sonin.mn
Чөлөөт уран бүтээлч С.Оюунгэрэл хүний эрхэмсэг оршихуй, сэтгэл татам шинж, далд ертөнцийн нууц, диваажингийн орон зэргийг тусгасан "Диваажингийн гүүр" үзэсгэлэнгээ “Blue moon” галерейд гаргасан юм. Тэрээр "Урлахуй минь диваажинд хүргэх газар..." хэмээн хэлсэн нь цаана гүн утга агуулсан бололтой. Ингээд түүнтэй уран бүтээлийнх нь талаар ярилцснаа сонирхуулъя.
 
 
-Оюунгэрэл ээ, үнэхээр сайхан үзэсгэлэн гаргасанд баяр хүргэе. Өөрөө хаана зураачийн мэргэжил эзэмшсэн юм бэ? 
 
-Баярлалаа. Би Дүрслэх урлагийн дээд сургуулийн тайзны зураачийн ангийг 2007 онд төгссөн. Сургуулиа төгсөөд өдийг хүртэл уран бүтээлээ хийгээд явж байна даа.
 
 
-Одоо чөлөөт уран бүтээлч үү?
 
-Тиймээ. Чөлөөт уран бүтээлч байна гэдэг өөрийн хүсэж, бодож, тэмүүлж байгаагаа илэрхийлж, уран бүтээлээ хийж байна.
 
 
-Зургаан жил уран бүтээлээ бүтээж яваа юм байна. Энэ хугацаанд ямар уран бүтээлүүд хийв. Бие даасан үзэсгэлэн гаргасан уу. Энэхүү "Диваажингийн гүүр" үзэсгэлэн хэддэх нь вэ?
 
-Сургуулиа төгссөнөөс хойш уран бүтээлээ хийсээр "Диваажингийн гүүр" буюу “Paradise Bridge” гэсэн нэртэй үзэсгэлэн гаргалаа. Миний анхны бие даасан үзэсгэлэн юм. Анхны үзэсгэлэнгээ амжилттай нээсэн.
 
 
-Их өвөрмөц нэртэй юм. "Диваажингийн гүүр" үзэсгэлэндээ ямар чиглэлийн, хэчнээн бүтээл тавив?
 
- Энд тавигдсан бүтээлүүд маань тайз, чимэглэх урлаг, төвгөр зураг гэх мэт холимог техникийн аргаар зурсан зургууд бий. Ихэнх нь шүршдэг будгаар зурсан. 40 гаран бүтээл тавигдсан.
 
 
-Энд тавьсан бүтээлээ ямар хугацаанд хийсэн бэ?
 
-Таваас зургаан жилийн өмнөөс зурагнуудынхаа эскизүүдийг бий болгож, хоёр жилийн хугацаанд үзэсгэлэндээ бэлтгэсэн.
 
 
-Өөрийн тань зургуудыг сонирхоход маш өвөрмөц, маш чамин хийц, дүрслэлийг гаргажээ. Зарим зураачдын бүтээлийг бодвол маш их хөдөлмөр шаардсан юм шиг мэдрэгдлээ. Бүтээлийнхээ онцлогоос сонирхуулна уу? 
 
-Энэ үзэсгэлэнд тавигдсан зургуудаар хүний бодол санаа, эр зориг, нөгөө ертөнцөд байгаа гайхамшгийн нууц, эмэгтэй хүний гоо үзэсгэлэн гэх зэргийг дүрслэн харуулсан. Эмэгтэй хүн дотроо ямар нэгэн юмыг бодож, тээж явдаг. Тэр бодол санааг цэцгээр, шувуугаар зүйрлүүлж зурсан. Ерөнхийдөө хүний дотор байгаа бодол санааг яаж гадагш нь илэрхийлэх вэ гэдгийг зургаараа илэрхийлсэн. 
 
 
-Ямар сэдвээр голдуу зурдаг вэ?
 
-Эмэгтэй хүн чамин, нарийн зүйлсийг их сонирхдог шүү дээ. Тиймээс би зургандаа нарийн чимхлүүр ажилбаруудыг нэлээд оруулсан Чимэглэлийн урлагууд зурганд минь нэлээд бий. Миний хувьд "Диваажингийн гүүр" гэсэн нэртэй үзэсгэлэнгийн гол зургуудаа тайзны урлаг, загвар зэргийг нэг биш удаа зүүдэлсэн юм.
 
Зүүдэлсэн учраас зургуудынхаа эскизийг хийж, тэрний дагуу зургуудаа зурсан. Харин дараа нь нэлээд хэдэн хоног бодсоны эцэст үзэсгэлэнгийн нэрээ олж, онцлох зургаа " Paradise Bridge " гэж нэрлэсэн.
 
 
-Вlue Мооn галерейн баруун хананд өлгөсөн чамин хийцтэй бүтээл ямар утга агуулж байгаа юм бол?
 
-Тэр бүтээл "Эрхэмсэг" нэртэй. Энэ бүтээл интерьер хауз, дотоод засаг чимэглэл, орон сууцны интерьерт тавих боломжтой. Энэ бүтээл маань чимэглэх урлаг нь давамгайлсан төвгөр зураг юм.
 
 
-Далавчиндаа шигтгээтэй нисч яваа шувууны зураг надад содон харагдлаа. Шувуу хаашаа тэмүүлэн нисч байна вэ?
 
-Энэ зураг бол хүнийг шувуугаар илэрхийлсэн байгаа юм. Хүн заримдаа баригдмал байж байгаад хэзээ нэгэн цагт дүүлэн нисмээр санагддаг ч юм уу, эрх чөлөөтэй хаашаа ч хамаагүй явмаар болдог. Тэр санааг нь ч гэсэн шувуугаар илэрхийлж, зурсан.
 
Шувуу хүссэн газар руугаа тэмүүлж, хаа сайгүй чөлөөтэй нисч явдаг шүү дээ. Харин шувуундаа шигтгээ оруулсан нь миний уран бүтээлийн онцлог юм. Би уран бүтээлдээ чимэглэх урлагийг илүү оруулах дуртай. Чимэглэх урлаг бүтээлүүдийг минь илүү их чимэгтэй, содон харагдуулдаг байх аа.
 
 
-Өөрийн тань хамгийн хайртай ямар зураг байдаг вэ?
 
-Сарнайтай зураг бий. Тэр зургаа би таван жилийн өмнө жижиг хувилбараар зурж байсан. Түүнийгээ томруулж зурж, энэ үзэсгэлэндээ тавьсан. Тэр зураг “Гоо үзэсгэлэнгийн нулимс" нэртэй. Хэдийгээр энэ зургийг сонирхон харахад гоё сарнай цэцэг.
 
Гэвч сайн ажиглавал эмэгтэй хүний гоо үзэсгэлэнгийн цогцыг шингээсэн байгаа. Эмэгтэй хүний уян налархай бие, хаа, хөдөлгөөн бүгдийг зургандаа дүрсэлсэн. Эмэгтэй хүний нулимсыг цэцгэнд дусч байгаа дусал усаар харуулсан байгаа. Тиймээс энэ зургандаа би их хайртай. 
 
 
-Гол зургуудаасаа нэрлээч?
 
-"Эрх чөлөө", "Шувуу" гол зураг юм. Мөн "Арга билиг", өсч дэвжихийг бэлгэдсэн "Тариан түрүү", эв найрамдал, сайн сайхныг бэлгэддэг "Загас" зурагнууд байна. "Цаст" гэдэг зургандаа цэвэр байгалийг харуулсан. Энэ зургаа ганц ч бийрээр зураагүй, зөвхөн шүршдэг будгаар зурсан.
 
 
-Гялтгануур шүрээр чимэглэсэн том дэлбээтэй цагаан цэцэг ямар утгатай бүтээл вэ? 
 
-Тайзан дээр ямар ч жүжигт тоглох боломжтойгоор би бүтээлүүдийн загваруудаа хийсэн. Таны асууж байгаа бүтээлдээ би "Гүнж" гэсэн нэр хайрласан. Тэр бүтээлээ сувд шиг гялтганасан чимэглэлээр урласан. Бүх зүйлийг тэр цагаан цэцэг шиг цэвэр цэмцгэр, гэгээлэгээр төсөөлж, хийсэн. 
 
 
-Энэ бүтээлдээ гоё нэр өгчээ...
 
-Баярлалаа
 
 
-Гүүртэй, гэрэл дороосоо ассан бүтээл нэг л өөр харагдаад байна. Тансаг газар юм шиг?
 
-Энэ үзэсгэлэнгийн маань хамгийн гол бүтээл нь "Диваажингийн гүүр" гэдэг зураг бий. Тэр зургаа загварт хувиргаж, жижигхэн хотхон бүтээсэн. Далд ертөнц ямар байх вэ гэж би төсөөлөн боддог.
 
Сайхан үйл явдлыг хүмүүс диваажин гэдэг дээ. Тиймээс би далд ертөнцийн нууц, диваажин иймэрхүү байна байх гэж зүүдлэсэн учир энэ жижигхэн хотхоны загварыг төсөөлж, хийсэн юм. 
 
 
-Ингэхэд далд ертөнц гэдгийг өөрөө юу гэж ойлгодог вэ? 
 
-Хүн бурхан болоод диваажинд очдог гэж хүмүүс ярьдаг шүү дээ. Миний бодлоор тэр диваажингийн орныг гэгээлгээр төсөөлдөг. Тэгэхээр хүн бүхэн гэгээрч, гэгээн байх ёстой гэж боддог. 
 
 
-Хүн бүхэн гэгээлэг, диваажин шиг амьдраасай гэсэн санаа энэ үзэсгэлэнгийн гол агуулга гэж ойлгож болох нь ээ? 
 
-Тийм л дээ. Хүн болгон өөр өөрийн гэсэн үзэл бодол, хүсэл зорилго, тэмүүлэлтэй байдаг. Ирээдүйгээ хүн бүр сайхнаар төсөөлдөг. Ер нь миний бүтээлийн гол санаа далд ертөнцийн нууц юм. 
 
 
-Үнэтэй жаазуудад зурагнууд хийсэн юм аа. Худалдаж авсан уу? 
 
-Зураг болгондоо тааруулж жаазуудаа сонгодог. Маш олон сонголт хийсний эцэст жааз зурганд тохирдог юм.
 
 
-Ийм их хөдөлмөр зарцуулсан нэг зургаа ямар хугацаатай зурдаг вэ?
 
-Янз бүрийн хугацаа зарцуулна. Шүршдэг будгаар зурсан зураг хурдан хугацаанд хатдаг. Харин холимог аргаар тосон, зотон будгаар будахад 7-8 өдрийн дараа хатдаг. Ер нь би шүршдэг будаг хэрэглэж зурдаг болохоор миний бүтээл өвөрмөц харагддаг.
 
Шүршдэг будаг өнгө цөөхөнтэй учир би будгуудаа хооронд нь найруулж, өнгө гаргаж авдаг. Өнгө гаргаж авахад бас нэлээд хугацаа зарцуулдаг. Жишээ нь, тайзны бүтээл болох "Харанхуй дэлбээ" -гээ би хоёр сар гаран оролдож бүтээсэн.
 
 
-Шүршдэг будгаар зурахад их нарийн ажиллагаа шаарддаг уу? 
 
-Маш нарийн мэдрэмж, ажигч нямбай байж шүршдэг будгаар зурна л даа.
 
 
-"Харанхуй дэлбээ" бүтээлээ тайлбарлаж өгөөч?
 
-Энэ бүтээлээ хийсвэр сэтгэлгээгээр бүтээсэн. Би урьд нь ном, зохиол уншиж байж тайзны загвар, зурагны эскизийг хийдэг байсан. Одоо чөлөөт уран бүтээлч болохоор эрэл хайгуул хийж, бодож, дараа нь зохиомжоо гаргадаг юм.
 
 
-Ийм сайхан сэтгэл, зүтгэл, мөрөөдөл шингэсэн бүтээлүүдээ ямар орчинд хийдгийг сонирхож болох уу. Уран бүтээлч хүний хувьд урлантай юу?
 
-Өөрийн гэсэн урлантай. Миний уран бүтээлийн урлан Рафаэль харшид байрладаг. Тэндээ өдрийн ихэнх цагийг уран бүтээлээ хийж өнгөрүүлдэг дээ. Урлангийн нэр үзэсгэлэнгийн нэртэй адилхан "Диваажингийн гүүр" 
 
 
-Цаашид ямар бүтээл хийх бодол байна вэ? 
 
-Миний хийж байгаа бүтээлүүд эмэгтэй хүний хувьд хүндхэн хөдөлмөр байдаг. Гэхдээ дараа дараагийн бүтээлээ би төлөвлөөд бодсон байгаа. Тухайлбал, төмрөөр гагнаж суръя. Ер нь миний хувьд цаашид олон юм сурч, мэдэж, бүтээх эрмэлзэлтэй байна. Хүн өөрийн гэсэн зорилгоо атгаад, тэмүүлж ажиллавал ямар нэгэн амжилтын эх үүсвэр болдог гэж боддог.
 
 
-Баярлалаа. Диваажингийн гүүр шигээ гайхамшигтай бүтээлүүд бүтээгээрэй гэж амжилт хүсэе.
 
Б.Баярмаа
 
Эх сурвалж: “Геологи Уул Уурхайн мэдээ” сонин