sonin.mn

Enlightenment гэсэн үгийг соён гэгээрэл гэж орчуулах боломжтой ч мэдлэгийн соён гэгээрэл ба шашны соён гэгээрэл гэж хоёр тусдаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Шашны соён гэгээрэлд тухайн шашинд жишээлбэл Буддын болон Христийн шашинд бурханаа шүтэж яг л бурхан шиг сайхан сэтгэлтэй болчихлоо гэдгийг гэгээрсэн хүн гэдэг.

Харин мэдлэгийн салбарт бол нийгэмд соён гэгээрсэн хүнийг хэлдэг. Нийгмийн соён гэгээрэл бол хэнээс ч ямар ч шашин мухар сүсэгээс хамааралгүй явж мэдлэг боловсролтой болж өөрийгөө таньж бие дааж чадах чадвартай болсон хүнийг хэлдэг.

Соён гэгээрэл бие хүний амьдралын олон асуудлуудыг зөв шийдэхэд тус болдог. Жишээлбэл хайр дурлал, аз жаргал, шашин, үхэл гээд хариулахад тийм ч амархан биш сэдэвүүдийг зөв ойлгож гэгээрэх чухал. Хүн бүр гэгээрэх боломжтой хэдий ч хүмүүс түүнээс татгалзаж бусдын боол болох нь элбэг. Тиймээс соён гэгээрэхэд зориг хатуужил чухал үүрэгтэй.

Соён гэгээрээгүй хүн хайр дурлал гэж юу гэдгийг мэдэхгүй тул хүнийг хайрлаж чадахгүй. Үүнтэй адил аз жаргал гэж юуг мэдэхгүй хүн жаргаж байгаагаа зовлон гэж ойлгох жишээтэй. Гэтэл зовлон биш жаргал байх боломжтой. Тиймээс энд тавих соён гэгээрэлийн хамгийн анхны асуулт бол: Хайр дурлал гэж юу вэ?

“Shakespeare in Love” нэртэй филмээр хайр дурлалыг харуулдаг. Мэдээж энэ хайр дурлал хосуудын хооронд маш эрчимтэй явагддаг хэдий ч сайн сайхан авчирдаггүй. Ерөөсөө хайр дурлал заавал сайн сайхан авчрахгүй тул муу муухай авчрах бас аюултай. Тиймээс хайр дурлал зарим хосуудад удаан хугацааны хамтын амьдрал авчирдаг хэдий ч зарим хосуудын хайр дурлал маш амархан унтардаг. Хайр дурлал маш олон янз бас олон нүүртэй.

Өнөөдөр хүртэл хайр дурлал гэж юу вэ гэдгийг хэн ч мэдсэнгүй. Хүн бүр өөрийнхөө санааг л хэлж чадна. Яагаад гэвэл хайр дурлал сэтгэлийн асуудал тул толгой дотор л явагдана. Хэний тархинд хэрхэн хайр дурлал үүсэж яаж явагддаг тухай өнөөдөр тархи судлаачид судалсан хэдий ч олигтой хариунд хүрэх боломжгүй гэдгийг бас мэдсэн.

Тиймээс хайр дурлал үргэлж оньсого мэт үлдэх ажээ. Ямар оньсого вэ гэхээр яагаад хүмүүс хоорондоо хайртай болдог бас хайрын эцсийн зорилго юу вэ гэдэг хариулагдсангүй. Хайр дурлал дотроо романтик, сексийн болон хамт амьдрах гэсэн гурван төрлийн. Энэ гурван төрлийн хайр дурлал одоогоос 200 гаруй жилийн өмнөөс л үүссэн.

Хайр дурлалыг мэдэж авах гэсэн түүний тухай асуусан эргэлзсэн шүлэг, яруу найраг, роман, драмын жүжигээс авахуулаад кино филм хүртэл олон янзаар хайр дурлалыг энэ болов уу гэсэн таамаглал хаа сайгүй. Рок попын дуунууд хүртэл хайр дурлал гэж юу вэ гэж асуусаар л. Форэйн гэж рок группын “I want to know what love is” нэртэй дууны текстэнд хайр гэсэн сэтгэлийг би өөрийн сэтгэлдээ нэг сэтгэж үзэх юмсан гэдэг.

Ээж аавын хайр бол тодорхой зорилго бас нөхцөл тавьсан хайрууд. Зарим ээж аавууд хүүхэддээ бүхий л хайраа зориулдаг хэдий ч хэтрүүлж болохгүй. Тэгвэл хүүхэд бас давардаг. Түүнээс гадна хэтэрхий их хайраар бялхуулах хүүхдийг эрх чөлөөгүй болгодог.

Гэтэл хайргүй орчинд өссөн хүүхдүүд хожим насанд хүрсэн хойноо хайр гэж мэдэхгүй тул дууриаж жүжиглэж их л сэтгэлгүй хүмүүс болдог. Иймэрхүү хүмүүс хайртай гэсэн хүнийгээ бараг л зодож хэрцгийлэхээс ч буцахгүй. Тиймээс ээж аавын хайр яг л тааруулсан хариуцлагатай хайр байх ёстой.

Залуу хосуудын хайр дурлал бол дээр хэлсэнээр таавар хэвээр. Залуусын толгойд юу эргэлдээд би чамд хайртай гэсэн ойлголтонд үнэмшээд байна вэ. Хайртай гэсэн хүн буцаагаад хайргүй гэвэл яах вэ. Хайртай гэсэн хүн хэсэг хугацааны дараа өөр хүнд бас хайртай болчихвол яах вэ гэх мэт олон асуулт хариултаа хүлээнэ.

Хүний толгой дотор л янз бүрийн дур хүсэл сонирхол үүсдэг шүү дээ. Нэгэнт толгой дотор үүссэн тул түүнийгээ харуулж батлах ямар ч боломжгүй. Тиймээс янз бүрийн үгээр л илэрхийлэх болов уу. Үгээр биш гэхэд харцаар эсвэл бэлэг өгөх гэх мэт илэрхийлнэ. Зарим хүмүүс хайртай гэдгийг шалгах гэж маш их туршиж янз үзэх жишээтэй. Гэхдээ л нэгэнт л үг хэлээр хайрыг илэрхийлж буй тул худлаа хэлэх боломж их бий.

150 жилийн өмнө бичсэн Францын “Мадам Бувуар” романы эмэгтэй дүр хөдөөний шүдний эмчтэй гэр бүл болоод ямар их аз жаргалгүй байдаг билээ. Үүгээрээ Флауберт хайр дурлал шиг ойлгомжгүй зүйл гэж байхгүйг илэрхийлсэн. Америкийн “Хиймэл оюун ухаан” гэсэн кино филмд хайр дурлал гэж юу вэ гэж асуухад ингэж хариулдаг: хайр дурлал гэдэг цусны эргэлт хурдасна зүрх хурдан цохилно нүдний хүүхэн хараа томроно гэж хариулдаг.

Мэдээж Монгол оронд хэдийгээр шилдэг уран зохиол бий гэдэг ч яг жинхэнэ хайр дурлалыг илэрхийлж зөрчилдсөн сургамж өгсөн Флауберт болон Толстойн хэмжээний номууд байхгүй. Харин өнөөдөр интернэтээр эсвэл гадаадын уран зохиол уншиж хайр дурлалын тухай ерөнхий ойлголт авахад боломжтой болжээ.

Үүрдийн хайр дурлал эсвэл ганцхан чамд л хайртай гэсэн ойлголтууд шүлгэнд л байдаг болохоос амьдралд ямар ч боломжгүй зүйлс. Яагаад гэвэл хайр дурлал гэдэг толгой дотор л үүссэн сэтгэл шүү дээ.

Би чамд хайртай гэж хэлчихээд л хардаж эхэлдэг гэсэн. Хэн ч хэний ч өмч биш шүүдээ. Би чамд хайртай гэчихээд л боолчилж эхэлдэг гэсэн. Эртний боолчлолын үе өнгөрсөн шүү дээ. Би чамд хайртай гэчихээд л дуртай цагтаа ашигладаг гэсэн. Хүнийг багаж хэрэгсэл болгож болохгүй шүү дээ. Хаяад л орхиод л явах хэрэгтэй шүү дээ. Олон мянган охид хөвгүүд гадуур дүүрэн байна шүү дээ.

Монголчууд нэгэнт хайр дурлалыг сайлж бас муулсан олигтой уран зохиол кинофилм бүтээгээгүй тул хайр дурлалын тухай соён гэгээрэл явагдсангүй. Ерөөсөө дэлхийн соён гэгээрэлээс 200 жил хоцрогдолтой яваа гэдэг шүү дээ. Өнөөдөр мухар сүсэгээс авахуулаад Христийн сүм хүртэл залуу хосуудын хайр дурлалыг үгүйсгэж устгасан олон жишээнүүд бий дээ.

Бусдад хайртай гэж буй хүмүүс эхлээд өөрийгөө таних хэрэгтэй. Өөрийгөө таньж чадсан хүмүүс би чамд хайртай гэж хэлж буйгаараа чамайг хүндэтгэнэ гэж хэлж буй. Мэдээж хэрхэн хүндэтгэж чадахыгаа батлаж харуулах чухал. Хүндэтгэж буйгаа харуулах боломжтой гэтэл хайртай гэдгийг харуулж батлах ямар ч боломжгүй.

Залуу хосуудын хайр дурлал мэдээж секс хийж илэрхийлдэг. Гэхдээ секс бол заавал хайр дурлалын баталгаа биш. Зөвхөн хүн биш бас амьтан ч секс хийж чадна.
Секс шиг амархан зүйл байхгүй. Секс л бол секс түүний загас наадуулах гэж орчуулах ч хэрэггүй. Хэн ч ямар ч загас наадуулдаггүй биздээ.

