sonin.mn

Монгол төрийн алба зах зээлийн харилцааны явцад төлөвших шатандаа явж байна. Тэр дундаа үйл ажиллагаанд нь ололт байхын зэрэгцээ бэрхшээл ч багагүй тохиолдох болжээ. Өнөөдөр улс төрийн эрх мэдэлтнүүд, тэдний танил тал, нутаг усныхны болон сонирхлын явцуу бүлэглэлтэй сүлэлдсэн хөрөнгө мөнгөтэй хүмүүсийн хүчтэй нөлөөлөлд автсаныг дээр дооргүй шүүмжилдэг.

Харин төрийн туршлагатай зүтгэлтэн, доктор Д.Дэмбэрэлийн туурвисан "Ёс зүйт төр" бүтээлд эдгээр гаж үзэгдлийн учир шалтгааныг тодруулан гаргаж, төрийн албыг чадваржуулан бэхжүүлэх арга замын "асуудлыг" дэвшүүлэн тавьжээ.

Энэ номыг хянан тохиолдуулсан доктор Батмөнх энэ талаар "Судлаачид эрх зүйт төрийн тухай хангалттай олон ном зохиол бичсэнээс биш ёс зүйт төрийн асуудлыг тусгайлан авч үзсэн бүтээл туурвил одоо хэр гаргаагүй.

Доктор Д.Дэмбэрэлийн "Ёс зүйт төр" хэмээх бүтээл судалгааны энэхүү орон зайг нөхөж, хүмүүн төрөлхтний ёс суртахууны чиглүүлэгч хүчийг нээн гаргахдаа нийгмийн ухамсрын бусад хэлбэрүүдтэй хүйн холбоо, харилцан хамааралд нь авч үзсэн.

Хүн нийгмийн амьдралд оролцохдоо үнэнч бус, зарчимгүй, итгэлгүй, шударга бус, хатуу ширүүн байж болно. Харин ёс зүйтэй иргэн бол өөрийгөө эзэмдэж жолоодох, биеэ зөв авч явах соёл, чадвартай байдаг. Хүний энэхүү мөн чанарыг танин мэдэж, залуурдан чиглүүлж нийгмийг удирдахад ашиглах хэрэгтэй гэсэн санааг зохиогч дэвшүүлжээ.

Хүчирхийлэх, айлган сүрдүүлэхийг шүтсэн хялбар арга барилаас ангижирч, хүмүүсийн итгэл үнэмшилд тулгуурлах ёс зүйн үнэт зүйлсийн иж бүрдлээр дэм үзүүлэхийг тэр ач холбогдолтой гэж үзжээ. Тэрээр эдгээр логик гаргалгаанд түшиглэн ёс зүйт төр бол эрх зүйт төрийн хөгжлийн дээд шат болох тухай санааг дэвшүүлэн тавьж, түүнд шинжлэх ухааны үүднээс тайлбар өгсөн байна.

Ингэхдээ олон мянган жилийн баялаг өв сантай монгол төрийн удирдлага, түүний ёс зүйн түүхэн уламжлалыг цаг үе, нөхцөл байдлын өөрчлөлттэй нь уялдуулан судалж тодруулжээ. Үүндээ түшиглэн өнөөгийн төрийн албаны ёс зүйн байдалд дүн шинжилгээ хийж, орчин үеийн Монгол дахь ёс зүйн тулгамдсан асуудлыг хөндөн, шийдвэрлэх арга замын талаар өөрийн саналыг дэвшүүлсэн нь нэн олзуурхам гэсэн байна.


Ёс зүйн гарвал

Ёс зүй нь улс төрийн бүрэлдэхүүн хэсэг юм. Эрт үед хот улс шударга ёс, нөхөрлөлийн үндсэн дээр тогтдог байв. Эндээс улс төр нь ёс суртахуунаас эх авсан нь харагддаг. Харилцан хамаарал зөвхөн улс төр, ёс зүй хоёрт илүү байдаг байна. Тэгвэл улс төр нь цэрэг, эдийн засаг, илтгэх урлаг зэрэгтэй ийм ч гүн харилцаанд байдаггүй ажээ.

Харин эдгээр нь улс төрдөө захирагддаг. Ёс зүй чухам чанартаа дээрх утгаар улс төр лүгээ адислаг гэж Аристотель үзжээ. Платон ч ийм санаа барьж байсан. Дундад зууны үеийн Макиавеллийн (1469-1527) бүтээлүүдэд төрийн удирдлагын арга барил, ёс зүйн талаар дурдсан зүйлс олон.

