sonin.mn

...Гойд сайхан зохиол юм шиг санагдлаа. "Энэ охиноос чинь надад захидал ирсэн шүү дээ" гэвэл "Үзэх юмсан. Юу гэж байгаа бол " гэж байв. Гэтэл төд удсангүй "Үнэн" сонины 1969 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдрийн дугаарт мөнөөх найраглал гараад ирлээ. Үүнээс харвал хоёр cap хүрэхгүй хугацаанд "Сэгс цагаан Богд" найраглал бүтсэн нь мэдэгддэг.

Гарахтайгаа зэрэг шуугиан тарьсан. 1976 оны зун Д.Пүрэвдорж тэргүүтэй С.Эрдэнэ, Ц.Хасбаатар, Ц.Мөнх гээд бидний хэдэн зохиолчид Өвөрхангайн Бүрд, Хархориноор бууж мордоод дамжаад Архангай, Ихтамир, Хорго, Тариат хүртэл аялал амралтын байдлаар явж байсан юм.

Зам зуураа тааралдсан сум бригадын төвд хөдөлмөрчидтэй уулзалт хийхэд "Сэгс цагаан Богдыг" уншихаас нааш Пүрэвдорж гуайг суулгадаггүй байсныг би мэдэх юм.
Ямар сайндаа нэг удаагийн уулзалт дээр мань эр "Арван найман аймагт би энэ найраглалыг уншиж л аяга цайгаа олж ууж яваа хүн дээ" гээд амьтдыг инээлгэж байсан нь санаанд үлджээ.

Харин тэр үед найраглал төрсөн түүхийн талаар бид юу ч ярьж байгаагүй. Ярихад цаг үедээ тохиромжгүй ч байсан байж болно. Сүүлийн үед Сэгс цагаан Богдын зүг ойрхон ойрхон зуур хоёр дахин явахаас болоод мөнөөх найраглалаа сэргээж шинээр хэд дахин уншлаа. Ийнхүү уншихад хэд хэдэн зүйлийн бодол дүгнэлт надад төрж байна. Түүнээсээ хэлье.

Нэгдүгээрт: Найрагч маань зам зуур дайрах төдийд өнгөрсөн гэхэд тархиндаа ямар хурдан бичлэг хийж амжсан нь гайхаш төрүүлнэ. Үүнийг дандаа хамт явсны хувьд би гайхаж байгаа юм. Жишээ нь:

Айдаа сайхан говь минь
Алтан шаргал говь минь
Анагай гурван цоохор
Ажин гурван ширдэг
Ах дүү гурван хаалга
Аман гурван сээр
Ар гурван дэл
Алаг гурван шанд
Задгай гурван хээр
Зах гурван Бамбуу
Нэр нь хүртэл шүлэг
Нээрээ сайхан нутаг...


Хоёрдугаарт: Тэр нутгаар хэрж хэсээд байгаагүй хэрнээ их говийн зураг төрхийг сэтгэлдээ ямар уран тод буулгасан байна вэ гэж бишрэх сэтгэгдэл надад бас төрлөө.

Шинэжинстийн говь гэдэг нь аргаль, янгир, хавтгай, хулан мазаалай мэт дэлхийн ховор амьтдын өлгий нутаг, өгөөж баян газар.

Ялаа хальтрам ханан цавчилд
Янгир нь ямаатай ассан байдаг
Асга шаргих хадан хавчилд
Аргаль нь хоньтой нийлсэн байдаг
Алаг тууз шиг эрээн цайдамд
Адуу нь хулантай уралдан байдаг
Тэнгэрийн хиаз шиг цагаан цээлэнд
Тэмээ хавтгай туйлан байдаг
Өнгө гэрлийн хувилгаан
Өвгөн манхны давалгаан...
гээд хэлчихлээр үлгэр домгийн монгол зураг амилан босч ирэх шиг санагдахаар байгаа юм.

Гуравдугаарт: Эх орны хөдөөгийн сайхныг дүрсжүүлэх монгол үг хэлний баялаг нь гайхалтай санагдсан. Жишээ нь,

Сэгс цагаан Богд уулыг эхлээд,
Тоост их говийн Тортогт хөх асар...
гэж дүрсэлснээ дараа нь

Маргад эрдэнийн чулуун зүмбэр
Манант говийн үүлэн сүмбэр...
гэж зурагласан нь дахин дахин уншаад баймаар, тэр их уулын зүг дахин дахин хараад баймаар санагдах ажээ.

Дөрөвдүгээрт: Зохиолын баатрын уран сайхны дүр яаж босч ирдгийг эндээс төвөггүй харж болно. Дашрамд өгүүлэхэд Д.Пүрэвдорж 1969 онд "Хөх даалимбан тэрлэг", "Сэгс цагаан Богд" гэсэн найраглалууд бичихдээ, хөдөөгийн хоёр монгол бүсгүйн дүрийг нэг жилд босгосон нь гайхамшигтай санагдсан.

"Эргэцээ морины эргээ бодож, элбэг сайхан ташаа тавиад" дээл эсгэж байгаа монгол хүүхэн, эсвэл,

Хонгор таны гэргий болоод Хол газар сууя гэвэл Говь нутгийн хүрэн бүсгүйн Гоо үзэмж хүрэх болов уу хэмээн эргэлзэж байгаа бүсгүй хоёрын аль аль нь монгол эмэгтэй хүний сэтгэл зүйг дуран авайгаар татсан мэт дэлгэн харуулжээ.

Эх орон, төрсөн нутагтаа чин зүрхнээс хайртай их говийн цовоо сэргэлэн бүсгүйн дүр төрх "Сэгс цагаан Богд" найраглалын уран сайхны амин сүнс гэж болохоор байгаа юм. Энэ найраглалд хотын хархүүг алдаг оног дүрслэхдээ:

Нүдэнд дулаахан хархүү та
Нүүдлийн шувуу байсан юм уу
Уужим говийн бяцхан бүрд би
Ус нь цалгиж үлдсэн юм уу...
гэж байснай хэдэн мөрийн дараа

Өөрөө тэгж өдөхийг өдчихөөд
Өндөг шиг дуугүй явчихаад
Шувуу бүхэнд үг заагаад
Шуудан бүхэнд захиа дайгаад
гэхчилэн үргэлжлүүлсэн байна. Дээрх мөр бадгууд мөнөөх "сайхан хотын хөөрхөн хархүү" гэдгийнхээ гаднах дүр төрхийг ямар нэгэн хэмжээгээр дүрсэлсэн бололтой.

Сэгс цагаан Богдын зоримог сэргэлэн тэмээчин бүсгүй захидлынхаа төгсгөлд,

Аяны чинь дөрөөг Сүү өргөн мялаая
Алсын чинь харгуйг Сүй болгон хүлээе
Баяртай найз минь Хариу бичээрэй,
Байнгын минь хаяг Сэгс цагаан Богд...
гэж бичсэнээр санаа бодлоо бүрэн төгс илэрхийлсэн уран сайхны эрхэмсэг дүр болж Монголын яруу найрагт мөнхөрсөн байна. Бараг хагас зуун жил өнгөрөөд байхад энэ найраглалаас бид мөр бадгийг ч орхилгүй дурсан ярьж, уншиж байгаагийн учир тэр билээ.

"Хар цас", "Хөх даалимбан тэрлэг", "Сэгс цагаан Богд" гэдэг гурван найраглалаараа яруу найрагч маань 1981 онд Монгол Улсын төрийн шагнал хүртэж байсныг нь мартаагүй явна.

Намар Шинэжинстэд явж байгаад Сүхбаттай уулзахад "Сэгс цагаан Богд"-ын гол баатар болж алдаршсан минь асар их нэр хүндийг надад хайрласан. Хөдөлмөрийн баатар болсноос дутуугүй юм шиг санагдсан" гэж ярилаа. Тийм өндөр нэр хүндийг дааж, өргөж явах ёстой гэсэн нэг бодол түүнийг эзэмдэж явдаг бололтой юм билээ.

Хэзээ ч харсан Сэгс цагаан Богдын уул алсад сүмбэрлэн цэнхэртсэн хэвээрээ. Тэр нутгаас ноднин намар буцахдаа би Шинэжинст сумын Засаг дарга Б.Бат-Эрдэнэд хандаж "Сүхбатыг маань анхаарч харж яваарай. Эрүүл мэндээс эхлээд хүний тус дэмжлэг хүсэх юм юу эс байхав" гэсэнд "Таны захисныг би Сүхбат гуайд хэлнээ" гээд гар барьж билээ.

Хавар, цагаан сарын дараа биднийг очиход тэднийх Зүүн Бамбуугийн бууцанд хоёр гэрээрээ өвөлжиж хаваржиж байв. Гэрийн гаднаас Өмнөговийн Нэмэгт уул, Алтан уул хөх зэрэглээ татуулаад ойрхон харагдаж байна. Үүнээс үзвэл тэднийх бараг Өмнөговийн нутагт "Хөл тавьчихаад байгаа болов уу" гэмээр санагдсан. Эргэн тойронд хайлаас шиг заг модод хүрээлэн ургажээ.

Эдний тэмээд бас арай өөр өндөр биетэй, ширээ бөхтэй хүрэн халтар тэмээд харагдаад байх юм. Хавтгайн бэсрэг гэх тэмээд эднийд бий. "Тэр хойшоо хараад зогсож байгаа тайлаг, тэр биеэ маажиж байгаа гунж бол хавтгайн удам" гэх маягаар Сүхбат надад танилцууллаа. Эндхийн хоормог бас гайхалтай. Айргийн том аягаар уухад мэдэгдэхгүй.

Үдээс хойш буцах тухай яриа хөөрөө дэгдэхэд Сүхбат биднийг тэмээн зэлэн дээрээ дагуулж аваачаад надад бурантагтай тэмээ бэлэглэж байна. Бурантаг дээрээс нь барьж байгаад "Би тэмээний нутгийн хүн. Тэмээний тухай олон шүлэг зохиол бичсэн.

Гэхдээ тэмээний бэлгийг би анх Сүхбатаас авлаа" "Ширээ хонгор" гэдэг сайхан нэртэй миний энэ тэмээ сүргийнхээ дунд, эзнийхээ дэргэд, Сэгс цагаан Богд уулынхаа алсад цэнхэртэх барааг хараад амар амгалан идээшилж яваг. "Нямаагийн ширээ хонгор" гээд энэ хязгаар говь нутагт миний нэрийг дуурсгаж явбал бас сайхан" гээд бурантагных нь үзүүрийг Сүхбатын гар дээр эргүүлж тавилаа.

Дараа нь гэрт орж цай уучихаад "морь харж" явтал ширээ хонгор намайг харчихаад гунганах шиг болсон нь надад жигтэйхэн хачин санагдлаа. Нутагт минь орхисонд баярлалаа гэсэн юм биш байгаа даа, базарваань хумпад.

Баянхонгороос буцаж ирээд сонсож байвал, Шинэ жинстэд ингэ ботголож ихэр ботго гаргасан тухай чимэгтэй мэдээ "сайхан хотын хархүүгийн" чихийг бас мялаав шүү. Тэмээ хичнээн олон байвал төдий чинээн сайхан байх юм чинь.

Төрийн шагналт зохиолч Д.Нямаа