sonin.mn

БХХСАХНЭ-ийн Чих хамар хоолойн эмч, ахмад О.Энхбаяр

-Нутаг ус, хүүхэд нас, за тэгээд цэргийн бас эмчийн удамтай юу гэсэн асуултуудаас ярилцлагаа эхлэе?

-Ховд аймгийн харьяат. Аав нэгдлийн дарга байсан учраас аавыг хаана очиж ажиллана дагаад явна, 4 сумын сургууль дамжиж 10 дугаар ангиа төгсөж байлаа шүү дээ. Цэргийн, эмчийн удам аль аль нь байхгүй. Эмч, нисгэгч, цагдаа, цэргийн мэргэжил бол багын минь мөрөөдөл.

Голдуу эмч болж тоглодог тийм л охин байсан. Тэгээд л АУИС-д элсэж хүсэл мөрөөдлөө биелүүлсэн. Бас цэргийн хүн болох мөрөөдөлдөө хүрсэн болохоор өөрийгөө азтай хүн гэж боддог юм.

-Зэвсэгт хүчний эгнээнд нэгдсэн түүх?

-Сургуулиа дүүргээд ажиллах газраа судалж, хайж байхдаа госпитальд ажилладаг найзтайгаа таараад, найз маань зөвлөж энэ хамт олон дунд орж ажиллах хувь тохиосон доо. Тухайн үеийн дарга нар намайг харчихаад жаахан хүүхэд шиг л юм, ингэхэд чи ер нь сургууль төгссөн хүн үү гэж байж билээ.

Дуудлагын эмчээр ажлынхаа гарааг эхэлсэн. Энэ хоорондоо чих хамар хоолойн эмчээр мэргэшиж, чих хамар хоолойн эмч, ЕЗЦК-д эмнэлгийн офицер зэрэг албан тушаалд ажилласан. Тухайн үед эмэгтэй хүн цэргийн албанд ороход амаргүй үе байсан, 4 жил хүлээж байж офицерын дамжаа дүүргэж цэргийн эмч болж байлаа.

-Мөрдэстэй эмч болох хүсэл их байжээ дээ?

-Тэгэлгүй яахав. Эмчийн, цэргийн 2 тангараг өргөж, 2 дүрэмт хувцас өмсөх хувь тавилантай хүн ховор шүү. Тийм болохоор ажил мэргэжлээрээ бахархаж явдаг.

-Яалт ч үгүй өрнөх гол сэдэв бол цэргийн ажиглагчаар үүргээ амжилттай гүйцэтгээд ирсэн явдал...

-Африкийн Бүгд Найрамдах Баруун Сахар Улсад явагдсан НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд нэг жилийн хугацаатай цэргийн ажиглагчаар үүрэг гүйцэтгэлээ. ЗХЖШ-т ажиллаж байхдаа эмэгтэй офицерууд цэргийн ажиглагчаар үүрэг гүйцэтгэх боломжтой гэдгийг мэдээд өөртөө битүүхэн зорилго тавьж эхэлсэн.

Удалгүй хүсэл зорилгыг минь мэдсэн юм шиг Энхийг дэмжих хэлтсийнхэн та шалгалт өгөөд үзээч гэсэн санал тавьсан. Дөрвөн ч удаа шалгалт өгсөн байх. Гэхдээ энэ хугацаанд хэлний болон цэргийн хэргийн мэдлэгээ дээшлүүлэхэд багагүй анхаарч ажиглагчийн болон штабын ажилтны дамжаа дүүргэсэн.

-Очиход төсөөлөл чинь хэр зөрөв?

-Өмнө нь үүрэг гүйцэтгээд ирсэн офицеруудын гаргасан зөвлөмж гарын авлага зэргээс болон заримтай нь уулзаж зохих мэдээлэл авсан. Мэдээж хэрэг төсөөлөл бол төсөөлөл. Бодит байдал бол бодит байдал шүү дээ. Очоод шалгалтуудаа дахин өгсөн. Ер нь бол ажлын ачаалал ихтэй бүсэд очъё л гэсэн бодолтой байсан.

Энэ нь нэг талдаа юм сурах, нөгөө талдаа өөрийгөө завгүй байлгах гэсэн санаа юм л даа. Тэгээд гуйж байгаад бидний нэрлэдгээр Маракогийн тал буюу цэргийн анги олонтой, эргүүлийн зам урттай бүсэд очсон. Анх очиход эзгүй элсэн цөл, жижиг өрөө угтсандаа.

Өрөөгөө цэвэрлээд эвдэрсэн жижиг ширээгээ янзалж, тэнд байсан угаалгын өрөөний хөшгийг хайчилж бүтээгээд дээр нь гэрийнхнийхээ зургийг тавьчихаад л жаахан санаа амарч билээ. Ингэж л Баруун Сахарын элсэн цөлд төвхнөж, үүргээ гүйцэтгэж эхэлсэн. Энэ бүсэд 5 cap үүрэг гүйцэтгэсэн.

Эмэгтэй хүн энэ тэр гэж ажил үүргийн хөнгөлөлт үзүүлж, туслаж дэмжинэ гэсэн ойлголт байхгүй. Хийх ёстой ажлаа өөрөө л хий гэсэн зарчим үйлчилнэ. Ер нь их зүйлийг сурч, маш их тэсвэр тэвчээр, хатуужил суусан.

-Хамгийн их тээг болж байсан бэрхшээл юу байв?

-Ерөнхийдөө гайгүй. Монголчууд тэсвэр тэвчээртэй, дасан зохицох чадвар сайтай. Миний хувьд англи хэлний мэдлэгээ дээшлүүлэхийг л хичээдэг байсан. 30 гаруй орны офицеруудын дотор хэлний мэдлэгийн түвшин янз бүр. Унаган англи хэлтэй хүн ховор.

Ойлголцоход асуудалгүй хэдий ч хэлнийхээ мэдлэгийг дээшлүүлэхэд анхаарал хандуулсан. Өөр нэг их бэрхшээлтэй зүйл байгаагүй.

-Төв штабт ажилласан гэж сонссон...

-Ажиллагааны дүрэмд өөрчлөлт оруулах ажлын хэсэгт сонгогдож Төв штабт ажилласан. Энэ зуураа шалгалт өгч Төв штабт G-1-д буюу хүний нөөцийн офицероор ажиллаж, ирж буй болон буцаж байгаа цэргийн ажиглагч нартай уулзаж, тэдний бичиг баримт, бүртгэл гээд бүх л зүйлийг хариуцдаг. Мэргэжлээсээ тэс ондоо ажил хийж байсан ч их сонирхолтой, бас олон зүйлийг сурч, мэдэж, туршлагажсан.

-Энэ ажиллагаанаас өөртөө юу олж авав?

-Хэмжихийн аргагүй мэдлэг, дадлага олж авсан. Бас өөрт үргэлж хэрэг болох үнэт чанаруудыг өөртөө шингээж чадсан гэж хэлж болох байх. Тухайлбал, би 45 хоногийн дамжаа дүүргээд л офицер болсон. Өнөөг хүртэл өөрийгөө офицер гэж бүрэн дүүрэн хэлэхээсээ эмээдэг байсан. Одоо бол харин хэлж чадна.

Энэ нэг жилийн хугацаанд цэргийн хүний сурах, давах, туулах ёстой зүйлсийг өөрийнхөө хэмжээнд суралцсан. Бас нэг гол зүйл бол тэсвэр тэвчээр. Өмнө нь үнэхээр "нялцгай амьтан" байж дээ гэж бодогдох үе бишгүй их байсан. Би айлын бага гээд чамгүй эрх өссөн. Ер нь амьдралын хатууг амсаж үзээгүй гэхэд болно.

Харин тэнд бол хошигнож хэлэхэд амьдралын их сургууль дүүргэсэн шүү. Хамгийн гол онцлох зүйл нь "Peace operation training institute"- ийн онлайн сургалтад хамрагдаж 20 гаруй курс төгссөн. Миний хувьд том амжилт.

-Жаахан тодруулахгүй юу, өмнө нь сонсож байгаагүй юм байна?

-Цэргийн ажиглалтийн ёс зүй, удирдлага, харилцаа зэрэг энхийг дэмжих ажиллагаатай холбоотой онлайн сургалт гэсэн үг. Сургалтад хамрагдаад шалгалт өгөөд тэнцвэл төгсөж сертификатаа авдаг. Миний хувьд эхлээд төлбөр төлж 2 курс дүүргэсэн. Харин дараа нь цэргийн ажиглагчид үнэгүй хамрагдах боломжтойг мэдээд үлдсэн сургалтууддаа хамрагдсан.

Энэ нь надад маш олон талын мэдлэг олгосон, нөгөө талаас эх орон, гэр бүлээ санаж, сэтгэлээ зовоохоос хамгаалсан сайн арга байсан гэж хэлж болно. Хамт үүрэг гүйцэтгэж буй нөхөддөө санал болгоход барахгүй, бүтэхгүй юм байна гэж хүлээж авч байсан. Тийм ч амар зүйл бас биш л дээ. Гэхдээ мэргэжилийн онцлог маань их нөлөөлсөн байх. Эмч нар байнга л суралцаж, нухлагдаж байдаг хүмүүс.

-Xэдий завгүй ч санана гэдэг тодорхой...

-Тэгэлгүй яахав. Хүний нутаг бол хүний л нутаг. Хилийн дээс алхлаа л бол хувь хүн биш монгол гэдэг нэрээр л овоглоно. Үүнийг маш сайн ойлгож мэдэрсэн. Гэр орноо санана гэхээсээ илүү монгол гэсэн нэрийг муугаар гаргаж, дуудуулчихгүй юмсан гэж өөрийн эрхгүй хичээдэг юм билээ.

Эх орны үнэ цэнийг илүүтэй мэдэрч хайрладаг, "Чи Хятад уу", "Солонгос уу" гэж асуухад хүртэл "Монгол" гэж хашгирах нь холгүй хэлнэ. Ойлгуулахын тулд түүхээ уншина, энэ талын мэдлэгээ нэмэгдүүлнэ. Ер нь л эх оронч үзэл тэгж л сууж, гүнзгийрдэг юм билээ. Нэрээ их хичээнэ ээ. Чадахгүй, мэдэхгүй гэж хэлэхгүй байхыг л чармайна.

Хэцүү үе тулгарах нь мэдээж. 700 гаруй км газар жолоо барьж эргүүл хийнэ, элсэн цөлд, дугуй хагарахаас эхлээд л бэрхшээл тохиолдоно. Энэ мэт тэсвэр тэвчээр шалгах зүйл олон.

Хамт үүрэг гүйцэтгэж байсан офицерууд монгол эмэгтэйчүүд бүгд чам шиг үү гэж асуухад нь надаас илүү гэж хариулдаг, хариулах тоолондоо монгол хүн, монгол улсаараа бахархах сэтгэл төрнө. Ийм мэдрэмжийг, ийм нөхцөлд л мэдэрч чадах байх. Миний нутагт муухай зүйл нэг ч байхгүй юм шиг санагддаг.

-Хүний нутагт хань болж байсан зүйл гэвэл...

-Уйлах, гомдох, уурлах, санах үед нутаг ус, аав ээжийн тухай дуу л сонсож тайвширч ухааждаг байлаа. Энд сонсоод л өнгөрдөг бол тэнд үг бүр нь үнэтэй, ухаарал хайрладаг.

-Эх орондоо ирэх ч ярилтгүй сайхан...

-Хэлэх ч юм биш. Нутгийн минь агаар салхи юутай ч зүйрлэшгүй. Өмнө нь гадагшаа яваад ирэхдээ яг ийм мэдрэмжийг авч байгаагүй юм билээ. Нэг хөгжилтэй юм ярихад охин минь ээжийгээ харчихаад л уйлаад байсан.

Харин хүү маань тоосон шинжгүй гүйгээд л. Гэртээ очоод чи ч ээжийгээ санаагүй юм байна даа гэсэн чинь " Ээжээ аймар их санасан ш дээ. Гэхдээ аниа шиг уйлж онигоо болохгүй юмсан л гэж бодсон" гэж бөөн инээд болсон.

-Ар талыг чинь дааж үлдсэн "мундаг" хүмүүсийг танилцуулахгүй юу?

-Ханийг маань М.Батсайхан гэдэг. Багш мэргэжилтэй. Бид нэг нутгийнх. Бид хүү, охинтой. Ёстой л мундаг гэж хэлнэ дээ. Ар гэртээ санаа зовох зүйлгүй ажил үүргээ гүйцэтгэнэ гэдэг маш том боломж, туслалцаа.

-Гэр бүлийн бөх бат орших суурь юу вэ?

-Манай гэр бүлийн хувьд итгэл. Бидэнд нуух зүйл байдаггүй, юу ч тохиолдсон бие биедээ хэлж ярилцаж, зөвшилцдөг. Бас бие биенээ их дэмжиж урам хайрладаг Итгэл өөрөө хайр, халамж, зорилго, мөрөөдөл гээд бүх зүйлийг агуулдаг болов уу.

-Хүний амьдралын 3 эрхэм зүйлийг нэрлэ гэвэл...

-Хүн чанар, эрүүл мэнд, нэр хүнд.

-Залуу хүний хувьд нийгмийн сайн сайхны төлөө ямар нэг зүйл хийх юмсан гэж боддог уу?

-Мэдээж хэрэг, бүх залуус ийм бодол өвөрлөж явдаг байх. Магадгүй нэгдэн нийлэх, хамтрах үйл явц л дутдаг. Өөрөөр хэлбэл ихэнх нь яаж эхлэхээ мэдэхгүй, хөтлөх хүчийг хүлээдэг юм болов уу гэж боддог. Миний хувьд ч ялгаагүй. Нийгмийг бүхэлд нь хамрах мэдээж хэцүү.

Гэхдээ өөрсдийнхөө хэмжээнд үг, үйлдэл сэтгэлийн болоод эд материалын гээд чадах чинээгээрээ бусдадаа туслаж, урам хайрлаасай гэж боддог. Нөхөртэйгээ хамт тоглоом, ном цуглуулаад асрамжийн газрын хүүхдүүдэд хааяа аваачиж өгдөг.

Үүнээс ч илүүтэй зүйл хийхийг хүсдэг. Бас хүүхдэд зориулсан номын өрөөтэй болоосой гэсэн хүсэл бий. Туслая дэмжие, хийе, бүтээе гэх юм бол ханцуй шамлаад ороход бэлэн.

Залууст хандаж юу хэлэх вэ?

-Зорьсон зорилгынхоо төлөө завгүй хөдөлмөрлөөрэй л гэж хэлье.

Ярилцлагынхаа төгсгөлд таны зорилгоос хуваалцъя?

-Олон зорилго, мөрөөдөл бий. Гэхдээ хамгийн ойрын томоохон нь гэвэл суралцах.

Амжилт хүсье.

Ярилцсан ахмад Х.Ганзул

Эх сурвалж: "Соёмбо" сонин