sonin.mn
Монголын тэтгэлэгт оюутан залуучуудын солилцооны үндэсний төвөөс ерөнхий боловсролын сургуулийн ахлан ангийн сурагчид болон их, дээд сургуулийн оюутан залуучууд, англи хэлний мэдлэгээ сорих хүсэлтэй хүн бүрийн дунд англи хэлний үндэсний аварга шалгаруулах тэмцээнийг орон даяар зохион байгуулах гэж байна.
 
Тэмцээний гол зорилго нь ерөнхий боловсролын сургууль болон их, дээд сургуулиудын англи хэлний сургалтын үр дүнг харах, оюутан сурагчдыг урамшуулан дэмжих, англи хэлний улсын аваргуудыг тодруулж, бусдад үлгэр дууриалал үзүүлэхэд оршиж байгаа аж.
 
Тэмцээний талаар ерөнхий зохион байгуулагч Монголын тэтгэлэгт оюутан залуучуудын солилцооны үндэсний төвийн тэргүүн Ц.Хүрэлтулгатай ярилцлаа.
 
 
-Тэмцээн Монголд анх удаа зохион байгуулагдаж байгаа гэж дууллаа. Дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
 
-Тэмцээн маш олон онцлогтой. Нэгдүгээрт, улсын гэж тодотгож байгаа нь 365 сум, 21 аймаг, есөн дүүрэг болон тэдгээрт оршин амьдардаг бүх насны хүмүүс оролцож болно. Хоёрдугаарт, яагаад Монголд анх удаа гэж нэрлэсэн бэ гэхээр уг тэмцээн А, В гэсэн хоёр ангилалаар явагдана. А ангилал иь англи хэлиий зохих мэдлэгтэй хүмүүс буюу хэлнийхээ мэдлэгийг шалгуулж орно.
 
Харин В ангилалд нь англи хэлний анхан шатны мэдлэгтэй хүмүүс орох боломжтой. Үүний гол шалтгаан нь хүн болгонд боломжийг олгож, эдгээрт зориулж шалгалтын материалаа боловсруулж байна. Иймэрхүү том хэмжээний, хүн бүрд боломж олгож байгаа тэмцээн урьд нь манай улсад зохиогдож байгаагүй учраас Монголд анх удаа гэж нэрлэсэн.
 
В ангилалын оролцогчдод тэмцээн болохоос 14 хоногийн өмнө шалгалтын талаарх бичвэрийг англи болон монгол хэлний орчуулгатай нь, дүрмийн тайлбартай нь өгнө. Тэмцээнд оролцогч тухайн ангит хувилбарыг цээжлэхэд л хангалттай. Цээжилсэн өгүүлбэрээс тухайн нэг үгийг орхигдуулж нөхөж бичих даалгавартай.
 
Эдгээр бүх үгийг нөхөж чадсан нь В ангилалд ялагч болох бүрэн боломжтой. Аль ч ангилалд дүрмийг чухалчлах биш гол нь үгийг сайн цээжлэх. Өөрөөр хэлбэл дүрмийн мэдлэгийг ашиглаж хийх боломжгүй гэдгийг харуулж байгаа юм.
 
 
-Тэмцээний материалыг хянаж засах шүүгчдийн бүрэлдэхүүнд ямар хүмүүс байгаа вэ?
 
-Зөвхөн америк хүмүүс шүүнэ. Материал боловсруулалтыг АНУ-ын хэл шинжлэх ухааны доктор, Монголч эрдэмтэн Майкл Томсон болоод унаган англи хэлтэй америк хүмүүс тэмцээний материалыг бэлдэж байгаа. Хоёр сарын судалгаан дээр оюутан, залуучууд болон англи хэлийг сурч байгаа хүмүүст ямар хүндрэл, бэрхшээл байна, яг юу хэрэгтэй байгааг судалж байж материалаа боловсруулж байгаа.
 
 
-Хүмүүс англи хэлийг олон жил сурсан хэрнээ ярьж чаддаггүй шүү дээ. Энэ талаар судалсан уу?
 
-Англи хэлийг хүмүүс сурагч, оюутан байхдаа, төгсөөд ахиад хэлний дамжаанд сурсан ч огт мэддэггүй. Үүний шалтгаан нь юу вэ гэхлээр хэл сурахад хязгаарладаг хана байдаг. Тэр ханыг нураахын тулд өдөрт 100 үг цээжил, боломжоороо аль болох олон үг цээжил.
 
Энэ боломжийг ашиглаж нэг хэлийг тав, зургаан жил сурахгүйгээр гурван сарын дотор хэлтэй болох боломжтой юм гэдгийг онцолж хэлж байгаа юм. Монголын тэтгэлэгт оюутан залуучуудын солилцооны үндэсний төвд сурдаг хүмүүсийг ч бид өдөрт 100 үг цээжлэхийг шаарддаг.
 
Хэрэв 100 үгээ цээжлээгүй гурван удаагийн тохиолдолд төлбөрийг буцаахгүй гэх хатуу гэрээтэй байдаг. Манайд суралцах гэж ирсэн хүнд эхний нэг, хоёр хоногт боломжгүй мэт санагдавч, ороод гурав хоногийн дараагаас цээжлээд ирдэг.
 
 
-Тэмцээний гол зорилго юу вэ?
 
-Ерөнхий боловсролын сургууль болон их, дээд сургуулиудын англи хэлний сургалтын үр дүнг харах, оюутан, сурагчдыг урамшуулан дэмжих, англи хэлний улсын аваргуудыг тодруулан шагнаж, бусдад үлгэр дууриалал үзүүлэхэд тэмцээний гол зорилго оршиж байгаа юм.
 
Бас дээр хэлсэнчлэн хаагаад байгаа энэ ханыг сэтлэх, ерөнхий боловсролын сургуулийг төгсөгчдөд англи хэлний ерөнхий шалгалтад бэлдэх зэрэг олон давуу талтай.
 
 
-Насны ангилалын хувьд?
 
-Насанд хүрэгчид, оюутан, сурагч гэсэн ангилалтай. Эдгээр нь дотроо А, В гэсэн хоёр ангилалтай.
 
 
-Шалгалтын материал нь уламжлалт аргаар уу, тестээр үү?
 
-А ангилал уламжлалт буюу англи хэлний чадамжийг шалгах зорилгоор тест, дүрэм, яриа, сонсгол, эссэ бичлэг зэргээр авна. Харин В ангилал зүгээр л цээжлэхэд л хангалттай. Учир нь анхан шатны мэдэгдэхүүнтэй хүмүүс байгаа учраас тухайн нэг өгүүлбэрээс нэг үгийг нь авиа.
 
Тэр үгийг буцааж нөхөх даалгавартай. Энэ нь танд үнэхээр англи сурах идэвх зүтгэл байна уу гэдгийг л давхар шалгаж байна гэсэн үг. Ер нь англи хэлний мэдлэгийг бус хичээл зүтгэлийг нь илүү шалгана.
 
 
-Нас насны ангилалаас ялагч тодруулах уу?
 
-Бүх насны ангилалаас даалгаврыг хамгийн сайн хийсэн, өндөр оноо авсан хүн бүрийг шалгаруулна.
 
 
-Шагналын талаар яриач. Урьд өмнө нь Монголд байгаагүй тийм өндөр хэмжээний шагналын сантай гэж байна?
 
-Тийм. Хамгийн өндөр шагналын сан, мөн хамгийн өргөн түрүүлэх боломж олгож байгаа гэсэн үг. АНУ-д 100 хувийн тэтгэлэгээр суралцана. Мөн таван сая төгрөгөөр урамшуулна. Түүнчлэн ивээн тэтгэгчдийн шагнал, хэлний шалгалтад хамгийн өндөр оноо авахуйцаар үнэгүй сургана.
 
 
-Шалгалтын материалын хувьд олон улсын стандартад нийцсэн байна гэж байна. Энэ талаар?
 
-Олон улсын стандарт гэдэг нь аймшгийн хэцүү гэсэн үг биш. Энэ нь тухайн цээжилж байгаа үг болон тест нь олон улсад өгөх шалгалттай адилхан, гадаадын их сургуулийн тесттэй адилхан гэсэн үг. Мөн хэл сурахад ийм зүйл мэддэг байх ёстой гэсэн даалгаврууд байна.
 
Зүгээр нэг дүрмийг шалгах биш ярих, сэтгэх, хурд, бичих чадвар, арга зүй зэрэг олон зүйлийг зэрэг шалгаж байгаа учраас олон улсын стандарт гэж нэрлэж байгаа юм. Шалгалтад 91 хувиас дээш оноо авсан тохиолдолд алтан медаль, 81-90 хувийн оноо авбал мөнгө, 71-80 оноо авбал хүрэл медаль хүртэнэ.
 
Өөрөөр хэлбэл, хэчнээн ч хүн медаль авах боломжтой. Бүх хүмүүсийг энэ тэмцээнд идэвхтэй оролцохыг уриалж байна.
 
Тэмцээн ирэх сарын 23-наас арванхоёрдугаар сарын 08-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Бүртгэлийг: WWW.NYESCM.ORG, WWW.EDUCENTER.MN, WWW.CHANGECENTER.MN  сайтаар авах юм байна. 
 
Эх сурвалж: