Манайх нэг цагаан морьтой байлаа. Миний бага болоод идэр нас минь энэ морины алхаа, хатираа, давхиатай цуг нэгэн хэмнэлтэй урагшилж, дэл сүүлнийх нь салхинд цог залийг олж ирсэн дээ. Аав маань геологийн жолооч. Уг нь би бусдын омогшдогоор хан Богдын ард, хатан Туулын хөвөөнд төрсөн нэгэн. Социализмын үед цалин мөнгө ахиутай ажлын нэгд геологийн ажил тооцогддог байж. Намайг нэг нас хүрэнгүүт өлгийтэй шахам жаалыг кабиндаа суулгаад баруун хязгаарыг зорьсон байдаг.
 
Геологийн хайгуулын экспелиц гэдэг нэг газар тогтоно гэж үгүй. Иймээс л нисйлэл хотод яслид байсан миний бие Завханд цэцэрлэгт, Баян-Өлгийд I-III анги, Ховдод IV-VI, Увсад VII-X ангид хүн биеийн олох дамжлагыг дамжжээ. Ховдод байхад аавын бие гэнэт муудав. Эгч бид хоёр жаалхан, би дөрөвдүгээр ангид байсан хэрэг. Даралт харвасны улмаас аав ч ажиллах чадвараа алдлаа. Ховдын багшийн дээдийн номын санд ажиллаж байсан ээжийн цалин хаана нь ч хүрэлцэхээ больжээ. Ингээд аав нутгаа зорихоор шийдсэн юм билээ. “Тураг ядрахаар уулаа” гэж үнэн юм даа гэж аав нэг орой санаа алдан хэлж байсан нь одоо санагдана.
 
Аавын нутаг бол алдарт Ханхөхий уулын өвөрт орших Увс аймгийн Өндөрхангай сум л даа. Далайн төвшнөөс 3000 шахам метрийн өндөрт орших Ханхөхий нурууг урд зүгийн хятад, түвдүүд “Ар монголын дундад диваажин” хэмээн гайхан биширч, түүх шаштирт тэмдэглэсэн нь бий. Хангай, говь, хээр хосолсон нутаг. Ийм сайхан нутагтаа аав яагаад эрт очоогүй юм бол гэж ирсэн хойноо боддог байлаа. Энэ жил төрийн тахилга хийсэн юм. Харамсалтай нь би очиж чадаагүй.
 
Нутагт ирсэн хойно манай гэрийн амьдрал зүдрүүхэн байсан. Аав хүнд юм ч өргөж чадахгүй болтлоо эмчийн хяналтад байв. Ээж сумын сургуульд тогоочоор ажиллаж эхлэв. Харин эгч бид хоёр аав, ээждээ онц сурч ачийг нь өчүүхэн ч атугай хариулж байна гэж боддог байв. Аймгийн төвөөс ирсэн надад хөдөө сум бас хоцрогдонгуй санагдаж байсан гэж байгаа. Догирхож яваад сургуулийн атамануудад хэдэнтээ гөвүүлээд яльгүй номхров. 
 
Энэ үед миний цээжинд ном, бичгээс өөр татах хүч үйлчилдэг болов. Тэр нь адуу. Сайхан морь унаад улаан дарцаг шиг хийсэн зайдан давхилдах сумын төвийн хөвгүүд охидыг хараад атаархах сэтгэл төрдөг байлаа. Манай нутаг уулархаг, өндөр хэц гэж жигтэйхэн. Өөд уруугүй давхилдахыг нь ажаад өөрийн эрхгүй бишрэм. Миний тэмүүллийг аав ойлгоодохжээ. Нэг өдөр “Аав нь хүүдээ морь авч өгнө өө” гэж байна. Баярласан гэж жигтэйхэн.
 
Жаахан байхдаа аавыг анивчдаг гэрэлтэй автомат буу авч өгнө гэхэд яаран хором бүрийг тоолж байснаас ч илүүтэйгээр догдлон хүлээж байсан сан. Аав миний хүслийг нагац ах Табгаадаа хэлсэн байж. Увсынхан Памаж дарга гэж андахгүй. Өндөрхангай, Зүүнхангай, Заюхан сумын нэгдлийн даргаар олон жил ажилласан сэхээтэн. Хурдан морь их уяна. Энэ л давхичх болов уу гээд Зүүнхангай сумын нэгдлийн адуунаас шилж сонгож байгаад нэг цагаан саарал хязаалан үрээ худалдаж авсан нь миний морь болох тавилантай байж. Түүнийгээ надад бэлэглэлээ.
 
Зүүн хангай сумын сунгаанд хавийн морьдыг дагуулсангүй хол тасархай түрүүлж ирсэн юм. Харин наадмаар даанч давхисангүй дээ гэж байна. Би ч хөөрлөө. Гэнэт нэг өдөр л хурдан хүлэгтэй болдог байна шүү. Өнөөх саарал үрээг хашаанд хүмүүс оруулах гээд барсангүй. Зантай гэж жигтэйхэн, хамар нь шуухирч, чих нь сортолзоод дугуйрч цойлж, дүүлээд л. Тэгж тэгж арай чүү хашаандаа оруулж уяад авлаа. Аав саарал үрээг чөдөрлөж байна.
 
Шөнө ямар нэг зүйлээс үргэж цочоод хашаа дайраад гарчихна гэж болгоомжилсных. Би бэлгийн үрээгээ хараад л байлаа, хараад л байлаа. Хараад хараад ханашгүйяа гэдэг энэ л байж дээ гэх маягийн бодол цээжинд төрж байна. Шөнө дөлөөр шээс хүрээд байна гээд хэдэнтээ гарч харсансан. Маргаашийн нар ч гарав. Ааваар чөдөрлүүлж, цоровдуулж байгаад үсрээд мордлоо доо. Чөдрийг нь ч авав. Би ч тэнгэр ойрттол дээш хөөрөөд тээр хол шидэгдэв. Аав хэлж байна. Моринд эртэй хүнээр хэд хоног унуудахгүй бол чи байтугай би барахгүй юм байна гэлээ. 
 
Тэгээд манай хүргэн болох Цэдэнбал гэдэг хүнээр хэд хоног унуулав. Нэг орой манайд ирээд “Хөл хөнгөн, алхаа гишгээ, давхиа сайтай юм. Буруу талаасаа л их үргэх юм байна шүү. Машин тэрэг, төмөр утаснаас хол яв” гэж зөвлөв. Би ч ухасхийгээд мордоод авлаа. Номхорчээ. Гэхдээ л чих нь хулмаганаж, сортолзоод нэг биш. Тэр өдөр би сумын төвийн гудамжаар цагаан саарал үрээтэйгээ үлгэрийн баатар шиг л ниссэнсэн.
 
Хөөрч сагаж яваад бусгаж бухахад нь хэд хэд ойчих дөхсөнийг эс тооцвол тун дажгүй. Ангийнхаа Батнямынд давхиад очлоо. Хашааны гаднаас нь “Хөөе, нусан жур аа, уралдах уу” гэж хашгирав. Тэр минчийж улайгаад гараад ирлээ л дээ. Аргагүй, хочоор нь дуудахад мань эр Баянаа аваргатай ч барилцаж авахаас сийхгүй хор шартай хүүхэд. Түүний нударга шанааны үс тоослохоос нь өмнө амжиж саарал үрээгээ заалаа даа.  Андын минь харц Хөхий уулын намар шиг зөөлрөөд ирэв.
 
-Ямар гоё үрээ вэ. Аав чинь авч өгөө юу?
 
-Тийм ээ. Дал алаг үрээ чинь хаана байна?
 
-Баруун гол дээр аргамжаатай байгаа, хоёулаа очъё.
 
Бид хоёр ийн ярилцаад сумын төвийн баруун хаяаг эмжин урсах Баруун голын тийш чавхдав. Батнямын маань унаган морь тэрхүү дал алаг үрээ байсан юм. Бид хоёр арав гаруй жилийг энэ хоёр морьтойгоо л цуг туулан он цагийг сүлжиж үдсэн билээ. Тэр өдрийн туж дүүгүүрийн чулуу шиг гал дөл бадруулсан хоёр амьтан сумын төвийг сүлжиж өнжив. Ангийнхаа, сургуулийнхаа ганц хоёр гайгүй царайлаг гэгдэх охидуудын хажуугаар хэдэнтээ цааш нааш давхин гайхуулж “кок” авах гэж явснаа одоо санахад гэнэн цагаан хэрнээ их л тунгалаг дурсамж болон цээжинд хөвж үлджээ.
 
Сумын төвийнхөн бүгдээрээ намайг, саарал үрээг минь хараад, ширтээд байх шиг санагдсан тэр халуу дүүгэлт одоо ч гарын алганд минь гэрэлтэнэ. Цагаан морь бид хоёрын анх учирсан түүх энэ. Үүнээс хойш манай сургуулийнхан намайг саарал үрээтэй Цогоо гэж дууддаг байв. Хожмоо саарал үрээ минь нас бие гүйцээд зүс нь цайж тод цагаан болсон билээ.  Тэр цагаас хойш миний морь Цогоогийн цагаан морь гэдэг “алдар”-ыг зүүв.
 
Долдугаар ангид байхдаа анх удаа цагаан морьтойгоо анд гарч бурхи ч унагаж үзлээ. Ах нарыг дагаж буга, гахай, бор гөрөөсний анд ч мордож, чонын үргээлгэд дайчлагддаг болов. Энэ бүхэнд сайн морины чадал л хүч нэмж байсан хэрэг. Цагаан морьгүй байсан бол Ханхөхий нутгийн эрчүүдийн бахархал болсон амьдралын олон хэв маяг, зан үйлд би багаасаа татагдан орох байсан гэж үү. Өвлийн цагт Ханхөхий нурууг гуравхан газраар л давна. Морины өвчүү тулсан хунгар цасыг зүсч зам гаргах хошууч морь гэж байдаг.
 
Үүнийг нугалах сайн морь тийм ч олонгүй. Цагаан морь минь л чаддаг байв. Олон ч шөнө цагаан морьтойгоо хээр хонож байлаа. Цор ганцаар хээр хонож чаддагүй байсан миний бие цагаан морьтойгоо байхад огт айдаггүй тайван унтдагсан. Ерөөс амьдралын минь олон айдас хүйдэс, эргэлзээ тээнэгэлзлийг арилгаж өгсөн нь хожмоо улам бүр тодрох. Захиа өгч чаддаггүй дурласан охин руугаа би цагаан морио унангуут цэргийн майхан шиг “нүүж” очдог байсан. Энэ бүхний ард аавын минь зөөлөн инээмсэглэл байнга дагаж явсан билээ. 
 
Цагаан морь минь булгийн ус шиг мэлмэрсэн хар нүдтэй. Бас унаган янцгаатай. Энэ янцгаа нь хөгширч эцсэн хойно нь ч арилаагүй нь гайхамшигтай шүү. Хожмоо ээж миний хүүгийн морины унаган янцгаа огт арилахгүй юм. Ёстой л заяаны хүлэг юм даа гэж билээ. Монгол хүн морь хоёр хоорондоо ярьдаг гэхэд итгэх хүн олонгүй. Адууны цэнхэр диваажинд өсч бойжсон нүүдэлчин араншинтай монголчууд бол үүнийг мэднэ байх. Бид хоёр хүүрнэнэ.
 
