sonin.mn

Эрт урьд цагт саруул талын дэнжинд сүргээ хариулан аж төрдөг нэгэн Монгол аймаг байж гэнэ. Энэ аймагт Хөлөн нэртэй гэсэн гоо үзэсгэлэнт бүсгүй сүрлэг биетэй, арслан барын хүчтэй, агсам хүлгэн унаатай сайхан эр Буйртайгаа хамт амар жимэр амьдарч байв.

Гэвч нэгэн өдөр арван таван толгойтой атгар хар мангас, сэр сэр салхи татуулан, бүр бүр хур оруулсаар, тэнгэрийн хаяанд улаан тоос татуулан тал нутагт ирж, Хөлөн охиныг булаан, гол мөрнийг нь ширгэтэл сорж гай зовлон тарьжээ. Буйр хүү дурлалт бүсгүйгээ аврахаар мангасын араас олон хоног нэхэн хөөсөөр мориныхоо нурууг амраах гэж эмээлийг аваад түр зүүрмэглэжээ.

Тэрхэн зуур түүний зүүдэнд хайртай охин Хөлөн нь үзэгдсэн бөгөөд мангасаас айхгүй эсэргүүцэж байгаад нь хилэгнэн, сараалан цэцэг болгон хувиргаад гал наранд шарж үйлийг нь үзэж байх юм гэнэ. Буйр залуу энэ байдлыг хараад амь залгах гэж үлдээсэн ганц балга усаа цэцгэн дээр хийхэд цэцэг тэр доороо Хөлөн охины мөн биед хувилав гэнэ.

Гэвч нөгөө мангас хайрт бүсгүйг нь дахиад л булааж аваад зугтаан оджээ. Буйр хүү мангасыг элдэн хөөж дарж чадсан ч Хөлөнгөө олж чадсангүй. Тэгээд мэлмэлзсэн тунгалаг нуурын хөвөөгөөр энэлэн шаналж явтал хүмүүс түүнд Хөлөн охин мангасын дарлалыг тэвчихээ байсандаа нуур болон хувирсан гэдгийг хэлж өгчээ.

Буйр үүнийг сонсоод хайртай хүнтэйгээ үүрд хамт байна гэж үсрэн нууранд оржээ. Түүнээс хойш Хөлөн нуурын дэргэд бас нэг нуур бий болсон гэдэг. Түүнийг Буйр нуур гэдэг болсон байна.

Эх сурвалж: "Ганзам" сонин