sonin.mn

Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас өчигдөр Хүүхдийн эрхийг хамгаалах, хөгжүүлэх, хүүхдийн өмнө эцэг эх, олон нийтийн хүлээх үүрэг, хариуцлагыг ухамсарлуулах, гэр бүлийн үнэ цэнийг ойлгуулах, хүүхэд гэр бүлийн асуудлыг нийтэд нэвтрүүлэхдээ ёс зүйн болон мэргэжлийн хэм хэмжээг чанд баримтлан ажиллах зэрэг олон асуудлыг тусгасан харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ хүрээндээ хүүхэд гэр бүлийн асуудлаар хэрэгжүүлж буй бодлого чиглэлийг танилцуулах уулзалтыг зохион байгуулсан юм. Энэ талаар тус газрын дарга Я. Байгалмаагаас дараахь асуултад хариулт авсан юм.

-Нийслэлд хүүхэд, гэр бүлийн өмнө тулгамдаж байгаа ямар асуудал байна вэ?

-Хавар болохоор хүүхэд гэр бүлийн хүчирхийлэл нэмэгддэг. Дээр нь хүүхэд гэмт хэрэгт өртөх мөн замын осолд орох явдал буурахгүй байна. Эдгээрийн ард архидалт, эцэг эхчүүдийн сөрөг зан үйл, дээрэнгүй харилцааны соёлгүй бүдүүлэг байдлаас үүдэлтэй шалтгаанууд байна. Мөн хүчирхийлэлтэй холбоотой манайд ханддаг нэг зүйл бол гэр бүлийн салалт байдаг.

Өөрөөр хэлбэл, хүүхдээ хэн нь авахав гэдэг маргааны асуудал. Энэ бүгдийг авч үзээд бид юуны түрүүнд энэ шалтгаануудаа барьж авах хэрэгтэй байна. Үүний тулд урьдчилан сэргийлэх ажлыг хүчтэй хийх хэрэгтэй. Хоёрт, хүчирхийлэлд өртсөн хүмүүстэй ажиллах арга зүй, нөхцөл боломжууд хамгийн чухал. Нийслэлийн хүүхэд гэр бүл, хөгжлийн газар дүүрэг болгонд төвтэй болсноороо хүчирхийлэлд өртөөд байгаа хүмүүстэйгээ ажиллах боломж нээгдсэн. Ажиллаж ч байна.

Харин одоо манай газрын зүгээс урьдчилан сэргийлэх, ялангуяа насанд хүрэгчид, эцэг эхчүүдийн зан хандлагыг өөрчилж энэрэнгүй бие биесээ хайрладаг, уучилдаг, хүний төлөө сайнаар ханддаг зан үйлийг төлөвшүүлэхгүй бол бүгд л уур уцаартай, харгис дээрэнгүй явж байгаа байдал харагдаж байгаа учраас урьчилан сэргийлэх ажлыг хүчтэй хийх нь зүйтэй байна.

Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллахыг уриалж байгаа юм. Бид олон жил хараа хяналтгүй, хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдтэй ажилласан гэр бүлд зөвлөгөө өгөх тал дээр мэргэшсэн төрийн бус байгууллагуудтай хамтран ажилладаг. Нөгөө талаар нийслэлийн Цагдаа, Эрүүл мэндийн газар, Боловсролын газар, Халамжийн газруудтайгаа ямар дэмжлэг байж болохов гэсэн гаргалгааг хийж байна.

-Тэгвэл дараагийн гарц юу байна вэ?

-Нийт массыг соён гэгээрүүлэхэд соёл урлагийн байгууллагуудын оролцоо маш чухал. Үүнийхээ гарц болгож "Гацуурхан" театртай хамтраад бид гэр бүлд хайртай гэсэн агуулгын хүрээнд "Чоно ба долоон ишиг" гэсэн жүжгийг бага насны хүүхдэдээ захиалгаар тавиулж байгаа.

Тэгээд эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт үзээд ерөөсөө л гэр бүл гэдэг бид бүгдийн амь юм, бид нар л гэр бүл дотроо бие биенээ хайрлахгүй юм бол хэн хайрлахав гэдэг агуулгыг нийгэм даяар бид өгөхийг чухалчилж байна.

-Хүүхэд зам тээврийн осолд их өртөж байна. Энэ тал дээр танай байгууллагын зүгээс ямар нэг хяналт тавьж байгаа юу?

-Хүүхэд зам тээврийн осолд өртөх олон шалтгаан бий. Нэгд, хамгийн гол зан үйл нөгөө жолооч, аав ээжийн хэнэггүй хариуцлагагүйгээс болоод байгаа юм. Зам тээврийн ослын 97,5 нь жолоочийн буруугаас, үлдсэн 2,5 нь зам буюу зорчигчийн буруугаас болж байна.

Тиймээс хүүхдээ сургууль, цэцэрлэгт хүргэж өгч байгаа аав ээжүүд дүрмээ бариад, архи хэрэглэхгүй хурдаа хэтрүүлэхгүй, гарцаар гарч байгаа хүнийг хүндэтгээд, соёлтой машинаа бариад явах юм бол осол илт буурах бүрэн боломжтой.

Энэ утгаар жолооны ард сууж байгаа хүн бүхэн "хүлээ" гэдэг дүрмийг бариад хүүхдийнхээ хажууд архи үнэртүүлэхгүй, бүсээ бүслээд, ямар л аюулгүйн дүрэм журам байна түүнийгээ ягштал биелүүлэх юм бол осол гэмтлээс аврагдах бүрэн боломж бий. Иймд манай байгууллагаас жолооч аав ээждээ хандсан жижиг төслүүд хэрэгжүүлж байгаа

Ер нь ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр тодорхой хүчирхийлэлд өртсөний дараа та нар юу хийв гээд хэвлэлийнхэн шавчихдаг. Бид нар ч тэр бүгдэд хариулдаг. Тэгвэл бид өнөөдөр ниргэхээс нь өмнө юу хийж болохов гэдэг гаргалгааг гаргаад хэвлэл мэдээллийнхэнтэй хамтран ажиллая гэж байгаа юм.

Насанд хүрэгчидтэй ажиллахад урт хугацаа, их ажил мөнгө хэрэгтэй байна. Үүний өмнө хүүхэд үед нь ирээдүйн хүчирхийлэгчийг төрүүлэхгүй, ирээдүйн сөрөг зан үйлтэй хүнийг төрүүлэхгүйн тулд урьдчилан сэргийлэх л хэрэгтэй байгаа юм Түүнчлэн насанд хүрэгчдийг ч тэр, хүүхдүүдийг ч тэр маш их соён гэгээрүүлж бүх зүйлийг сайнаар, сайхнаар, эерэгээр харуулах хэрэгтэй байна.

Дээр нь номын сан, театр, уран зургийн галерей, музейнүүдтэй хамтран ажиллаж хүүхдийг урлагийн бүтээлүүдийг харж таашаадаг зүйлээр өөрсдийгөө хэрхэн ариусгах арга зам руу бид чиглүүлнэ гэж бодож байгаа. Ер нь бид хүчирхийллийн эсрэг үүнтэй ажиллах арга зүйг эзэмшүүлэх сургалтыг өнгөрсөн онд маш их хийсэн

Гэсэн ч энэ бүгдийг бүрэн шийдэж чадахгүй байна. Энэ бүхэнд хэвлэл мэдээллийн үүрэг оролцоо маш их гэдгийг хэлмээр байна.

Д.Нэргүй

Эх сурвалж: