Төгс төгөлдөр гоо үзэсгэлэн, тэсвэр тэвчээрийн дээд цэг бол балет. Монгол бүжигчний ур чадварыг дэлхийн хэмжээнд таниулж яваа залуусын нэг нь балетчин Д.Одсүрэн.
 
Германы “Theater and Philarmonie Thuringen" компанид бүжиглэдэг тэрбээр саяхан дэлхийд нэр хүндтэй Германы "Тheater Oskar"-ын эзэн болсон. Тэр саяхан багачуудад зориулж Чайковскийн "Хун" бүжгэн жүжгийг толилуулсан. Эх орондоо түр ирээд байгаа түүнтэй ярилцлаа.
 
 
-Сайн байна уу. Таныг саяхан дэлхийн нэр хүндтэй шагнал болох "Theater Oskar"-ын эзэн болсон гэж сонслоо. Танд баяр хүргэв. Шагналынхаа талаар ярихгүй юу?
 
-Баярлалаа. Энэ тэмцээн жил бүр Герман улсад зохион байгуулагддаг. Өнгөрсөн онд зургаан орны бүжигчнээс Монгол улсаа төлөөлж нэр дэвшсэн байсан. Тэгээд 2012 онд "Шилдэг эрэгтэй" уран бүтээлч гэсэн шагнал авсан. Сэтгэл маш өндөр байна.
 
 
-Гадаадад Монголынхоо нэрийг гаргана гэдэг өндөр хариуцлага. Харин одоо Монголдоо төдийгүй дэлхийн балетийн урлагт данстай бүжигчин болоо биз?
 
-Тэрийг хэлж мэдэхгүй. Гадаадад Монголынхоо нэрийг гаргаж байвал энэ нь харагдах болов уу.
 
 
-Өнгөрсөн зургадугаар сард дэлхийн хэмжээний томоохон тоглолтод оролцож их өндөр үнэлгээ авсан гэсэн. Энэ талаар ярихгүй юу. Ямар бүжиг бүжиглэсэн бэ?
 
-Германы Дюссэлдорф хотын Опера хауст дэлхийн одод болон залуу шинэ гоц авъяастнуудын гала тоглолт болсон. Жилийн өмнө надад урилга ирүүлсэн. Тоглолтын зохион байгуулалт нь маш сүртэй байдаг юм билээ. Миний хувьд анхны том гала тоглолтод орсон маань энэ.
 
Тоглолтод маш олон гайхалтай, чадварлаг сонгодог бүжигчид очсон байсан. Би Сервана Шнайдерийн "Би бол" гэсэн хагас модерн, сонгодог суурьтай долоон минутын бүжгийг бүжиглэсэн. Тэр үед бүжигтээ хэт орчихсон бүжгээ дууссаны дараа үзэгчид алга таших үеэр л гэнэт ухаан орсон.
 
Сүүлд юу хийснээ ч мэдэхгүй байсан. Харин хүлээн авалтын үеэр сайн бүжиглэсэн бүжигчдэд өөр өөр улсын олон компани урьж, санал тавьдаг юм байна лээ. Гэхдээ би одоогоор өөр компанид харъяалалтай байдаг.
 
 
-Ямар компанийн харъяалалд бүжиглэдэг вэ?
 
-Германы " Theater and Philarmonie Thuringen " компанид бүжиглэдэг. Манайхаар бол зүүн Германыг ингэж нэрлэдэг. Энэ театр зүүн Германы эзэн хааных байсныг сэргээж шинэ, залуу уран бүтээлчидтэй, дуурь, балет, жүжигчинтэй болгож зохион байгуулсан юм билээ. Миний хувьд энэ театрт тав дахь жилдээ ажиллаж байна.
 
 
-Энэ сарын 7-ны өдөр Монголын хүүхдүүдэд зориулж бүжгэн жүжиг дэглэж тоглосон. Тоглолт хэр амжилттай болов?
 
-Сэтгэл маш хангалуун байгаа. Гайхалтай сайхан тоглолт болсон. Энэ тоглолтыг ашиг олох гэж хийгээгүй. Амарч байх хугацаандаа Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудад өөрийн сурсан зүйлээ мэргэжлийн, мэргэжлийн бус гэж ялгалгүй "Шелькунчиг" балетийн сургуультай хамтарч Чайковскийн "Хун" бүжгэн жүжгийг тоглосон.
 
Энэ жүжиг яг хүүхдийн сэтгэхүйд таарсан, хүүхдэд урам зориг өгөх сэдэв, санаалчилгаар хийгдсэн. Зөвхөн хүүхдүүдэд ч төдийгүй том хүмүүст ч өндөр сэтгэгдэл төрүүлсэн байна лээ.
 
 
-Дээрх амжилтад хүрэхэд хүчтэй нөлөөлсөн, балетийн урлагийн А үсгийг заасан багшийн тань талаар ярихгүй өнгөрч болохгүй биз дээ?
 
-Мэдээж. 1996 онд Хөгжим бүжгийн коллежид сонгодог бүжгийн ангид орж 2003 онд Д.Дашдагва багшийн ангийг төгссөн. Манай багш дэлхийн сонгодог урлагт Монголын анхны эрэгтэй бүжигчнийг бэлтгэсэн гавъяатай хүн юм. Одоо улсын гавъяат цолтой, Япон, Солонгос улсад бүжиглэж байгаа. Үүнээс гадна Оросд сургууль төгссөн сайн бүжигчид манайд олон бий. Монголын залуучууд сайн мэдэхгүй ч балетийн тогоонд чанагдаж яваа хүмүүст их сонсогддог юм билээ.
 
 
-Балетийн урлаг манай улсад хэр хөгжиж байна?
 
- Сонгодог урлаг Монголд хөгжиж байна. Маш олон мэргэжлийн, мэргэжлийн бус сургууль, студи нээгдсэн байна. 1940-өөд онд анх сонгодог урлагийг Жамъяандагва гэдэг хүн оруулж ирсэн.
 
Үүнээс хойш олон улсын тавцанд нэр хүндтэй бүжигчин, дуучин цөөнгүй байдаг нь Монгол улсынхаа нэрийг гаргаж байгаа хэрэг болов уу. Мөн дэлхийн сонгодог урлаг гэхээсээ илүү Монголын өөрсдийн сонгодог урлаг болох морин хуур, монгол бүжиг, хөөмий , уртын дуу гайхалтай хөгжиж байгаа гэж бодож байна.
 
 
-Манай улсад мэргэжлийн балетчин хичнээн байдаг вэ?
 
-Мэргэжлийн балетчин гэвэл зөндөө. Манай ихэнх балетчид Оросд сургууль төгссөн байдаг.
 
 
-Сүүлийн үед балетийн сургуулиуд нээгдэх болж. Та тэдгээрт очиж багшилдаг уу. Ер нь цаашдаа багшилъя, сургууль байгуулъя гэсэн бодол бий юу?
 
-Сургуулиа дөнгөж төгсөөд багшийнхаа оронд багшилж үзсэн ч энэ миний хийх ёстой ажил биш гэдгийг ойлгосон. Гэхдээ хүүхдүүдэд заах хэрэг гарвал заана. Харин олон жилийн туршлагадаа тулгуурлаж заах байх. Би залуу бүжигчин учраас цаашдаа яахаа сайн бодоогүй байна. Харин бүжиг дэглээчийг сайтар судалж, сурч байгаа.
 
 
-Гадаадын зарим орны бүжгийн техникийг өөрийн улсын бүжигчидтэй харьцуулж харахад ялгаатай юм шиг харагддаг. Энэ талаар юу гэж боддог вэ?
 
-Бүжигчдийн техник, чадвараар бол Монгол улс Азидаа шилдэг нь. Гэхдээ европыхныг гүйцэхгүй гэж хэлж байгаа юм биш. Манай улс хөгжиж байгаа улс. Үүнийгээ дагаад ч сонгодог урлаг хурдацтай хөгжиж байна.
 
Тийм учраас хооронд нь харьцуулах зүйл байхгүй. Балет, сонгодог урлаг Европдоо үүссэн болохоор Азиудаас илүү байх нь тодорхой. Гэхдээ Европын бүжигчнээс илүү Ази бүжигчин ч олон байдаг.
 
 
-Зарим хүн сонгодог урлаг, балетийг Монголд хөгжих нь маш бүрхэг гэж ярьдаг. Та үүнтэй санал нийлэх үү?
 
-Санал нийлэхгүй. Яагаад гэвэл тэгэж ярьж байгаа хүн өөрөө урлаг ойлгохгүй, урлагийн тогоонд чанагдаж үзээгүй, мэдэхгүй учраас ингэж ярьдаг байх. Дан сонгодог урлаг, балет ч гэлтгүй монголын урлаг цаашдаа улам илүү хөгжих суурь, материалтай гэж боддог.
 
 
-Монголын үзэгчид ямар байдаг бол. Үнэхээр энэ урлагийг мөн чанараар нь хүлээж авч, ойлгодог болов уу эсвэл соёлтой, элит болж харагдах гэж үздэг болов уу? 
 
