sonin.mn

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч С. Баатарсүхтэй ярилцлаа. Энэ жил түүний "Цэнхэр залаа" 45 жилийн ойтойгоо золгож байгаа юм. Тэрээр, дөрөвдүгээр сарын 30-нд ТЗДБЧ-д өөрийн "Цэнхэр залаа-45" гэсэн тоглолтоо хийх гэж буй.

-Ойрын сонин хачин гэвэл "Цэнхэр залаа" аялгууны маань 45 жилийн ой энэ жил тохиож байна. Ойгоо угтаж тоглолт хийх санаатай. Бэлтгэл ажил гээд л явж байна даа. Сүүлийн үеийн уран бүтээл гэвэл өнгөрсөн оны сүүлээр ТЗДБЧ дээр "Хандармаа" нэртэй хүрээ дуурь тавилаа. Дуурь амжилттай сайхан болсон. Нийслэл хотод төдийгүй хөдөө орон нутгаар явж тоглогдсон.

Мөн МҮОНТ - д теле дуурь болоод бичигдчихсэн. Хэд хэдэн ч удаа цацагдаад амжсан шүү. Энэ бүтээлд маань олон түмэн ам сайтай байгаа юм билээ. Нижгэнэсэн алга ташилттай байсан гэж шавь нар маань дуулгасан. Монголын хөгжмийн урлаг тэр дотроо дуурьт анх удаа хүрээ дууны жаяг, манерт тулгуурлаж хийгдсэн. Үүгээрээ их онцлог болсон болов уу.

Хандармаа гэж хүн бол бодит хүн байгаа юм. Үзэсгэлэн төгөлдөр, ухаан төгс эмэгтэй байсан гэсэн. 1780 -аад оны үед Монгол улс Манжийн дарлалд орж байсан тэр эхэн үед энэ эмэгтэй амьдарч байж. Тухайн үед Монголд суурин амьдрал, хот, хүрээ хэв маяг орж ирж байсан байна. Үүнийг бас бүтээлээрээ харуулахыг зорьсон.

Нийгэм нь ямар байсан, хүмүүсийн аж, амьдрал ард иргэд нь боолын шинжтэй болчихсон гээд олон зүйлийг давхар харуулахыг хичээсэн. Хандармаа хэмээх сайхан
бүсгүйд санаархсан баян пүүсийн эзэн данжаад хайртай залууг нь хороож, эцэст нь Хандармаагийн мэргэн оюун ухаанд сүйдэж байгаа тухай өгүүлдэг юм.

Энэ дуурь амжилттай болох нэг үндэс нь сайн продюсертай байсных. ТЗДБЧ -ын захирал Д.Бямбажав продюсерээр нь ажилласан. Энэ хүний хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр шимээр энэ дуурь боссон гэхэд хилсдэхгүй.

-    Чи "Зөрлөг дээр ургасан сарнай" гээд хамгийн сүүлд ажиллаж байгаа мюзиклийг асуугаад байх шиг байна. Энэ маань төмөр замчидтай холбоотой, замчдын ахуй амьдрал, хайр дурлал, ажил хөдөлмөр бүхнийг илтгэсэн мюзикл эхэлчихээд явж байна. Таван сарын сүүлч гэхэд амжаад тавьчих санаатай.

Мөн адил Д.Бямбажав маань продюсерийн ажлаа хийгээд явж байгаа. Хөгжмийг нь арай бичиж дуусгаагүй. Урьд нь, янз бүрийн бүтээлүүд тавьж байсан юм билээ. Энэ удаа бид мюзиклээ поп жазз хэлбэрээр тавина. Ингэснээр шинэлэг болно гэж найдаж байгаа.

Манай улсын хүн амын зонхилох хэсэг залуучууд шүү дээ. Үүнийг ч гэсэн тооцоолсон. Зөрлөг дээр болж байгаа залуучуудын хайр, дурлал, ахуй амьдрал руу орж хийж байгаа. Тэрнээс аливаа уран бүтээлд лоозогноод байвал явцгүй болох тал бий.

-    Цэнхэр залаа" хэмээх гайхамшигтай аялгуу хэрхэн мэндэлсэн юм бэ гэж үү. Энэ аялгуу их сонин түүхтэй. Би "Цэнхэр залаа"-гаа зохиосон гэж ярихаасаа илүүтэйгээр төрмөл аялгуу гэж хэлмээр санагддаг юм. Энэ хөгжмийг хийх үед би ямар ч хөгжмийн мэдлэггүй байлаа. Үнэндээ хөгжмийн талаар "нойлын ногоон тэг" байсан.

Гэвч энэ "нойлын ногоон тэг" -ийн нэг л шөнийн зүүдэнд ийм гайхамшигтай аялгуу орж ирсэн. Тиймээс зохиосон гэж хэлж болдоггүй юм. Тэгээд л өглөө нь босоод өнөөх аялгуугаа гитар дээр тоглож байгаад Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Г.Чимиддорж багш дээр очлоо.

"Соёл-Эрдэнэ" хамтлаг буюу Монголын радио телевизийн улсын хорооны хөгжим гэдгийг байгуулсан хүн шүү дээ. Өөрөө хөгжмийн мэдлэггүй учраас Г.Чимиддорж багшаар нотлуулахаар очиж байгаа нь тэр. Хамгийн гол нь, Г.Чимиддорж багш нотлосон л болохоос ямар нэгэн өөрчлөлт хийгээгүй.

Яг л миний зүүдэнд орж ирснээр нотлогдон одоог хүртэл эгшиглэж байгаа. Бүр эгшиглэж тэр бүгд цогцоороо зүүдэнд орж ирсэн юм шүү дээ. Энэ бол одоогоос 42 жилийн өмнө буюу 1969 он.

- Ийм гайхалтай аялгуу яагаад зүүдэнд орсон бэ гэвэл би 1966 онд дунд сургуулиа төгсөөд МУИС-ийн барилгын инженерийн ангид орсон юм. Тэнд байхдаа цахилгаан гитарын чуулга гэдгийг байгуулсан. Монголд анх цахилгаан хөгжмийн хамтлаг байгуулагдаж байгаа нь тэр. "Баян Монгол", "Соёл-Эрдэнэ" хамтлагууд байгуулагдахаас таван жилийн өмнө гэсэн үг.

Дээр үед урлагийн үзлэг гээд их том ажил болдог байлаа. Бид голдуу Битлзийн дууг тоглоно. Гэхдээ Монгол ардын дуу ч тоглодог байсан. Тэр үед Ж.Бадраа багш их сургуульд эвлэлийн хорооны дарга байв.

Ж.Бадраа багш надад "За Баатарсүх ээ, Монголын хөгжмийн урлагт цоо шинэ ажил эхлүүлж байгаа нь энэ юм шүү. Тиймээс та нарын тоглож байгаа аялгуу Монгол гэсэн үндэстнийг тодорхойлж, Монгол Улсын нүүр царай болох ёстой. Ямар нэгэн гадаадын хамтлаг дуучдыг дууриасан байх ёсгүй" гэж хэлж байсан.

Одоо бодоход Монголд поп хөгжмийн суурийг та нар тавьж байна. Тиймээс маш хариуцлагатай хандах хэрэгтэй гэсэн мессежийг надад өгч байсан нь тэр юм билээ. Бас чи "Соёл-Эрдэнэ" гэж дууг гитараар тогло гэсэн. Түүнийг нь би гитарын гоцлол болгож тоглосон л доо. Энэ бүгдээс шалтгаалаад "Цэнхэр залаа" зүүдэнд минь орсон юм билээ.

- Цаг агаарын мэдээний ард явдаг болсон түүхийг бас сонирхолтой. Энэ аялгуу анх гитарын гоцлол маягаар хийгдсэн юм. Гэвч 1970 онд яамнаас "Соёл-Эрдэнэ" хамтлагийн дөрвөн ятгачинг "Цэнхэр залаа"-г тоглож болно гэж баталсан.

Бүр "Хөгжимчин Баатарсүхэд шинээр байгуулагдаж байгаа "Соёл-Эрдэнэ" хамтлагийн дөрвөн хөгжимчинд гитар хөгжим зааж "Цэнхэр залаа"-г сургасугай гэсэн тогтоол хүртэл гаргасан байсан.

Харин хяналтыг нь Г.Чимиддорж багш хийхээр байсан. Ингээд л тэр дөрөвт гитар заах юм болж байтал тэд гитараар биш ятгаар тоглоё, тэр нь илүү гоё болох юм биш үү гэсэн санал гаргасан. Тэгж л "Соёл-Эрдэнэ" хамтлаг урын сангийнхаа анхны бүтээлийг өлгийдөн авч "Цэнхэр залаа" радио телевизээр цацагдах болсон юм.

Тэр үед манай улсад Оросын суваг л гардаг байлаа. Оросууд цаг агаарын мэдээнийхээ ард Пол Мори гэж Францын хөгжмийн зохиолчийн аялгууг явуулдаг байсан юм. Радио телевизийн улсын хорооны дарга байсан Жалан-Аажав гуай тэднээс санаа авсан байх. "Цаг агаарын мэдээг зүгээр ингээд явуулчихаж болохгүй, амь оруул, байгаль дэлхий гэдэг чинь амьтай зүйл" гэж хэлсэн гэсэн.

Энэ үед хөгжмийн редактороор ажиллаж байсан Цагаан гэж хүн "Цэнхэр залааг" санал болгосон юм билээ. Ингээд л радиогоор зарлагддаг цаг агаарын мэдээний ард "Цэнхэр залаа" явж телевизийнхэн ч сүүлд нь явуулдаг болсон.

Үнэнийг хэлэхэд би юмны цаана фон болгож явуулаад байхдаа яадаг юм бэ гээд дургүйцэж л байлаа. Гэхдээ нэгэнт батлагдчихсан юм чинь яахав дээ. Одоо бодоход харин энэ нь ч сайн хэрэг болсон. Энэ аялгууг ийм олон жил амьдрахад нөлөөлсөн нэг хүчин зүйл нь энэ.

-Чиний хэлсэнчлэн цаг агаарын мэдээний ард фон болж явсны хүчинд ийм удаан амьдарч байгаа юм. Радио телевизээр өдөрт хэдэн удаа явдаг болохоор өвгөд хөгшид хүүхэд гээд л бүгдийнх нь хүртээл болсон. Одоо ч өдөрт телевизээр найман удаа радиогоор мөн тийм удаа явдаг. Тайзан дээр бол нэг өдөр ийм олон тоглохгүй шүү дээ.

Тайзан дээр тоглогддог байсан бол ийм удаан амьдраа ч уу үгүй ч үү, хэн мэдлээ. Гэхдээ тайзан дээр тоглоход 3-4 удаа дахиулдаг байсан. Ер нь, радио телевизээр явдаг болсноор Монголын нийт хүн амын 60 хувьд нь хүрсэн гэж би боддог.

-"Цэнхэр залаа" гэдэг нэр их утга учиртай. Энэ нэрийг Бадраа багш маань өгсөн. Нэг өдөр Бадраа багш хамрынхаа хөлсийг бурзайлгаад "Чиний хөгжимд "Цэнхэр залаа" гэж нэр өглөө" гэсээр орж ирсэн. Би ч "Багшаа юун тахианы залаа вэ" гэтэл багш "Битгий дэмий юм яриад бай" гэснээ учир утгыг нь тайлбарлаж гарлаа. Залаа гэдэг чинь залах удирдах гэсэн утгатай үг.

Цэнхэр гэдэг чинь Хөх Монгол гэсэн үг гээд л. Тухайн үед Хөх Монгол гэхээр асуудалд ордог байлаа шүү дээ. Ингээд л энх тайвнаар энх тунх Монгол орноо зална гэсэн утгаар "Цэнхэр залаа" гэж нэрлэсэн түүхтэй. Энэ нэр хөгжимдөө бас их зохицсон гэж би боддог.

-"Цэнхэр залаа" шиг ийм сонирхолтой бүтсэн бас нэг  дуу бий. "Нүдэн нуур". Бас л их сонин түүхтэйгээр дуу болсон юм. Намайг гитар тоглоод сууж байхад нэг ах байнга манай өрөөгөөр орж ирдэг байлаа. Тэгээд хэсэг сууж байгаад л гарна. Гэтэл нэг өдөр нөгөө ах "Би нэг ийм юм биччихлээ. Дүү хүү нэг хардаа" гэж байна. Аваад унштал

Холын сайхан Алтай нутаг минь

Холбоо нуур ууланд байдаг сан

Холбоо нуураа харан суухлаар

Хайртай ээжийн минь нүд шиг санагддагсан.....

гэсэн үгтэй их аятайхан шүлэг байв. Их сайхан шүлэг юмаа би аялгуу хийе гэтэл ая нь бэлэн байгаа гэж байна. Гайхаад өөдөөс нь хартал чиний тоглоод байдаг ая энэ шүлэгт яг таарна гэх. Тоглоод үзтэл үнэхээр таарч байсан. Тэр хүн бол дууны шүлгийн жинхэнэ мастер Ш.Шажинбат байсан юм билээ. Би сүүлд л мэдсэн.

-Миний урын санд 800 гаруй бүтээл бий. Дуу гэвэл 300-аад байна. Үлдсэн 500 нь хөгжмийн бүтээл. Зөвхөн симфони гэхэд долоо байна. 2008 онд "Монголын нууц товчоо" гэсэн симфони бичсэн. Үүнийгээ "Цэнхэр залаа"-гаас ч илүү олонд хүрнэ гэж боддог. "Хүннү" гэж бас дуурь бий. Бидний өвөг "Монголын нууц товчоо"-гоо 1228 оны хулгана жилд бичиж, хожим хойно 1240 оны хулгана жилд Өгөөдэй хаан "Нууц товчоо"-ндоо бүлэг нэмж, би 1948 оны хулгана жилд төрж ."Монголын нууц товчоо" симфонио 2008 оны хулгана жилд бичиж, мөн онд УГЗ цол авлаа. Энэ бол ахынх нь билэгдэл. Бүх зүйл цаанаасаа нарийн учиртай байдаг. Намайг төрөхөд нэгэн жаран эхэлж, симфонио бичихэд бас нэгэн жаран тохиосон.

-Түүхэн сэдэвтэй томоохон бүтээл хийнэ гэдэг амаргүй. Тэнгэр бурхны зарлгийг биелүүлэх гэж зүдэрсэн. Үүнийг хийснээс хойш ах нь юу ч хийж чадахгүй сууна. Ийм том бүтээл хийсэн "шок" одоо ч намайг амраахгүй байна. Миний "Цэнхэр залаа"-гаа бичиж байсан тэр уянга, "Нүдэн нуур"-аа бичиж байсан тэр дэврүүн хүсэл алга болчихсон. Мөнх тэнгэр ахиад намайг ивээнэ гэж харж сууна.

Б.Мөрөн

Эх сурвалж: "Ганзам" сонин