Чойбалсан, Бодоогийн гэрт сууж байв
 
Маршал Х.Чойбалсан багадаа Дугар нэртэй байв. Тэрбээр их сэргэлэн, дүрсгүй байсан учир "Оодогийн чоно" хочтой явжээ. Санбэйсийн хошуунаас Нийслэл хүрээнд ирсэн Х.Чойбалсан 1912 онд Монгол Улсын Гадаад хэргийн эрхлэн шийтгэх яам дотооддоо суралцаж буй хүүхдүүдийн дотроос арваадыг сонгон авч гадаад хэл бичигт боловсруулахаар Орос улсын Эрхүү, Дээд шивээ хотуудад хуваарилан явуулахад тэдгээрийн нэгэнд багтан Эрхүүд очиж суралцжээ.
 
Тэрбээр таван жил шахам суралцсаны дараа Гадаад хэргийн эрхлэн шийтгэх яамнаас дуудсан учир 1917 оны хавар эх орондоо ирсэн байна. Түүний өөрийн бичсэн намтарт, "1917 оны оросын хоёрдугаар сарын хувьсгалын өдрүүдэд "Хаант засаг сөнөтүгэй" гэсэн нэгэн том үсгээр бичсэн зарлал ба үүний нэгэн адил бусад үзсэн зүйлийг эс орчуулбал бид үнэндээ Оросын хувьсгалын тухай юу ч мэдэхгүй байсан болой" гэжээ.
 
Олноо өргөгдсөний есдүгээр (1919) оны аравдугаар сард Монгол Улсын Гадаад хэргийн бүгд эрхлэн шийтгэгч яамнаас Эрхүү хотын сургуульд "хичээнгүй болгоомжтойгоор гадаадын хэл бичгийг сурч боловсорсон нь үнэхээрийн онц сайшаалтай" бөгөөд эргэж ирээд Гадаад яам, Цахилгаан мэдээний хорооны газруудад албан хааж бүхий найман хөвгүүн, түүний дотор Их шавийн зайсан, гудгаар зэрэг Чойбалсанд дэд зэрэг тогосын отго шагнуулахаар гуйн айлтгасныг Богд гэгээнтэн хүлээн авч улаан бийрээр цохож "зарлиг ёсоор болгогтун" гэсэн баримт байдаг юм.
 
Хэрэв Чойбалсанд Оросын хувьсгалын үзэл санаа нэвт шингэсэн хэмээн хардаж сэрдэж байсан бол Богдын Засгийн газар яахан ийнхүү удаа дараа урамшуулан шагнах билээ. Чойбалсан Цахилгаан мэдээний хороонд ажиллаж байхдаа өөрийн багш Д.Бодоогийн гэрт сууж түүнтэй улам ойртон дотносох болжээ.
 
Д.Бодоог Хүрээн дэх хувьсгалт үзэлтэй орос хүмүүстэй уулзаж ярилцахад нь Чойбалсан орчуулж хэлмэрчлэх зэргээр тусалж ажиллах болсноор Консулын дэнжид байгуулагдсан бүлгэмийн ажилд татагдан оролцож, чухам энэ үеэс хувьсгалт үйл ажиллагаагаа эхэлжээ.
 
 
Иван зайцев гэдэг нууц нэртэй байжээ
 
Тэрээр 1920 оны долоодугаар сард "Анхны долоо" хэмээн түүхнээ алдаршсан хувьсгалчдын бүрэлдэхүүнд орж Монголын хувьсгалын үйл хэргийг бүтээхийн тулд Зөвлөлт Орос улсаас тусламж эрэхээр явсан юм. Тэд Хятадын гамин цэргийн эргүүл, тагнуулуудаас болгоомжлон олны анхаарлыг татахгүйн тулд аян замын явуулын хүний дүрээр хоёр гурваараа цувран гарчээ. Тэдний хамгийн анхных нь Чойбалсан, Данзан нар байлаа.
 
Тэд Зөвлөлт Орос улсын цэрэг, улс төрийн байдлыг ажиглах, гол нь тэндэх хязгаар нутгийн эрх баригчидтай уулзан өөрсдийн зорьсон хэргийг танилцуулах, тэдний санаа бодолыг урьдчилан мэдэх зэргээр хойноос гарах бусад нөхдийн явдалд зам гаргаж, ажлыг нь хөнгөвчлөх хариуцлагатай үүрэг хүлээжээ.
 
Тэр хоёр 1920 оны зургаадугаар сарын 23-нд Хүрээнээс нууцаар зам буруулан гарч умардыг зорьжээ. Зөвлөлт Орос улсад явсан ба Хүрээнд үлдсэн нөхдийн хоорондын харилцаанд хэрэглэхээр зохиосон нууц түлхүүрийн үгсийн жагсаалтын хэд хэдэн хувилбарт Чойбалсанг Иван, Зайцев, Чаймбилов, Чойбал гэх мэтээр нэрлэхээр заасан байдаг.
 
Дээд-Үд хотоос Нийслэл Хүрээн дэх нөхдөд Иван, Николай (Данзан) хэмээн илгээсэн нууц түлхүүрийн зарим цахилгаан утас архивт хадгалагдаж байдаг боловч харин бусад нууц нэрийг хэрэглэсэн баримт олдоогүй байна. Түүхийн бичигт дурдсанаар, Чойбалсан нарыг анх явахад намын тамга дарсан, бусад нөхдийн гарын үсэг бүхий Зөвлөлт Орос улсаас тусламж гуйх бичиг ба бас Чойбалсан нар Монгол Ардын Намын төлөөлөгч мөн гэсэн үнэмлэх өгч явуулсан гэдэг.
 
Зөвлөлт Орос Улсад очоод тэдний хийсэн ажлаас үзвэл тусламж гуйх үнэхээр тийм бичгийг тэндхийн эрх баригчдад толилуулж байсан боловч чухам юу гэсэн утгатай нь тэдэнд олгосон үнэмлэхийн үг үсгийн нэгэн адил тодорхойгүй хоцорчээ.
 
 
Шумяцкий, гапон нартай уулзжээ
 
Чойбалсан нар замдаа саадгүй явж Монголын хилийг даван Дээд Шивээнд очоод Зөвлөлт Орос Улсын консул О.И.Макстеник болон улмаар Дээд Үд хотноо АДБНУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга В.З.Шумяцкий нартай анх уулзаж Монголын хувьсгалчдын үйл ажиллагаа, зорилго, бодлого хийгээд мөн өөрсдийн ирсэн хэргийг танилцуулсан байна.
 
Тэд Дээд Үдэд байхдаа урьд таних Цэвээн Жамсрана, Элбэгдорж Ринчино нарыг өөрсдийн ажилд туслуулахаар Б.Шумяцкинд санал тавьж Монголын хувьсгалын үйл хэрэгт татан оролцуулжээ.
 
Нийслэл Хүрээнээс уван цуван гарсан Бодоо, Чагдаржав, Сүхбаатар, Догсом, Лосол нар Дээд Үдэд ирснээр Чойбалсан Данзан нартай нийлж долуулаа болж Б.Шумяцкийн зөвлөснөөр Эрхүү хотод очиж ЗОУ-ын Гадаад хэргийн ардын комиссариатын Сибир ба Монголын асуудлыг хариуцсан төлөөлөгчдийн орлогч бөгөөд 0К/б/-уудын намын Сибирийн товчооны Дорно дахины улс түмний секцийн орлогч эрхлэгч И.Ф.Гапонтай уулзан Монголын тусгаар тогтнолыг сэргээхэд тусламж эрж яваагаа танилцуулжээ.
 
Тэрээр уг хэргийг бүтээхэд Москва хотноо очиж Зөвлөлт Орос Улсын дээд удирдалагатай биеэр уулзан шийдвэрлэх шаардлагатайг Монголын төлөөлөгчдөд тайлбарлажээ.
 
Иймд долуулаа хуралдан гурав хуваагдаж нэг хэсэг нь Москва орох, нөгөө хэсэг нь Нийслэл Хүрээнээ буцаж тэнд үлдсэн намын хүмүүстэй нийлэн хувьсгалын ажлыг идэвхжүүлэх, Чойбалсанг Сүхбаатарын хамт Эрхүү хотноо үлдээж Нийслэл Хүрээнээ буй болон Москва явсан нөхөдтэй холбоо барих, цэрэг улс төрийн бэлтгэлээ дээшлүүлэх үүрэг ногдуулжээ.
 
 
Цэргийн зүтгэлтэн болох эхлэлээ тавив
 
Тэдэнд шийтгэн олгосон үнэмлэх бичгийн үг нь, "Гадаад Монголын ардын намын бичиг, Тамга дарсан тэмдэгт бичиг шийтгэн олгосны учир, энэхүү Чойбалсангийн бие манай Ардын намын хэргээр их Орос улсын Эрхүү хотын газраа томилон суулгасны үнэнхүү .Ардын намын төлөөний хүн мөн болохын тулд тамга дарсан тэмдэгт бичиг шийтгэн олгов. Цагаан мичин жилийн найман сарын гучин" гэжээ.
 
Бичгийн эцэст "Монгол Ардын намын тамга" гэсэн үсэгтэй тамга дарсан байв. Сүхбаатар нар урагш, хойш явсан төлөөлөгчдийг үдэж гаргаад Эрхүү хот дахь Улаан тугт V армийн командлалын харъяан дахь цэргийн дарга нарьг бэлтгэх сургуульд орж суралцжээ. Хэдийгээр цөөн хоног суралцсан боловч тэр нь Чойбалсангийн хувьд ирээдүйд цэргийн зүтгэлтэн болоход нь ихээхэн нөлөөлжээ.
 
Сүхбаатар, Чойбалсан нар 1920 оны арваннэгдүгээр сарын хоёронд Монголын төлөөлөгчдийн нэрийн өмнөөс Эрхүү хот дахь Зөвлөлт Орос Улсын Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэх яамны төлөөлөгч ОК/б/-уудын намын Сибирийн товчооны Дорно дахины хэлтсийн Монгол-Түвдийн секцийн удирдлага ба Улаан цэргийн V армийн эрх баригчдад хандан Улаан цэргийн ангиудыг Монголд оруулж монголчуудтай хүч хавсран цагаантны эсрэг тэмцэхийг хүсч байгаагаа илэрхийлэн хуудас бичиг өргөн барьжээ.
 
Энэ бол Монгол орныг Барон Унгернээс чөлөөлөх хоёр улсын цэргийн хамтын ажиллагааны анхны баримт бичиг байв. Москва явсан төлөөлөгчид зорьсон хэргээ амжилттай бүтээж Эрхүү хотод буцаж ирмэгц Сүхбаатар, Чойбалсан, Лосол, Данзан, Чагдаржав нар улс орноо гадаадын цэргийн хүчнээс чөлөөлөхийн тулд Сүхбаатар, Чойбалсан нарыг Монголд нэвтрүүлж цэрэг элсүүлсэх ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэжээ.
 
Чойбалсан нар Эрхүү хотоос гарч 1920 оны арваннэгдүгээр сарьш 22-нд Дээд Шивээнд хүрч иржээ. Консул О.И.Макстеникийн ивээл дор маш нууц байдалд хэд хонох зуур Чагдаржав, Лосат нар Эрхүүгээс тэдэн дээр хүрч иржээ. Тэд шууд Хиагтаар Монголд нэвтрэх нь онц аюултай тул Дээд Шивээнээс АДБНУ-ын нутаг дундуур баруулан гарч Сэлэнгэ мөрнийг гатлан Буриадын Дэрстийн дацангаар дайрч Сартуул гэгээнтийн дацанд очсон байна.
 
Тэнд Чойбалсан Сүхбаатарын даалгавраар Монголд нэвтэрч Чагдаржавын хамт 1920 оны арваннэгдүгээр сарын эхээр Оросын Зэлтэр харуул, Өлөгчин тосгон, Модон хөл харуулаар хоёр ч удаа хил нэвтрэн Монгол нутагт орж ажиллажээ. Тэд Ялгуунбаатар Сумьяа, Хатанбаатар ван, Дайчин Вангийн хошуудаас гадна Далайчойнхор ван, Гэлэнгүн, Шадар цэцэн ван, Түшээт ван, Өөлд бэйсийн хошуудаар орж Лүү гүний хүрээ,
 
Эрдэнэ зуу, Баруун хүрээ, Сангийн далай, Өнжүүл зэрэг олон газраар явж Сумьяа бэйс, Мэнгэт дадан, Бавуу бэйс, Сундуйсүрэн (Хатанбаатар Магсаржавын хүү), Ламжав гүн, Тогтох, Сүрэнбилэг, Дорж мэйрин нарын зэрэг хүмүүстэй уулзжээ.
 
Чойбалсан 1921 оны хоёрдугаар сарын хорьдоор Нийслэл хүрээнд сэм иржээ. Чойбалсан хүрээнд ирээд Д.Бодоо зэрэг хувьсгалт бүлгэмийн гишүүдтэй хоёр ч удаа нууцаар уулзан зөвлөлджээ.
 
Тэндээс Чойбалсан буцахдаа Сүхбаатарын эх Ханджав, ах Мөрдэндэв, хүргэн Даш нарыг авч хувьсгалт бүлгэмийн гишүүн бага Данзанг дагуулан Хүрээнээс маш нууцаар гарч зам буруулсаар Дээд Шивээнд иржээ. Энэ үе бол 1921 оны гуравдугаар сарын аравд байв.
 
 
Дэд жанжинаар томилогджээ
 
Хиагтыг чөлөөлсний дараа Чойбалсангийн үйл ажиллагаа гол төлөв цэргийн салбарт, байлдааны салбарт шилжсэн байна. Тэрбээр Жанжин Сүхбаатарын шууд удирдлагаар байгуулагдсан байлдааны цагийн цэргийн тагнуулын хэлтсийн эрхлэгчээр томилогдож Хиагт хотын эргэн тойрны боомтуудыг цагаантнаас сэргийлэн сахих, зугатсан гамингуудыг зам мөрийг мөшгин тандах, Барон Унгерний байлдааны төлөвлөгөөг тагнан мэдэх үүргийг хүлээжээ.
 
Ардын түр Засгийн газрын 1921 оны тавдугаар сарын 20-ны өдрийн хурлаар суртал номлогч Чойбалсанг Сумъяа Бэйсийн оронд Ардын журамт цэргийн дэд жанжинаар томилж "Баруун замын тусгай ангийн цэргийн яам"-ыг удирдан байгуулах ажлыг эрхлүүлэн "арван хоёр цэрэгтэй томилон илгээж замдаа цэрэг нэмэн дайчилж хүчнийг тэгшлэн засамжлаж дайсан этгээдийн эсэргүүцэн ариутгахад намын тангараг журмын ёсоор гүйцэтгэхийг даалгажээ." "Баруун замын тусгай ангийн цэрэг"-ийн захирагч бөгөөд Дэд жанжины тушаалд тохогдсонтой холбогдуулан Ардын түр Засгийн газраас түүнд Улсын түшээ гүнгийн зэрэг олгожээ.
 
Ш.Батцогт
 
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”