sonin.mn

Монголчууд аль ч үед ан амьтан агнах хатуу нарийн ёс жаяг, дэг журамтай байжээ. Ан амьтныг шархдуулж, сэглэж зэмлэхгүй, зовоож тарчлаахгүй, олноор нь хүйс тэмтэрчихгүй, байгалийн элдэв гамшиг, үер усны аюул, газар хөдлөлт, цас зуднаас дүрвэж нүүдэллэсэн, хээлтэй, үр төлөө дагуулсан шинэ газар нутаг ирж байршиж эхлэж байгаа зэрлэг амьтдыг агнаж устгах, үргээж дүйвээхийг хориглодог байжээ.

Анчин хүн агнасан ангийнхаа махнаас анд хамт явсан хүмүүс болон айл хотынхоо хүмүүст заавал хувь хишиг хүртээдэг. Ан амьтан агнасан байх үед нь явуулын хүн тааралдвал агнасан ангийнхаа махыг ганзганд гараагүй байсан бол хувь хүртээдэг байжээ. Гөрөөс аллаа гэхэд хамгийн ахмад хүндээ ууцыг нь дараагийн насны хүнд хоёр гуяыг, хамгийн багад нь сээр, хүзүү нь оногдох жишээтэй.

Нас чацуу хоёр хүн байж таарвал тэр хоёр хүний аавынх нь насны ахаар тооцож ноогдох мах мөчийг нь өгөх мэтийн тогтсон зарчим байв. Монголчууд зуны цагт мал алж, төдийлөн их мах идээд байдаггүй. Олон жил ан гөрөө хийсэн анчны он удаан жил эзэмшсэн буу нь олон хоног хугацаагаар анд явахгүй, амьтан алахгүй удвал буу "Махасдаг" гэж урьдын сайн анчид ярьдаг байв.

Буу махасхаараа гэрт хананы толгойноос өлгөөтэй байхдаа буюу ан гөрөөнд явж сууринд суух, тарвага сахиж байх үед сууринд ан амьтан ирэх ба сахисан тарвага гарахын урьдхан тэр мөчид анчин хүний буу үл мэдэг "тон" гэж дуу гарч дохио өгөх тохиолдол бий. Энэ нь сахисан тарвага гарах, сууринд ан амьтан ирэхийн урьдчилсан дохио мэдэгдэл гэж хэлж болно.

Өлгөөтэй байсан буу дуугарвал анчин хүн за буу минь махсан дуу гараад болохоо байлаа үүрээд гаръя бууныхаа махсааг гаргая гэж үүрч гарч тарвага, зурам, чандага, туулай мэтийн жижиг ан буудаж алсан ангийнхаа цусанд бууныхаа ам хүргэж махсааг нь гаргадаг ёс байсан.

Бууны махсаа гарахад хамгийн тохиромжтой анг бор туулай гэдэг. Анчид бор туулайг бор халзан буга гэж хүндэтгэн нэрлэдэг. Миний аав янгир ямаа голдуу агнадаг сайн анчин хүн байсан. Аавын 1921 оны Толбо нуурын тулалдааны үеийн бүслэлтийн дараахан олж авсан харааг нь олон янзаар өсгөж бууддаг урт хар бирдан буу одоо ч хадгалагдаж байгаа.

Толбо нуурын бүслэлтэд тулалдсан Алтайн долоон хошуу урианхайн нэг хошуу болон одоогийн Баян-Өлгий аймгийн толбо сумын нутаг Саруул-гүний хошууны хүрээн дээр 1921 оны 8-р сарын 25-аас 10-р сарын 7-н хүртэл 42 хоног хүнд хэцүү нөхцөлд болсон юм.

Эцэст нь ЭХУ-ын нутаг Хөшөө-мод гэдэг газраас оросын улаан армийн анги ирж бүслэлтээс чөлөөлсөн тухай түүхэнд бичигдэн үлджээ.

Бүслэлтээс чөлөөлөгдсөн зөвлөлтийн армийн алдарт жанжин генерал К.К.Басклов олон хоног бүслэлтэд байхад сэтгэл, санаа, хоол, хүнсний болон цэрэг буцах үед морь, тэмээ зэрэг унаа хөсгийн тусламж үзүүлсэн явдалд нутгийн ард олонд гүн талархаж байгаагаа илэрхийлээд эх орноо хамгаалах болон ан гөрөө хийж, амьдрал ахуйдаа нэмэр болгож байгаарай гэсэн утгатай үг хэлж 400 ш бирдан буу үлдээгээд явсны нэг нь манай аавд ноогдож олон жил ан гөрөө хийж амьдарсан.

Гэхдээ улаан армийнхны үлдээсэн бууг захиас ёсоор нь үр ашигтай ашиглаж чадаагүй бөгөөд тэр доор нь цөөн хэдийг нь нутгийн анчдад тараасан боловч ихэнхийг нь хасгийн дээрэмчид тэр шөнөд нь шахам ирээд дээрэмдэж аваад явчихсан гэдэг.

Буу болгон махсаад дохио чимээ өгөөд байдаггүй. Он удаан жил эзэмшсэн эзэндээ ээнэгшин дассаны хойно л дохио чимээ өгдөг гэж урьдын олон жил ан гөрөө хийж явсан хашир анчид ярьдаг.

Дээр өгүүлсэн миний аавын 1921 онд олж авсан 90-ээд жил болж буй бирдан буу, миний өөрийн 1963 онд хоршооноос шинээр худалдаж авсан 50 гаруй жил болж буй калибрь эзэмшсэн эзэндээ дассан дээр өгүүлсэн дохио чимээ өгдөг болсон гэж хэлж болно.

Энэ нь их эрдэмтэн зохиолч Б.Ренчин гуайн франц хэлнээс орчуулж бичсэнээр сайн анчин хүний сүнс нь эзнийхээ алдаг байсан ангийн сүнсийг хожим хойно нь гэсэн алж байдаг гэсэнтэй агаар нэсэн мэт санагдана. Сонирхуулж бичихэд ийн буюу

Л.Бямбажав

Эх сурвалж: "Эрх чөлөө" сонин