Бид Илийн Өөлдийн нутгаар явж, Казахстан улсын хил дээр ирж Гэдэн нэртэй (гэдийсэн хүний толгой шиг) уулан дээр гарсан юм. Энэ бол Зүүн гар улсын сүүлчийн хаан Даваачийг даран устгаснаар Дөрвөн ойрадыг мөхөөсөн газар. Манжийн Тэнгэр тэтгэгч хаан (Хунли) энэ ялалтын дурсгал болгон 1760 онд Зүүн гарыг дарсан Гэдэн уулын хөшөө босгосон байна.
 
Энэ хөшөө 2,59 м өндөр, өргөн нь 0,83 м, зузаан нь 0,27м. Хөшөөг хүндэтгэн дээр нь сүм босгон нар, ус, салхинаас хамгаалсан ажээ. Зүүн гарын хаан Галданбошгот 1688 оноос Ар халхын болон Манжийн Энх-Амгалан (Кан-Си) хааны цэрэгтэй байлдан ялж, ялагдан дайн сунжрах хойгуур өөр эхтэй ах нартаа алагдсан Сэнгэ хааны хүү (Галдангийн ач) Цэвээнравдан түүний хүү Галданцэрэнгийн угсааны Зүүн гарын сүүлчийн хаан Даваач ажээ.
 
Даваач хааныг дарсан дурсгал болгон босгоод хоёр зуу гаруй жил болж байгаа энэ хөшөөнд Тангад, Хятад, Тод монгол, Манж бичгээр дөрвөн талд нь бичсэн үгийн эхийг манжийн хаан өөрөө бичиж сийлсэн гэсэн домогтой. Манжийн хааны цэрэг 1755 онд ирж таван жилийн турш цус асгаруулсан дайн хийж хагас сая гаруй монголчуудыг хүйс тэмтэрч байж хоёр зуугаад цэрэгтэй үлдсэн Даваач хааныг амархан "багалзуурджээ".
 
Зүүн гарыг дарсан Гэдэн уулын хөшөөний дөрвөн талд "Зүүн гарын цагаан ястны самуурлыг дарж манж Чин улсын Тэнгэр тэтгэгч хаан ялан дийллээ" гэсэн санааг агуулсан Манжийн хааны бичээс дөрвөн хэл дээр бичигдэн мөнхөрсөн нь энэ. Манжийн цэрэгт хөөгдөн Гэдэн ууланд бүгэж байсан Даваач хааны цэргийн хүрээнд Харбаатар Аюуш толгойлсон Манжийн хорь гаруй шадар цэрэг шөнийн тагнуул хийж яваад санамсаргүй орчихжээ.
 
Оросын түүхч И.С.Кузнецов "Амарсанаа" (2000 он) номдоо бичсэнээр Аюуш бол Манжид одсон Өөлдийн цэргийн тушаалтан. Тэрээр Ойрадын Амарсанаа баатрын бослогыг дарахад Манжийн хаан Хун Лигийн итгэлийг олж, өндөр шан хэргэм хүртжээ. Даваачийн цэргийн хүрээнд санаандгүй орж ирсэн Аюуш шуудран дайрч захаас нь хядаж эхлэхэд, яах учраа мэдэхгүй (Манжийн их цэрэг орж ирлээ гэж) Зүүн гарын сүүлчийн хааны цэрэг сандран үймж эх захаа алдан бужигнах хооронд, Даваач торгон цэргээ аван Гэдэн уул уруудан, тал хөндийг гатлан Тэнгэр уул давж өмнөд Турфаны захирагч Асенбек Хожасыг бараадан хүч сэлгэх санаатай хүрчээ.
 
Асенбек Даваач хааны зарлигаар энэ мужийн захирагчийн алба авсан болохоор итгэж очсон хэрэг. Манжийн цэргийн ялалтыг ухаарсан Асенбек, хаан эзнээ дайлж амраагаад унтуулсны дараа шөнө дунд барьж хүлээд манжийн цэргийн жанжинд тушааснаар их шан хүртэж Даваач хааны зарилгаар авсан албанаас ч өндөр хэргэм цол хүртсэн юм гэдэг. Даваачийг мэдээж Манжийн хааны ордонд аваачсан нь тодорхой боловч хэрхэн цаазалсан нь түүхэнд бичигдээгүй үлджээ.
 
Ойрад монголын нэгэн түүхч, манжийн хаан "Баруун чихний шан"-аар монгонголчуудыг тоолон хядаж их шан хөлсөөр бооцоолж байхад халх, өвөрлөгч төдийгүй ойрадууд ч алсан монголынхоо баруун чихийг огтлоод (хүний баруун чихээр тоо гаргаж болдог) богцолж явсан гэдэг үнэмшилгүй санагдавч магадтай гэж санаа алдсан. Зүүн гарын улс яагаад сөнөв, монголчууд яагаад ялагдав гэдгийг хамгийн түрүүн дотоод эв нэгдлийн задрал, хаан ширээ, ноён суудлын төлөө тэмцэлтэй холбож тайлмаар.
 
Даваачийн ялагдал бол ойрадын баатар Амарсанаатай Зүүн гарын хаан суудлын төлөөх дайны хор уршиг. Даваачтай учирсан байлдаад дийлээгүй Амарсанаа хор шарандаа хахаж манжид урваж Бээжингээс олон түмэн цэрэг дагуулж ирснээр тэртээ тэргүй Дөрвөн Ойрадын Зүүн Гар улсыг эзлэн дарах аян шалтаг эрж байсан Манж Чин улсад "аманд орсон өөх" болж өгсөн байна.
 
Манжийн цэргийн гол хүч тэргүүн шугам нь урд эзэлж авсан Ар, Өвөр монголын цэрэг байсан бөгөөд, бас ойрадын зарим ноёд, цэргийн жанжныг их шан хөлс, өндөр дэв зэрэг амлан дагаар оруулаад монголыг монголоор нь залгиулах "дархан мэх" олж чадсан байна. Хагас дэлхийг эзэлж байсан монгол цэргийн эрэмгий дайчин хүч чадал дөрвөн зуун жилийн дараа бие биенээ хөнөөх эрлэг болж хувирчээ.
 
Одоо ч гэсэн Ар монгол, Өвөр монгол, Ойрад монгол, Буриад монгол... гээд тарж бутарсан монголчуудын дунд энэ эрлэг эрлэгээрээ байгаа гэвэл та намайг зэмлэхгүй биз ээ. Авилгал гэдэг "манж цэргээр зэвсэглэсэн" албан тушаал, хэргэм зэргийн дайнд хэн ялж, хэн дийлдэж байгаа билээ дээ. 
 
 
"Бага нүүдэл”-ийн их нутаг Ховог-Сайр
 
Ховог сайр бол Монгол улсад хамгийн ойрхон Ховд аймгийн Булган сумаас 600 км. Энэ сумын Тэгшхэн нэртэй хилийн боомтоор өдөр болгон хүмүүс чөлөөтэй орж гардаг. Баруун гурван аймгийн наймаачид энэ боомтоор худалдаа (газрын тос, барилгын материал, тутрага, жимс жимсгэнэ гм) хийдэг юм билээ. Булган сум бол монголын торгууд ястны ганц өлгий нутаг. Арав шахам мянган хүн амтай энэ суманд долоон мянгаад нь торгууд.
 
Тэдний олонхи нь Ховог сайрын ба Вангийн торгууд. 1944 оны намар, өвөл Ховог сайр, Цонж, Жимсайраас нүүж ирсэн. 1944 оны намар Ховог сайрын Дэлүүн уулнаас (монголын хилд ойрхон зах, хаяа нутаг) далан нэгэн өрхийн хоёр зуун тавин хүн оргон нүүж ирэхэд би нэг настай байжээ. Миний “Торгуудын бага нүүдэл" гэдэг эсээ роман энэхүү нүүдэл, хоёр зуун тавин хүний хувь заяаны тухай өгүүлсэн юм.
 
Энэ романыг Өвөр монголын зохиолч (Эзнээ хошууны торгууд) Д.Аюурзана босоо монгол бичигт буулган энэ оны арван сард гаргахад Ховог сайрынхан амтархан, голонхон унших биз ээ. Ховог сайр нутгийн тухай "Бага нүүдэл"-ийн Их нутаг гэж гарчигласны учир ийн буюу. Ховог сайрыг зорьсон Амарсанаа бид хоёрын тэргүүн зорилго бол эмэг эх Сэрхийн Хөхийн Хаалгын дөрвөн дүүгийн ураг төрлийг олж нагац, зээ нараа олох явдал байлаа.
 
Өвөг эцэг Ховог сайрын Баасангийн Дашийн эцэг эх тэр цагийн ёс жаягаар Бөөрс нэртэй өөр хошуу нутгаас манай эмэг эхийг бэр буулгасан юм гэдэг. Манай намаржааны Дэлүүн уул Бөөрс нутгаас нэг зуу гаруй мод газар алс байсан учир болон бас нууж хааж байж гэнэт оргосон болохоор төрхөмдөө хэл хүргэх ямар ч боломжгүй байсан нь ойлгомжтой. Ерэн есөн нас зооглосон миний эмэг эх Бөөрс нутагт Очир, Дагва гэдэг эрэгтэй дүү, Булдай, Хигээ гэдэг хоёр охин дүү үлдсэн гэж ерээд насандаа надад бичүүлж үлдээсэн нь яасан холч ухаан бэ. Эмэг эх, өндөр эмээгийнхээ сүнсийг хөх тэнгэрээс баярлуулах гэж хүү бид хоёр яаран, хайлан тэмцсэн юм.
Миний тооцоолсноор эмэг эхийн дүү нар одоо байвал зуу гаруй настай байх тул уулзаж чадахгүй нь ойлгомжтой. Охид хөвгүүд нь дал наяад насны хүмүүс байж болно гэж тооцолсон нь бараг алдаагүй бололтой. Биднийг нагац нараа хайж, сурч очиход тухайн цагтаа Бөөрс нутгийн занги байсан 86 настай Сумьяа гадэг өвгөн Сэрхийн Хөхийн удам угсааны түүхийг хайж өгсөн юм. Сэрхнйн Хөхийн Очир танай эмэг эхийн их дүү.
 
Дал гаруй насалсан. Миний эгч Хөхийн Хаахга ар монгол руу нүүсэн, нэг хүү нь сайн гэлэн хүн байсан (миний эцэг Цүрэм ламыг хэлж байна). Хэзээ нэгэн цагт үр хүүхдүүд нь нагац, зээ нараа эргэж ирнэ гэж хэлдэг байсан. Очирын дүү Дагва 1945 онд Буурай тохойн нуураас давс ачиж яваад Хуйхуй (лалын шашинтай хятад) нарт баригдаж алуулсан. Бага дүү хүүхнийх нь хүү Балдан гэж 75 настай өвгөн бий.
 
Манай нутгийн бэр буулгах дэг жаягаар хадам тал нь шинэ нэр өгдөг тул танай эмэг эхийн охин дүү нарын багын нэр солигдсон болохоор төвөгтэй байна гэсэн юм. Нагац, зээ нар Очирын ач Пүрэвжавын гэр, байшинд "өр цайтал" (үүр цайтач) найрлаж дуу хуур болцгоолоо.
"Байна гэдэг сайхан" гэсэн дуугаар найрын дуу эхэллээ. 
 
Гал усаан санаад ирдэг 
Галуу цувааны дэгдээхэй юу даа 
Гарсан төрснөө хайгаад ирдэг 
Яасан сайхан ах дүү нар вэ 
Ай хөө байнаа гэдэг сайхан 
Алсын газрыг товчлоод ирдэг 
Агсат хээрийн арилжаа юу даа 
Санасан үедээ хайгаад ирдэг 
Сайхан сэтгэлтэй ах дүү нараа хө 
Ай хөө байнаа гэдэг сайхан 
Торгууд дуутай, хууртай биелгээ гэдэг бүжигтэй ард түмэн.
 
 Дууг эрчүүл эхэлбэл бүсгүйчүүл түрнэ. Хүүхнүүд эхэлбэл харчуул түрж, түрлэг болгон дээр босч товшуур цохиж биелгээ хийнэ. 
 
Гарсныг гадуурхаж болохгүй 
Төрснийг төөрүүлж болохгүй 
Зэсийн сайн зэвэрдэггүй
Зээгийн сайн мартагддаггүй
Төмрийн сайн нугардаггүй 
Төрлийн сайн мартагддаггүй
 Алтны сайн агирдаггүй (өнгөө алддаггүй) 
 
Ах дүү нарын сайн нь мартагддаггүй гэсэн оносон олсон үг аятай олон бадаг дуу өдөржин, шөнөжин хангиналаа, уянгаллаа. Бүжиглэлээ.
 
 
Найрын гийчид,
 
 -Манай нутгийнхан монгол, хань, уйгар, хасаг хэлээр ихэнх нь чөлөөтэй ярьдаг. Бие биенээсээ сурах, дасах, дадах зүйл хувцас хунар хоол унд, ёс заншил дээр гаралгүй яахав. Түрэг гарлын нэр авсан монгол хүн, монгол нэртэй хасаг хүн ч бий гэсэн юм. Манай зээ нарын дунд Турсангуль, Сувсан, Турсан, Сэрчин гэсэн түрэг гарлын нэр тааралдаж байна.
 
Энэ найран дээр манай зээ эгч гурав (Өлзийбат, Тэмээчин, Жарантай) олон сайхан дуу, олон дахин дуулсан. Би энэ гурав шилийн голын хоньчин биш монголын театрын гоцлол дуучин болмоор юм гэж ерөөсөн. Малчин-тосгон-газар гурваас харахад нүүдэлчний соёл иргэншлийн нүүр царай хятад нутагт өөрчлөгдөж байна. Малын мах, ноос, арьс, сүүг үнэтэй гэдгийг ойлгосон хот, суурин газрын хань, уйгарууд монгол хүнээс мал маллах аргад суралцаж хөдөө гарах нь их болсон гэнэ.
 
Монголчууд тэднээс ногоо, жимс, газар тариачан эрхлэх аргыг эзэмшиж, дутуугаа гүйцээж, дондуураа дүүргэж улс шиг хөгжиж, хүн шиг амьдарцгааж явна. Ингээд олон үндэстэн бие биенэсээ суралцаж, ижилсэх, адилсах нь хүмүүн заяа буюу. Ингэж Амарсанаа бид хоёр нагац зээ нараа олж эмэг эхийнхээ сүнс сүлдийг баярлуулж амьд явсныхаа нэгэн хэргийг бүтээлээ. Дуу гэдэг амьдрал, дурсамж, дурдатгал. 1944 онд Ховог сайр нутгаа орхисон хоёр "бага нүүдэл" гарчээ.
 
Нэг нь Дэлүүн уулаас гарсан манайхны нүүдэл, нөгөө нь манай Хар Сэмүүнхний овгийн Мухар мээрэн тэргүүлсэн арав гаруй өрх Орос нутаг руу нүүж нэг жил болж буцаж иржээ. Ингэж 1944 онд дайн самуунаас айн амар тайван газар эрж гараад эргэж ирсэн, ирээгүй хоёр нүүдэл Ховог сайрын хоёр хошуу 14 суман торхууд нарын дундаас гарчээ. Үлдсэн, хоцорсон нутгийнхан нь Дэлүүн уулын намаржаанаас Халх нутаг руу, Шилийн уулын зуслангаас Орос руу нүүсэн хоёр нутгийн барааг хараад,
 
Нүүсэн нутгийн чинь барааг харахад
Нүдний нулимс аяндаа мэлтэрнэ
 
гэж эхэлдэг уянгалаг (нутгийн хэлээр гэнээрлэг) дуу гарсан ажээ.
Одоогийн хэлээр Ховог сайр аймаг (шань), хуучин нэрээр Овоотын хийд бидний заавал очих ёстой дурсгалтай газар. Миний эцэг, Амарсанаагийн өвөө олон зуун ламтай энэ хийдэд 6 наснаасаа эхлэн 21 жил шавилан сууж, бурхан шашны улаан, шар, хөхийн урсгалын зиндаа дүүргэн, тарни бясалгалын номд нэвтэрсэн, тарнич, задач эрдэмтэй нутагтаа нэртэй сайн лам байсан юм билээ.
 
Одоо миний эцгийн сууж байсан хүрээнд ганц дан байшин үлдэж цөөхөн лам хурал хурж байна Хуучин хийдийн өнгө алдсан орог саарал байрны дэргэд Шаливын Гэгээний санаачлагаар гурван давхар хүрээ баригдаж, дэргэд нь зуу хүртэл шавь сургах шашны сургууль (4 давхар байр) босч Шинжаан-Уйгарын монголчуудын дөчөөд хүүхэд хичээллэж эхлээд байна.
 
Бид эцгийнхээ лам хувцастай зургийг-Ховог сайр аймгийн намын дэд дарга, миний ач хүүхэн Шагжийн Дариймаа Овоотын хийдийн 70 жилийн өмнөх сүүлчийн лам нарын нэгээр өргөмжлөнө гэж авсан юм. Ховог сайрт Шаливын Гэгээний барьсан будаалга дээр санаандгүй нэг бүсгүйтэй таарсан юм. Энэ бол Ховог сайрын сүүлчийн Чин Ван Балжир хатны бага охин Таамаа. Өрөмч хотод амьдардаг еврон маягаар хувцасласан хятад хэлээр сургууль хийж дээд боловсрол олсон жар гаруй насны энэ бүсгүй мэргэжлийн дээгүүр алба хашиж яваад тэтгэвэртээ гарсан ажээ.
 
Монгол хэлээр эг маг гэж цөөхөн үг дуугарсан хатны төрх хадгалсан энэ хүн, зуны сард эх нутагтаа хүүтэйгээ ирж цөөхөн хоног амардаг юм байна. Таамаа, Ховог сайр аймгийн дэд дарга энэ нутгийн торгууд Мөнхөө нар бидний шинэ танил. Ховог сайрын Чин вангийн ордон гэж хоёр давхар барипга одоо хүртэл хуучин төрхөөрөө дүнхийж олны нүд булаадаг болжээ.
 
Чин вангийн ордныг "Үнэн сүжигт хуучин торгууд хойд аймгийн жинхэнэ чуулганы дарга хошуу засагт Буянт Чин вангийн ордон" гэж нэрэлж байжээ. Вангийн ордныг 1928 онд хил залгаа Оросын ноёдод гурван мянган хонь өгч шинэчилсэн юм билээ. Манж Чин улсын Бадралт төрийн хоёр оноос (1894) "Үнэн сүсэгт хуучин торгуудын хойт аймгийн чуулганы дарга" гэсэн мөнгөн тамга, Чин ван зэрэг дэвийг дөчөөд жил барьсан Оргойжав ноён 1936 онд насан эцэслэж, ганц хөвүүн Доржрааш өв залгамжилсан боловч дөнгөж гурван жил болоод тэнгэр халижээ.
 
Ингээд Чин ван Доржраашийн бага хатан, харчин ясны нангиад гарлын царайлаг өндөр цагаан хатан Чойжав нөхрийнхөө суурийг эзэлжээ. Чан Кашигийн засаглалд тал засдаг, төрсөн үр төлгүй Чойжав ванг Ховог сайраас хөөгдөсний дараа 1946 онд үе залгамжилсан Чин вангийн төрийн уламжлалаар талийгч Доржраашийн их хатан Эрэгжимийн отгон охин ховгийн торгууд ноёхон Балжирыг Чин ванд өргөмжлөн Ховог сайрын Чин вангийн арслан бариултай далан лан цагаан мөнгөөр хийсэн "Үнэн сүсэгт хуучин торгууд хойд аймгийн чуулганы дарга" гэсэн бичээстэй тамга бариулж гурван жил гаруй болоод угсаа залгамжилсан Чин вангийн ноёрхол эцэслэжээ.
 
Дөрвөн Ойрадын Зүүн гарын хаант улсаас уламжлалтай Чин вангийн засаглал, 1911 онд гурван зуун далан таван жилийн түүхтэй Манж чин улс мөхөж ерөнхийлөгчийн засаглалтай Бүгд Найрамдах Хятад Улсыг тунхагласнаас хойш бараг дөчин жил оршин тогтносон байна. Японы нэртэй түүхч Окада Хидэхиро "Дэлхийн түүх мэндэлсэн нь" гэдэг номдоо "1911 онд Хятадад гахай жилийн хувьсгал гарсны дараа ...
 
Шинжаан (Зүүн гарын хотгор болон Таримыг хотгор) хэт хол тул Дундад иргэн улсын захиргаа тэнд хүрсэнгүй, Дундат иргэн улс нь бодит байдал дээрээ зөвхөн хятадыг л хамарсан Бүгд найрамдах улс байсан юм" гэж тэмдэглэсэн нь үүнийг гэрчилж байна. Маогийн коммунист засаглал олны хүндлэл хүлээсэн монгол, хятад бичиг соёлын боловсролтой дөнгөж гуч гарч яваа ноёхон Чин ван Балжирыг ад үзээгүй бололтой юм билээ.
 