-Янз бүр. Монголчууд тоглолтыг үзчихээд гайхалтай сайхан алга ташдаггүй ч сайхан, муухай зүйлийг нь ярьж чаддаг. Ярьж байна гэдэг ойлгосон байна гэсэн үг. Харин өөр улсад тухайн үедээ сүртэй алга ташиж, тэр үедээ сайхан мэдрэмж авсан ч гараад Монголчууд шиг ярьж чаддаггүй.
 
Манай үзэгчид тэрүүгээрээ илүү талтай. Магадгүй элит болж харагдах гэсэн хүн байсан ч сайн талтай, тэр хүн эхлээд хэлд ороод дараа нь ойлгодог болно.
 
 
-Тэгвэл "Балетийг үзэх гэж ирэхийн хамгийн сайхан тал нь энэ" гээд хэлээ ч гэвэл та юу гэх вэ?
 
-Үнэхээр балет үзээд өөрийн амьдралд туулсан зүйлийг нь тэр бүжиг гаргаж чадаж байна уу, бүжгийн урлагаас амьдралын бараан зүйлсийг гэгээлгээр харах, муу муухайг сайхнаар сэтгэдэг болно гэж хэлмээр байна.
 
Ганцхан Монголд ч төдийгүй бух улс оронд хар бараан зүйл байдаг. Тиймээс аль ч урлагийг үзсэн болж бүтэхгүй зүйлсээ мартаад гарах хэрэгтэй.
 
 
-Та хэдэн наснаасаа балетаар хичээллэв. Энэ олон бүжгийн төрөл дотроос яагаад балетийг сонгов?
 
-Балетаар хичээллэе гэж бодоогүй. Ер нь бүжигчин болох хүсэлтэй байсан. Тэгээд хөгжим бүжгийн коллежид 10 настайдаа шалгуулахад АЖ Оюун багш намайг шалгаад сонгодог бүжгийн ангид хуваарилсан.
 
Бас тэр үед ангийнхаа хоёр охинтой, Оюун багштайгаа шоколадны рекламд тоглож байсан минь маш азтай. Тэр үедээ зурагтаар гарна гээд ичиж байсан ч сүүлд үзэхэд багштайгаа рекламд тоглосонд өөрийгөө маш азтай гэж боддог.
 
 
-Балетчин эрт тэтгэвэрт гардаг мэргэжил. Таны хувьд хэдэн нас хүртлээ бүжиглэх вэ?
 
-Орчин үеэ дагаад арай өөр систем, техникээр сонгодог урлаг хөгжиж байгаа. Европд ажиллаж байх хугацаандаа хөгширсөн бүжигчдийг ажиглаж, өөрийнхөө очих үеийг судалж, тэр хүн биеэ яаж гайхалтай авч явж байна, ямар бүжиг, хөдөлгөөн тэр хүнийг удаан залуу мэт харагдуулж байна гэх мэт зүйлийг сэтгэл санаандаа байлгаад харахад 35,40 хүртлээ бүжиглэх боломж байна гэж үздэг. Гэхдээ хүн янз бүр. Миний хувьд хэзээ болихоо мэдэхгүй байна.
 
 
-Ойрд төлөвлөсөн ямар ажил байна?
 
-Хөгжим бүжгийн коллежийн оюутан, сурагчдад дасгал, сургуулилтын мастер класс хийнэ. Тэгээд Герман руу буцна.
 
-Германд суурин амьдардаг уу. Тэнд амьдраад олон жил болж байна уу?
 
-Германы театрт гэрээгээр ажиллаж байгаа боллохоор түр суурьшиж байгаа. Германы иргэн болох ч юм уу, тэнд суурьшина гэсэн бодол байхгүй. Магадгүй өөр улсын театрт гэрээгээр ажиллах санал ирвэл очих бодолтой.
 
 
-Германаас манай улсын иргэн болооч гэсэн санал ирж байсан уу?
 
-Өнгөрсөн онд ирсэн. Сайн, чадварлаг хүмүүсийг таваас дээш жил Германд суурьшвал өөрийн улсын иргэн болох санал тавьдаг. Надад дөрөв дэх жилд тийм санал ирж байсан.
 
Гэхдээ миний хувьд энэ мэргэжлээ сайн эзэмшээд, тэр хөгжилтэй орноос илүү их зүйл сураад Монголдоо ирж, шинэ залуу хүүхдүүдэд сурч мэдсэн зүйлээ зааж өгнө гэж боддог. Би Монгол улсын иргэн. Тийм болохоор Герман улсад суурьшиж, тэр улсын иргэншилтэй болохгүй.
 
 
-Уншигчдад хандаж юу хэлэх вэ?
 
-Бид Монголын ирээдүй болох залуус.Тиймээс хүн чанараа битгий алдаарай гэж хэлмээр байна.
 
Д.Тэмүүлэн 
 
Эх сурвалж: