sonin.mn

Энэ сарын 07-нд Хэнтий аймгийн "Ахмадын хороо"-ны бага хурал боллоо. Шинээр сонгогдсон төлөөлөгчид болон сумдын ахмадын хорооны дарга нар өнгөрөгч дөрвөн жилийн хийсэн ажлынхаа тайланг дүгнэж, зохион байгуулалтын асуудал хэлэлцэв. Өнгөрсөн хугацаанд ахмад настнуудынхаа чөлөөт цагийг ая тухтай, зөв боловсон өнгөрөөх зорилгоор тэдний таашаалд нийцсэн төрөл бүрийн ажлуудыг албан байгууллагуудтай хамтран cap бүр зохиож хэвшсэн нь ихээхэн үр дүнгээ өгчээ. Мөн Тогтвортой амьжиргаа II төсөлд хамрагдан нэгдсэн эмнэлэгтээ гурван ортой ахмадын тасаг нээсэн, хөгжим, унаа машинтай болсон, олон сум ахмадын танхим байртай болсон зэрэг хийж бүтээсэн ажлыг нь дурьдвал их байлаа.

Энэ үеэр хурлын бүх төлөөлөгчид суудлаасаа босч, талийгаач дарга Ж.Дэмбэрэлийн араас гашуудан эмгэнэл илэрхийлсэн юм. Харамсалтай нь бүхэл бүтэн аймгийн "Ахмадын хороо" хуралдаж байхад аймгийн удирдлагуудаас хэн нь ч ирээгүй байсан нь ахмадуудыг гонсойлгов. Ихэнхи аймгууд ахмадын хорооны байр байтугай ордонтой байдаг байхад манай аймгийн ахмадын хороо нь энд тэндээс хөөгдөн түрээсийн байр царайчлаад явж байгааг ч хэлж байлаа. Эндээс харахад үнэхээр ч ахмадуудаа үл ойшоож байна гэлтэй. Гэтэл өнөөх ахмадуудынхаа нийтлэг эрх ашгийг хамгаалах, дуу хоолойг нь төр засагт хүргэх зорилготой "Монголын ахмадын холбоо" хэмээх байгууллага сураг ажиггүй таг чиг. Аймгийн ахмадын хорооны төсөв хөрөнгийг нэмэгдүүлэхгүй бол үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгааг тэд шүүмжлэв. Хурлын үеэр олон хэрэгтэй санаа дэвшүүлж байснаас онцолбол, харъяалалгүй ахмад настнуудыг харъяалалтай болгох, төрийн одон медаль хүндэтгэлийг үзүүлэхэд санаачлагатай ажиллах, нэгдсэн эмнэлгийн орны тоог нэмэгдүүлж, эрэгтэй эмэгтэй тасагтай болгох зэрэг санал санаачлага байлаа. Бага хурлаар зохион байгуулалтын асуудлаа хэлэлцэж, аймгийн "Ахмадын хороо"-ны даргаар Д.Дашдоржийг сонголоо.

Эх сурвалж: Хэнтийн мэдээ