Тэр улс төрд бодит байдал, тухайн үеийн нөхцөлийг харгалзсан арга хэрэгслийг сонгох үзэл санааг дэвшүүлжээ. Түүнийхээр "Ард түмэн эвдэрснээс" болж онцгой нөхцөл байдал үүссэн бол түүнд зохицсон онцгой аргыг хэрэглэнэ гэнэ. Макиавеллийн үзлээр төрийг бэхжүүлэхэд шаардлагатай гэж үзвэл шашин, ёс суртахууныг ч эвдэж болох ажээ.

Бүр үүнээс өмнө XIII зуунд Чингис хаан Тэв тэнгэр бөөг устгахад хүрсэн явдлын жишээн дээр иймэрхүү дүгнэлт үндэслэсэн байж болох. Буддын философич XIV Далай лам ёс суртахуунтай нь ёс суртахууныг үл ойшоогчоос илүү аз жаргалтай амьдарч байгааг би харж байна хэмээн айлджээ.

Өөрөөр хэлбэл, өмчийг зүй бусаар завшигчийн амьдрал хангалуун ч ёс зүйтэй нь түүнээс илүү аз жаргалтай байх нь. "Шинэ мянганы хүмүүн төрөлхтний ёс зүй" номдоо их ламтан "Шинжлэх ухаан хийгээд, хууль нь бидний үйл хэргийн бодитой үр дүнг урьдчилан хэлж тусгаж чадахаас биш, ёс суртахууны хувьд яах ёстойг хэлж өгдөггүй".

"Тодорхой нэг оронд улстөрчид авлига, хээл хахуульд идэгдвэл энэхүү улс орны нийгэм ёс суртахууны дутагдалтай, түүний оршин суугчид ёс зүйтэй амьдарч чадахгүй гэж ойлгож болох юм" гэжээ.

Эртний хятадын их сэтгэгч Күнзын сургаалд "төрийн удирдлагын засаглалын зарчим"-ыг ёс зүйтэй холбон анх сөхөн тавьжээ гэж үзэхээр юм. Нийгэм, ард олныг удирдан захирахдаа ард олныг сайн үйлийн үлгэр жишээгээр удирдаж захирах санааг тэрбээр дэвшүүлжээ.

Түүнийхээр "удирдагчид болон харьяат ардын хоорондын харилцаа", "улсын удирдах арга барилын тухай", "түшмэд цэвэр ёс суртахуунтай, мэдлэг чадвартай байх, тэд харьяат ардын төлөө санаа тавьж, сайн сайхан байлгах, хүмүүжүүлэхийн төлөө чармайн ажиллах ёстой, төр өөрөө зорилго биш, харин ард түмний сайн сайхан аж байдлыг хангах хэрэгсэл" ажээ.

Ёс суртахуун, аядуу үйлдэлд үндэслэдэг болохоор Күнз "зөөлөн удирдлага"-ыг номлогч байсан ажээ. Төр ард түмэндээ үйлчлэх ёс зүйтэй, түүний төлөө байх ёстой гэж өнөөгийн бидний яриад байгаагийн анхны эх үүсвэр ингэж эхэлдэг. Бид шинэ зүйлийг гаргаж ирээд байгаа юм биш. Ингэж цээжээ дэлдэх хэрэггүй. Харин шинэ нөхцөлд л ажиллаж байна.

Орос, Америк, Хятад, Европын болон гадаад орнууд, Монголын эрдэмтэн судлаачдын ёс зүйн тухай үндсэн ойлголтын зөрүү тийм ч хол биш юм. Тухайлбал "этика" буюу биднийхээр ёс зүйг хамгийн өргөн утгаар философийн сургаал гэж үзээд ёс суртахууны онол, баримтлалуудыг үүндээ хамруулдаг. Мөн зонхилох тохиолдолд ёс зүй ба ёс суртахууны ойлголтыг ижилсүүлэн үздэг юм.

Харин ёс суртахууныг авч үзэхдээ шинжлэх ухааны судлах объектын түвшинд ямагт хамааруулж иржээ. Ёс зүйг зөвхөн жирийн хүмүүсийн амьдрах зарчим төдийгөөр хязгаарладаггүй. ёс зүйд ёс суртахууны гүйцэтгэх үүрэг нь нийгмийн харилцааг тохинуулах "арга хэрэгсэл", голдуу "ариун шударга" зүйлийн үүднээс, сайн сайхны талаас хандах хэм хэмжээ гэж ойлгогдоно.

Түүнийг нийгэм болон төрийн түвшинд аваачихдаа иргэн, байгууллагатай холбож үздэг. Засаглал, түүний тогтолцоо нь улс төрийн удирдлагаараа дамжин төрийн удирдлагын албаны ёс зүйд холбогддог юм.

Монголчууд "этика"-ыг ёс зүй гэсэн монгол үгээр ойлгож хэрэглэсээр ирсэн. Бодоход энэ нь орчуулга төдий бус язгуур монгол хэлэнд эрт үеэс тодорхой агуулгыг тэгэхдээ гүн ухаан, нийгмийн сэтгэлгээний нэг үндсэн ойлголтыг илэрхийлсээр иржээ. Үүнээс үзэхэд ёс зүйн тухай ойлголт монголчуудын оюун санаанд бодитой оршин, түүнийг амьдралаараа баяжуулан хөгжүүлж, дагаж мөрдсөөр өдий болсныг нотлон харуулна.

Ёс зүй өргөн ойлголт, түүхэн урт настай. Удирдлагын ёс зүйн хувьд Монгол төр улс үүсэн хөгжих болсноос эхтэй юм. "Монгол төр ба дипломатын түүх нь 3160 настай өндөр түүх" гэж эрдэмтэн судлаач Ж.Бор манай төр улсын үүссэн хугацааг бараг мянган жилээр уртасгаж байна.

Энэ нь төрийг дагасан удирдлагын ёс зүйн эхлэлийг мянганаар уртасгана гэсэн үг. Эрт үед тер улсыг засахдаа баримталж байсан язгуур монголчуудын ёс зүйн зарчмуудыг анхаарч судлах боломж бидэнд бий.

Эртний хятадын их сэтгэгч Күнзээс өмнөх үе рүү өнгийвөл тэнгэризм буюу тэнгэрийг шүтэх ёсны үүднээс монголчуудын ёс зүйд холбогдох судлагдахуун МЭӨ XIII зуунаас эхтэй болно.

Үүний үндсийг Хэрэйд Н.Тухат авч үзэхдээ "эндээс хүний мөн чанар, ёс зүйтэй холбоотой хууль мэт зарчмуудыг шашин үндэслэсэн юм биш, тэр нь хүнтэй цуг бий болж, мянга мянган жил оршиж, сүхээр цавчаад ч унахааргүй болчихсон амьдралын тулгуур төрмөл зарчмууд гэж ойлгогдоно" гэжээ.

Академич С.Нарангэрэл монголчуудын зан суртахууны гарвалийн асуудлыг сөхөж "Эртний монголчууд нийтээрээ мөнх тэнгэрийг сэтгэлгээний далдын дээд шидэт хүчин, агуу их зүйл буюу нэг ёсны ариун шүтээн болгон тахиж байсан" гэнэ.

Философич А.Цэрэннадмид "Хүн ёс, хүн төрх, зан суртахуун" /2001/ гэсэн ном бичиж түүнийхээ нэлээдгүй хэсгийг монголчуудын ёс суртахууны уламжлалд зориулжээ. Тэрээр "Нүүдэлчид зан суртахууны гурван аугаа их ёс заншлыг бүтээсэн" гээд түүнийгээ гэр бүлийн, нийгмийн, төрийн ёс заншил гэж нэрлэжээ.

Төрийн зүтгэлтэн, түүний шинж байдал, ёс зүйн тухайд академич Г.Чулуунбаатар хаант төрийн түшмэл маягийн хэв шинж, хувьсгалт ардчилсан хэв шинж, социалист маягийн хэв шинж, ардчилсан хэв шинжийн түшээ нар гэж ангилав.

Тэгээд тэдний дүр төрх, улс төр, ёс суртахууны шинж болон ёс зүйгээ эрхэмлэж байгаа байдлыг төрт ёсны хөгжилтэй холбожээ. Харин би эртний Монголын болон феодалын Монголын, социализмын үеийн болон зах зээлийн харилцааны гэсэн бүдүүвч байдлаар Монголын төрийн удирдлагын ба төрийн албан хаагчдын ёс зүйн асуудлыг авч үзэв. Үүнээс илүү нарийвчилсан ангиллаар судлахыг дараа дараачийн судлаачдад зорилт болох нь ойлгомжтой.

(Үргэлжлэл бий)

 Доктор Д.Дэмбэрэл