Батжир цагаан ясны ноён хүний гэргий болж гурван охин, нэг хүү төрүүлсэн бөгөөд тэд монгол, хятад хэл дээр дунд, дээд боловсрол олж мэргэжиж, соёлжиж боломжийн ажил алба хашиж Өрөмч хотод болон Ховог сайрын хуучин Чин вангийн нэрээр байр сууц, өв хөрөнгөтэй болцгоожээ. Ер нь Маогийн Коммунист засаглал зах хязгаарын орон нутгийн ван ноёд, лам хувраг нарт манайх шиг хомроголон баривчлах, өмч хөрөнгий нь хураах, цаазлах хүртэл ял оноолгүй уян зөөлөн ухаалаг бодлогоор хандсан юм билээ.
 
Ховог сайрт хуучин болоод шинэ түүхийн хоёр байгууламж хэн хүний анхааралд өртөж нүд хужирлах аж Энэ бол ойрадын Эрдэнэбаатар хун тайжийн өргөөний суурь балгас. Нөгөө нь хотын төвд босч байгаа ойрад сургуулийн "Жангар" туульд зориулсан ордон музей. Хун тайжийн өргөөний суурь Ховог сайр хотоос зүүн хойш хоёр мод орчим зайтай. 1636-1643 онд Орос-Хятад, Уйгар урчууд барилгачдаар бариулсан ойрадын Эрдэнэбаатар хун тайжийн ордны ор суурь нь үлджээ.
 
Баатар хун тайжийн хүчин чармайлт, нэр төрөөр 1641 онд Халх-Дөрвөн ойрадын холбоог байгуулж, монголын дөчин дөрвөн угсаатны төлөөлөгч оролцсон чуулганаар "Монгол-Ойрадын их цааз бичиг" буюу нэгдсэн монголын "үндсэн хууль"-тай болж байсан газар дээр бид гурван зуун далан хоёр жилийн дараа нүүрэндээ нугалаатай, нүдэндээ нулимстай зогсож байна.
 
Чингис хааны Их монгол улсаас хойш, ар, өвөр, ойрад монголчууд хэзээ ч нэгдэн эвсэж чадалгүй хоёр их хөршийнхөө алдас болж задран бутарсан нь хөөрхий. Ховог сайрын уул, Хатан уулаас (5-10 мод газар) чулуу бэлтгэн зөөж босгосон энэ "цайз хот", 16,8 түмэн (арван зургаан мянга найман зуу) ам дөрвөлжин талбайтай, тал талдаа мянгаад метр урт (4км) чулуун хэрмийн өндөр нь 5,2м, өргөн нь 10м (хоёр жууз тэрэг зөрөх боломжтой). Хэрмэн цайзын дөрвөн өнцөгт харуулын өндөр бүхээг байжээ.
 
Мэдээж өндөр хэрмэн бэхлэлт дотор Баатар хун тайжийн их ордон, бага ордон, соёл цэнгээний газар, ноёдын болоод цэргийн жанждын чуулганы танхим гээд олон барилга байгууламж байсан суурь үлдэц байна Эрчис мөрөн, Чингэл Цагаан голоос суваг татаж хэрмэн бэхлэлтийг тойруулан гүн усан хамгаалалт хийсэн нуур цөөрөм үүсгэсэн (хэрмийн дотор ба гадна) ул мөр үлджээ.
 
Дөрвөн ойрадын Зүүн гар улсын улс төр, аж ахуй, цэрэг-дайн, соёл урлагийн төв "нийслэл" болсон энэ "цайз хот" Баатар хун тайжийн хүү Сэнгэ, Галданбошгот нарын хаан суудлын өргөө болж зуун тавиад жил оршин тогтножээ. Баатар хун тайжийн "цайз хот"-ын гадаа дөрвөн мянган алд зэл татаж унага уяж гүү сааж айраг (чигээ) эсгэж найр хийдэг байсан гэсэн домог яриа байна. Зэлийн гадасны мод зуун алхам дутамд зоолттой байсан ор мөр үлдсэн гэсэн баримт олж ийм дүгнэлт өгсөн бололтой. "Дөрвөн ойрадын сүм" гэж нэрлэж байгаа энэ туурь БНХАУ-ьш Шинжаан-Уйгарын өөртөө засах орны түүхийн дурсгалын хамгаалалтад орсон ажээ.
 
Ховог сайр аймгийн төвд босгоод дуусч байгаа "Жангар" туулийн дурсгалын талбай хоёр том сүм, суврагатай асар том байгууламж. Төв дундаа Жангар туулийн 12 баатар: Хонгор баатар, Алтан цээж Баавай баатар, хүнд гартай Савар баатар, орчлонгийн сайхан Минян баатар, Бурхан Бор мацаг баатар, Эрх хар нүдэн баатар, Гүзээн Түмбэ баатар, Алтан Араач баатар, Догшин Хар Санал баатар, Хэлмэрчин хээ Жилбэ баатар, Салхин Тавалбаатар, Сумч хар жилэн баатрыг дүрсэлсэн сүрлэг хөшөөтэй.
 
Энэ цогцолборыг 2014 онд Ховог сайрт хуралдах Жангар судлалын Их хуралдайд зориулан,, босгож дэлхийн ойрад монголчуудыг шагшуулан гайхуулах ажээ. Хуралдайд гадаад дотоодын дөчөөд орны олон эрдэмтэд, судлаачид туульчид ирж илтгэл хэлэлцүүлж, урлаг соёлын үзэсгэлэн нээж, дуу хуурын хур буух юм байна. Манай уугуул нутгийнхан намайг энэ хуралдайд ирж илтгэл тавих урилга өгсөн Би “Торгуудын бага нүүдэл"-ээр илтгэл, бэлтгэх бодолтой буцаж ирсэн.
 
Булган сумаас Ховог сайр орох зургаан зуугаад мод газрыг хурдны гэж хэлмээр засмал замаар "Жип" машины зуу давсан хурдаар тав зургаан цаг давхиад хүрчих аж. Монгол Алтайн өврөөс асгарсан Булган гол Баян-Өлгий аймгаас манай Булган сумаар дамжин Шинжаан-Уйгарын нутагруу гардаг. Алтайн өврийн хятад талаас Эрчис мөрөн, Чингэл Цагаан гол Булган голтой нийлэн далай мэт цэлэлзэн Зүүн гарын цөлийг ундаалдаг ажээ.
 
Хасагийн, Алтай аймгаас цааш Ховог сайрын хил өнгөрөхөд Булган Чингэл, Цагаан гол Эрчис мөрөнг боож Өрөнгө нэртэй асар том нуур бараг хязгааргүй мэт хөхрөнө. Энэ нуурыг цутгамал зуурмагаар өндөрлөн хөвөөлж, хоёр салаалж Зүүн гарын цөл дундуур урсган нэгийг нь Шинжаан-Уйгарын нийслэл зургаан сая хүн амтай Өрөмч хотыг, нөгөөг нь газрын тосны үйлдвэрийн Харамай хот болон орчин тойрны сая шахам хүний ундаалдаг ажээ.
 
Өрөнгө нуурын гуран дахь урсгал нь Эрчис мөрөн, Ховог, сайрын нутаг дамжин хүн малын ундаа газар тариалангийн тэжээл болон хувиа хүртээсээр Орос Казахстаны нутагт орж Иртыш гэдэг Орос нэртэй болж олон, сая хүнд буян болдог чандмань эрдэнэ ажээ. Алтайн өвөрийн дөрвөн голыг нуур болгон Шинжаан-Уйгарын цөл дундуур урсган говийг ногооруулж, хүн амьтныг ундаалж байгаа хятад ухаанаас бид яагаад "зээлдэж" болдоггүй юм бол доо.
 
Тэрбум, тэрбумаар улаан, ногоон мөнгө зээлж идэж, уух дуртай бид нар, хүүгүй, өргүй "ухаан" гэдэг "валют"-ыг зээлж баймаар. Бороотой жил үерлэж "айлгадаг", гантай жил хатаж "ангуулдаг" Туул, Сэлбэ, Улиастай, Хэрлэн, Орхон, Сэлэнгэ ... гээд гол мөрнийхээ усыг хаврын цасны, зун намрын үерээр нуурлан боож аваад гантай цагт говийг, тариалан сувгаар усалдаг хятад ухааныг зээлдэхсэн дээ.
 
 
Ц.Мухар 
 
Эрдэмтэн зохиолч