баяжуулах бус баян, ноён, ядуу чадууг харгалзахгүй ижил хэмжээгээр өгнө.
 
Харин энэ газар дээр баячуул олон давхар сайхан байр барьж, олон машин зогсоох бүрэн эрхтэй. Ядуус нь дан байр, дундчуул нь давхар байр барина. Хятад социалист төрийн бодлого хэт баяжуулахгүй, хэт ядууруулахгүй дундаж түвшинд "гэдэс цатгалан, мөр бүтэн, сэтгэл амар амьдрах" боломжийг хангаж чадаж байна. Жишээ нь, улсаас өгсөн газартаа байр сууц барих тэнхэлгүй ядууст улсын төсвөөр үнэгүй дан байшин барьж өгсөн нь энд тэндгүй харагдана. Аргагүй юм даа.
 
Бид мөнгөтэй нь баяжиж хөлжиж, мөнгөгүй, өнгөгүй нь "траншений нүхэнд" хоног төөрүүл гэсэн капталист орон, харин хятад бол эдийн засгийн зах зээл (капитализм)-ийн хувийн өмчтэй,улстөрийн (социализмын) хатуу засаглалтай орон. Магадгүй дэлхий дахинд энэ зууны эхний социализмын задрал дуусах цагт, капитализмын задрал эхлэх болов уу. Тэр цагт дэлхийн улс орон "хятадын онцлогтой социализм"-ыг үлгэр загвараар замнаж ч мэдэх юм.
 
XXI зуун хятадын зуун болно гэсэн "онол" газар авч байхад капиталист тогтолцооны "хаан" АНУ-ын дэлхийчлэл (глобализм) бодлого унах аюулд орж болзошгүй. Ер нь дэлхийчлэл Их Монгол улсын хаан Чингис, Хубилай нарын засаглалаар эх тавигджээ. Чингис хаан мөнх хөх тэнгэрийг, Хувилай хаан тэнгэрчлэх (тэнгэризм) үзлийг оройлон өргөж, догшин хар сахиус Махвалыг тахиж, хар сүлдийн хамт, цагаан шүхэрт дагиныг цагаан сүлдийн хамт залж, төрийн хар жавхаа, хүч чадал, энх амгалан, энэрэл хайрыг бэлэгдэж явснаар хагас дэлхийг эзэлж байсан (Т.Бираа "Монголын тэнгэрийн үзэл ба тэнгэрчлэл, 2010).
 
Дэлхий нэг нартай, нэг газартай байхад, нэг хаантай, нэг армитай байна гэдэг үзлээр Их Монгол Улс хагас далхийг эзэлж хоёр зуун жил ноёрхсон болов уу. Дэлхийчлэх бодлогыг дэлхийн хүчирхэг томоохон гүрнүүд Их Монгол Улсаас уламжлан авсан аж. XX зуунд ЗХУ "Орон бүхний пролетари нар нэгдэгтүн" гэдэг нэрээр дэлхийчлэлийг сурталчилж дэлхийг ноёлох бодлого гаргасан. XXI зууны "дэлхийчлэл" АНУ-аас хятадад шилжих "Улс төрийн тэмцэл" хүчирхэгжиж эхэлсэн бус уу
 
Ц.Мухар