Би түүнд энэ жил олон тарвага агналаа, их сургуульд суралцана, аав бид хоёрын мал өсгөх, эгч хүнтэй суух гэж байна, гэтэл би дөрөв таван охинтой үерхээд бүтсэнгүй, өнөөдөр арван шүлэг бичлээ гээд амьдралдаа сийлсэн бүхнээ ярьдагсан. Цагаан морь минь зөөлөн хар нүдээрээ тийм үү гэх шиг ширтээд зогсоогоороо унтав уу гэлтэй болчихно. Их соргог. Алсад нэг чимээ зурсхийв үү, үгүй юу хоёр чих нь солбиод ирнэ. Хээр хонож байхад хажууханд хүлгийн минь өвч шир шир хийтэл хазлах нь нэн тааламжтай. Хурц араа, шүднийх нь хооронд хангайн шимт өвс хэрхэн няцарч, шим шүүс асгарч буй нь тагнайд амтагддагсан. Хажуунаас холдоно гэж үгүй. Аду уманах гэдэг эхэндээ их сайхан. 
 
Сүүлдээ бушуухан өглөө болоосой билээ гэж боддогсон. Манай хамаатны ахынх олон адуутай. Тэднийд хааяа адуу манаж өгдөг байв. Очих бүртээ би ёс юм шиг цагаан морио л унаж очно. Адугаа манаад үүр цайхын үест манай хөхий нутаг үнэхээр өглөө үдшийн сэрүүн тунхгалагийн орон мэт болно. Шувууд жиргэж, бидэнтэй цуг хоносон сар уулын цаагуур салж ядан буй мэт шингэхээр зэхнэ. Энэ үед цагаан морь маань сарны наахна уран зургийн амьд биелэл лүгээ адил арилшгүй дүрийг сүүдэртүүлэн зогсох. Наанаас нь би алхаад л. Ийм ховор сайхан агшныг хүлэг морьтойгоо би олонтаа угтаж, үджээ.
 
1990 он ч гарлаа. Цагаан морин жилийн хувьсгал гэж монголчууд яриа дуртай. Миний морины нэртэй хувьсгал болов гэж би үе тэнгийнхэндээ сайрхах дуртай. Энэ морь манайд надад ирснээс хойш манай гэр бүлийн амьдралд эргэлт гарсан гэж боддог. Сүүн цагаан зүс шигээ сайхан амьдралыг манай гэрийн үүдээр дагуулж ирсэн байх. Аав маань группын хэдэн төгрөгөө огт үрдэггүй байв. Түүгээрээ голдуу охин төлөг, борлон худалдан авч нэгдлийн малчдын малд аваачиж тавина.
 
Тэр үед мал хувьд гараагүй байв. Нэг өрх 50-иас илүү малтай байж болохгүй хуультай. Аав аргыг нь олдог байж. Илүү гараад эхлэхээр нь өөр хүний нэр дээр тоолуулж дөнгөнө. Ингэсээр яваад манайх гэдэг айл намайг аравдугаар анги төгсч байхад зуугаад богтой болсон байв. 1992 оны хавар л даа. Улаангомд очиж уралдаант шалгалтад орлоо.
 
Явахаасаа өмнө цагаан мориныхоо хүзүүг илснээ санаж байна. Ээж инээмсэглэнгээ “Миний хүү ээждээ үнсүүлэхээсээ өмнө морио л гэх юм даа” хэмээн өхөөрдсөн. Шуудангийн тэргэнд суугаад аймгийн төвийг зорьж буй аав бид хоёрыг ээжийн өргөсөн сүүн цацал, цагаан морь, хөндлөн хөх Хөхий уул гурав л үпдэх шиг санагдсан билээ. 
 
Би ч уралдаант шалгалтад ёстой л цагаан морь шигээ цойлж торойсоор гарч ирэв. Шалгалтын комиссынхон “МУИС-ийн философийн анги, Ховдын Багшийн дээд сургуулийн түүхийн ангийн хуваарь байна. Алийг нь сонгох вэ” гэж байна. Ааваасаа асуулаа. Аав ижийдээ ойрхон бай. ХИүний эр ганц хүү тэр хол нутагт яаж амьдрахав, Ховдод сур” гэлээ. Аавын үг хууль хойно. Өмнө нь амьдарч байсан Ховд аймагт дахин очсон түүх энэ.
 
Их сургуулийн хуваарь авсан маадгар амьтан тэр зунжингаа цагаан морьтойгоо цагаан сүлд шиг давхиж явсан байх. Манай ангийнхны зарим нь цэрэг цуухад мордох цаг болсонх цаг. Хүүхэд бүр л өөр өөрийн “чанчий”-ны морьдоо унацгаан айл хэсч давхилдана. Сайн морийг манай нутгийнхан ингэж нэрлэдэг л дээ. Хүмүүс надад баяр хүргээд л. 
 
Тэр үед их сургуульд орно гэдэг сумын дарга болсонтой л адилтгах үйл хэрэг. Одоогийнх шиг байгаагүй. Ингэж л цагаан морьтойгоо цуг алдаа оноог цуглуулж, омголон зангаар идэр насаа чимж явав. Ховдод очоод оюутны байрны умгар өрөөнд олуул хөгжиж, дарвиж явахдаа ч морио их санадаг байв. Нөхөд маань “Чи адгуус мал санах юм, хүн санаж хүүхэнд дурлаач” гэж цаашлуулна. Тэр үед гарч ирсэн “Харанга”-ын дууг сонсч, “Хар сарнай”-гийн доргио аялгуунд хотжих төлөвийг олж байхдаа ч цагаан мориныхоо зүсийг сэтгэлээсээ арилгаж байсангүй.
 
 
Зуныхаа амралтаар гэрээдээ ирлээ. Аав мань ми ний цагаан морийг сургуульд суралцахаар явснаас хойш огт тохмын салхи үзүүлээгүй байв. Өвөл нь хур хүчтэй орсон шинжтэй, дэл нь газар шүргэж, оноо нь шигдсэн байж билээ. Нэг жил огт унаагүй болохоор эмээл огт тохуулдаггүй ээ. Би исгэрсээр дөхөж очлоо. Мөнөөх зөөлөн хар нүд нь хар цагаанаар эргэлдсэнээ, хамар нь шуухирч үүрсч байх юм.
 
Таньж байгаа бололтой. Дэл сүүлийг нь засаагүй болохоор цагаан азарга шиг л харагдав. Миний цээжинд бага насны дуртгал бүлээн сүү асгарах шиг оргиод мордоод авсан даг. Тэгсэн чинь намайг чи нэг жил орхисон биз дээ хэмээн хатуурхсан аятай хэд хэд булгиад авч байна. Цээжинд цус амтагдтал бухсан хойно буруу талын дал руу нь зөөлөн алгадаадхав. 
 
Энэ бол бид хоёрын нууц дохио. Дорхноо номхрод ёстой л усны урсгал шиг хатираад эхлэв. Энэ “пароль”-ыг би үрээ байхад нь сургасан юм. Үүнийг мэдэхгүй бусад хүнийг цагаан морь минь талаар нэг цацаж орхино гэсэн үг. Анд Батням маань ч алаг морио унаад хуучин хүү шиг хатируулсаар хүрч ирэв.
 
Хөхөөхүү шар хээр морьтойгоо, Мэндсайхан жороо халиунтайгаа дөрөө харшуулан хөхий уулынхаа өвөрт усны загас шиг явсан тэр цэнхэрлэг өдрүүдийн хээ угалзыг цааснаа буулгана гэдэг одоо амаргүй байх. Ийнхүү бор газарт гээж олж, олж гээж явсаар нэг мэдэхэд дөрвөн жилийг ардаа орхисон байлаа. Их сургуулиа ч дүүргээд ирэв. Энэ үед манайх 600 гаруй богтой, нэг ёсондоо нутаг усандаа дунд зэргийн чинээлэгдүү айлд тооцогдох болжээ. 
 
Аав маань цагаан морины минь садан нөхөр болсон хэдэн сайн морьдтой ч болоод амжиж. Би ч хэдэн байдас, гүү цуглуулан нэг үрээг үнэ цохин авч азарга тавилаа. Адуутай ч боллоо. Гэтэл хэрэг бишдэв. Өнөөх үрээ азаргыг цагаан морь маань асч хөөгөөд “сахилгагүйтээд” болдоггүй. Манай нутгийнхан цагаан морь чинь азарга болчихжээ гээд шоолж байна. Анх удаа мориндоо уур хүрлээ. Барьж аваад хоёр сар огт тавилгүй унав.
 
Цагаан моринд нэг онцлог бий. Унах бүр гэдсээ татаж гойроод, татсан нум шиг сайхан амьтан болж хувирна. Газрын холыг ч эвхэж өгнө дөө. Сүүлдээ матийсан цагаан амьтан болж хувирав. Өрөвдөөд адуунд нь тавилаа. Долоо хонов уу, үгүй юу өнгө зүсээ засаад лусын хүлэг шиг л болоод ирэв. Ийм л иртэй хүлэг. Цагаан морь минь ингэж үе үе “сахилгагүйтэн” олон азарганд хүзүү, нуруугаа сэт татуулж байлаа. Миний инээд ч хүрэх шиг. Хэрвээ азарга тавьсан бол “алах” байж дээ гэж омгорхоно.
 
Манай нутаг шилийн сайн эрс олонтой. Хуулийн хэллэгээр бол хулгайчид. Уул хангай, хад бартаа ихтэй болохоор малын хулгай үл тасарна. Ер нь хазаар гүйлгэж үзээгүй эр хүн ховор. Хүү төрвөл нэг бол бөх болгох гэж зүтгэнэ.Үгүй бол шилдээ морд доо миний хүү гээд сайн морь, эмээл хазаар төхөөрч өгөх жишээтэй. Харин хаяагаа хадрах нь тун ховор. Жирэмсэн эмийн шээх газраас хулгай хийсэн нэгнийг бол нутаг даяараа нэг нүдээр үзэхгүй.
 
Голдуу Тува, Хөвсгөл, Говь-Алтай, Баян-Өлгийгөөс адуу хөөн ирнэ. Ийм газрын холд сайн морь л хэрэгтэй нь мэдээж. Цагаан морио унуулчихаач гэж хушуу дэвсэн гуйгсад олонтаа таарч байв. Би нэг ч удаа хазаарын гүйлгээнд цагаан мориой өгөөгүй билээ. Үүнд өширхсөн зарим хулгайч миний адуунаас дэлсээд болдоггүй. Сүүлдээ шилийн эрстэй нөхөрлөхгүйгээр бод мал өсгөнө гэпэг гонжийнжоо гэдэг хязгаар нутгийн үнэнтэй эвлэрч билээ. 
 
Тэдэнтэй архидна, мөрийтэй тоглоно, ганц нэг “ажил”-д нь тусална. Сүүлдээ манай мал сүрэг ч шилийн эрсийн хамгаалалтад орж, нэг ч бод малын хялгас алдаж үзээгүй юм. Хэрийн хүний, танихгүй нэгний гарт амархан номхроод байдаггүй цагаан морь минь нэг удаа адуундаа байхгүй болсон байлаа. Манай Ханхөхий нутаг голдуу хээр зүсмийн адуутай. Хонгор хөхийг хэмжиж бэлчих нь галын дөл шиг харагддагсан.
 
Манай адуу ч мөн адил. Адуун дотор минь цагаан морь дэл сүүлээ намируулан зогсох нь цагаан мэнгэ шиг харагддаг байв. Алга байх нь зүрхгүй хөндий цээж, нүдгүй нүүр шиг л санагдсан. Дотор бачуураад л. 
 
Нөгөө “сайчуул”-даа хэллээ. Тэд чиний цагаан морь Зүүнговь руу л гарсан болов уу. Дор нь сураг гаргая гэж байна. Хэдэн сум дамнаж арваад хүн эрэлд гарлаа. Арав гаруй хоног хайв. Олсонгүй. Аяншиж ядарсан хэдэн мунгинуунууд манай намаржиж буй Чигж гол руу ирлээ дээ. Бидний ирэх чимээнээр аав гэрээс гарч ирж харагдана. Гартаа сур нухалчихсан, царай нь баяртай гэгчийн мишээх ажээ. “Цагаан морь чинь адуундаа гүйгээд иржээ” гэж байна.
 
Манай найзууд ч ура, хурай нь мэдэгдэхгүй ахшгиралдаад, бөөн баяр хөөр болцгоов. Бяцхан найрлацгаав. Адуундаа очоод үзэхэд цагаан морь зогсоогоороо унтаж харагдана. Исгэрлээ. Хоёр сайхан чих нь солбиод л, нөгөөх шингэн унаган янцгаагаараа мэндчилж байна. Нүдэнд нулимс хураад, хоолой занхгирч өвдөг сөхрөн суусан билээ. Нүднээс гарах шахсан байсан юм.
 
Цагаан морь бид хоёрын хорвоогийн эрээн бараан, гашуун нясуун, баяр хөөр, баялаг бүхнийг тулж явсан зам жилийг эргэн дурсваас кино зурган хальс шиг л хөврөх. Нүүр нүдгүй цасан шуурга, аадар бороо, хаврын хавсарга, намрын шар өдрүүд. Хөхий хааны тайгад, хүний нутгийн гүнд гээд л. 1998 он шиг санагдаж байна. Нэг жил Чигж гол ихэд үерлэв. Манайх энэ голд өвөлждөг, намарждаг байлаа.
 
Хан-Хөхийн нуруунаас эх авсан Баруун, Зүүн, Дунд гол сумын төвийг бүслүүрдэн урссаар нийлж, Чигж гол болон өмнийн элсэнд шургана. 20 гаруй км үргэлжилсэн бургастай үзэсгэлэнт гол. Монголын анхны усан цахилгаан станцыг энэ голд байгуулж байсан гээд домог ихтэй. Тэр үертэй жил манай хэдэн үхэр голын нөгөө талд гарчихаад олддоггүй. Цагаан морьтойгоо эрэлд гарлаа. Оллоо. Манайх голын хөвөөнд намаржиж байв.
 
Гармаар гарах гэтэл ёстой л улаан хоормог эргэлдэж, голын чулууд хүжигнэлдээд жигтэйхэн. Голын цаана ээж минь алчуураар даллачихсан буц гэж байгаа бололтой. Би цагаан мориндоо итгэдэг байсан юм. Хүлэг минь ч зүрх зориг гэж Хөхий шиг багтаж ядсан адуу байжээ. 
 
Дөрөөгөө холбон, дээлээ шууж байгаад тас хийтэл ташуурдаад яваад орчихов. Урсч эхэллээ дээ. Эмээлийнхээ бүүрэгнээс бат зуураад, дээш хараад л байсан санагдана. Дараа нь ээж хэлэхнээ цагаан морины чих, хамар, миний толгой хоёр л цухалзаж, шоволзоод урсаад одсон гэдэг. Нэлээд урссаны эцэст цагаан морь маань хүлгийн шийр зааж голын нөгөө эрэгт гарсан байв. Ээж гүйж ирээд цагаан морины хүзүүг тэврэн уйлж билээ.
 
Харин аав ирээд  хувцсаа хатааж буй миний нуруу руу гувруу гүйтэл хэд ороолгосон доо. Манай мал ч өсч, бүл цөөтэй бидний хувьд ёстой арандаг болох ч үе байсан. Ялангуяа хаврын хахир өдрүүдэд олон мал төллүүлнэ гэдэг дээлтэйгээ хатахтай адил. Аав бид хоёр зөвлөлдөөд унаа тэрэг авах болов. 
 
Цоо шинэ УАЗ-469 машины түлхүүр гарт атгаснаасаа хойш би уурга, бугуйл, жолоо цулбуураа мартахад хүрэв. Цагаан морио бүтэн жил унасангүй. Хааяа адуугаа эргэхэд гоморхсон аятай намайг хараад үүрсэхээ ч больсон байж билээ. Аав хэлж байна. “Хүлгийн заяа гомддог юм гэнэ лээ. Миний хүү цагаан морио унаад “Алтан дуулга”-ынхаа оройд гарвал яана. Эмээл тохонгуут л унгалдаж давхиад янзтай байсан шүү. Алтан дуулга бол манай Ханхөхийн нурууны ноён оргил.
 
Голдуу л манан будан ороосон, хойлгийн жиргээ хад цохионоос нь эгшиглэсэн хайрхан. Хүлэг морьтойгоо гараад би өдөржин “хүүрнэж” билээ. Нэг удаа яруу найрагч Ц.Бавуудорж ах Өндөрхангайд ирээд “Цогоо чи хөдөө зэврэх нь. Хотод тунгалаг дарс, тунгалаг хүүхэн байна. Оч л доо. Цагаан морин дээрээ шимийн архи ганзагалж явдаг байсан бол одоо улаан мотоцикль дээр сумын төвийн охидуудыг ганзагалж явдаг болжээ” гэж зөвлөх, зэмлэхийг хослуулан хэлж байсан юм. Түүнийгээ ч цагаан мориндоо хэллээ. 
 
Шинэ гэр барьж сумын төвийн хэдэн багш хүүхнүүдээс авч суух уу, үгүй юу, эсвэл хот руу шилжиж, том найрагчидтай нөхөрлөх үү, аав үүнийг зөвшөөрөх болов уу, хүлэг минь чи Богдын хүрээ ороод идээших болов уу гэх мэтчилэн ирээдүйн тухай төсөөллөө хуваалцсан юм. Тэр энэ их тэнгэрлэг уулсын эзэн нь бид хоёр юм шүү гэх аятай хааяа нэг үсэнд нь тогтсон цан хүүргийг шилгээн эвшээж байв. Морь эвшээхэд монгол хүн бэлэгшээдэг. Тийм гэсэн дохио мөн болой гээд миний бие эрслэн босоон юм.
 
Хойтон хавар нь манайх Улаанбаатар руу шилжлээ. Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт нүүж ирэв. Туулын хөвөөнд зусч, намаржаад сайхан л байлаа. Харин цагаан морь минь нэг л идээшиж өгдөггүй ээ. Нүд нь нуухтаад, турж эцээд тарга тэвээрэг ч авахаа болив. Нутгаа ихэд санаж байгаа бололтой. Аав “Энэ бид хоёр гэж нутаг усаа санасан хоёр амьтан гарах нь дээ” гээд нэг өглөө гаансаа сэтгүүрдэж суусан юм.
 
 Тэр үед цагаан морь 18 хүрээд байв. Ингэж өтөлж хөгшрөөхийн оронд тогоо тослохоос доо гэж аав ч хэллээ. Би ч зөвшөөрөв. Сайн морийг нутаглуулдаг заншил ёсоор хүлгийнхээ толгойг нэгэн хонхор газрыг сонгож байгаад тавьж билээ. Аав бид хоёр нэг зүйл дээр алдсан юм. Морины толгойг тавихдаа арьсыг нь өвчиж байгаад залах ёстой байж л дээ. Тэгэхгүй бол үнэг, хярс, чоно гээд хээрийн элдэв амьтан ийш тийшээ чирээд оддог юмсанж. Хэдэн сарын дараа мориныхоо толгойг хайгаад олоогүй.
 
Энэ бол намайг “Зууны мэдээ” сонинд  сурвалжлагчаар ажиллахаас өмнөхөн болсон явдал. Одоо ч гэсэн би зав л гарвал мориныхоо толгойг залсан газарт очиж эрлээ үргэлжлүүлдэг. Олдох байх аа. Дотроо итгэдэг. Бас өөртөө гомддог. Ханхөхий уулын зургийг ажиж суух зуурт, хааяа манай ангийнхан Өндөрхангайгаас ирж надтай нанчид хүртэх бүрт, хажууд минь суугаа намхан ижий минь нутгийн зүг цайны дээж өргөх бүрт цагаан морь минь хангинатал янцгаасаар дэргэд минь дэл сүүлээ агсан, мөнгөн дөрвөн туурайгаараа газар цавчлан зөөлөн хар нүдээрээ намайг ширтэх шиг одоо ч санагддаг билээ…
 
Б.Цогнэмэх
/Зохиолч Сэтгүүлч/