sonin.mn
"Нас тогтох сайхан" гэж яруу найрагч З.Доржийн шүлгээр хийсэн гайхалтай гоё дуу бий. Түүнийг сонсч, үг өгүүлбэрийг нь сайтар чагнахаар нээрээ л нас тогтож, намба суун, налайж, ханхайсан сайхан эрийн дүр нүдэнд буудаг.
 
Хий нь гарч, хэрийн юманд дэгдэлзэж далбаганаад байдаггүй, буурь суурь гэж бурхан болгоод залчихсан юм шиг сайхан аавын төрх уг дуунаас харагддаг шүү дээ. Гоё дуу. Сайхан ч шүлэг. Өөрийн эрхгүй л хэзээ нэг цагт энэ дуунд өгүүлж байгаа шиг нас тогтсон сайхан эр болно доо хэмээн боддог байв.
 
Харин одоо түүнийг ерөөсөө анзаарч бодохоо больж. Нас тогтсон эсэхээ ч мэдэж мэдрэх юм надад үнэндээ алга. Гэхдээ ямар ч байсан хэнэггүйтэх үеэ өнгөрөөж, хэрсүүжих насаа туулсан маань үнэн билээ. Ингэхэд миний бие өөрийнхөө нас тогтсон эсэхийг одоохондоо хэлж мэдэхгүй байна. Эргэлзээтэй.
 
Үүнийг өөр бусад маань дүгнэхээс биш өөрөө олоод харчихдаг зүйл биш бололтой. Харин бусдын нас тогтож, буурь сууж уу, үгүй юу гэдгийг муухан анзаараад байх болжээ. Эдүгээ манайд нас тогтсон сайхан хүмүүс байна аа, байна. Зөндөө. Бас нас тогтоогүй нь ч байна.
 
Магадгүй тэдний нэг нь миний бие биз. Мөн хуурамчаар насаа тогтоочихсон нэгэн ч таарах л юм. Гачлантай нь хуурамчаар нас нь тогтсон хүн өтөлж чаддаггүй бололтой. Яадаг вэ гэхээр нас нь хуурамчаар тогтсон нөхрийн мөн чанар тэтгэвэрт гарсан даруйдаа танигдаж, өтлөх насандаа хийрхэх, хэнхэглэх өвчин нь улам даамжирч байгаа харагдах юм, хөөрхий.
 
Амьдралынхаа 30 гаруй жилийн хилтэй холбогдсон хувь заяа, чөлөөндөө гарсан хийгээд зүс гундаж, нас явсныгаа гэв гэнэт энэ бүхэн Хилийн цэргээс, тэр энэ даргаас боллоо, үзнэ, үзэлцэнэ, заргалдана заамдалцана гэх хүн бас байна шүү хилчид ээ.
 
Өглөө босоод л мөнх тэнгэр, хилийн баганадаа мөргөж залбирах нь халаг байсан нөхөр өтөлсөн хойноо Хилийн цэргийнхээ зүг байн байн угаадас цацах нь гайхмаар. Энэ бол нас тогтоогүйн балаг өтөл насан дээр бууж буйн хамгийн тод жишээ.
 
Уг яриаг нь сонсохоор өрөө тасалгаагаар дүүрэн жорлонгийн ногоон ялаа ороод ирэв үү гэмээр хүн ч байх юм. Өдгөө өөрийнхөө халааг авсан залууст алтан сургаалиа хайрлаж суухаар насны ганц нэг ахмадууд, зарга заальхайн тухай чих хангинуулж, энд тэнд хэрүүлийн үр суулгаад тун завгүй яваа харагдах юм.
 
Ажаад байхад зайлуул, Хилийн цэргээ л сайн сайхан яваасай гэсэндээ, бас хайрлаж, харамлаж, өмөөрч өмгөөлсөндөө үгээ хэлж байгаа харагддаг, түүнийг нь ч ойлгодог. Даанч тэр хайр нь баавгай ах туулайг хайрлах гээд элгэндээ бяц тэврэн амийг нь тасалчихдаг үлгэртэй төстэй харагддаг.
 
Ингэхэд цагийн юм цагтаа гэсэн үг бий. Тиймээс цаг цагийнхаа хэмжээсэнд л байсан шиг байх чухал болохоос цаг нь өнгөрсөн тохиолдолд бусдын өмнүүр орох нь хэн хэндээ эвгүй харагддаг.
 
Өөрөөр хэлбэл төрийнхөө төлөө зүтгэх цагтаа буулгын шар шиг зүтгээд, за одоо болно оо, та амар гэсэн цагт нь амарсан шиг амрах хэрэгтэй л гэж хэлэх гээд байгаа хэрэг.
 
Яагаад гэхээр бүхнийг цаг хугацаа хэмээх аугаа зүйл сайн, муугаар нь тодруулаад өгдөг байхад, амрах цагтаа ажлаа хийж буй хүмүүст зааж зааварлаад, өтөл насныхаа өнгө, өөрийнхөө үзэл бодлыг тулгах гээд, нөгөөдүүл нь авах ч хэцүү, байх ч хэцүү суудгийг хараад үүнийг тэрлэж байгаа юм.
 
Нас тогтох сайхан. Нас тогтоогүй байх муухай. Нас тогтоогүй байх нь өтлөхөд гэмтэй харагдах юм байна шүү, найзууд аа.
 
Ж.Амар
 
Эх сурвалж: “Эх орны манаа” сонин