Загас ярихын оронд секс гэж юу вэ гэдэг тухай ойлголт чухал. Яагаад секс хэрэгтэй тухай Швэйцар оронд гарсан хуулийн жишээ олон зүйл бодогдуулдаг. Швэйцар оронд тахир дутуу хүмүүст зориулан хэрвээ янханы газар очиж мөнгө төлж секс хийвэл төрөөс тэр төлсөн мөнгийг нөхөж олгох хэрэгтэй гэсэн хуулийг баталжээ. Тиймээс секс гэдэг соён гэгээрсэн оронд төрийн хэмжээнд яригдах жишээтэй.

Залуус нэг нэгэндээ хоёулаа найзлах уу гэж л асуух хэрэгтэй. Сайн найзалж чадвал үнэнч итгэлтэй найзалж чадвал ийм хүнтэй магад цааш гэр бүл болох боломжтой. Түүнээс биш зөвхөн хайртай гэж хэлээд гэр бүл болдог гэсэн ойлголт бол аз изийн л асуудал.

Буруу хүнд хайртай болоод гэр бүл болчихвол бүх насаараа там шүү дээ. Хурдан салахад тийм ч амаргүй. Яагаад гэвэл энэ хооронд олон зүйл хэн хэнээс хамааралтай болчихсон бас бараг хүүхэдтэй болчихсон бол одоо түргэн салах боломжгүй. Цааш хүүхдээ бодох асуудал гарч ирнэ.

“Strangers when we meet” нэртэй филмд гардаг хоёр хосууд нэг нэгэндээ хайртай болсон хэдий ч цааш хамтран амьдрах ямар ч боломжгүйг харуулдаг. Яагаад гэвэл энэ хоёр хосууд хоёулаа ардаа гэр бүлтэй хүүхэдтэй. Ингээд гэр бүл үр хүүхдээ авч үлдэхийн тулд хайр дурлалаасаа татгалздаг.

Хэн хэнд ч үүрд хайртай болох боломжгүй. Залуу нас ердөө богинохон тул нэг их удалгүй сонирхол буурна шүү дээ. Өдөр бүр хайртай байх ямар ч боломжгүй. Ерөөсөө тэгж өөрийгөө тамлаж хөсөр хаях хэрэггүй. Хайр дурлал гэдэг богинохон хугацааны стрэсс шүү дээ.

Гэхдээ л хайртай гэсэн хосууд олон арван жил хамтдаа амьдарсан жишээ олон бий. Яагаад ингээд хамт амьдраад байгаа бол сайн муу олон шалтгаантай нууц тул нууцаараа л үлдэх хөгшчүүдийн нууц.

21-р зууны нэг онцлог бол Монголын эрчүүд их гологдож эмэгтэйчүүд нөхөр болох хүн их хайцгаах болжээ. Яагаад нөхөргүй эмэгтэйчүүд олон бэ гэхээр олигтой нөхөр болчихоор ухамсартай боловсролтой насанд хүрсэн эрчүүд дутагдаж буйгийн баталгаа. Нөгөөтэйгүүр эмэгтэйчүүд эрчүүдийг голж хөөж туухын оронд өөд нь татаж хүмүүжүүлж авах бас л нэг том эрдэм шүү.

Монголын эрчүүд тоогдохын тулд соён гэгээрэх чухал. “Мартагдашгүй намар” кино филмд хайр дурлал тийм ч сайхан зүйл биш шүү гэдгийг бас харуулж чадсан. Тэр бол социализмын ухамсарт нийгмийн филм.

Тэгэхээр хайр дурлал гэдэг нийгмийн соёл болон амьдралын үнэт зүйл ямар вэ түүнээс хамааралтай. Өнөөдөр нэгэнт мухар сүсэг ярьсан соёл устсан нийгэмд хайр дурлалыг сэтгэлийн хөдөлгөөнөөр тайлбарлах бол ойлгомжтой.

“In the mood for love” нэртэй филмд залуу хосууд хайр дурлалыг хэрхэн эзэмдэж удирдаж чадаж байгаа тухай гардаг. Хэдий хайртай болсон хэдий ч түүнийгээ дарж ухамсарыг сэтгэлийн хөдөлгөөнийхөө өмнүүр тавьж чаддаг.

Энэ филмд хөрш хоёр залуу гэр бүлүүдийн нөхөр эхнэр хоёр цаагуураа амрагууд болсоныг гэртээ үлдсэн хөрш хоёр мэдэж яах учраа олохгүй хоорондоо уулзалдаж явалдаад байгаа эхнэр нөхөр хоёрынхоо тухай ярилцдаг.

Маш тайван биеэ барьж хэн хэндээ эвгүй байдал гаргахгүй танай нөхөр манай авгайтай яваад байна гэхэд харин тийм миний нөхөр чиний авгайтай яваад байна гэж хэдий дотроо зэвүүцсэн ч түүнийгээ гаргаж хэрэлдэж маргалдахгүй ёстой л насанд хүрсэн хүмүүсийн шинжээр ярилцдаг.

Хайр дурлалыг зөв мэдэж хэрэглэхийн тулд бас л ном унших хэрэг гарна. Ном уншиж л соён гэгээрнэ шүү дээ. Ном уншиж л толгой хөгжих болохоос чихээрээ сонсоод толгой хөгжихгүй зөвхөн л хогоор дүүрнэ.

 

 

Доктор С.Молор-Эрдэнэ