Хэнтий аймгийн Музейн байгалийн танхимын нэгэн сонирхолтой үзмэр нь солир юм. 1990 онд Бор–Өндөр хотын дунд сургуулийн багш Д.Бат-Очир Хэнтийн Галшар, Сүхбаатарын Түвшинширээ сумын нутгийн зааг орчмоос маш том хэмжээний чулуу олсноо манай музейд мэдээлсний дагуу тухайн үеийн музейн захирал асан Т.Магсаржав, сан хөмрөгч Г.Дагва, тайлбарлагч М.Оюунбаатар нар УАЗ /аавын цээж гэгддэг/ машинаар тээвэрлэн авчирчээ. Чулууны өндөр 79.5 см, өргөн 45-52 см, 550 кг хүнд жинтэй. Түүнээс хойш уг чулууг солир хэмээн таамаглаж байснаас бус шинжлэх ухааны үүднээс нарийвчлан судалж солир гэдгийг нь батлалгүй өдийг хүрчээ.Энэ чулууг үнэхээр солир мөн эсэх талаар ул суурьтай судалгаа хийлгэхээр аймгийн музейгээс 2010 онд химич, профессор Г.Гонгоржавт хандсан байна. Тэрээр ШУТИС-ийн экологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан,  доктор Б.Цэндээтэй хамтран солирын химийн найрлагыг судалжээ.

Судлаачид солирыг рентгенфлуоресценцийн спектрометрийн физик- хими болон химийн сонгомол аргаар 2 удаа шинжлэн, уг солирын химийн найрлагын зонхилох хувийг цахиурын оксид (33,93%), төмөр (25,11%), магнийн оксид (21,10%), хоёр валенттай төмрийн оксид (8,68%), хөнгөн цагааны оксид (2,04%), кальцын оксид (1,68%), никель (1,58%), хүхэр (1,26%) тус тус эзэлж байгааг, мөн найрлагын хувьд ОХУ-ын "Маркова", "Одесса", "Полуямки" зэрэг чулуун солируудын химийн найрлагатай дүйж байгааг тогтоон улмаар уг солир нь чулуун солир болохыг баталж, судалгааны дүнг нэгтгэн англи, монгол хэлээр эрдэм шинжилгээний өгүүлэл бэлтгэснээ аймгийн музейд ирүүлжээ.

-Манай аймгийн музейд Монгол улсын хэмжээнд олдоод байгаа чулуун солирын хамгийн том нь, төмөр ба чулуун солируудаас “Аж Богд-2” /583 кг/ солирын дараа 2-т орох солир хадгалагдаж байгааг шинжлэх ухааны ул суурьтай судалгаагаар баталж өглөө. Энэ судалгаа нь тус үзмэрийн нэр хүндийг өргөсөн төдийгүй шинжлэх ухааны судалгаанд нээлт болохуйц цоо шинэ мэдээ мэдээллийг эрдэм шинжилгээний эргэлтэнд оруулснаараа чухал ач холбогдолтой гэж Хэнтий аймгийн музейн захирал, доктор /Ph.D/ О.Баттуяа ярилаа.

И.Байгалмаа.

Эх сурвалж: "Хэнтийн мэдээ"